Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08725 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, ******* дүүрэг,*******дүгээр хороо, ******* хойд талд баригдсан ******* хотхон, 2 дугаар орц, 3 давхар,*******тоот хаягт байрлах 84.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,650,000 төгрөгөөр тооцож нийт 139,788,000 төгрөгөөр, мөн 2 ширхэг авто зогсоолыг нэг бүрийг 18,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 175,788,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл хариуцагч ХХК нь гэрээний үүргээ эс биелүүлж орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн. Намайг уг барилгыг улсын комисс хүлээж авсан гэх мэдээллийн дагуу очиж уулзахад 1 метр квадрат талбайн үнэ 2,500,000 төгрөг болж нэмэгдсэн тул зөрүүг төл гэж хууль бус шаардлага тавьсан. Ингээд миний бие анх гэрээ байгуулсан нөхцөлөөр орон сууц болон авто зогсоолыг шилжүүлэн авах хүсэлтийг гаргасан боловч тус компанийн зүгээс хүлээн аваагүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны метр квадратын үнийг нэмэгдүүлэх зохицуулалт тусгагдаагүй байтал хариуцагч нь гэрээний нөхцөлөө зөрчиж дур мэдэн хууль бус шаардлага гаргах болсон тул шүүхэд хандаж зөрчигдсөн эрх ашгаа хамгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд, намайг ******* дүүрэг,*******дүгээр хороо, ******* хойд талд баригдсан ******* хотхон,айлын орон сууцны 2 дугаар орц, 3 давхрын*******тоот хаягт байрлах 84.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь 2 шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, гэрээ цуцлагдсан. Иймээс гэрээ хэрэгжих боломжгүй учир Иргэний хуульд зааснаар буруутай тал хохирлыг хариуцна. Бичиг баримт гаргуулах шаардлагын хувьд ямар бичиг баримт шаардаж буй нь ойлгомжгүй, барилга бүхэлд нь хамаарах уу, эсхүл зөвхөн нэхэмжлэлд байгаа орон сууцанд хамаарах уу гэдгийг тодруулах ёстой. Бичиг баримт нь архивд шилжсэн, бид нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцаагүй. Гэрээгээр төлбөр төлнө гэж заасан ч төлбөрийн талаар ойлголцож тохиролцоогүй. 2023 оноос хойш юмны үнэ хэд дахин өссөн нь хариуцагчаас хамаараагүй. Энэ талаар тохиролцох гэтэл нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй учир Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ цуцалсан. Иймд гэрээний дагуу шаардлага гаргах боломжгүй. Манай компани захиалагч нь төлбөрийг төлөөгүй учир хариуцагчийн нөхцөлийг зөвшөөрсөн хүнд худалдсан. Хэрэв үүнийг буруу гэж байгаа бол албан ёсоор тогтоосон шүүхийн шийдвэр, хуулийн зохицуулалт хэрэгтэй. Анхны үнийг төлсөн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, барааны үнэ нэмэгдсэнээс болж байрны өртөг өссөн. Шинэ нотлох баримт шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д зааснаар гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийг ******* дүүрэг, 21 дүгээр хороо, ******* хойд талд байрлах ******* хотхоныайлын орон сууцны 2 дугаар орц, 3 давхрын*******тоот 84.72 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 927,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 927,090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудын мэтгэлцэх боломжийг бүрдүүлээгүй, хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хангалгүйгээр, шүүхэд мэдүүлэх эрх болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

1. Шүүх хариуцагчийг өөрийн төлөөлөгчийг удаа дараа өөрчилсөн гэсний тухайд:

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д тус тус зааснаар ******* нь хариуцагч *******" ХХК-иас эрх олгосны үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул хуульд зааснаар үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Мөн өмнөх төлөөлөгчийг хэргийн материалтай танилцсан үндэслэлээр хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангахаас татгалзсан гэсний тухайд:

Хариуцагчийн төлөөлөгч өөрчлөгдсөн болохыг хуульд заасны дагуу шүүхэд танилцуулсан байтал хэргийн оролцогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх шүүхийн үндсэн үүргийг хэрэгжүүлээгүй нь уг шийдвэр хууль бус, үндэслэлгүй болсон гэж үзэхэд хүргэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-д мэтгэлцэх зарчим, түүнийг хэрэгжүүлэх аргыг тус тус тодорхойлсон байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолын Тав-д ...шүүгч өөрөө татгалзан гарах, шүүгчээс татгалзах зохицуулалтын зорилго нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хадгалах. хангах, аливаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдлаас сэргийлэх явдал... гэж тайлбарласан байдаг.

Түүнээс гадна хариуцагч хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан гэсэн нь үндэслэлгүй, тодорхой хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

3. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүйд тооцож шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг баталгаатай эдлэхээр заасан ба дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, гээд ...14-д ... шударга шүүхээр шүүлгэх гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ гээд 25.1.4-т Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч. шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах гэж нарийвчлан заажээ.

Дээрх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх хүрээнд хэргийн оролцогчийн хувиар хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг бүрдүүлээгүй нь шүүгч Д.Ганболдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэл бий болсон тул мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтээ тухайн үед нь мэдэгдсэн тул шүүгч *******ын шийдвэрийн үндэслэл хууль бус, бодит байдалд нийцээгүй нь тогтоогдсон гэж үзэж байна.

4. Эцэст нь хэргийн үйл баримтын тухайд:

Шүүх нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх хариуцагчид үүсэхгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Шүүх хуралдаанд ******* төлөөлөгчөөс өмнө тухайн хуулийн этгээдийг төлөөлж өөр төлөөлөгч оролцож байсан. Тус төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материал танилцуулсан.

Нэхэмжлэгч талаас орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, орон сууцны гэрээг цуцлах мэдэгдэл гэх мэт цөөн тооны баримт гаргаж өгсөн. Энэ нотлох баримтууд бүгд хариуцагчид байгаа учраас хэргийн талаар мэдээлэлгүй орж ирсэн гэж үзэхгүй. Өмнөх төлөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцсан учраас хуулийн этгээдийг хэргийн материалтай танилцсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй. Хэргийн материалтай танилцуулаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

*******ийн хувьд төлбөрөө 100 хувь төлсөн. Гомдолд өөр маргаан байгаа гэх асуудал дурдсан байдаг. Энэ асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр ярьж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ асуудлыг ярьж байгаагүй. Гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй. Өөр маргаан байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Орон сууцны үнэ нэмэгдүүлэх талаар гэрээнд зохицуулсан зүйл байхгүй, анхнаасаа үнэ тохирч гэрээ байгуулсан, явцын дунд орон сууцны үнэ нэмсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Талууд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч ******* ХХК нь ******* дүүрэг,*******дүгээр хороо, ******* хойд талд баригдах ******* хотхон,айлын орон сууцны 2 дугаар орц, 3 давхар,*******тоот хаягт байрлах 84.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 139,788,000 төгрөгөөр, 2 ширхэг дулаан автозогсоолыг нэг бүрийн үнийг 18,000,000 төгрөгөөр тооцож нийт 175,788,000 төгрөгөөр нэхэмжлэгч *******өд худалдахаар тохирсон. /х.х-ийн 6-7/

 

3.2. Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны үнэ 139,788,000 төгрөг, 2 ширхэг дулаан автозогсоолын үнэ 36,000,000 төгрөг, нийт 175,788,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна. /х.х-ийн 10/

 

Зохигч нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д тохиролцсон орон сууц болон 2 ширхэг дулаан автозогсоолын үнийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй хэдий ч талуудын байгуулсан гэрээний үнэ хожим өөрчлөгдсөн, үүнтэй холбоотой гэрээ цуцлагдсан эсэх талаар маргажээ.

 

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байна.

 

4.1 Нийтийн зориулалт бүхий орон сууц барих харилцаанд гүйцэтгэгч /хариуцагч компани/ эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартыг хангах замаар орон сууцыг барих бөгөөд үүнд захиалагч /нэхэмжлэгч/ гэрээний зүйлийн зураг төсөл, загвар, бүтэц, материал, түүний чанар, хийц гэх зэргийг өөрийн үзэмжээр сонгох, бүтээлгэх, өөрчлөх, ажлын явцад тухай бүр хяналт тавих боломж хязгаарлагдмал байдаг.

 

Энэ утгаараа нийтийн зориулалт бүхий орон сууцыг барих болон хувийн сууц, түүнтэй төстэй хөрөнгийг барьж байгуулахад эдгээр нь нэгэн адил биш байдаг тул орон сууцнаас сууц сонгон авах харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй.

 

Улсын Дээд шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/00074 тоот тогтоолоор хэрэг маргааны шийдвэрлэхдээ нийтийн зориулалт бүхий орон сууцыг барих харилцаанд ажил гүйцэтгэх бус, харин худалдах, худалдан гэрээний харилцаа илүү нийцэх талаар тодорхой дүгнэлт өгчээ.

 

4.2 Нөгөө талаар нэхэмжлэгч ******* нь захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээж хяналт тавьж байсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ажилтан биш учир захиалагч буюу ажил олгогчийн ажилтны хувиар зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Гүйцэтгэгч нь гэрээ байгуулагдсан өдрөөс тооцож орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол Улсын Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн 2023 оны 3 дугаар улиралд Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна гэж тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээнд заасан зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүй худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнийг төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д гэрээгээр тохиролцсон үнийг бүрэн төлсөн байх тул түүнийг дээр дурдсан хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

6. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцны үнэ өөрчлөгдсөнийг нэхэмжлэгч нь төлөөгүй учир тус гэрээг цуцалсан гэсэн.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд ч мөн адил талууд тэгш эрх эдэлнэ.

 

Тодруулбал, гэрээний талуудын аль нэг нь гэрээг цуцлах тухай нөгөө талын санал, шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд түүнд зөвхөн гэрээг цуцалсан мэдэгдэл өгснөөр гэрээг цуцлагдсанд тооцохгүй ба харин энэ талаар тэдгээрийн хооронд маргаан гарсан тохиолдолд шүүх шийдвэрлэнэ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч *******өд орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1 м.кв талбайн үнэ 2,500,000 төгрөг болсныг төлөөгүй гэсэн үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцалж байгаа талаар мэдэгджээ. /х.х-ийн 36/

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж, 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал зохигч нараас үл хамаарах шалтгаанаар өөрчлөгдсөн бөгөөд энэ нь талуудад сөрөг үр дагавар үүсгэхээр бол огт өөр нөхцөл байдалд байгуулагдсан тэрхүү гэрээг хүнд хэцүү нөхцөл байдлын үед дагаж мөрдөх /заавал гэрээний үүрэгт үнэнч шударга байх/-ийг шаардахгүйгээр гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлж болно.

 

Гэтэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******өд чухам ямар учир шалтгааны улмаас худалдахаар тохирсон орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1 м.кв талбайн үнэ болох 1,650,000 төгрөгийг хожим 2,500,000 төгрөг болгон өөрчлөх шаардлагатай байгаа талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар, тооцоолол гаргаж танилцуулаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дуусах болон бүх нийтийн хөл хорио цуцалснаас хойш цаг хугацаанд тухайн барилгыг барьж гүйцэтгэсэн байх тул мэдэх боломжгүй гэнэт өөрчлөгдсөн нөхцөл байдал гэж үзэхгүй.

 

Нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэг нь гэрээ байгуулсны дараа тухайн нөхцөл байдал үүссэн, эсхүл зохигч энэ талаар хожим мэдсэн, мөн гэрээний талууд урьдчилан таамаглах боломжгүй байсан, уг нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжгүй тийм хүнд хэцүү байдал /hard ship/-ыг ойлгоно.

 

Иймээс, хариуцагчийн ...хариуцагч нь орон сууцны үнэ өөрчлөгдсөнийг нэхэмжлэгч нь төлөөгүй учир тус гэрээг цуцалсан... гэсэн татгалзал үндэслэлгүй.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй, шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн аваагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр д итгэмжлэл олгож, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түүнд олгосон итгэмжлэлээсээ татгалзаж д итгэмжлэл олгосон ба анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/40847 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг хүлээн авч тухайн өдөр товлосон шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулжээ. /х.х-ийн 17, 34, 42-43/

 

Үүний дараа хариуцагч нь д олгосон итгэмжлэлээс татгалзаж, *******од итгэмжлэл олгосон бөгөөд тэрээр хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/43163 дугаар захирамжаар ...өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон шалтгааны талаар тайлбарлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргасан байх учиртай, шүүх хариуцагч, түүний төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан... гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 46, 54-55/

 

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нарт хэргийн материалтай танилцах хугацаа олгосон, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан, хариуцагч нь хэд, хэдэн удаа итгэмжлэгдсэн төлөөлөгч сольсон, дахин солих байдлаар шүүх хуралдааныг хойшлуулах нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэнийг буруутгахгүй.

 

8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, шүүгчийг зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн төлөө татгалзах нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт доорх өөрчлөлтийг оруулна.

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үүнтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 927,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.МАНДАЛБАЯР