| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/02071/И |
| Дугаар | 210/МА2025/02078 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02078
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07567 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, “*******” ХХК-д тус тус холбогдох
Гэм хорын хохирол 418,757,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* тосгон дахь Рашаант хэсгийн төмөр замын ******* дугаар километрийн 9 дүгээр зуутын гармаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 36 минутын үед 236 дугаартай суудлын галт тэрэг өнгөрөхдөө *******ийн жолоодон явсан Мицубиши пажеро маркийн *******УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч ******* болон зорчигч *******нарын амь нас хохирсон.
1.2.Замын цагдаагийн газраас 190300521 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулсан ба Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар тогтоолоор зам тээврийн осол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч яллагдагчаар татвал зохих этгээд нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч *******өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо иргэний хариуцагчаар татагдсан *******, “*******” ХХК-аар арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан.
Иргэний хариуцагч нар нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаалаар батлагдсан Төмөр замын гарам ашиглах журмыг зөрчиж, “*******” ХХК нь гарам, жижүүрийн байрыг барьж ашиглалтад оруулсан атлаа ******* нийгэмлэгт хүлээлгэж өгөөгүй эс үйлдэхүй, мөн ******* нийгэмлэг нь гарам, жижүүрийн байрыг хүлээн авч, байнгын жижүүр ажиллуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай огтлолцдог гарамд автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дурс бичлэгийн төхөөрөмж авто зам дээр байрлуулна гэснийг ноцтой зөрчиж гармын аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй.
1.3.“Итгэл эстимэйт” ХХК-ийн гэм хорын үнэлгээний тайланд амь нас, гэм хорын үнэлгээний дүн шууд зардал 53,400,950 төгрөг, гэм хорын хохирол 298,740,925 төгрөг, амь насны үнэ цэнэ 63,615,750 төгрөг, нийт хохирлын дүн 415,757,625 төгрөг гэж тодорхойлсон, мөн үнэлгээний ажлын хөлсөнд 3,000,000 төгрө төлсөн.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 80 хувь болох 332,606,100 төгрөг, хариуцагч “*******” ХХК-аас 20 хувь болох 83,151,525 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Замын цагдаагийн газраас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зам тээврийн ослын улмаас жолооч *******, зорчигч *******нарын амь нас хохирсон үйл явдалд 190300521 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар тогтоолоор уг зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч яллагдагчаар татвал зохих этгээд болох жолооч ******* нь нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч *******гийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 93383 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “*******улсын дугаартай, ...автомашины тоормосны эд анги ослын өмнө буюу ашиглалтын явцад тос мэт зүйлээр бохирлогдсон байна. Энэ гэмтэл нь тоормос бүрэн ажиллахгүй, тоормосны идэвхжилтийг бууруулах үндэслэлтэй ... автомашины тоормосны аппарат шахагдаж шингэн агуулах битүүмжлэл алдагдсан, баруун урд хавхагчийн шингэн дамжуулах гуурс тасарч салсан тул тоормосны системийн ажиллагааг шалгах боломжгүй ... Баруун урд дугуйн хээ элэгдэж үйлдвэрлэгчийн элэгдлийн хязгаарт хүрсэн байна” гэж,
Зам тээврийн хөгжлийн яамны Зам тээврийн хяналтын хэлтсийн төмөр замын хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч *******ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 19/74/010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Осол гарсан 2019.06.16-ны өдөр 2 3АГАЛ-008 дугаартай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан байна ... илчит тэрэгтэй 263 дугаар галт тэрэгний машинч, туслах машинч нар нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй байна ... Хохирогч нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаалаар баталсан Төмөр замын гарам ашиглах журмын 3.8. Тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч дараах үүргийг хүлээнэ. 3.8.1. Төмөр замын гармаар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хууль, Замын хөдөлгөөний дүрэм ба энэхүү журмын заалтыг чанд мөрдөх, 3.8.4. Гарманд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх, 3.8.5. Гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл /гар утас, чихэвч гэх мэт/ хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах гэсэн хэсэг заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна” гэж,
Улсын байцаагч *******ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/20/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Тус гармыг Төмөр замын гарам ашиглах журмын 4.1 дүгээр заалтад зааснаар 3 дугаар зэрэглэлийн гарамд хамааруулна. Тухайн гармыг Төмөр замын гарам ашиглах журмын хавсралт 2-ын 2 дахь заалт, Төмөр замын техник ашиглалтын журмын 6 дугаар бүлгийн 6.10.3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай нэг түвшинд огтлолцдог гарамд автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дүрс бичлэгийн төхөөрөмж авто зам дээр нэмэлтээр байрлуулж болно. Осол гарсан цаг хугацаанд: а.Шинээр барьсан салбар төмөр зам, гармын автомат хаалт, шинээр байрлуулсан релейн шкаф, жижүүрийн байр нь “*******” ХХК-ийн эзэмшлийн; б.Төмөр замын гол шугам, гармын А ба Б хуучин гэрлэн дохио, гармын гэрлэн дохио тэдгээрийн хамаарал үүсгэх, тэжээх зориулалттай релейн шкафуудыг “*******” ХНН-ийн эзэмшлийн өмч хөрөнгө байна. с.Төмөр замын гарам ашиглах журмын 3 дугаар бүлгийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн гармын ашиглалт нь эзэмшигч иргэн ба хуулийн этгээд хариуцах зохицуулалттай гэж тус тус заасан байна” гэж тус тус дүгнэсэн.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс харахад “*******” ХНН-ийн 263 дугаар суудлын галт тэрэг буюу 2 3АГАЛ-008 илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай, илчит тэргийг жолоодож явсан машинч, туслах машинч нар нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй байхаас гадна манай эзэмшлийн гарам нь тухайн үйл явдал болох үед холбогдох Төмөр замын гарам ашиглах журмын дагуу 3 дугаар зэрэглэлийн гарамд хамаарагдах бүх тоноглолоор бүрэн тоноглогдсон, тоноглол нь зохих ёсоор бүрэн ажиллагаатай байсан нь нотлогдож байна.
Төмөр замын техник ашиглалтын журмын 6 дугаар бүлгийн 6.10.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай нэг түвшинд огтлолцдог гарамд автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дүрс бичлэгийн төхөөрөмж авто зам дээр нэмэлтээр байрлуулж болно” гэснээс заавал байрлуулна гэж заагаагүй байна.
Мөн дээрх үйл явдал болох үед “*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тосгон дахь Аршаант хэсгийн төмөр замын 352 дугаар километрийн 9 дүгээр зуутын салбар төмөр зам, гармын автомат хаалт, шинээр барьсан релейн шкаф, жижүүрийн байрыг барьж ашиглалтад оруулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар Гэрчилгээ шинээр олгох, сунгах, хүчингүй болгох тушаалын 1 дүгээр хавсралтаар гэрчилгээ авсан байсан байна. Гэвч тус компани нь дээрх гармыг манай байгууллагад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байсан буюу манай байгууллага нь холбогдох дүрэм журам стандартад нийцсэн эсэхийг шалгаж зохих шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлон актаар албан ёсоор хүлээн аваагүй учир Төмөр замын гарам ашиглах журмын 3 дугаар бүлгийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн гармын ашиглалтыг хариуцах буюу тус гарам, жижүүрийн байрыг хүлээн авч, байнгын жижүүр ажиллуулах үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
2.2.Гармыг зохицуулалттай ба зохицуулалтгүй гэж, зохицуулалттай гармыг дохиоллын, жижүүрийн, тэнгэрийн зохицуулалттай гэж тус тус ангилдаг. Тухайн гарам нь дохиоллын зохицуулалттай бөгөөд гармаар тээврийн хэрэгсэл нэвтрэх харилцааг дохиоллын тэмдгээр зохицуулдаг. Улаан тэмдэг анивчаад хонх жингэнэж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч гармаар нэвтрэхгүй байх ёстой. Гармын зэрэглэлийг холбогдох төрийн байгууллага, цагдаа, төмөр замын байгууллага хамтарч тогтоодог бөгөөд 3 дугаар зэрэглэлийн гарам болохыг тогтоосон баримт хэрэгт хавсаргагдсан.
Төмөр замын гарам ашиглах журамд заасны дагуу уг гарам 3 дугаар зэрэглэлийн үзэгдэлт хангалттай гарамд тооцогдоно. Үзэгдэлт сайтай 3 дугаар зэрэглэлийн гарамд жижүүр ажилладаггүй. Тухайн үед дохиоллын тоног төхөөрөмжүүд бүрэн, хэвийн ажиллагаатайг цагдаагийн байгууллагаас шалгаад тогтоосон.
2.3.“*******” ХХК-ийн барьсан хэрэглээний замын гармын түвшин нь *******ын үндсэн гармын түвшнээс зөрүүтэй баригдсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 08, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн болон хэрэг гарснаас хойшхи 2019 оны 09 дүгээр сард хийсэн дүгнэлтүүдээр тогтоогддог. Стандартын дагуу баригдсан эсэхээс үл шалтгаалаад хүлээж авах үүрэг бидэнд байхгүй учир гармыг хүлээж аваагүйгээс болоод осол болсон гэдэг нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1.“*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд эзэмшдэг 10 га газар руугаа салбар зам тавих хүсэлт гаргасны дагуу Зам тээвэр хөгжлийн яамнаас зөвшөөрөл олгож, барилгын ажил хийгдсэн, 2018 онд улсын комисс хүлээж авсан. Манай салбар зам барих ажил нь гарамтай хамааралгүй бөгөөд гарамд ямар нэгэн өөрчлөлт орохооргүй байсан. Гэтэл *******аас гарам дээр автомат хаалт тавих, тоноглогдсон жижүүрийн байр барих, холбоо дохиоллын системтэй болгох шаардлага тавьсны дагуу манай компани нэмэлт зардал гаргаж, бүх ажлыг хийгээд, хүлээж авах талаар *******д хүсэлт тавьж байсан. Энэ үед зам тээврийн осол гарсан ба гарам тухайн үеийн зохицуулалтаараа ашиглагдаж байсан. Манай салбар зам осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болоогүй.
3.2.Тээврийн прокурорын газраас уг хэрэг *******УНД улсын дугаартай автомашины жолооч *******ийн Замын гарам ашиглалтын журмын 3.8.1, 3.8.4, 3.8.5, Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас гарсан гэж дүгнэж, хэргийг хаасан шийдвэр хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******, ******* ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 418,757,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******гаас шинжээчийн зардал 5,000,000 төгрөг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, нэхэмжлэгч нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тайлбарын агуулга:
2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 36 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, *******тосгон дахь Рашаант хэсгийн төмөр замын 352 дугаар километрийн 9 дүгээр зуутын гармаар суудлын 236 дугаар галт тэрэг өнгөрөхдөө *******ийн жолоодон явсан Митсубиши пажеро маркийн *******УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Үүний улмаас жолооч ******* болон *******нарын амь нас хохирсон.
Замын цагдаагийн газраас 190300521 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар Тээврийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар тогтоолоор "зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч яллагдагчаар татвал зохих этгээд нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна" гэсэн үндэслэлээр хэргийг хаасан. Ингэхдээ "... хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо иргэний хариуцагчаар татагдсан ******* хувь нийлүүлсэн нийгэмлэг, "*******" ХХК-аас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардах эрхтэй”-г дурдсан.
Гэтэл шүүхээс хэт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу шинжилж, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж байна.
Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* тосгон дахь Рашаант хэсгийн төмөр замын 352 дугаар километрийн 9 дүгээр зуутын салбар төмөр зам, гармын автомат хаалт, шинээр байгуулсан релейн шкаф, жижүүрийн байрыг "*******" ХХК барьж ашиглалтад оруулсан боловч ******* нийгэмлэгт хүлээлгэж өгөөгүй, тус нийгэмлэгээс "шинээр барьсан салбар зам дээрх гармын түвшин нь гол зам дахь гармын түвшнээс зөрүүтэй буюу гармын түвшинг малын шаардлагатай" гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй. Энэ нь Төмөр замын гарам ашиглах журмын 6.3-т “Авто замын төмөр замд ойртох хэсэгт захын зам төмрөөс хоёр тийш 20 метрээс багагүй зайд тэгш талбай гаргаж өгнө. Төмөр замын тахир хэсэгт нэг зам төмөр нь нөгөөгөөс 150 мм хүртэл өндөр тавигддаг тул авто замын түвшинд энэ хэмжээтэй зохицсон налуу гаргана. Өөрөөр хэлбэл авто зам нь төмөр замын тахир хэсэгт байгуулагдсан гармаас хоёр тийш тус бүр 20 метр зайд нэг ижил хэвгий налуутай байна. Тэгш талбай болон нэг ижил налуутай хэсгээс цааш 50 метрээс багагүй зайд авто зам нь 30%-ээс ихгүй (50 метр зайд 1.5 метрээс ихгүй) налуу, өгсүүртэй байна" гэж заасныг зөрчсөн байна.
Мөн жижүүр гаргаж ажиллуулах ёстой байсан хэдий ч нэмэлт зардал гарах гээд байсан тул жижүүр ажиллуулаагүй, үүнээс үүдэн "*******" ХХК гармын тоног төхөөрөмж алдагдаж, өргөгч эрээн модон төхөөрөмж, камер, гэрэлтүүлэг, дуут дохионы хэрэгсэл зэргийг салгаж авч явсан. Өөрөөр хэлбэл тус гармаар төмөр зам нэвтэрч буй автомашинуудад галт тэрэг ойртон ирж буйг анхааруулах, ослоос урьдчилан сэргийлэх дохио, тэмдэг, хаалт буугаагүйгээс осол гарсан гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс 3 дугаар зэрэглэлийн гарамд жижүүр ажилладаггүй, зөвхөн дохиоллын төхөөрөмжөөр тухайн галт тэрэгний блок, тээврийн хэрэгслийн хоорондын харилцааг зохицуулна гэсэн байна. Гэтэл *******ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар “Ногоонтолгой-Аршаант хоорондын гол замын 352 дугаар километрт байрлах гармыг иж бүрэн тоноглож, байнгын жижүүртэй, хамгаалалттай гарам болгосугай" гэж заасан байдаг. Гэтэл энэ тушаалын хэрэгжилт биелээгүй байна. Мөн 2017 оны 141 дүгээр тушаалын 4.5.Төмөр замын гарман дээр дараах тохиолдолд тушаалын байнгын жижүүр ажиллуулна: 4.5.4.Хоногт 17 ба түүнээс олон галт тэрэг аялдаг үзэгдэлт муутай III зэрэглэлийн гарам болон хоногт 201 ба түүнээс олон галт тэрэг аялдаг III зэрэглэлийн гарманд үзэгдэлтийн нөхцөлийг харгалзахгүйгээр гэж заасан байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч ******* нь хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд тайлбарт хоногт 35 галт тэрэг аялдаг гэж бичсэн байна. Үүнийг 32 галт тэрэг гэж залруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан Гарам ашиглах журмыг хариуцагч ******* зөрчсөн учраас тухайн осол гарсан гэж тайлбарладаг. Тухайн журмын аль заалтыг хэрхэн, яаж зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргадаггүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлаагүй. Түүнчлэн давж заалдах гомдолд тодорхой тусгаагүй байсан. Тухайн гарам дээр автомат хаалтыг байрлуулсан бол осол гарахгүй байх байсан гэж тайлбарладаг. Гарам ашиглах журамд зааснаар *******ын эзэмшлийн үзэгдэлт сайтай 3 дугаар зэрэглэлийн гарамд автомат хаалт хийх зохицуулалт байхгүй гэжээ.
7.Хариуцагч “*******” ХХК давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохирол 418,757,625 төгрөгийн 80 хувь болох 332,606,100 төгрөгийг *******аас, 20 хувь болох 83,151,525 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
******* нь талийгаач *******ийн эх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/229 дүгээр захирамжаар *******ийн охин *******гийн асран хамгаалагчаар тогтоогдсон тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна. (1хх 11-13)
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* тосгон дахь Аршаант хэсгийн төмөр замын 352 дугаар км-ийн 9 дүгээр зуутын гарамд “*******” ХХК нь барьсан гарам, жижүүрийн байраа ******* нийгэмлэгт хүлээлгэж өгөөгүй, ******* нийгэмлэг нь гарам, жижүүрийн байрыг хүлээн авч, байнгын жижүүр ажиллуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай огтлолцдог уг гарамд автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дурс бичлэгийн төхөөрөмж авто зам дээр байрлуулаагүй, гармын аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй, Төмөр замын гарам ашиглах журмыг зөрчсөний умаас зам тээврийн осол гарч, *******ийн амь нас хохирсон” гэж тодорхойлсон.
Хариуцагч ******* нь “Илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай, жолоодож явсан машинч, туслах машинч нар нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй, гарам нь тухайн үйл явдал болох үед Төмөр замын гарам ашиглах журмын дагуу 3 дугаар зэрэглэлийн гарамд хамаарагдах бүх тоноглолоор бүрэн тоноглогдсон, тоноглол зохих ёсоор бүрэн ажиллагаатай байсан, уг гарамд автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дүрс бичлэгийн төхөөрөмж заавал байрлуулахаар Төмөр замын техник ашиглалтын журмын 6 дугаар бүлгийн 6.10.3-т заагаагүй, “*******” ХХК нь салбар төмөр зам, гармын автомат хаалт, шинээр барьсан релейн шкаф, жижүүрийн байрыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байсан учир Төмөр замын гарам ашиглах журмын 3.1 дэх хэсэгт заасны дагуу гарам, жижүүрийн байрыг хүлээн авч, байнгын жижүүр ажиллуулах үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж,
хариуцагч “*******” ХХК нь “*******аас гарам дээр автомат хаалт тавих, тоноглогдсон жижүүрийн байр барих, холбоо дохиоллын системтэй болгох шаардлага тавьсны дагуу тус компани ажлыг хийгээд, хүлээж авах талаар *******д хүсэлт тавьсан байсан үед зам тээврийн осол гарсан ба гарам тухайн үеийн зохицуулалтаараа ашиглагдаж байсан. Манай салбар зам осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болоогүй” гэж тус тус татгалзлаа тайлбарласан.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоожээ.
4.1.2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 36 минутын үед Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* тосгон дахь Аршаант хэсгийн төмөр замын 352 дугаар км-ийн 9 дүгээр зуутын гармаар суудлын 236 дугаартай галт тэрэг өнгөрөх үедээ Митсубиши пажеро маркийн, *******УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автомашины жолооч *******, зорчигч *******нар нас барсан. (1хх 23-26)
4.2.Уг осол гарсантай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан байх ба Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар тогтоолоор зам тээврийн осол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч яллагдагчаар татвал зохих этгээд нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хаажээ. (1хх 42-43)
4.3.Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай, машинч, туслах машинч нар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй болох нь Зам, тээврийн хөгжлийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19/74/010 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. (2хх 23)
4.4.Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...авто замын эргэлтийн наад талд “Аюултай бүс ойртож байна” гэсэн анхааруулах тэмдэг байх ба уг тэмдэгнээс хойш 14.3 м зайд хурд сааруулагч байрлана, тэмдэгнээс хойш 27 метрт чанга яригч, чанга яригчийн шонгоос хойш 2 метрт “Төмөр замын хаалтгүй гарам” гэсэн тэмдэг, тэмдгээс хойш 13 метрт “Зогс” гэсэн тэмдэгтэй хамт анхааруулах улаан гэрэл анивчсан 2 дугуй гэрэлт шон байрлаж, түүний дунд хонх жингэнэх чимээ гаргасан дуу гаргагч суурилсан байв” гэж тусгагджээ. (1хх 167-168)
Осол гарсан даруйд ******* нийгэмлэг болон Төмөр замын Мандал хэсгийн цагдаагийн ажилтны бүрэлдэхүүнтэй комисс гармын ажиллагааг шалгасан байх ба комиссын актад “гармын 4 ш гэрэлтүүлэг хэвийн, А, Б талын гэрлэн ба дуут дохиоллын ажиллагаа хэвийн, дохионы үзэгдэлт 50 метрт тод харагдаж, гармын тэмдэг, тэмдэглэгээ нь “Төмөр замын гарам ашиглах журам”-д заасан шаардлагыг хангаж байна” гэжээ. (2хх 43)
4.5.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/20/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар уг гарам 3 дугаар зэрэглэлийн гарамд хамаарна. (1хх 235-237)
Дээр дурдсан баримтуудаар Аршаант хэсгийн төмөр замын 352 дугаар км-ийн 9 дүгээр зуутын гарамд байрлуулсан тэмдэг болон дохиолол нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаалаар батлагдсан Төмөр замын гарам ашиглах журамд заасан шаардлагыг хангасан болох нь тогтоогдсон байна.
5.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг уг гарамд байнгын жижүүр ажиллуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай огтлолцдог уг гарамд автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дурс бичлэгийн төхөөрөмж авто зам дээр байрлуулаагүй, гармын аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй гэж маргасныг хүлээн авах үндэслэл дор дурдсанаар тогтоогдсонгүй.
5.1.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 19/20/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэд уг гармыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаалаар баталсан Төмөр замын гарам ашиглах журмын хавсралт 2-ын 2 дахь заалт, 2018 оны 264 дүгээр тушаалаар баталсан Төмөр замын техник ашиглалтын журмын 6.10.3 дахь хэсэгт заасны дагуу “дохиоллын төхөөрөмж байгууламжаар тоноглоно” гэж тусгасан нь “*******” ХХК-ийн шинээр байгуулсан салбар төмөр замаар сэлгээний хөдөлгөөн хийх, галт тэрэгний хөдөлгөөн нэмэгдэхэд аюулгүй байдлыг хангахтай холбоотой болохыг уг дүгнэлтэд тайлбарласан байна.
5.2.Түүнчлэн хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15/01 дугаартай Салбар зам барих, өргөтгөх техникийн нөхцлийн дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18/002 дугаартай Салбар замыг зураг төслийн дагуу барьсан эсэхийг шалгаж, зам барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт, түүний хавсралт, хариуцагч нарын тайлбараар “*******” ХХК нь Аршаант өртөөний 8 дугаар мухар замыг сунгаж ачилт, буулгалтын зам барьсан болох нь нотлогдож байх боловч осол болох үед уг зам ашиглалтад ороогүй байсан тул галт тэрэгний хөдөлгөөн нэмэгдэн гармыг дохиоллын төхөөрөмж байгууламжаар нэмж тоноглох шаардлага бодитой үүсээгүй байжээ. (2хх 195-201)
******* нь “*******” ХХК-ийн барьсан замын гармын түвшин нь *******ын үндсэн гармын түвшнээс зөрүүтэй баригдсан учир хүлээж аваагүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан хэдий ч “*******” ХХК-ийн барьсан зам нь осол гарах шалтгаан, нөхцөл болоогүй байна.
5.3.Төмөр замын гарам ашиглах журмын 4.5, 4.5.4-д хоногт 17 ба түүнээс олон галт тэрэг аялдаг үзэгдэлт муутай 3 дугаар зэрэглэлийн гарам болон хоногт 201 ба түүнээс олон галт тэрэг аялдаг 3 дугаар зэрэглэлийн гарманд үзэгдэлтийн нөхцөлийг харгалзахгүйгээр байнгын жижүүр ажиллуулахаар заасан.
Тухайн гарам нь 3 дугаар зэрэглэлийнх бөгөөд гармаар 2019 оны 05 дугаар сард хоногт дунджаар 32 галт тэрэг явж өнгөрсөн болох нь “Ногоонтолгой-Аршаант хоорондын замын 352-р км-н гармаар өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо” баримт, хариуцагчийн тайлбараар нотлогдсон. (2хх 179) Гэвч тус гармыг “үзэгдэлт муутай” гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй тул гарамд байнгын жижүүр ажиллуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
6.Анхан шатны шүүх зам тээврийн осол гарахад *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ийн гэм буруутай байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гарын өмнө зогсож аюулгүй байдал хангасан эсэхийг магадлан гэрэл болон дуут дохио /хонх/ тэмдэг тэмдэглэлийн заалтыг удирдлага болгоно”, Төмөр замын гарам ашиглах журмын 3.8.1-д “төмөр замын гармаар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хууль, Замын хөдөлгөөний дүрэм ба энэхүү журмын заалтыг чанд мөрдөх”, 3.8.4-т “гарамд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх”, 3.8.5-д “гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл /гар утас, чихэвч гэх мэт/ хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах” гэж тус тус заасан.
Жолооч ******* дээрх заалтуудыг зөрчсөн болох нь Илчит тэрэгний зүтгүүрийн гадна болон дотор талын хяналтын камерын бичлэгт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19/74/010 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. (2хх 38-39, 103)
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Хэргийн баримтаар хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******ийн амь нас хохирсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 418,757,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА