Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2026/0097

 

 “А***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Налайх дүүргийн Татварын хэлтсийн 

татварын улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн: 

Даргалагч, шүүгч:    П.Соёл-Эрдэнэ 

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                     Д.Батбаатар    

                                        М.Батсуурь                       

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0134 дүгээр шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0277 дугаар магадлалтай, 

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч Б.А***, Н.Т***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*** нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2026/0297 дугаар  хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 

“А***” ХХК нь Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***, Н.Т*** нарт холбогдуулан “Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-2924*** дугаар нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болгохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2.Хэргийн нөхцөл байдал: 

2.1.Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***, Н.Т*** нар нь “А***” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хялбаршуулсан-хэсэгчилсэн шалгалтыг хийж 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр НА-2924*** дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Тус нөхөн ногдуулалтын актаар 245,857,250.00 төгрөгийн зөрчилд 42,850,505.03 төгрөгийн нөхөн татвар, 15,836,388.87 төгрөгийн торгууль, 18,680,499.1 төгрөгийн алданги, нийт 77,367,393 төгрөгийн төлбөр ногдуулжээ. 

2.2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор улсын байцаагч нарын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

“... Манай компани нь 2020 онд Т*** ч*** дулааны эрчим хүчний газарт гэрээгээр нүүрс нийлүүлэх ажил үйлчилгээ явуулж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 369,682,335 төгрөгийн авлагатай гарсан. Тооцоо нийлсэн актаар гарсан авлагаа 2020 онд тайландаа тусгасан, нүүрс нийлүүлэх ажил үйлчилгээний мөнгөө аваагүй тул 2020 онд борлуулалтын тайланд тусгаагүй байсан. Харин 2021 оны борлуулалтын тайланд нэмж тусган тайлагнасан байхад 59,367,648 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь үндэслэлгүй. Сангийн яамнаас баталсан журмын дагуу 2021 онд нэмж тайлагнасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч байна. Иймд маргаан бүхий татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн дүнтэй ажил гүйлгээг тусгаж тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.5-д заасныг, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй ажил гүйлгээг тусгаж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгчээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлого бүртгэж тайлагнаагүй зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч тул ижил дүнгээр зөрчил болон нөхөн татвар ногдуулсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд 32,630,800.34 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь татвар төлөгчөөс ирүүлсэн баримтуудаар нотлогддог. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0134 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А***” ХХК-аас Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***, Н.Т*** нарт холбогдуулан Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-2924*** дугаар нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.“... 2020 онд тус компанийн харилцах дансаар нэр бүхий иргэн, хуулийн этгээдээс нийт 957,968,400.00 төгрөгийн үйл ажиллагааны орлого олсноос 720,863,363.64 төгрөгийн орлогод и-баримт олгож, 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар хүлээн зөвшөөрөн тайлагнасан боловч харилцах дансаар орсон 150,017,000 төгрөгийн ажил гүйлгээний орлогыг тусгаж тайлагнаагүй болох нь тус компанийн банкны харилцах дансны хуулга, ерөнхий журнал, ажлын хүснэгт, баланс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, тайлангийн тодруулга, и-баримт зэргээр тус тус тогтоогдсон.

5.2.Гэтэл дээрх үйл ажиллагааны орлогоос нэхэмжлэгч компани нь 720,863,363.64 төгрөгийн орлогод и-баримт олгож 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар хүлээн зөвшөөрсөн байх боловч компанийн харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн ажил гүйлгээний орлогыг тусгаж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасанд нийцээгүй тул  нэхэмжлэгч нь 2020 онд өөрийн харилцах дансаар орсон бараа, ажил үйлчилгээний орлогыг тайлагнах үүрэгтэй байх тул хариуцагч улсын байцаагч нарын дээрх борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчилд 15,001,700.00 төгрөгийн нөхөн татвар, 4,696,866.86 төгрөгийн торгууль, 5,614,282.14 төгрөгийн алданги, нийт 25,312,849.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй ...

5.3.Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь и-баримтаар хүлээн зөвшөөрөх 759,005,100.30 төгрөгийн зардлаас 92,750,000.00 төгрөгийн хий бичилтийн хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогыг бууруулсан дүн, мөн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангаар тайлагнасан 1,800,000.00 төгрөгийг хасаж, 2020 оны зардалд тооцсон сургалтын төлбөр 3,800,000.00 төгрөгийг хуульд заасан үйл ажиллагаатай холбогдон гараагүй тул зардалд тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэн зөрүүгээр нь зөрчилд тооцож, төлбөр тогтоосныг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тохиолдолд 2020 оны и-баримтаар баталгаажаагүй 32,630,800.34 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон нь үндэслэлгүй байх тул маргаан бүхий актаар 2020 онд 32,630,800.34 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлыг зардалд тооцсон зөрчилд хариуцагч нараас нийт 6,083,980.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

5.4.... захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан энэ нь хэн ч харахад илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг, мөн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэдгийг маргаан бүхий захиргааны актаар бодит нөхцөл байдалд тохирохгүй, биелүүлэх боломжгүй үүрэг ногдуулсан байхыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд уг нөхөн ногдуулалтын актын 59,367,648 төгрөгт холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын шинжийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй ...

5.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 1479, 5086 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийг буцааж, дахин ирсэн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд огт хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт 1 удаа, өмгөөлөгч оролцуулах хүсэлт 1 удаа гаргаж, тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдаж, ... уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ч***ээс шүүх хуралдаанд цахимаар оролцож, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч цахимаар оролцох боломжтой байгааг харгалзан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0277 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

6.1.“... хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргаж байсан, мөн дээрх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасныг болон хариуцагчийн хүсэлтийг зохицуулалтыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэж байсан атлаа 3 удаагийн хэрэг хянан шийдвэрлэх явцад анх товлосон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***ийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтээр 1 удаа хойшлуулж, харин 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон М.Ч***ээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хуулиар олгогдсон эрхийг хэлбэрийн төдий хангажээ ...

6.2.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаар тогтоолд үүнтэй адилтгах тохиолдлыг өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангасан гэж үзэхгүй гэж тодорхой дүгнэсэн байдгаас гадна шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийн өмнөх 2 удаагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй нөхцөл байдлыг шинээр оролцож буй өмгөөлөгчид хамаатуулж, мөн түүнийг нотлох баримт шинжлэн судлах явцад хэргийн материалтай танилцах боломжтой мэтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль бус, ... товлосон шүүх хуралдаанаас 1 хоногийн өмнө тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлтээр оролцох болсон өмгөөлөгч М.Ч***ийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д заасан эрхээ хэрэгжүүлэх, 30.4.1, 30.4.3-т үүргээ биелүүлэх боломжийг тус тус олгоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой ч, өмгөөлөгчийн тухайд, тэр тусмаа цахимаар оролцож байгаа тохиолдолд хэргийн материалтай танилцуулалгүйгээр шүүх хуралдаан хийснийг зөвтгөх боломжгүй. 

6.3.Нэхэмжлэгчийг 2020 онд “борлуулалтын орлогыг дутуу тооцсон” зөрчил гаргасан гэж үзэхдээ харилцах дансаар орж ирсэн 150,017,000 төгрөгийн дүнтэй ажил, гүйлгээг тайлагнаагүй гэж буруутган, үүнээс хүснэгтийн 1, 2-т заасан төлбөрийг, харин “баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хассан” гэх зөрчилд 32,630,800 төгрөгөөс тооцон хүснэгтийн 4-т заасан төлбөрийг тогтоосон, өөрөөр хэлбэл 1, 2 дахь зөрчилд хамаарах нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал ийнхүү өөр өөр байхад тодруулах ажиллагааг хийгээгүй атлаа актын маргаагүй буюу хүснэгтийн 3, 5-д заасан зөрчлийн талаар дүгнэлт хийсэн нь ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй. Хэргийг дахин шийдвэрлэхдээ 2020 онд борлуулалтын орлогыг дутуу тооцож тайлагнасан гэх зөрчлийн 150,017,000 төгрөг нь тухайн онд Т*** ч*** дулааны эрчим хүчний газарт нийлүүлсэн нүүрсний орлогод хамаарах эсэхийг, түүнчлэн энэ нь 2020 оны эцсийн байдлаар тус газраас 369,682,335 төгрөгийн авлагатай байсан гэх үйл баримттай хэрхэн уялдах талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг явуулах шаардлагатай ...” гэжээ.  

7.Хариуцагч Б.А***, Н.Т***, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*** нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Нэхэмжлэгч “А***” ХХК нь нийт 3 удаа анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тухайн шүүхээс зарласан шүүх хуралд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** нэг ч удаа биечлэн ирж байгаагүй бөгөөд хүсэлт гаргаж шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан ... 2024-2026 он хүртэл үргэлжилсэн уг маргаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь зарласан шүүх хуралд биечлэн болон цахимаар оролцдоггүй, хэргийн материалтай удаа дараа танилцах хүсэлтийг нь хүлээн аваад шүүх хурлыг хойшлуулахад дараагийн шүүх хуралд оролцдоггүй боловч эрхээ эдлүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж гомдол  гаргасан нь үндэслэлгүй ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т тус тус зааснаар “А***” ХХК нь шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломж байсан боловч шүүх хурлыг удаа дараа нэг шалтгааныг хэд хэдэн удаа ашиглаж шүүхийг үл хүндэтгэсэн ...

7.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн дүнтэй ажил гүйлгээг тусгаж тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4,  7.4.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.1.3-т заасныг, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.5-д заасныг тус тус зөрчсөн ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд харилцах дансаар орсон 150,017,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй ажил гүйлгээг тусгаж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугааp зүйлийн 8.1.1 дэх заалтыг зөрчсөн. Дээрх зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч тул ижил дүнгээр болон нөхөн татвар ногдуулсан. … Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд 32,630,800.34 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4 дэх заалтуудыг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8.Хяналтын шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

9.Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. 

10.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

11.Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн “... анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд бэлтгэх боломж олгоогүйгээс хууль зүйн туслалцаа авах эрхийг хэлбэрийн төдий хангасан ...” гэх дүгнэлт үндэслэлгүй.

12.Учир нь, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***ийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2026/0993 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулсан. Өмгөөлөгч М.Ч*** 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болж, анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцжээ. Ийнхүү шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байна.  

13.Өмгөөлөгч М.Ч*** товлогдсон шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцаж, үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой байсан, нөгөөтээгүүр энэ нь түүний хуулиар хүлээсэн үүрэг юм. 

14.Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг өмнө нь хоёр удаа буцааж байсан, хяналтын шатны шүүх хуралдаанд ч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, хуралдаанаас өмнө өмгөөлөгч М.Ч***ээс татгалзсан зэргийг дурдах нь зүйтэй.

15.Иймд “анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хэлбэрийн төдий хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэж үзэхгүй, шүүх нэхэмжлэгч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан журмын дагуу оролцох, эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан байна.

16.Мөн давж заалдах шатны шүүхийн “... 1, 2 дахь зөрчилд хамаарах нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал өөр өөр байхад тодруулах ажиллагааг хийгээгүй атлаа актын маргаагүй буюу хүснэгтийн 3, 5-д заасан зөрчлийн талаар дүгнэлт хийсэн нь ... “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэсэн ... Иймд 2020 онд борлуулалтын орлогыг дутуу тооцож тайлагнасан гэх зөрчлийн 150,017,000 төгрөг нь тухайн онд Т*** ч*** дулааны эрчим хүчний газарт нийлүүлсэн нүүрсний орлогод хамаарах эсэхийг, түүнчлэн энэ нь 2020 оны эцсийн байдлаар тус газраас 369,682,335 төгрөгийн авлагатай байсан гэх үйл баримттай хэрхэн уялдах талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг явуулах шаардлагатай ...” гэх дүгнэлт нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. 

17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 118.7-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж тодруулах, нэмэлт тайлбар сонсох боломжтой. Өөрөөр хэлбэл, магадлалд дурдсан асуудлыг давж заалдах шатны шүүх өөрөө тодруулах, хэрэв анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, эсхүл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэж байгаа бол тухайн алдааг залруулан шийдвэрлэх бүрэн эрхтэй.

18.Иймд, “... “А***” ХХК нь шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх боломж байсан, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжтой байтал шүүх хурлыг удаа дараа нэг шалтгааныг хэд хэдэн удаа ашиглаж шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэж байна, хэрэгт шаардлагатай нотлох баримт бүрэн цугларсан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр буцаасан ...” гэсэн агуулгатай хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй.

19.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0277 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 



                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ               

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА  

            ШҮҮГЧИД                                                      Д.БАТБААТАР

   М.БАТСУУРЬ   

                                                                                                    Г.БАНЗРАГЧ