| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0223/Э |
| Дугаар | 0231 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 0231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Х.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Хохирогч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С-д холбогдох эрүүгийн 1925004130253 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.С нь 2019 оны 05 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 9 дүгээр байрны 5 дугаар орцны хонгилд Л.Н-г түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 30-ны өдөр бид орц янзалж байсан. Тэгээд подвольд орж хувцсаа солих гээд хөл доор тавьдаг цаас алга байсан. Хартал Л.Норжмаа хөл доороо тавьчихсан байсан. Тэгэхээр нь миний цаасыг өгчих гэсэн. Тэгтэл Наранчимэг үүнийг хөл доороо тавь гээд надад өмдөө өгсөн. Намайг тонгойтол над руу картон цаас шидсэн нь миний шанаанд цохисон. Тэгээд Норжмаа бид хоёр бие рүүгээ картон цаасаа шидэлцсэн. Л.Норжмаа газарт байсан 1 литрийн лаазтай будаг авах гээд тонгойхоор нь над руу шидэх гэж байна гэж бодоод би өөрийгөө хамгаалаад мөрөн дээрээс хойшоо түлхсэн. Л.Норжмаа унахдаа хагас суугаа байдалтай байсан. Тэгээд
би будгийг нь аваад хана руу нь шидсэн. Маргаан хөл доороо гишгэдэг картон цааснаас болсон. Хохирогчийн гар нь хойшоо унахдаа гэмтсэн гэдэг. Би санаатай гэмтээе гэж бодоогүй. Сүүлд нь гар өвдөөд гэхээр нь эвгүй уначихсан юм болов уу гэж бодоод барьж өгсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээж байгаа.Хохирогчоос уучлалт гуйсан. Би өөрийгөө буруутгаж байгаа. Эмчилгээний зардлыг баримтын дагуу төлнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж байгаа мөнгөний хувьд тэр болгон ажилладаггүй. Алдаг оног ажил хийдэг гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Л.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр картон цааснаас болж муудсан. Уг нь Х.С над руу тэр будгийг авч шидсэн юм. Тэгэхээр нь тэр будгийг нь авах гээд тонгойтол намайг түлхсэн. Хүчтэй түлхсэн. Зүүн гараараа тулж унасан. Тэр өдрөө жаахан өвдөөд байсан. Маргааш нь зургаа авахуулахад хугарсан байсан. Одоо сайн эдгээгүй байгаа. 2019 оны 06 сараас 09 сар хүртэл 4 сарыг 340.000 төгрөгөөр тооцож 1.360.000 төгрөг, үүн дээр эм тарианы мөнгөө гаргуулж авмаар байна. Баримтаа өгсөн. Миний хувьд гомдолтой. Эмчийн бичиж авсан эмийг авсан. Бас тархи толгой, зүрх өвдсөн. Хэрвээ гар зүгээр байсан бол зуны улиралд засал хийж мөнгө олох боломжтой байсан гэсэн мэдүүлэг,
-Гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Норжмаа хувцсаа өмсөж дуусчихаад цаасаа өгтөл Сайхан авахгүй гээд тэр хоёр нэгэн рүүгээ кардон цаас шидэлцэж байгаад Норжмаа ширээн доор байсан будаг авах гэтэл араас нь Сайхан түлхчихсэн. Гэтэл Норжмаа цаашаа шалан дээр гараа тулаад унасан. Улмаар Норжмаа ёо ёо гар өвдөөд байна гээд босч ирсэн. Уг подволь нь шороо ихтэй учраас хөлөн доороо цаас тавьж байж гутлаа өмсдөг юм. Тухайн үед Сайханаагийн хөлөн доороо дэвсдэг цаасыг Норжмаа хөлөн доороо тавьчихсан хувцсаа сольж байсан юм гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Шинжээч эмч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Л.Норжмаагийн биед үүссэн зүүн гарын шууны ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2019-05-31-ны өдрийн рентген зургаар шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдож байна. Хуучин хугарал байсан бол бороололт рентген зурагт харагдах ёстой. Гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2019 оны 05 сарын 30- ны өдөр үүссэн байж болно.Хугаралын шинж чанараас үзэхэд уг хугарал нь бугуйн үенд үүссэн сонгодог хэлбэрийн байрлалын хугарал. Энэ нь гараар тулж унахад үүсдэг сонгодог хэлбэр юм гэсэн мэдүүлэг /хх- 21-22 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 405 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Л.Н-н биед зүүн гарын шууны ясны далд зөрөөгүй хугарал, зүүн өгзөг, ташаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5.Гоо сайхан хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2019-05-30-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 17-18 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40-43 ху/
-Эмчлүүлэгчийн карт /хх 72 ху/
-Хохирлын баримтууд /хх 73-77 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.С нь 2019 оны 05 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 9 дүгээр байрны 5 дугаар орцны хонгилд Л.Норжмааг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Норжмаа бид хоёр бие рүүгээ картон цаасаа шидэлцсэн. Л.Норжмаа газарт байсан 1 литрийн лаазтай будаг авах гээд тонгойхоор нь над руу шидэх гэж байна гэж бодоод би өөрийгөө хамгаалаад мөрөн дээрээс хойшоо түлхсэн. Л.Норжмаа унахдаа хагас суугаа байдалтай байсан. Тэгээд би будгийг нь аваад хана руу нь шидсэн. Маргаан хөл доороо гишгэдэг картон цааснаас болсон. Би санаатай гэмтээе гэж бодоогүй. Сүүлд нь гар өвдөөд гэхээр нь эвгүй уначихсан юм болов уу гэж бодоод барьж өгсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээж байгаа” гэсэн, хохирогч Л.Норжмаагийн “...Тэр картон цааснаас болж муудсан. Уг нь Х.С над руу тэр будгийг авч шидсэн юм. Тэгэхээр нь тэр будгийг нь авах гээд тонгойтол намайг түлхсэн. Хүчтэй түлхсэн. Зүүн гараараа тулж унасан. Тэр өдрөө жаахан өвдөөд байсан. Маргааш нь зургаа авахуулахад хугарсан байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Х.Наранцэцэг, шинжээч эмч Ж.Гэрэлмаа нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн гарын шууны ясны далд зөрөөгүй хугарал, зүүн өгзөг, ташаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 405 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Х.Сд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирлын хувьд хохирогч нь “өндөр насны тэтгэвэрт байдаг, мөн барилгын засал хийж орлого олдог. Гэмтэл аваагүй бол барилгын засвар хийж орлого олох байсан” гэж тайлбарлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 340.000 төгрөгөөр тооцож 2019 оны 06 сараас 09 сар хүртэл 4 сарын нөхөн олговор 1.360.000 төгрөг, “энэ гэмтлээс бол толгой, зүрх өвдөж, даралт ихэсдэг” гэж тайлбарлан шүүхэд гаргаж өгсөн баримтын дагуу эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.
Шүүх хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой эм тариа, эмчилгээний зардлын баримтыг шинжлэн судлахад 248.000 төгрөгний эм тарианы баримтыг ирүүлснээс эмчлүүлэгчийн картанд бичигдсэн эмчийн бичиж өгсний дагуу авсан алтангагнуур болон өвчин намдаах эмнүүдийн зардал 7.600 төгрөг, 47.850 төгрөг, 2.727 төгрөг, 28.400 төгрөг, 6.250 төгрөг, нийт 92.827 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Харин бусад эмийн зардал болох 155.173 төгрөгийн баримт нь картанд бичигдээгүй, гэмтэлтэй холбогдолгүй, мөн 4 сарын хугацааны олох байсан орлого 1.360.000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд сард олдог байсан орлогоо нотлоогүй, түүнтэй холбогдох баримтуудыг ирүүлээгүй тул дээрхи 1.515.173 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг сард 140.000 төгрөгөөр тооцож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Саас 92.827 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-12-88 тоотод суух Л.Н.д /ФТ64071804/ олгож, нэхэмжлэлээс 1.515.173 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА