| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0077/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жы Бд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав, ээж, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн ... сумын 00 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хурааахгүйгээр 1 жил хорих ял, мөн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Жы Б, регистрийн дугаар 000
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 04 цагийн орчимд Дорноговь аймгийн .. сумын 00 тоот хохирогч К.Нын байрны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 670.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн ... сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадаа хохирогч П.Дг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг
Мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Дорноговь аймгийн ... сумын 000тоотод хохирогч Э.Дгийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “……” гэв.
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.... Би 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ....02 цагийн орчимд ... гэрлүүгээ явах замдаа С караокены хойд талд байх 5 давхар шар байрны 1 дүгээр давхрын онгорхой байсан цонхоор орж улаан өнгийн sку гэсэн бичиглэлтэй андройд гар утас 1 ширхэг, цагаан өнгийн айпон 5 маркийн гар утас 2 ширхэг, бэлнээр 80.000 төгрөг зэргийг хулгайлсан. Би шөнөдөө гэртээ очиж унтаад өглөө сэртэл манай ээж надаас халааснаас чинь гар утас гарч ирж байна, энэ хэний утас юм гэж асуухаар нь би хулгай хийсэн талаараа бол хэлээгүй мэдэхгүй байна гэж хэлсэн.... Би гар утас бэлэн мөнгө хулгайлсанаа санаж байна. Өөр эд зүйл хулгайлсан эсэх талаараа мэдэхгүй байна. Тухайн үед би архи уучихсан нилээд их хэмжээний согтолттой байсан.... Тухайн үед цонх нээлттэй байсан санаж байна, би тухайн цонх руу авирч гарч нэвтрэн орсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэм буруугаа ойлгож байна... Тэр залуу миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гэдэс рүү нь байх урдаас нь өшиглөсөн... би газраас чулуу аваад намайг мөрлөсөн залуугийн мөр орчимд нь цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151- 152 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эг ирсэнээс хойш Д архиар шахсан Э уухгүй гэсэн чинь намайг Эд архи өгсөнгүй гэж маргалдсан... Тэгээд Д надад шилэн стаканаар архи аягалж өгсөн. Би тэр шилэн стаканаар нь эргүүлээд Дгийн баруун чихний урд хэсэг рүү цохиход шилэн стакан хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Хохирогч К.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнийн 04 цагийн орчимд Дорноговь аймгийн ... сумын 000 тоотод гэртээ унтлагын өрөөндөө унтаж байгаад өөрийнхөө ,,, гэсэн дугаартай улаан өнгийн sку маркийн гар утас, хар өнгийн цүнх, уг цүнхэнд манай охин О төрийн болон хас банкны хадгаламжийн дэвтэр, монголд үйлдвэрлэсэн улаан өнгийн арьсан түрийвч, уг түрийвчинд бэлнээр 80,000 төгрөг, хос монетан ээмэг, эмэгтэй хүүхдийн цагирган монетан ээмэг, мөн манай охин Н.О ,, гэсэн дугаартай цагаан өнгийн айпони 5 маркийн гар утас, манай дүү Н.Жын ,,,, гэсэн дугаатай цагаан өнгийн айпони 5 маркийн гар утас зэрэг эд зүйлүүдээ хулгайд алдсан... Би охин О, Ж нарын хамт унтлагын өрөөндөө унтаж байсан. Манай том өрөөнд манай дүү М, Г, С, Ч, Гын охин А нар унтаж байсан... Хэрэг болсоны маргааш нь санаж байна гэрийнхээ хойд талын гудамжнаас алдсан цүнхээ олсон, цүнхийг гудамжинд хаясан байсан. Түүний дараа хэзээ хүлээн авсанаа санахгүй байна цагдаагаас миний алдсан айпони 5 загварын 2 ширхэг гар утас, sку загварын 1 ширхэг гар утсыг 80.000 төгрөгийн хамтаар тус тус хүлээлгэн өгсөн. Би алдсан зүйлсээс эмэгтэй хүний арьсан түрийвч, эмэгтэй хүний хос монетан ээмэг, хүүхдийн монетан ээмэг зэрэг эд зүйлийг аваагүй байгаа. Надад цаашид энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10, 16-17 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ унтаж байсан... манай ах Ж хамаг юм алга болчихлоо ш дээ гээд хашгирахаар нь би сэрсэн чинь Ж ах нэг хүн цонхоор гараад явчихлаа гээд араас нь хараад углаашаа өмсөөд цонхоор гарч араас нь явсан... Тэр хулгай хийсэн хүн жижиг өрөөний цонхоор орж ирээд буцаад тэр цонхоороо гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Н.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би унтаж байсан чинь өрөөн дотуур хүн яваад гар утасны цэнэглэгч ороогоод халаасандаа хийж байсан. Н эгчийн дэрэн доороос жижиг хар цүнх аваад үүрсэн байх нь миний нүдэнд харагдаад байсан ч би сэрж чадаагүй, тэгээд тэр хүнийг цонхоор гарах үед сүүдэр нь миний нүдэн дээр тусахаар нь сэрээд орноосоо өндийгөөд хөөе гэж хашгирсан чинь эргэж нэг харчихаад цаашаа буусан тэгэхээр нь би босоод том өрөөнөөс углааш өмсөөд гэрийнхнээ дуудаж сэрээгээд тэр залуугийн гарсан цонхоор нь араас нь гараад урагшаа гүйгээд байрны урдуур тойроод харахад нөгөө залуу байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын дундуур... Б өмдний халааснаас 3 ширхэг гар утас бэлнээр 20.000-30.000 төгрөг гарч ирсэн. Б энэ юун гар утаснууд юм гэж асуухад би мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд... би гар утсыг нь авч үлдээд ахмад Бтой утсаар ярьж асуутал цагдаа дээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр 3 ширхэг гар утас бэлэн мөнгийг нь авч иртэл тухайн үед ахмад Б байгаагүй эзгүй байсан. Би ахмад Нт хүлээлгэн өгсөн, тухайн үед цагдаагаас асуухад гар утас 80.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан гэж хэлж байсан болохоор би Б халаасанд байсан 30.000 төгрөг дээр өөрөө мөнгө нэмээд 80.000 төгрөг хүлээлгэн өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сарын сүүлээр ...О гэдэг хүн өрөөнд орж ирээд Б чамд өгчихөөрэй гэсэн гээд цагаан өнгийн айпони 5 маркийн гар утас 2 ширхэг, улаан өнгийн С маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 80.000 төгрөгтэй авчирч өгсөн. Би тухайн үед ямар учиртай эд зүйлүүд болохыг мэдээгүй. Тэгээд би ээлжийн амралтаа авсан, амрахаасаа өмнө Бод 3 ширхэг гар утас 80.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг гарсанаас хойш гэмт хэрэг дээр би Гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ мэдээлэл цуглуулан ажиллаж байсан. Тэгтэл хэд хоногийн дараа О гэх хүн над руу утсаар ярьж манай хүү Б 3 ширхэг гар утас 30.000-40.000 төгрөгтэй гэрт ирсэн. Хулгайн эд зүйл байх гэж хэлсэн, би ямар ямар гар утас ирсэн талаар асуухад айпон 5 маркийн гар утас 2 ширхэг, sку маркийн гар утас 1 ширхэг байна гэж хэлж байсан. Уг гар утас нь иргэн Нын гэрээс алдагдсан гар утаснуудын өнгө загвар нь тохирч байсан болохоор нь би дээр нь 80.000 төгрөг бусад эд зүйлс байсан цагдаа дээр аваар ир гэж хэлтэл хэд хоногийн дараа намайг ээлжийн амралт эдлээд эзгүй байх хугацаанд О 3 ширхэг гар утас 80.000 төгрөгтэй ажил дээр аваад ирсэн байсан. Тухайн үед би эзгүй байсан болохоор ахмад Ныг авчих гэж хэлсэн, ахмад Н авсан байсан. Би хохирогч Над айпон 5 маркийн гар утас 2 ширхэг, sку маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 80.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ6/18- 040 дугаартай: “...sку маркийн гар утас 20.000 төгрөг, хар өнгийн цүнх 10.000 төгрөг, Монголд үйлдвэрлэв арьсан хэтэвч 10.000 төгрөг, хос монетан ээмэг 130.000 төгрөг, цагирган ээмэг 70.000 төгрөг, айпон 5s утас 150.000 төгрөг, айпон 5s утас 200.000 төгрөг, нийт 590.000 төгрөг... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/
Хохирогч П.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жавзандулам, У бид гурав баарнаас гарахад М, Э, Энхбат гурав замын цаад талд гарсан харагдсан бөгөөд араас нь явж байхад араас миний танихгүй залуу болох Б гэгч нь “хөөе чи мөрлөдөг хэн бэ” гэж хэлээд гүйж ирээд миний цээжний зүүн доод хэсэг рүү жийгээд газар унагаасан. Би унахдаа баруун талаараа унасан бөгөөд намайг унаад босож амжаагүй байхад тэр Б гэх залуу миний нүүр лүү маналзтал өшиглөсөн. Тэр залуу намайг хажуугаараа хэвтэж байхад хойшоо гэдийтэл хүчтэй өшиглөсөн бөгөөд миний хамраас цус гоожиж байгаа нь мэдэгдсэн. Би ямар ч байсан нүүрээ хамгаалъя гээд гараараа нүүрээ дараад атиралдаад хэвтсэн чинь Б гэгч нь миний гар хөл рүү өшиглөөд жийгээд байсан. Би яг хэдэн удаа намайг өшиглөснийг хэлж мэдэхгүй байна... босох гэхэд миний хөлийн зүүн шилбэ орчмоор аймар өвдөөд гишгэхэд хөндүүрлээд байсан... Миний хамарнаас цус гараад тогтохгүй болохоор нь би яваад замын хажуугийн боржур дээр очиж суусан... тухайн үед би босоод зогсож байхад Б гэх залуу нь гартаа тоосго ч юм уу, чулуу ч юм уу барьчихсан хажуунаас ирээд миний толгой руу буюу зүүн чихний дээд хэсэг рүү 1 удаа цохичихсон. Би түүнд цохиулчихаад толгой манараад дээр нь согтуу хөл өвдөөд байсан болохоор газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-115 дугаар хуудас/
Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Б гүйж ирээд Д ахыг бүсэлхийн баруун хэсэг, баруун ташаа орчим нь жийж унагаад үүний дараа Д ах унасан байхад нь үргэлжлүүлээд Б түүнийг өшиглөөд зодоод байсан... Б араас түүнтэй хамт явсан 3 залуу, 3 эмэгтэй ирээд л бужигнаад байсан.... Б л Д ахыг унагаад зодож байхыг харсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 119-120 дугаар хуудас/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үедээ бол Д ах газар унасан хажууд нь байсан хүмүүсээс 2, 3 нь огцом хөдлөөд Д ахыг зодоод байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь би гүйгээд очиход нэг нь л Д ахыг зодоод нөгөө хэд нь болиулах гэж байсан юм шиг байна лээ....3ангад /Б/ гэгч нь Д ахыг яг хэдэн удаа хашаа нь цохисоныг хараагүй, хэд хэд өшиглөж бол харагдсан. Дараа нь чулуугаар бас цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 217 дугаар хуудас/
Гэрч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Намайг очих үед Д гэх залуутай хамт явсан өөрийгөө Ж гэх эмэгтэй нь миний таньдаг Б гэх залуу... Д ахыг зодчихоод зугтаачихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар хуудас/
Гэрч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....З гэх залуу бидний араас гүйж ирээд Д ахын ар хэсэг рүү жийж унагаад түүнийг босоогүй байхад үргэлжлүүлээд өшиглөөд зодсон... З чулуу ч юм уу, тоосго ч юм уу юмаар Д ахын толгой руу тасхийтэл чимээ гартал цохиж унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125- 130 дугаар хуудас/
Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З гэх залуу буцаж ирээд хувцасаа тайлаад чулуу барьж аваад Д ахыг 1 удаа цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134- 135 дугаар хуудас/
Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/0402 дугаартай “...П.Дгийн биед зүүн хөлийн тахилзуур ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн чихний дээд хэсгийн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх, боломжтой. П.Дгийн биед учирсан зүүн тахилзуур ясны хугарал гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дээд хэсгийн хуйхны зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 140 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61-64 дүгээр хуудас/
Хохирогч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сарын 14-ний 00 цагийн үед Э ирээд бид дөрвүүлээ миний авсан 0,75 литрийн архи, пиво уугаад сууж байтал архи ууж байсан шилэн стаканаар Б миний баруун чихний урд хэсэг рүү цохисон, шилэн стакан бутраад унаад өгсөн. Миний толгой руу цохисоны дараагаар маш их хэмжээний цус гарсан. Шилэн стакан аяга бол архи аягалж байгаад газар тавьсан стакан байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/
Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би утсаараа фейсбүүк рүү ороод сууж байхад гэнэт л тасхийх чимээ гараад шил хагарахад Д “ чи яаж байна аа” гээд хажуудаа сууж байсан Б рүү хэлж байсан. Тухайн үед Дгийн баруун чихнийх нь дээд хэсгээс цус их хэмжээгээр гараад тогтохгүй байхаар нь юмаар шархыг нь дарсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Гэрч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Э нар нь Бг “чи цохичихож байгаа юм уу” гэхэд Б дугарахгүй суугаад байсан... намайг орж ирэхэд байсан хүмүүс нь Бг цохисон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 75-76 дугаар хуудас/
Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02/0126 дугаартай: “... Э.Дгийн биед тархи доргилт, баруун чамархайн шарх, баруун чамархай, шанаа хамарсан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Э.Дгийн биед учирсан тархи доргилт, баруун чамархайн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархай шанаа хамарсан зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 02-04 цагийн орчимд Дорноговь аймгийн ... сумын 00 тоот хохирогч К.Нын байрны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 670.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн ... сумын 00 багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадаа иргэн П.Дг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Дорноговь аймгийн ... сумын 00 тоотод хохирогч Э.Дгийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б нь хохирогч П.Дг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, хохирогч Э.Дгийн толгой тус газарт шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй ба шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй дээрхи нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх түүнийг Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 02-04 цагийн орчимд Дорноговь аймгийн ... 00 хохирогч К.Нын байрны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 670.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг өөр хүн үйлдэж 80 000 төгрөгний зарим хэсгийг 3 утасны хамт Б халаасанд хийсэн байж магадгүй, нөгөө талаар Ж.Б халааснаас 3 ширхэг гар утас, 20 000-30 000 төгрөг гарсан гэж түүний ээж О мэдүүлдэг, Б мөн энэ мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хэдий ч өөр нотлох баримт хэрэгт байхгүй, хохирогч нарын хэн нь ч Б царайг хараагүй, Бг 02-04 цагийн хооронд хаагуур явсан маршрутыг тогтоож өгөх хүсэлтийг хангаагүй учраас эдгээр нөхцөл байдлаар хэргийг бүрэн тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулгаар мэтгэлцсэн болно.
Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудаст 2019-02-15-ны өдөр Ж.Б өгсөн, “...Өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.... Би 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ....02 цагийн орчимд ... гэрлүүгээ явах замдаа С караокены хойд талд байх 5 давхар шар байрны 1 дүгээр давхрын онгорхой байсан цонхоор орж улаан өнгийн sку гэсэн бичиглэлтэй андройд гар утас 1 ширхэг, цагаан өнгийн айпон 5 маркийн гар утас 2 ширхэг, бэлнээр 80.000 төгрөг зэргийг хулгайлсан. Би шөнөдөө гэртээ очиж унтаад өглөө сэртэл манай ээж надаас халааснаас чинь гар утас гарч ирж байна, энэ хэний утас юм гэж асуухаар нь би хулгай хийсэн талаараа бол хэлээгүй мэдэхгүй байна гэж хэлсэн.... Би гар утас бэлэн мөнгө хулгайлсанаа санаж байна. Өөр эд зүйл хулгайлсан эсэх талаараа мэдэхгүй байна. Тухайн үед би архи уучихсан нилээд их хэмжээний согтолттой байсан.... Тухайн үед цонх нээлттэй байсан санаж байна, би тухайн цонх руу авирч гарч нэвтрэн орсон ...би хулгайн гэмт хэргийг ямар нэгэн хүнтэй бүлэглэн үйлдээгүй, миний хулгай хийсэн талаар ямар нэгэн хүн мэдээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би унтаж байсан чинь өрөөн дотуур хүн яваад гар утасны цэнэглэгч ороогоод халаасандаа хийж байсан. Н эгчийн дэрэн доороос жижиг хар цүнх аваад үүрсэн байх нь миний нүдэнд харагдаад байсан ч би сэрж чадаагүй, тэгээд тэр хүнийг цонхоор гарах үед сүүдэр нь миний нүдэн дээр тусахаар нь сэрээд орноосоо өндийгөөд хөөе гэж хашгирсан чинь эргэж нэг харчихаад цаашаа буусан тэгэхээр нь би босоод том өрөөнөөс углааш өмсөөд гэрийнхнээ дуудаж сэрээгээд тэр залуугийн гарсан цонхоор нь араас нь гараад урагшаа гүйгээд байрны урдуур тойроод харахад нөгөө залуу байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, хохирогч К.Н, насанд хүрээгүй гэрч Н.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жыг хамаг юм алга болчихлоо ш дээ гэж хашгирахаар нь сэрсэн ба цонхоор гарсан хүний араас Ж гараад алга болчихлоо гэсээр орж ирсэн...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг, гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ““...2018 оны 05 сарын дундуур... Б өмдний халааснаас 3 ширхэг гар утас бэлнээр 20.000-30.000 төгрөг гарч ирсэн. Эс энэ юун гар утаснууд юм гэж асуухад би мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд... би гар утсыг нь авч үлдээд ахмад Бтой утсаар ярьж асуутал цагдаа дээр аваад ир гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сарын сүүлээр ...О гэдэг хүн өрөөнд орж ирээд Б чамд өгчихөөрэй гэсэн гээд цагаан өнгийн айпони 5 маркийн гар утас 2 ширхэг, улаан өнгийн С маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 80.000 төгрөгтэй авчирч өгсөн. Би тухайн үед ямар учиртай эд зүйлүүд болохыг мэдээгүй. Тэгээд би ээлжийн амралтаа авсан, амрахаасаа өмнө Бод 3 ширхэг гар утас 80.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг гарсанаас хойш гэмт хэрэг дээр би Гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ мэдээлэл цуглуулан ажиллаж байсан. Тэгтэл хэд хоногийн дараа О гэх хүн над руу утсаар ярьж манай хүү Б 3 ширхэг гар утас 30.000-40.000 төгрөгтэй гэрт ирсэн. Хулгайн эд зүйл байх гэж хэлсэн, би ямар ямар гар утас ирсэн талаар асуухад айпон 5 маркийн гар утас 2 ширхэг, sку маркийн гар утас 1 ширхэг байна гэж хэлж байсан. Уг гар утас нь иргэн Нын гэрээс алдагдсан гар утаснуудын өнгө загвар нь тохирч байсан болохоор нь би дээр нь 80.000 төгрөг бусад эд зүйлс байсан цагдаа дээр аваар ир гэж хэлтэл хэд хоногийн дараа намайг ээлжийн амралт эдлээд эзгүй байх хугацаанд О 3 ширхэг гар утас 80.000 төгрөгтэй ажил дээр аваад ирсэн байсан. Тухайн үед би эзгүй байсан болохоор ахмад Ныг авчих гэж хэлсэн, ахмад Н авсан байсан. Би хохирогч Над айпон 5 маркийн гар утас 2 ширхэг, sку маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 80.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдож байна. Тухайн шөнө харанхуй байсан болохоор хохирогч нарын хэн ч Ж.Б царайг хараагүй болохоор өөр хүн хулгайлж Б халаасанд хийсэн мэтээр өмгөөлөгч хардаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй дээрхи гэрч хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтыг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хураан авсан тухай мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Нөгөө талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б “...би согтохоороо хүн харахад зүгээр байгаа юм шиг харагддаг боловч болж байгаа үйл явдлыг юу ч мэдэхгүй, тасарсан байдаг...” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд 2019-03-07-ны өдөр өгсөн “...би тухайн үед согтуу байсан, согтуудаа өөрийн хийсэн үйлдлийг маргааш нь санадаггүй юм...” гэж мэдүүлдэг. Гэтэл 2018-05-05-наас 6-нд шилжих шөнө 02-04 цагийн үед баарнаас гараад хаагуур явсан тухай маршрутыг шалгуулах тухай хүсэлтийг тухайн үйлдэл болсноос хойш 1 жилийн дараа гаргаж байгаа нь тогтоогдох боломжгүй бөгөөд хаагуур явсанаа өөрөө ч мэдэхгүйгээс гадна орон нутагт томоохон баар ресторан, зочид буудал, зарим нэгэн албан газар камертай ба эдгээр нь бичлэгийг 14 хоногоос илүүтэйгээр хадгалдаггүй болно.
Хуульд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдаж хэргийн талаар харилцан зөрүүтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Б хулгайн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл заалт зөв байна гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б овогт Жы Бг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлгийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Бд ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлгийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт хуулинд заасан доод хэмжээ болох 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял , мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн, 2.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч К.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад цаашид энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...одоо надад нэхэмжлэх, санал хүсэлт байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, би ажилтай тул дахин ирэх боломжгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжлээгүй, хохирол нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Жы Бг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлгийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 2 /хоёр / жил 2 / хоёр/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА