Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 0230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.М

Шүүгдэгч О.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан

 

 Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У-д холбогдох эрүүгийн 1925003660214 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Ул

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.У нь 2019 оны 05 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 4-1-7 тоотод насанд хүрээгүй Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 21-нд би Б.Энхмөрөнгөөс хөдөө яваад өгөөч гэсэн. Б.Энхмөрөн Амарсанаа гэдэг найзыгаа авч явъя гэсэн. Тэгээд Амарсанаа гэдэг найзыгаа дагуулж ирээд хамт архи ууя гэж Б.Энхмөрөн хэлсэн. Бид 4-үүлээ 3 шил архи уусан. Амарсанаа хувцас авчирна гээд Энхмөрөнтэй хамт яваад ирсэн. Би тэр 2-ыг архи уугаад хэрэггүй гэж хэлсэн. Тэр 2-ыг архи уухаар нь би загнасан. Амарсанааг харь гээд гаргасан. Гэвч өвөлжөөнд ороод унтсан байсан. Би Б.Э-г 2-3 удаа алгадсан. Хохирол төлөөгүй байгаа. Энхмөрөн нь манай вокзалын хүүхэд. Хохирлыг төлнө. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2019 оны 05 сарын 21-ний өдөр 11 цагийн үед манай гэрийн хаалгыг О.У гээд ах тогшихоор нь онгойлгоход надаас гар утасны цэнэглэгч байна уу гэхээр нь би байхгүй гэтэл чиний мотоцикльтой чинь юманд явмаар байна гэхээр нь хаашаа гэтэл Ингэт юм уу Бугат гэсэн. Тэгэхээр нь би явмааргүй байна хичээлтэй завгүй, та нартай харьцмааргүй байна гэж хэлтэл за за чи ер нь мотоциклоо аваад ирээрэй гээд явсан. ...О.У Амгаланбаатарыг миний мотоцикпоор явуулаад нэг шил архи ундаатай авчраад Амгаланбаатар нь та хоёр өнөөдөр бид хоёртой архи уу уухгүй бол ална шүү гээд нэг рүнк архи хийж өгөхөөр нь би уухгүй гэтэл ална гэж байгаад уулгасан. Үлдсэн архиа Уламбадрах Амгаланбаатар хоёр уусан. Энэ архинаас нь Амарсанаа уугаагүй. Улмаар Амгаланбаатар Амарсанааг дагуулаад дэлгүүр явж О.У намайг дагуулаад 4-1-7 тоот руу орсон. Би цонхоор нь орсон юм. Араас Амгаланбаатар Амарсанааг дагуулчихсан нэг шил архитай орж ирсэн. Ингээд тэр хоёр надад шахаад улмаар бид 3 уусан ба сүүлдээ Амарсанааг суулгаж байгаад архи уулгасан. Амгаланбаатарын авч орж ирсэн архинаас надад шахаад байхаар нь би доошоо асгаж байгаад Амгаланбаатарт баригдаж улмаар Амгаланбаатар битгий новшийн зан гаргаад бай гээд надад рүнкээр дүүртэл хийж өгөөд уулгасан. Архи дуусах үед Амгаланбаатар миний виза картыг авч гараад миний мөнгөөр нэг шил архи, О.Уын мөнгөөр нэг шил нийт 2 шил авж орж ирээд уусан. Сүүлдээ Амарсанаа бид хоёр нэлээд согтсон ба шөнийн 00 цагийн үед О.У намайг архи уугаад согтохоор ямар ааш гаргадгийг хараарай гээд Амарсанаа бид хоёрыг өшиглөж унагаагаад 3 тоолохын дотор босч ирээрэй гээд байсан. 23 цаг өнгөрч байхад О.Уын найз Наранбаатар гэх залуу орж ирсэн. Улмаар босч иртэл гараа шилнийхээ ард ав гээд Уламбадрах Амарсанаа бид хоёыг элэг рүү цохисон. Ингээд шөнийн 00 цагаас хойш дэгэлсэн. 04 цаг хүртэл Амарсанаа бид хоёрыг О.У дэгэлж зодсон. Би элэг рүүгээ цохиулаад унаад босч чадахгүй байсан чинь О.У босохгүй бол толгой руу чинь архины шилээр цохино шүү гээд цохих гэж байхад нь Амгаланбаатар, Наранбаатар нар болиулсан чинь О.У ширээн дээр хагалаад миний хүзүүнд тулгаж би чамайг энүүгээр бүлчихэж чадна шүү гээд айлгаад байсан. ...Намайг О.У зодож гэмтэл учруулсан, би гомдолтой байна, эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 4-8 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 05 сарын 21-ний орой 20 цагийн үед гэртээ байж байхад ангийн найз Б.Энхмөрөн өөрийнхөө мотоцикпоо унаж ирээд хоёулаа ойрхон явчихаад ирэх үү гэсэн.Тэгээд би Б.Энхмөрөнгийн мотоцикпийн ард суугаад гражны ард ирээд зогсоход О.У, Амгаланбаатар нар ирээд та нар яасан том болчихсон юм бэ, хэзээ ийм байсан юм гэж хэлээд Амгаланбаатар нь Б.Энхмөрөн бид хоёрын хацар хэсэг рүү алгадсан.Тэндээ хүчээр нэг шил архи уулгасан. Би уухгүй гэж хэлээд бараг уугаагүй.Энхмөрөнд архи өгөхөд нь нууж асгаж байгаад баригдаж О.У зодсон. О.Уын гэрт ороод дахиад нэг шил архи уусан.Уламбадрах нь Б.Энхмөрөн бид хоёрыг хүчээр гэртээ оруулж хаалгаа дотроос нь цоожилж бид хоёрын гар утсыг хурааж аваад архи уу, согтохоор ах нь муухай ааш зангаа харуулна гэж хэлээд Б.Энхмөрөнг Уламбадрах зодож эхэлсэн. Дараа нь намайг зодсон. Шөнөжингөө бид хоёрыг номхон зогсоолгож байгаад зодсон, дарамталсан айлган сүрдүүлсэн, архины шил хагалж ална гэж сүрдүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,

 

-Гэрч А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 05 сарын 21-ны өдөр гэрээсээ гараад Уламбадрах ахтай уулзаад байж байтал Энхмөрөн Амарсанаа хоёр мотолциклтой явж байхаар нь би уулзаад Б.Энхмөрөн Амарсанаа хёрыг нэг нэг удаа алгадаад та хоёр яагаад архи уугаад байгаа юм гэтэл уучлаарай агаа гэж хэлчихээд мотоцикпоо тавьчихаад ирье гээд явсан. Гэтэл О.У ах намайг дэлгүүрээс архи аваад ир гээд би дэлгүүр ороод архи аваад иртэл Б.Энхмөрөн Амарсанаа хоёр ч ирж таарсан.Ингээд Б.Энхмөрөн, О.Уламдбадрах бид 3 архи ууж байтал манай тэнд байдаг Мөнх-Очир гэх ах ирээд та хоёр яагаад жоохон хүүхэдтэй архи уугаад дээрэлхээд байгаа юм бэ гээд Уламбадрах бид хоёрыг өшиглөсөн. Удалгүй Мөнх-Очир ах найзтайгаа уулзлаа гээд яваад өгсөн. Амарсанаа тухайн үед архи уугаагүй. Нэг мэдсэн чинь О.У, Б.Энхмөрөн, Амарсанаа хоёрыг алгадаж харагдсан. Тэр хоёрыг тус бүр 2-3 удаа цохисон.Би хаана нь цохисныг нь хараагүй. Гэтэл гаднаас манай найз Наранбаатар орж ирээд бид 2 О.У ахыг боль гээд болиулчихаад гэрлүүгээ явсан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,

 

-Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 05 сарын 21-ний орой гэртээ байж байгаад найз Уламбадрах руу залгатал гэртээ байна гэхээр нь шөнийн 02 цаг болох гэж байхад О.Уынд ортол тэднийд О.У, Амгаланбаатар, Амарсанаа, Б.Энхмөрөн нар архи ууж байсан. Тэгэхээр би Энхмөрөн, Амарсанаа хоёрыг та 2 яах гэж архи уусан юм бэ гэтэл юм дуугарахгүй байсан.Тухайн үед би Амгаланбаатар, Уламбадрах хоёрой юм ярьж сууж байгаад 00 орчихоод гараад ирсэн чинь О.У Б.Энхмөрөн, Амарсанаа хоёрыг загнаад зогсоож байгаад алгадаад байсан. Тэгэхээр нь би Амгаланбаатартай нийлж байгаад О.Уыг болиулсон. Ингээд би 03 өнгөрч байхад Амгаланбаатартай хамт гараад гэртээ харьсан гэсэн мэдүүлэг/хх 15 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

            1.Б.Э-н биед нүүр, цээжинд зөөлөн эдэд цус хуралт, дээд урууланд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

6. Гэмтэл нь 2019.05.22-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 19-20 ху/,

 

-2018 оны 05 сарын 31-ний өдрийн 414 дугаартай Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 37-39 ху/

-О.У-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 52-56 ху/, 

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч О.У нь 2019 оны 05 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 4-1-7 тоотод насанд хүрээгүй Б.Энхмөрөнг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Бид 4-үүлээ 3 шил архи уусан. Амарсанаа хувцас авчирна гээд Энхмөрөнтэй хамт яваад ирсэн. Би тэр 2-ыг архи уугаад хэрэггүй гэж хэлсэн. Тэр 2-ыг архи уухаар нь би загнасан. ...Би Энхмөрөнг 2-3 удаа алгадсан. Хохирол төлөөгүй байгаа Энхмөрөн нь манай вокзалын хүүхэд Хохирлыг төлнө. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Энхмөрөнгийн “...шөнийн 00 цагийн үед Уламбадрах намайг архи уугаад согтохоор ямар ааш гаргадагийг хараарай гээд Амарсанаа бид хоёрыг өшиглөж унагаагаад 3 тоолохын дотор босч ирээрэй гээд байсан. 23 цаг өнгөрч байхад Уламбадрахын найз Наранбаатар гэх залуу орж ирсэн. Улмаар босч иртэл гараа шилнийхээ ард ав гээд Уламбадрах Амарсанаа бид хоёыг элэг рүү цохисон. Ингээд шөнийн 00 цагаас хойш дэгэлсэн ба 04 цаг хүртэл Амарсанаа бид хоёрыг Уламбадрах дэгэлж зодсон. Би элэг рүүгээ цохиулаад унаад босч чадахгүй байсан чинь Уламбадрах босохгүй бол толгой руу чинь архины шилээр цохино шүү гээд цохих гэж байхад нь Амгаланбаатар, Наранбаатар нар болиулсан чинь Уламбадрах ширээн дээр хагалаад миний хүзүүнд тулгаж би чамайг энүүгээр бүлчихэж чадна шүү гээд айлгаад байсан” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Г.Амарсанаа, Наранбаатар, Т.Амгаланбаатар нарын өгсөн мэдүүлгүүд /хх 9-15-р ху/, хохирогчийн биед нүүр, цээжинд зөөлөн эдэд цус хуралт, дээд урууланд язарсан шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 374 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч  нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч О.Уын  2018 оны 02 сарын 28-ны Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Гялгар захын орчим иргэн Б.Уудамбаатарын Самсунг ЭС-7 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, улмаар гар утсаа авахаар очсон Б.Уудамбаатарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн   Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил суургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

            Гэвч шүүгдэгч О.У нь дээрхи үүргийг зөрчиж дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудын О.Уад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд оногдуулсан 1 жилийн хорихыг биечлэн эдлүүлж, энэ хэрэгтээ 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй.

 

            Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч төлөхийг зөвшөөрч байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.У-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дэх заалтын шүүгдэгч О.Уад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-н эдлэх 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уламбадрахын цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-с 500.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй Б.Э хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарт олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА