Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/00647

 

 

 

 

 

 

 

 

 

        2016 оны 08 сарын 18 өдөр

         Дугаар 184/ШШ2016/00647

            Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23а-3-0 тоотод оршин суух, Боржигон овогт Дашшаравын Ганбаатарын /РД:УЕ66050610/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Номтын Ам” ХХК /Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “Интер” ХХК-ийн байр, 2 давхар, 203 тоот хаягт байрлах/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, хариуцагчийн  өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.                                                                                                            

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ганбаатар миний бие 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Номтын ам” ХХК-тай НА-169 дугаар “Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээг байгуулсан. Захиалагч миний хувьд гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж төлбөрөө 100 хувь төлсөн. Гэвч орон сууц ашиглалтад орсон байгаа ч орон сууцыг шилжүүлэн аваагүй байна. “Номтын ам” ХХК нь НӨАТ-ийн 10 хувь төл гэсний дагуу нэмж төлсөн. Орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахыг хүссэн боловч тодорхойгүй шалтгаанаар орон сууцны өмчлөх эрхйг шилжүүлэхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд 2013 оны 7-р сарын 26-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих бариулах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 айлын орон сууцны А блокийн 15-р давхарын 169 тоот 68,3м.кв талбайтай байрны өмчлөх эрхийг Д.Ганбаатар надад шилжүүлэхийг “Номтын ам” ХХК-д даалгаж өгнө үү.

“Номтын ам” ХХК нь “Аудитын дүгнэлт гартал энэ тоот байрандаа байж байхыг хүлээн зөвшөөрч байна. Борлуулалтын менежер Сарнай. 75,070,000 төлсөн байна” гэсэн бичгийг хийж өгсөн.

Иймд хариуцагч гэрээний заасан үүргээ биелүүлэхгүй байх тул Д.Ганбаатарыг Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 айлын орон сууцны А блокийн 15-р давхарын 169 тоот 68,3м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяажаргал, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 16 давхар 240 айлын орон сууцны А блокийн 169 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан байна. Компанийн захирал Б.Тамиртай ярилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Уг нэхэмжлэл гаргасан сууц нь Ж.Морьтартай давхцалтай гэрээ байгуулагдсан учир хэн нь хохирогч хэн нь нэхэмжлэгч болох нь цагдаагийн байгууллагаар шалгаж тогтоосны дараа шүүх шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэлийн шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд иргэний хэргийг түдгэлзүүлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Номтын ам ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргаж шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн ба дээрх хүсэлтүүдээсээ татгалзаж байна. Учир нь Номтын ам ХХК-ийн бүх бичиг баримтуудыг шүүхийн шинжилгээний төвд эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар төвлөрүүлсэн тул ямар нэгэн нотлох баримт ирүүлэх боломжгүй гэдгээ “Номтын ам” ХХК-ийн захирал Г.Тамир мэдэгдсэн. Мөн Номтын ам ХХК-иас болон эрүүгийн хэргээс гаргуулах баримтууд Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт онцын ач холбогдолгүй тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр шүүх хуралдааныг хэрэгт авагдсан баримтыг хүрээнд шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байна.

Д.Ганбаатар үндсэн захиалагч төлбөрөө бүрэн төлсөн байрандаа амьдарч байгаа. Морьтартай давхцалтай гэж яригдаж байгаа боловч сүүлд хийгдсэн гэрээ юм. Д.Ганбаатар төлбөрөө 100 хувь төлсөн үндсэн захиалагч өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйл байхгүй гэв. Бид үйлчлүүлэгчтэйгээ энэ талаар ярьж зөвшилцсөн байгаа. ИХШХШТХ 34-р зүйлд өмгөөлөгчийн эрх үүрэгт 34.1-д төлөөлөх эрх нь үйлчлүүлэгчийн эрхээр тодорхойлогдоно гэсэн байгаа. Өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч “Номтын Ам” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Ганбаатарыг Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 айлын орон сууцны А блокийн 15-р давхарын 169 тоот 68,3м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь “Номтын ам” ХХК-тай, 2013 оны 7 дугаар сарын 26-ний өдөр НА-169 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-г байгуулсан байна.

Дээрх гэрээ нь хэдийгээр “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ“ нэртэй боловч гэрээний агуулга болон гол нөхцлийн хувьд худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжүүдийг агуулжээ.

Хариуцагч Номтын ам ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 айлын орон сууцны А блокийн 15-р давхарын 169 тоот 68,3м.кв талбай бүхий орон сууцыг барьж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д орон сууцыг 2014 оны 4-р улиралд багтаан батлагдсан зураг төсөв, барилгын норм дүрмийн дагуу ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, 1.4, 2.2-т орон сууцны нэгж талбайн үнэ 1,000,000 төгрөг, нийт үнэ 68,300,000 төгрөг байх, төлбөрийг гэрээ хийж үзэглэсний дараа урьдчилгаа 20%-ийг, барилга угсралтын ажлын 60-70 хувийн гүйцэтгэлтэй болоход 70 хувийг, түлхүүр гардуулахад 10 хувийг худалдагчид  шилжүүлэхээр, 3.8-д улсын комисс хүлээн авсан орон сууцыг төлбөрөө 100 хувь бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд орон сууцыг ҮХЭХБГ-т бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг олгох, 3.5-д захиалагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг барьцаанд байлгаж, 1 сарын хугацаанд байрны төлбөрөө төлөхийг захиалагчаас шаардана, энэ хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд уг орон сууцыг өөр захиалагчид санал болгон борлуулж, 2.1-д хийгдсэн төлбөрөөс 0.1 хувийг торгууль болгон суутган авч үлдсэнийг нь буцаан олгоно гэж тус тус зааж гэрээний гол нөхцлийг тохирсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн  авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд худалдан авагч буюу Д.Ганбаатар нь орон сууцны үнэд 1 м.кв-ийг 1,000,000 төгрөгөөр тооцон нийт 68,300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан гэрээгээр  хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтаар орон сууцны үнэд “Номтын ам” ХХК-д НӨАТ-ын 10%-ийн төлбөрийн хамт нийт 75,070,000 төгрөгийг 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн төлбөр төлсөн байх ба энэ талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч буюу худалдагч “Номтын ам” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Ганбаатар нь 2013 оны орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн шаардлагын тухайд хариуцагч тал маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хариуцагч уг орон сууцыг өөр этгээд болох Ж.Морьтартай давхар гэрээ байгуулсан тул өмчлөлийн талаарх маргааныг эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар “Номтын ам” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Баяржаргал гэгч нь бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 240 айлын орон сууцны барилга угсралтын ажилыг 2013 оны 5 дугаар сараас эхлэн явуулах хугацаандаа захиалагч нартай давхардуулан гэрээ хийж өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн 201626011273 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоолоор тогтоогдож байна. Гэвч зохигчид шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Д.Ганбаатар нь уг хэрэгт хохирогчоор өргөдөл гаргаж мөрдөн байцаагчийн тогтоолоор хохирогчоор тогтоогдоогүй, давхцалтай гэх Ж.Морьтар нь нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны тухайд шаардлага гаргаагүйн дээр нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй байгаа тул эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзэн шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ зохигч татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А блок, 15 давхарын 169 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Ганбаатарыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                      

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А блок, 15 давхарын 169 тоот орон сууцны өмчлөгчөөр Дашшаравын Ганбаатарыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 429,250 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 499,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН