| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2017/00698/И |
| Дугаар | 001/ХТ2017/01364 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2017/01364
Р.Б-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00874 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1424 дүгээр магадлалтай,
Р.Б-ны нэхэмжлэлтэй,
Ч.Б-д холбогдох,
37.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Бн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.Б-тэй 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 26- ны өдөр 80.000.000 төгрөгийг бөөнд нь өгөх ёстой байсан боловч төлбөрийг төлөхгүй удаа дараа худал хэлж явсаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 80.000.000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээний 2.7-т заасныг үндэслэн зээлийн гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тул алданги 37.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Б-гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Бнаас 80.000.000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулахад надад мөнгө өгөөгүй, 5 ширхэг машин худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Эдгээр машиныг зараад мөнгөө олж ав гэсэн. Тэгсэн мөртлөө гэрээн дээр мөнгө бэлнээр өгсөн гэж бичээд надад мөнгийг эргүүлж өгөх 3 сарын хатуу хугацаа өгсөн. Надаас хүү, алданги авахгүй гэж байсан. 2 машины үлдэгдэл төлбөр бас тооцогдсон. Тэр 5 машин нь гаалиар 2014 онд орж ирсэн, үнэлгээ багатай машин байсан тул зарагдахгүй удсан. Гэсэн ч би хүний машин нэгэнт авсан учир хэлсэн мөнгийг нь өгсөн. Надаас ингэж үндэслэлгүйгээр ийм их хэмжээний мөнгө нэхнэ гэж бодоогүй, зарагдахгүй байсан машиныг нь авч, зах зээлийн үнээс илүү үнээр тооцож, хүү, алдангийн хамт буцааж өгсөн. Надад бэлэн мөнгө өгөөгүй тул гэрээний дагуу алданги нэхэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00874 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б-гээс нийт 37.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Бнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 342.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бат- Ирээдүйгээс 342.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1424 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Ч.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37.000.000 төгрөг гаргуулах тухай Р.Бны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Б-н төлсөн 342.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 1424 тоот магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Р.Бн нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ч.Б-тэй 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг буюу нийт 80.000.000 төгрөгийн өртөг бүхий 5 ширхэг авто машиныг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох болно. Хариуцагч Ч.Б- нь зээлийн гэрээний дагуу 3 сарын дотор 80.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байсан боловч хариуцагч Ч.Б- 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2.300.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 700.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 80.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Бны ХААН банкны 5003360941 тоот дансанд төлсөн. Нэхэмжлэгч Р.Бн нь зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5 ширхэг авто машинуудыг өөрийгөө төлөөлөн бусдад худалдан борлуулах, авто машины төлбөрийг хүлээн авах зэрэг захиран зарцуулах бүхий л эрхийг хариуцагч Ч.Б-д олгосон нь зээлийн гэрээний дагуу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, уг эд хөрөнгөө өөр хүнд дамжуулан өгсөн, зээлдүүлсэн бол тэрээр гэрээгээр хүлээсэн аливаа төлбөр, хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Хариуцагч Ч.Б- ч шилжүүлсэн эд хөрөнгийг хүлээн авсан талаар маргадаггүй атал давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй гэрээний зүйлийг хэзээ авсан нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 1424 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Р.Бн нь хариуцагч Ч.Б-гээс 37.000.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгө аваагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 26-ний өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 80.000.000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон, энэ талаар маргаагүй байна /хэргийн 5 дугаар тал/.
Хариуцагч хугацаа хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т нийцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан мөнгийг хариуцагчид шилжүүлээгүй болохоо нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 5 ш автомашиныг өөрийг төлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах эрх олгосон итгэмжлэлийг 2015 оны 6 дугаар сарын 26-ний өдөр олгосны дагуу хариуцагч уг машиныг худалдан борлуулж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 80.000.000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 6-нд 2.300.000 төгрөг, 9 дүгээр сарын 6-нд 700.000 төгрөг өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчээс шилжүүлсэн машиныг худалдан борлуулах хугацааны талаар талууд хэрхэн тохиролцсон нь гэрээнд тусгагдаагүй, хариуцагч машиныг хэдий хугацаанд худалдан борлуулсан нь тодорхой бус энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлбөр төлөх хугацааг тодорхойлох боломжгүй гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1424 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 342.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ