Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/02047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2025           11          28                                                     210/МА2025/02047

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07873 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Хууль бусаар барьсан өргөтгөлийг буулгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* байрны ******* тоот орон сууцыг 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдаж авсан. Гэтэл тус байрны 8 тоот буюу манай хажуу хөрш айл болох ******* нь барилгын хийцийг дур мэдэн өөрчилж, хоёр айлын дундах нийтийн эзэмшлийн коридорт 2х2 м хэмжээтэй өргөтгөл хийж, өөрийн эзэмшилд аваад байна.

Манай хаалга 180 градус буюу чөлөөтэй онгойж дэлгэгдэн том тавилга, хөргөгч, угаалгын машин ордог байсан бол орц гарцыг таглаж өргөтгөл хийгдсэнээс хойш 90 градус хүртэл онгойж томхон тавилга эд зүйл орохоо больсон, мөн гэртээ орох гэж заавал хажуу айлыг орсны дараа орж байгаа зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Түүнчлэн манайх гэртээ орохоор хаалгаа онгойлгохдоо уг айлын хаалгыг цохидог, хажуу айл ч манайхыг цохьдог, тохиолдлоор хоёр хаалга зэрэг онгойход хоорондоо мөргөлдөж хаалгууд гацдаг болж дандаа хэрүүл маргаан үүсдэг. Бага насны хүүхэдтэй учир гар хөл хавчигдах, гэмтэх маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Манайхаас наад өргөтгөлөө буулга, төвөгтэй байна гэхээр хүлээж авдаггүй.

Манай барилгыг барьсан "*******" ХХК-ийн менежертэй уулзаж барилгын план зургийг авах гэтэл 2005 онд баригдсан барилга учир манай дээр байхгүй гэсэн хариу өгсөн. Ингээд 2024 оны 09 дүгээр сард Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох хяналт шалгалтын газарт өргөдөл гаргасан боловч шийдэх боломжгүй, хууль шүүхийн байгууллагад хандахыг зөвлөсөн юм.

Иймд хууль бусаар барьсан өргөтгөлийг буулган, орц гарц гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Усны гудамжинд байрлах ******* байрны ******* тоот орон сууцыг худалдаж авсан, 20 хоногийн дараа засварын ажил эхэлсэн. Энэ хооронд орцны айлуудтайгаа танилцаж, дээш доош явж үзэхэд цөөнгүй айлууд хаалгаа нааш татаж хана барьсан байсныг олж харсан. Ийнхүү тэднээс санаа авч тухайн үеийн сууц өмчлөгчдийн холбоо буюу “*******” сууц өмчлөгчдийн холбоонд үүдний хаалгаа нааш татах талаар хүсэлтийг бичгээр өгсөн ба хариу өгөөгүй тул татгалзаагүй гэж ойлгосон.

Засвар хийх үеэр хөршүүдтэйгээ танилцан, хаалга нааш сунгах талаар санал солилцоход манай давхрын бүх айл амаар зөвшөөрөл өгсний дагуу 152х105 см хэмжээнд ханаа сунгасан. Манай засварын ажлыг болон хана өргөтгөж барихад хэн нь ч дургүйцлээ илэрхийлж байгаагүй. Мэдээж би нэхэмжлэгчийн байрыг түрээсийн байр гэдгийг мэдээгүй, өнгөрсөн зун л түрээсийн байр байсныг нь мэдсэн.

2024 оны 07 дугаар сараас эхлэн 7 тоотын эзэн гэх эмэгтэй гэнэт гарч ирж аашилж эхэлсэн. Таарах бүртээ хэл амаар доромжилж, бага насны хүүхдүүдтэйгээ явж байхад хүртэл ханаа нураа, эсвэл манай байрыг худалдаж ав, манайх үнэтэй хаалга хийлгэсэн, хаалга төлж өг гэх мэтчилэн элдвээр загнаж дарамтанд оруулж байсан. Зэргэлдээ 2 хаалга дандаа мөргөлдөөд байсан явдал байхгүй, манайх хэзээ ч айлын хаалгыг савж цохиж байгаагүй. Харин 7 тоотын ******* санаатайгаар байнга хаалгаа савж, тэрийгээ манайхыг савсан, хаалга савж цохьсон гэж хэрүүл маргаан хийдэг мэтээр худлаа гүтгэж бичсэн байна. ******* нь ямар нэгэн хууль зөрчөөгүй тул *******гийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар *******гийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Усны гудамж ******* байр ******* тоот орон сууцны өмчлөгч хариуцагч *******нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн бүтээц өөрчилсөнийг хэвийн байдалд оруулж, орц гарц гаргахыг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Хэрлэнзаяагаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаас үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаагүйгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, үзлэгээр хаалга сунгасан хэмжээг тогтоогоогүйгээс ямар хэмжээгээр буулгах нь тодорхойгүй болсон. Нөгөө талаас, нэхэмжлэгч гэртээ орж гарах орц гарц гаргахыг хариуцагчид даалгахыг хүссэн. Хариуцагч талаас *******гийн орон сууцны орцоор орох, rapax, гэртээ орох хаалгыг нь тагласан хаасан үйл баримт байгаа эсэхийг үзлэгээр тогтоох байсан юм. Энэ ажиллагааг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад өөрчлүүлээд хариуцагчид шинээр бий болсон нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх боломжийг олголгүйгээр шууд хэргийг шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болно.

Нэгэнт шүүхээс үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй тул бидний зүгээс Барилга хөгжлийн төвийг шинжээчээр томилуулж маргаан бүхий сууцны хаалгууд хоорондын зайн хэмжилтийг явуулах, шаардлагатай тооцооллыг хийж Монгол Улсын барилгын норм ба дүрэм болон бусад стандартууд зөрчигдсөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч мөн л шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргаж зохигчдын мэтгэлцээний тэгш эрхийг хангасангүй. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн гэж үзнэ.

4.2.Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын барилгын норм ба дүрэм буюу орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт хэмээх баримт бичгийн 5.17 дахь заалтад "Орон сууцны барилга болон түүний доторх сууцны өрөө бүрийн хаалга онгойх хамгийн доод хэмжээг 5.3 дугаар хүснэгтэд заасны дагуу тогтооно" гэжээ. "Орон сууцны барилга болон түүний доторх сууцны өрөө бүрийн хаалга онгойх хамгийн доод хэмжээг тогтоож өгсөн. Үүнд сууцны хаалганы онгойх өргөн 1.0, онгойх өндөр 20 м байхаар заасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн тохиолдолд энэ стандартыг зөрчсөн эсэхийг тогтоох байсан боловч энэ ажиллагааг хийгээгүй болно.

4.3.Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Гэвч уг заалт нь шаардах эрхийг тодорхойлоогүй бөгөөд харин дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй байх хэсгийг тогтоосон агуулгыг зохицуулжээ.

4.4.Энэ бүх үйл явдал одоогоос таван жилийн өмнө болж өнгөрсөн байх бөгөөд энэ бүх хугацаанд нэхэмжлэгч *******гаас ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. ******* байраа бусдад түрээслэсэн гэх боловч үүнийг нотлох ямар нэгэн гэрээ, хэлцэл шүүхэд ирүүлээгүй. ******* байнга л орж гарч явдаг л байсан. Тийм учраас хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэрэг шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

            5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

            5.1.Нэхэмжлэгч миний бие хууль бусаар барьсан өргөтгөлийг буулгаж, орц гарц гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад тухайн газарт үзлэг хийлгэх, хаалгыг тагласан, хаасан баримтуудыг тодорхойлж тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь хүн хаалга онгойлгохдоо цаана нь хүн байгаа эсэхийг хардаггүй. Тухайн хаалгыг онгойлгоход хажуу айлын хаалгатай мөргөлддөг. Энэ нь надад тайван бус байдлыг мэдрүүлдэг. Хариуцагч өөрийн хаалгыг сунгаж өргөтгөл хийсэн байхад ямар шалтгааны улмаас миний хаалгыг хэмжиж, хэмжилт хийнэ гэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

            5.2.Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно гэж заасан. Үүний дагуу хууль бусаар барьсан өргөтгөлийг буулгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн орцонд хариуцагч өргөтгөл хийж бидний тайван амьдралд саад учруулсан бөгөөд би 1 жилийн хугацаанд сэтгэлийн дарамттай амьдарч байна. Хаалга онгойх тоолонд хажуу айлын хаалгыг цохидог.

            5.3.Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасны дагуу дундын өмчлөлийн хэсэгт өргөтгөл барьж дангаараа ашиглаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. ******* нь эрх бүхий байгууллагын зураг төсөлгүй, зохих зөвшөөрөлгүйгээр 152x105 см хэмжээтэй өргөтгөл барьсан үйлдлийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх гэсэн хуулийн заалтыг хариуцагч зөрчсөн.

            5.4.Хариуцагч тухайн үед “*******” сууц өмчлөгчдийн холбоонд бичгээр хүсэлт гаргасан гэж тайлбарладаг боловч тухайн үйл баримтыг нотлоогүй. ******* нь манай сууц өмчлөгчдийн холбоонд өргөтгөл хийх талаар хандаагүй болно гэх агуулгатай албан бичиг шүүхэд өгсөн.

            5.5.Хариуцагч нь миний гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь миний хувьд тухайн орон сууцыг 2019 оноос хойш 6 жилийн хугацаанд 1 айлд түрээслүүлсэн. Би нэг ч удаа тухайн айлд очиж байгаагүй. Учир нь манай орон сууцыг настай ээж, 3 настай хүүхдийн хамт ганц бие ээж түрээсэлдэг. 2024 оны 07 дугаар сард орон сууцаа хүлээж авсан бөгөөд тухайн үед хариуцагч хаалгаа сунгасан байсан. Намайг 2019 онд орон сууцаа түрээслүүлж байхад манай давхарт өргөтгөл хийсэн айл байгаагүй. Миний хувьд орон сууцаа түрээсэлж байгаад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өөрөө амьдарч эхэлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-75.2.4-т заасан нь хамааралгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль бусаар барьсан өргөтгөлийг буулгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “8 тоот орон сууцны өмчлөгч хөрш айл болох хариуцагч нь нийтийн эзэмшлийн коридорт 2х2 м хэмжээтэй өргөтгөл хийсний улмаас хаалга чөлөөтэй онгойхгүй, том овортой тавилга эд зүйл оруулах боломжгүй, мөн 2 айлын хаалга зэрэг онгойх үед мөргөлддөг, нөгөө хаалгаа цохидог, гэртээ орохдоо хөршийг орсны дараа ордог зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн” гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа “хаалгаа сунгах тухай хүсэлтийг бичгээр сууц өмчлөгчдийн холбоонд өгөхөд хариу өгөөгүй тул татгалзаагүй гэж ойлгосон, манай давхрын бүх айл амаар зөвшөөрөл өгсөн, үүний дагуу 1.52х1.05 м хэмжээнд ханаа өргөтгөж барьсан, хэн ч дургүйцлээ илэрхийлээгүй, хаалга савж цохих, мөргөлдөх асуудал гардаггүй” гэж тайлбарласан.

 

3.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Усны гудамжинд байршилтай ******* байрны ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч, 8 тоот орон сууцыг хариуцагч тус тус өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. (хх-7, 80)

 

4.Хэрэгт авагдсан 7, 8 тоот орон сууцуудын байршил, сууц хоорондын талбайн анхны болон одоогийн байдал, хариуцагчийн өргөтгөл барьсан байдлыг харьцуулж харуулсан фото зургуудыг хариуцагчийн гаргасан 1.52х1.05 м хэмжээнд хана өргөтгөж барьсан гэсэн тайлбартай харьцуулж үзэхэд, хариуцагч нь өөрийн орон сууцны гаднах сууц хоорондын талбайг хашиж, хана барьж, хаалга хийсэн болох нь тогтоогдсон байна. (хх-11)

 

5.Сууц хоорондын талбай нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд хамаарна.

Хариуцагч нь “хаалгаа сунгах талаар сууц өмчлөгчдийн холбоонд бичгээр хүсэлт өгөхөд хариу өгөөгүй тул татгалзаагүй гэж ойлгосон, манай давхрын бүх айл амаар зөвшөөрөл өгсөн” гэх татгалзал гаргасан боловч “******* нь холбогдох хүсэлтийг сууц өмчлөгчдийн холбоонд гаргаагүй” гэсэн “*******” сууц өмчлөгчдийн холбооны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар албан бичгээр татгалзал үгүйсгэгдсэн, мөн 2 дугаар давхрын сууц өмчлөгч нараас зөвшөөрөл авсан гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдаагүй байна. (хх-35)

Иймээс сууц хоорондын талбайг хашиж, хана барьж, дангаар эзэмшиж, ашиглаж байгаа хариуцагчийн үйлдэл нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т заасан тухайн талбайг зориулалтын дагуу ашиглах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

6.Нэхэмжлэгч нь “орон сууцны хаалга бүрэн дэлгэгдэж онгойх боломжгүй, 2 айлын хаалга зэрэг онгойх үед мөргөлдөх, нөгөө хаалгаа цохих, оршин суугчид нэгэн зэрэг ороход хүндрэлтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ тайлбарласан ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас өргөтгөл буулгахыг шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэлийн шаардлагад “орц гарц гаргахыг даалгуулах” гэж тусгасан нь тухайн өргөтгөлийг буулгасны үр дагаварт хамаарах буюу зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгагүй тул бие даасан шаардлагаар шийдвэрлэх үндэслэлгүй. Түүнчлэн анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлохдоо дундын өмчлөл үүсэх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй болсон тул дээр дурдсанаар залруулах нь зүйтэй.  

Өмчлөх эрх зөрчигдсөнийг сэргээлгэхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жилд хамаарах бөгөөд нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлээгүй.

 

7.Хариуцагч талаас гаргасан үзлэг хийлгэх, шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/20283 дугаар захирамж, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/34306 дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь хүсэлтэд дурдсан нөхцөл байдал нь хуульд заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай” үндэслэлд хамаарахгүй байна.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07873 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж ******* байрны ******* тоот орон сууцны гаднах сууц хоорондын талбайд хийсэн өргөтгөлийг буулгахыг хариуцагч *******д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

              ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

                                                                                                          Д.ЗОЛЗАЯА