| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/04967/И |
| Дугаар | 210/МА2025/02077 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02077
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07823 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2018 оны 08 дугаар сард “мөнгө зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана” гэсэн зарын дагуу холбогдон *******т 25,000,000 төгрөгийг зээлж, хүүнд нь Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Өнөр хороолол ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцанд амьдрахаар үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ болон зээлийн гэрээг тус тус байгуулсан.
1.2.Үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын үед ******* нь *******тай холбогдож “байраа зарахаар боллоо, худалдаж авах боломжтой бол авах уу” гэсний дагуу уг орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ******* нь “байраа барьцаанд тавьсан байгаа, удахгүй байраа суллаж авна, тэгэхээр үлдэгдэл төлбөрөө өгөөрэй” гэсэн. ******* нь “удахгүй байраа авах гэж байгаа” гэсээр 2019 он хүрсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “байраа барьцаанаас суллахаар боллоо, төлбөр 1,000,000 төгрөг дутчихлаа шилжүүлээч” гэсэн. Би үнэхээр л байраа барьцаанаас авч байгаа юм байна гэж ойлгоод дахин 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
*******ээс байраа авахаар шаардахад “Би өөр хүмүүст залилуулчихсан. Би цагдаад өгчихсөн байгаа, удахгүй асуудал шийдэгдэнэ, тэр хүртэл та мөнгөнийхөө хүүнд миний байранд байж байгаач” гэсээр өнөөдрийг хүрч би ярилцаж тохирсон байраа ч авч чадахгүй, зээлсэн мөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд хариуцагчаас 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.2018 оны 08 дугаар сард миний бие өөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Өнөр хороолол ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцаа хөлслүүлэхээр зар тавьсны дагуу ******* холбогдон бид харилцан тохиролцож түүнээс 25,000,000 төгрөг аваад түүнийг байрандаа оруулсан.
2.2.Удахгүй би байраа зарахаар болж зар тавьсан бөгөөд “хүн ирж үзвэл оруулаад байрыг маань үзүүлж байгаарай” гэсэн. Тэгэхэд ******* “байраа зарах гэж байгаа бол би худалдаж авъя” гээд надад нэмж 10,000,000 төгрөг өгөөд “үлдэгдлийг нь удахгүй өгнө” гэсэн. Хэсэг хугацааны дараа ******* “миний мөнгө бүтэхээ болилоо, байрыг чинь худалдаж авахаа болилоо” гэсэн. Тиймээс би өөр хүнд зарахаар зар тавьж байсан бөгөөд ******* гэх хүн, түүний аав, ээж гэх хүмүүс холбогдож байрыг маань худалдаж авахаар болсон. Ингээд *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаад түүнд байрныхаа гэрчилгээг шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө аваад *******д өгөхөөр хүлээж байсан. Гэтэл ******* намайг залилсан болохыг мэдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаар шалгуулснаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор намайг *******д залилуулсан эд хөрөнгөөрөө хохирсон болохыг тогтоосон.
*******тай хийсэн орон сууц хөлслөх гэрээгээр түүнийг 1 жилийн хугацаанд суулгахаар байсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш тэрээр одоог хүртэл манай байранд ямар ч төлбөр төлөлгүй амьдарч байгаа тул түүний надад өгсөн мөнгийг байрны түрээсийн төлбөрт суутгасан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3.Мөн нэхэмжлэлд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн огноотой зээлийн гэрээ гэх баримт хавсаргасан байх бөгөөд би түүнтэй ийм гэрээ байгуулаагүй. Тухайн гэрээ нь ямар ч нотариатын тамга тэмдэггүй бөгөөд миний нэрийн ард гарын үсгийг маань өмнө байгуулсан гэрээнээс хуулбарлан тавьж шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэхээр өгсөн нь хууль бус гэж үзэж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 36,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 338,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг буруу дутуу үнэлж, талуудын хооронд үүссэн харилцааг үнэн зөвөөр тодорхойлж чадаагүйгээс шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.
Мөн хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зээлийн гэрээг үндэслэл болгосон бөгөөд орон сууц хөлслөх гэрээг огт анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд үүнийг огт анхаарч үзээгүйн дээр энэ талаар ямар нэгэн дүгнэлт огт хийгээгүй байна. ******* нь 2018 оноос хойш одоог хүртэл миний байранд үнэгүй амьдарч, давхар түрээслүүлэн ашиг олж байхад дахин надаас мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь шударга бус шийдвэр гэж үзэж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг баримталсан нь буруу байна.
Иймээс зээлийн гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөө авч чадахгүй байгаа учраас одоог хүртэл орон сууцанд нь амьдарч байна. Хариуцагч “Залилуулсан мөнгөө буцаагаад авчихвал байраа эргүүлж авна. Тэр үед байрнаас гарч болно” гэж хэлсэн тул одоог хүртэл байранд нь амьдарч байгаа. Хариуцагчийн гаргаж буй гомдол хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 25,000,000 төгрөгийг хүүгүй, 12 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч ******* нь зээлийг тогтоосон хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.
Мөн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч ******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг хөлслөгч *******гийн эзэмшилд 1 жилийн хугацаатай, төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ тус тус байгуулагдсан байна.
4.Зээлийн гэрээний 2.5-д зээлийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дансаар олгохоор заасан ба нэхэмжлэгчээс хариуцагчид 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “*******” ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* тоот дансны хуулгаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь үлдэх 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж анхан шатны шүүх хуралдаанд маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хэрэгт авагдсан баримтаар 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид бэлнээр шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй байна.
Иймээс зээлийн гэрээгээр хариуцагчид 20,000,000 төгрөгийн зээл олгогдсон гэж дүгнэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйг залруулна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд гэрээнд заасан орон сууцыг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
5.Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сард хөлслүүлж буй орон сууцыг худалдах болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, талууд орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон. Мөн уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна.
Дээрх 3 гэрээ байгуулагдсан нөхцөл байдлаас үзвэл, талуудын хооронд зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн боловч эдгээр гэрээний үүргийг худалдах, худалдан гэрээний үүргээр солихоор талууд хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан “өмнөх үүргийг солихоор тохиролцсон” үндэслэлээр зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээний үүргийг дуусгавар болгосон байна.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн хэд хэдэн харилцаанаас зөвхөн зээлийн гэрээний талаар дүгнэж бусад харилцааг дүгнээгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулах нь зүйтэй.
6.Хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд, хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч мөнгө бүтэхээ болилоо, байрыг чинь худалдаж авахаа болилоо гэсэн учир орон сууцыг *******д шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбартай холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн талуудыг гэрээ байгуулах үед орон сууц нь барьцаанд бүртгэлтэй байсан болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд барьцаанаас чөлөөлөхтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.
Дээрхээс үзэхэд, хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй.
7.Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 31,000,000 (20,000,000+10,000,000+1,000,000) төгрөгийг түүнээс буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 31,000,000 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй.
Үүнээс гадна Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан тул орон сууцыг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгахаар шүүхийн шийдвэрт нэмж тусгах нь зүйтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдол гаргасан нь үндэслэлгүй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 31,000,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт, мөн хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07823 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 31,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч *******т шилжүүлэхийг нэхэмжлэгч *******д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “хариуцагчаас 338,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагчаас 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА