| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03516/И |
| Дугаар | 210/МА2025/02076 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02076
2025 12 03 210/МА2025/02076
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/08242 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “*******” ХХК, *******, *******нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,407,314,086 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК, ******* нар нь “*******” ХК-тай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 800,000,000 төгрөгийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай санхүүжилтийн зээлийн зориулалтаар, ЗГ/202146380216 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, коммитмент хүү 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зээлийн шугамын зориулалтаар тус тус зээлсэн.
Зээлийн шугамын гэрээнд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн шугамын хэмжээг 377,130,000 төгрөг болгож бууруулсан.
Зээлдэгч нар нь ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлд 198,656,735 төгрөг, зээлийн хүүнд 81,514,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 267,382 төгрөг, нийт 280,438,667 төгрөг, ЗГ/202146380216 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт зээлд 165,564,073 төгрөг, зээлийн хүүнд 127,460,141 төгрөг, коммитмент хүүнд 246,772 төгрөг, нийт 293,270,987 төгрөг тус тус төлсөн байна.
Гэвч зээлдэгч нар зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч, үүргээ зөрчсөн ба ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэлд 601,343,264.60 төгрөг, зээлийн хүүнд 294,275,538.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 45,377,311.57 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 72,000 төгрөг, нийт 941,068,114.54 төгрөг, ЗГ/202146380216 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 334,435,926.55 төгрөг, зээлийн хүүнд 111,409,395.56 төгрөг, коммитмент хүүнд 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,398,291.51 төгрөг, нийт 466,245,971.56 төгрөг, бүгд 1,407,314,086 төгрөг төлөх үүрэгтэй.
1.2.Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГҮ/202146336499 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Токио гудамж, ******* байр ******* тоот хаягт байршилтай, 128.81 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол Улс гудамж, ******* байр ******* тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /13343/, *******гийн гудамж, ******* байр ******* тоот хаягт байршилтай, 91.89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /14182/, Алтай гудамж, ******* байр ******* тоот хаягт байршилтай, 66.55 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан.
Иймд хариуцагч нараас дээрх зээлийн гэрээний үүрэгт 1,407,314,086 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай байгууллага нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн бизнесийн байгууллагын үйл ажиллагаа тогтворжуулах зорилгоор зээл авч цагаан будаа цайруулах үйлдвэр барих бизнесийн үйл ажиллагаанд ашиглах, бий болсон орлогоор зээлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон болно.
Хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрхлэх боломжгүй болсон бөгөөд 2019 оны 12 дугаар сард цар тахлын анхны тохиолдол БНХАУ-д илэрч, 2020 оны 01 дүгээр сараас эхлэн гадаад улс руу зорчих боломжгүй болж, Монгол Улсын хил дээр нийт 3000 тонн орчим импортын цагаан будаа гацаж өдрийн 5000 юань төлж агуулахад хадгалуулж байсан болно.
Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” хэмээн заасны дагуу зээлдэгч нарыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй юм. Бидний зүгээс удаа дараа дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж нэхэмжлэгчид албан бичгээр хандаж байсан болно. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн агуулгыг зөрчин гэрээний бус хугацаанд зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд зээлийг хүлээн зөвшөөрч, хэт өндөр хүүг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК, ******* нараас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 601,343,265 төгрөг, зээлийн хүү 294,275,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,377,311 төгрөг, нийт 940,996,114 төгрөг, ЗГ/202146380216 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 334,435,926 төгрөг, зээлийн хүү 111,409,395 төгрөг, коммитмент хүү 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,398,291 төгрөг, нийт 466,245,971 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргэг, ******* дугаар хороо, Токио гудамж ******* байр, 3 давхрын ******* тоот хаягт байршилтай, 128.81 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол Улс гудамж *******байр, *******тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, 15 хороолол /13343/, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 91.89 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтайн гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 66.55 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,264,721 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “*******” ХХК, ******* нараас 7,194,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны дагуу хариуцагч “*******” ХХК, ******* нараас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 601,343,265 төгрөг, зээлийн хүү 294,275,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,377,311 төгрөг, нийт 940,996,114 төгрөг, мөн зээлийн шугамын гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 334,435,926 төгрөг, зээлийн хүү 111,409,395 төгрөг, коммитмент хүү 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,398,291 төгрөг, нийт 466,245,971 төгрөгийг тус тус гаргуулан шийдвэрлэснээс нийт хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 471,460,535 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нарын зүгээс дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бөгөөд 2019 оны 12 дугаар сард цар тахлын анхны тохиолдол БНХАУ-д илэрч, 2020 оны 01 дүгээр сараас эхлэн гадаад улс руу зорчих боломжгүй болж, Монгол Улсын хил дээр нийт 3000 тонн орчим импортын цагаан будаа гацаж өдрийн 5.000 юань төлж агуулахад хадгалуулсан. Үүнээс үүдэн үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нарыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй юм. Гэвч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан хоёр зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас хэт их хэмжээний хүү гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлан дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн агуулга нь дэлхий нийтийг хамарч цар тахал гарсантай холбогдуулан эдийн засгийн аюулгүй байдлыг ханган бизнес эрхлэгчдийг дэмжих, хамгаалах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Мөн хариуцагч нараас өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүүгээс хэдэн төгрөгийг буцаан төлсөн талаар огт тусгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.2.Тус хэргийн шүүх хурлыг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон байх боловч хариуцагчийн өмгөөлөгч миний зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэж буй Б.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй, Т.Баясгаланд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байх бөгөөд тус хэргийн шүүх хурал 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагт товлогдсон. Тухайн хэргийн шүүх хурал нь 09 дүгээр сарын 11-ний өдөр буюу өмнө нь товлогдсон бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдтэй ихээхэн маргаантай хэрэг тул шүүх хуралд биечлэн оролцох хүсэлттэй байх тул шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргасан байдаг. Гэвч анхан шатны шүүхээс энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан хамаарахгүй хэмээн үзэж хариуцагч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "хууль зүйн туслалцаа авах" эрхийг шууд зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн” нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарч байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон. Харин хариуцагчийн өмгөөлөгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус өдрийн 10 цагаас товлогдсон гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл тус хэрэгт талуудын эвлэрлийг баталж, шүүх хуралдаан дууссан байдаг. Үүнээс үзвэл, хариуцагчийн өмгөөлөгчийн дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал арилсан болох нь харагдаж байна.
5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон бөгөөд сүүлд ******* өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон татгалзаж байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх хуралдаан хойшлогдсон байх хугацаанд хариуцагч тал яагаад нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй вэ гэх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж дараа нь эрх эдлэх асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.3.Давагдашгүй хүчин зүйл буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийг хариуцагч тал тайлбарласан. Ковид-19 цар тахал зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтээр гарсан. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан эрх бүхий байгууллагаас хууль, дүрэм журмуудыг баталсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар болон Монголбанкнаас эрхийн актуудыг гаргаж, банк эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн харилцааг дүрэм, журмаар зохицуулсан. Монголын ипотекийн корпорациас олгосон ипотекийн зээлд холбогдуулан зээлдэгч хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн хүүг зогсоож, хойшлуулах зохицуулалт байгаа. Харин ипотекийн зээлээс бусад төрлийн зээлд холбогдуулан ямар нэгэн байдлаар хүү зогсоох шийдвэр гараагүй. Зээлдэгч банкинд хүсэлт гаргасан тохиолдолд гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгах бөгөөд сунгагдсан хугацаанд үндсэн зээлийн хүүг төлүүлэхгүй байх зохицуулалтыг зохицуулагч байгууллагаас баталсан. Хариуцагч нараас 2 зээлийг хойшлуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй тул банкны зүгээс зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээг талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хууль болон гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах бөгөөд энэ тухай гэрээнд тусгасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, үүнтэй холбоотой нотлох баримт байгаа гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХХК, *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,407,314,086 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК хүү, нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан, хариуцагч *******, *******нар шүүхэд тайлбар гаргаагүй байна.
3.“*******” ХК болон “*******” ХХК, ******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дор дурдсан нөхцөлөөр 2 зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч “*******” ХК нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч “*******” ХХК, ******* нар тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Үүнд:
- ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээгээр зээл 800,000,000 төгрөг, хүү жилийн 10.5 хувь, хугацаа 30 сар;
- ЗГ/202146380216 дугаартай зээлийн шугамын гэрээгээр зээл 500,000,000 төгрөг, хүү жилийн 16.8 хувь, хугацаа 24 сар.
Талууд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн шугамын хэмжээг 377,130,000 төгрөг болгож бууруулсан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, гүйлгээний баримт, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон тул зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нарыг ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлд 198,656,735 төгрөг, зээлийн хүүнд 81,514,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 267,382 төгрөг, нийт 280,438,667 төгрөг, ЗГ/202146380216 дугаартай зээлийн шугамын гэрээний дагуу зээлд 165,564,073 төгрөг, зээлийн хүүнд 127,460,141 төгрөг, коммитмент хүүнд 246,772 төгрөг, нийт 293,270,987 төгрөг тус тус төлсөн талаар тусгаж, тооцооллын баримт хавсаргасан байна. Хариуцагч тал уг тооцооллыг үгүйсгэсэн тайлбар, баримт шүүхэд гаргаагүй байх ба хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “хариуцагч нараас үндсэн зээл, хүүгээс хэдэн төгрөгийг буцаан төлсөн талаар шийдвэрт тусгаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.Түүнчлэн нэхэмжлэлд ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээл 601,343,265 төгрөг, хүү 294,275,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,377,311 төгрөг, нийт 940,996,114 төгрөг, мөн ЗГ/202146380216 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт зээл 334,435,926 төгрөг, хүү 111,409,395 төгрөг, коммитмент хүү 2,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,398,291 төгрөг, нийт 466,245,971 төгрөг тус тус хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Зээлийн гэрээгээр талууд хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.
ЗГ/202146336499 дугаартай зээлийн гэрээнд эхний 6 сард хүүг, үлдэх хугацаанд сард 37,300,000 төгрөг төлөхөөр заасан боловч 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш төлөөгүй, гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан.
Түүнчлэн ЗГ/202146380216 дугаартай зээлийн шугамын гэрээнд төлбөрийг гэрээний хугацаанд багтаан төлөхөөр заасан боловч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, улмаар гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна.
Хариуцагч нар нь Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 01 дүгээр сараас эхлэн гадаад улс руу зорчих боломжгүй болж, Монгол Улсын хил дээр 3000 тонн орчим импортын цагаан будаа гацаж өдрийн 5000 юань төлж агуулахад хадгалуулж байсан, уг нөхцөл байдлыг тайлбарлаж нэхэмжлэгчид албан бичгээр хандаж байсан гэж тайлбарласан.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэг, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журамд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, хугацааг сунгах нөхцөлөөр цахим хэлбэрээр өөрчлөлт оруулах талаар зохицуулсан бөгөөд зээлдэгчийг зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөөгүй.
Хэргийн баримтаар хариуцагч нар нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зээлийн гэрээнд зохих өөрчлөлт оруулах талаар банкинд хүсэлт гаргасан болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал өөрийн татгалзал, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,407,242,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарыг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, гэрээний бус хугацаанд зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж дурдсан нь үндэслэлгүй.
6.Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токио гудамж, ******* байр ****** тоот хаягт байршилтай, 128.81 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол Улс гудамж, ******* байр ******* тоот хаягт байршилтай, 137 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, *******гийн гудамж, ******* байр ******* тоот хаягт байршилтай, 91.89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтай гудамж, *******байр ******* тоот хаягт байршилтай, 66.55 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулахаар харилцан тохиролцжээ.
Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдахыг шаардах эрхтэй. Барьцааны гэрээний зүйл болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэнд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй байна.
7.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлсний зардал 72,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол шаардах талаар зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй боловч шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш 2025 оны 06 дугаар сарын 06, 17-ны өдөр, 07 дугаар сарын 01, 22-ны өдөр тус тус хариуцагч талын гаргасан өмгөөлөгч авах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч хөдөө орон нутагт ажиллах хүсэлтүүдийг үндэслэн шүүх хуралдаан 4 удаа хойшлогдсон байна.
Үүний дараа 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч “*******” ХХК, *******, *******нарт 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн хариуцагч *******ын өмгөөлөгч *******ий хүсэлтэд дурдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүх хуралдаан мөн өдрийн 10.00 цагт товлогдсон нь тус шүүх хуралдаантай давхцаагүй гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
Иймээс хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9.Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/08242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын өмгөөлөгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 7,194,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА