| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/07090/И |
| Дугаар | 210/МА2025/02048 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/02048
БНХАУ-ын иргэн *******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07643 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч БНХАУ-ын иргэн *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 379,500 юань буюу 178,042,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******нь ангийн найз болох БНХАУ-ын иргэн *******д 2012 оноос хойш удаа дараа мөнгө зээлдүүлж тусалдаг байсан. Хамгийн сүүлд 2017 онд түүний зээлсэн мөнгийг тооцож үзэхэд нийт 253,000 юань болсон байсан. Уг мөнгөө түүнээс нэхээд өгөхгүй байхаар нь шүүх, цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ гэхэд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг нэг жилийн дотор хүүгийн хамт төлнө гэсэн утга бүхий гар бичмэл үйлдэж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байна.
Анх 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гомдол гарган мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн ба Улсын ерөнхий прокурорын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2662 тоот шийдвэрээр иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан, залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Иймд хариуцагчаас зээлсэн мөнгө болох 253,000 юань, түүний алданги 126,500 юань, нийт 379,500 юань буюу 178,042,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
БНХАУ-ын иргэн ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн талаар ЦЕГ-ын УМБГ-т гомдол гаргаж, 220200769 дугаартай мөрдөн байцаалтын хэрэг үүсгүүлэн шалгуулсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Тус ажиллагааны явцад мөрдөн байцаагчийн санаачилгаар хохирогч *******, сэжигтэн *******нарыг нүүрэлдүүлэн байцаахаар 3 удаа дуудуулсан боловч ******* ирээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдолд дурдсан зээлийн гэрээ гэх бичиг баримтыг хоёр тал харилцан тохиролцож үйлдсэн болох, мөнгө зээлүүлсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй болно.
******* болон *******нар нь найз нөхдийн дотно харилцаатай, нэг ангид хамт суралцаж байсан хүмүүс юм. *******нь санхүүгийн боломж, бололцоо тааруу учир *******ийн туслалцаа, дэмжлэгийг тогтмол хүртэж ирсэн. *******нь *******ийн Монгол Улсад түрээсэлсэн орон сууцанд хажуу өрөөнд гэр бүлийн хамт үнэ төлбөргүй 7 жилийн турш амьдарч байсан. *******ийн 100 хувийн эзэмшлийн “*******” ХХК-ийн нэр дээр худалдан авсан , өмчлөлийн 3 гектар газар дээр түрээс, төлбөр өгөлгүй ногоо тарьж, ургац аван ашиг олж байсан. *******гийн эхнэр 2016 онд БНХАУ-д суудлын машин авах болсонтой холбоотой төлбөрт 50,000 юань дутсаныг *******аас зээлж авсан боловч өнөөг хүртэл төлөөгүй.
Гэтэл *******нь Яармаг орчимд бусдын газрыг түрээслэн ногоо тариалж байхад ажилчин нь гэнэтийн ослоор нас барж, бизнес нь хүнд байдалд орж, ихээхэн хэмжээний өрөнд орсон ба бусдын дарамт шахалтаас үүдэн “...би *******аас авлагатай, тэр авлагаа авахаараа чамд өрөө өгнө...” гэх зэргээр худал ярьж, бусдыг түр аргалан амьдарч байгаа талаар ярьсан байна.
Монгол Улсад буюу зээлийн гэрээ гар бичмэлд дурдагдсан Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******тоот хаягт үйлдэгдсэн гэж үзвэл тухайн цаг хугацаанд *******нь Монгол Улсад байгаагүй учир хуурамч болох нь тодорхой юм. Үүнээс *******-г хуурамч бичиг баримт бүрдүүлж, хүнийг санаатайгаар гүтгэсэн гэж үзэж болохоор байнагэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч БНХАУ-ын иргэн *******аас 118,694,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,347,475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,048,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 751,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* анх 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талуудын байгуулсан бичмэл зээлийн гэрээг Монгол Улсад үйлдэгдсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан ба *******Монгол Улсад байгаагүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл *******2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор БНХАУ руу хилээр гараад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад буцаж орж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын хилийн лавлагаа, харьяатын газрын тодорхойлолт, түүний гадаад паспортод дарагдсан штамп тамгаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт тал бүрийн нотлох баримтаар хөдлөшгүй тогтоогдсоор байхад түүнийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад биеэрээ байж нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичмэл гэрээнд гарын хээ, дардас дарж баталсан мэтээр бодит үнэнд үл нийцсэн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
4.2.Хариуцагч *******нь дээрх бичмэл гэрээг шүүхэд анх удаа харсан бөгөөд ийм гэрээ хийгээгүй, миний хурууны хээ дардас биш гэдгийг анхнаасаа шүүхэд туйлбартайгаар баримт тайлбараа гаргаж өгсөөр ирсэн. Уг дардсыг *******ийн хурууны хээ мөн эсэхийг шинжлүүлэхээр шинжээч томилогдсон боловч нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч уг бичвэрийн эх хувийг шинжилгээнд санаатайгаар гаргаж өгөлгүй хэргийг будилуулж шинжээчийн дүгнэлт гаргуулах нөхцөлийг үгүй хийсэн. Уг дардаст дүгнэлт гаргуулаагүй атлаа шинжээчид эх хувь байхгүй гэсэн боловч хэргийг хэлэлцэх өдрийн өглөө гаргаж өгсөн.
4.3.Шүүхээс дүгнэлт хийхдээ “...банкны картын мөнгөн шилжүүлгээр баримтаар тогтоогдож байна” гэснийг хариуцагч эс зөвшөөрч байна. Учир нь хэргийг хэлэлцэх хуралдааныг тэмдэглэлд шүүхээс талуудын мөнгөө шилжүүлсэн буюу *******хүлээн авсан гэж үзсэн баримтад бичигдсэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний огноотой мөнгө хүлээн авсан гэх ******* тоот дансыг *******ийн эзэмшлийн данс мөн эсэхийг тодруулж, энэ дансны эзэмшигчийн тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгөх талаар тодруулж асуусан боловч тухайн хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарыг гаргасан нь хэргийн эцсийн шийдвэрт маш ноцтой нөлөөлсөн. Хариуцагч *******нь хурлын дараа энэ асуудлыг мэдсэн учраас БНХАУ-аас мөнгө хүлээн авсан гэж ******* тоот данс нь *******ийн эзэмшлийн биш гэх тодорхойлолтыг бичгээр гаргуулж ирүүлснийг гомдолд албан ёсны орчуулгын хамт эх хувиар хавсаргаж өгч байна. Нэгэнт шүүх гол нотолгооны үлдэгдэл болгож шийдвэрлэсэн мөнгөн шилжүүлгийн баримт нь *******д хамааралгүй бөгөөд мөнгө хүлээн авсан данс нь *******ийн данс биш нь баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, 118,694,950 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.2022 оноос эхлэн энэхүү асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тухайн үед иргэд хоорондын байгуулсан гэрээний маргаан гэж үзэн, эрүүгийн хэргийг хааж, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
5.2.Хариуцагч тал хэргийн баримтуудаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй атлаа давж заалдах шатны шүүхэд шинэ баримт гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж тодорхой заасан.
5.3.Талууд ангийн найзууд бөгөөд хариуцагч тухайн үйл баримтыг бодит байдлын эсрэгээр тайлбарлаж ирсэн. Мөн хэрэгт огт нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин манай талаас шаардлагатай бүхий л нотлох баримтыг бүрдүүлж, шаардлагын дагуу анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Маргаан бүхий дансны хуулгыг бид өөрсдийн бололцоонд тулгуурлан бүрэн гаргаж өгсөн. Хятад Улсад банкны мэдээлэл 3 жил тутамд шинэчлэгдэн устдаг учраас уг хуулгыг авах маш хүндрэлтэй байсан ч бид эцэст нь бүрдүүлж чадсан. Хэрэв бид уг дансны хуулга болон гар бичмэл баримтуудыг гаргаж өгөөгүй байсан бол хариуцагч тал худал мэдээлэл тарааж, бусдыг гүтгэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилготой мэтээр үйл баримтыг мушгин гуйвуулах байсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 379,500 юань буюу 178,042,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн огноотой “Зээлийн баримт” гэсэн нэртэй бичгийн баримт авагдсан байх ба уг баримтад “2017 оны 07-р сараас эхлэн *******-ээс бэлнээр 253,000 юань зээлсэн. 1 жилийн дотор буцааж төлөх бөгөөд хүү нь сарын 2% байхаар тохиролцож энэхүү баримтыг үйлдсэн. Хэрэв цаг тухайд нь төлж барагдуулаагүй бол өөрийн байгаа хөрөнгөө барьцаалж төлнө. Зээл авсан хүний мэдээлэл: иргэний үнэмлэхийн дугаар: ******* гадаад паспортын дугаар: ******* зээлдэгчийн утас /хятад/: *******, монгол: *******зээлдэгчийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо *******зээлдүүлэгч: *******” гэж тусгагдаж, зээлдэгч гарын үсэг зурж, хурууны хээгээр баталгаажуулжээ. (хх-8, 118)
3.1.Хариуцагч нь уг баримтын эх хувийг нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсний улмаас баримт дахь гарын үсэг, хурууны хээг хариуцагчийнх мөн эсэхийг шинжлүүлэх боломжийг алдагдуулсан гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шинэ нотлох баримт бүрдүүлэх талаар шүүх хуралдаанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч талаас баримтын эх хувийг гаргасантай холбоотойгоор хариуцагч талд шинжээч томилуулах хүсэлт байгаа эсэхийг шүүхээс тодруулахад хүсэлт байхгүй болохоо илэрхийлсэн байна. (хх-123) Иймээс хариуцагчийг дээрх бичгийн баримтыг үгүйсгээгүй гэж үзнэ.
3.2.Мөн уг баримтыг үйлдэх үед хариуцагч Монгол Улсад байгаагүй гэж маргасан нь баримтад гарын үсэг зурж, хурууны хээ дарсныг үгүйсгэх үндэслэл болохгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлжээ. Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар бичгийн хэлцэл хүчин төгөлдөр болдог тул тухайн баримтад бичигдсэн огнооны талаар маргасан нь хүсэл зоригийн илэрхийллийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Шүүх талуудыг хүсэл зоригоо илэрхийлж, бичгийн баримт үйлдэж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасанд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.3.Түүнчлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх баримтын агуулгаас үзэхэд, нэхэмжлэгч нь хариуцагчид 253,000 юань зээлдүүлсэн, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг нэг жилийн хугацаанд нэхэмжлэгчид буцаан төлөхөөр талууд тохиролцсон байна.
4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлсон, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
“Зээлийн баримт”-д дурдсанаар нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй. Хариуцагч нь зээл 253,000 юанийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хоорондох маргаантай асуудлаар цагдаагийн байгууллагад 2019 онд хандаж шалгуулсан байх ба уг ажиллагаа Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2662 дугаартай хариу мэдэгдэх хуудас олгогдсоноор дуусгавар болжээ. (хх-121)
5.Харин “Банкны картны мөнгөн шилжүүлгийн баримт”-д 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс 253,000 юанийг хариуцагчид банкны картаар шилжүүлсэн талаар тусгагдсан ба уг баримтад хүлээн авагчийн нэр *******, хүлээн авагчийн картын дугаар ******* гэснийг хариуцагч өөрийнх нь картын дугаар биш гэж маргажээ. (хх-77-78)
Уг баримтыг “Зээлийн баримт”-тай харьцуулж үзвэл, цаг хугацаа болон төлбөр тооцооны хэлбэрийн хувьд зөрүүтэй тул нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралтай баримт гэж үнэлэх боломжгүй. Харин нэхэмжлэгчийн гаргасан “*******д 2012 оноос хойш удаа дараа мөнгө зээлдүүлж тусалдаг байсан” гэсэн тайлбарт хамааралтай гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “******* тоот данс нь *******ийн эзэмшлийн биш гэх тодорхойлолтыг бичгээр гаргуулж ирүүлснийг гомдолд албан ёсны орчуулгын хамт эх хувиар хавсаргаж өгч байна” гэж дурдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан тул давж заалдах шатны шүүхээс тухайн баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй.
6.Иймээс нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн баримтыг үндэслэн хариуцагчаас 253,000 юанийг гаргуулахаар шаардах эрхтэй ба анхан шатны шүүх уг үнийн дүнг Монголбанкны ханш 469.15 төгрөгөөр тооцон 118,694,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7.Мөн талууд алдангийн талаар тохиролцоогүй учир нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тус зохицуулалтыг тусгаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07643 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 751,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА