| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0236/Э |
| Дугаар | 0240 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 0240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Э.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө-д холбогдох эрүүгийн 1925004180285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Ө
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Ө нь 2019 оны 06 сарын 03-ны өдөр Х.А-н таксигаар үйлчлүүлж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” дэлгүүрийн хойд талын зам дээр буухдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч ЛЖ-класс маркийн утсыг залилж 160.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 06 сарын 03-ны өдөр таксины жолоочоос утсыг нь гуйж аваад ярьсан. Машинаас нь буугаад дэлгүүр орсон. Тэгээд худалдааны гудамж орчихоод маргааш утсыг нь ээждээ өгсөн. Тухайн үед архи уусан байсан, сайн санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй. Гар утсыг нь буцааж өгсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 06 сарын 03-ны орой 19 цагийн үед таксинд явж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-16 дугаар байрны хажуу талын зогсоол дээрээс 30 гаран насны эрэгтэй хүнийг суулгаад 5 дугаар хорооллын урд байрлах Мэнд-Амар гэх дэлгүүр дээр хүргэж өгтөл, эргээд буцаад Төгөл дэлгүүр дээр бууна гэж хэлсэн. Тэгээд цааш яваад Төгөл дэлгүүрийн үүдний хэсэг дээр очоод зогстол ахын дүү гар утсаа өгч байгаач гэж хэлсэн тэр үед нь би гар утсаа өгөөд харж байтал машинаас буугаар гар утсаар ярьж байгаа дүр үзүүлээд зугтаагаад гүйгээд алга болчихсон араас нь гүйгээд олоогүй гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний бие Уурхайчин багт байрлах худалдааны төвийн гудамжинд коммисын бараа зардаг юм. 2019 оны 06 сарын 03-ны 19 цагийн үед наймаагаа хийгээд хаах гээд байж байтал манай хүү Өлзийсайхан над дээр согтуу ирээд ээж би таксины жолоочийн гар утсыг авчихлаа таксины жолооч ирж авч магадгүй шүү гээд наад талын шил нь хагарчихсан гар утас надад өгсөн. Өнгө болон маркийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд би хүүгийнхээ өгсөн гар утсыг аваад гэртээ харьсан. Маргааш өглөө над руу цагдаагаас Мөнх-Эрдэнэ гэж байцаагч яриад “Өлзийсайхан гэж хүүхэдтэй юу хүний гар утсыг залилаад аваад явчихсан байна. Танай хүүхэд байна уу, гар утас нь хаана байна” гэхээр нь “надад гар утас нь байна” гэж хэлсэн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ байцаагч “наад гар утсыг чинь би очиж авна шүү та байлгаж байгаарай гэж надад хэлсэн. Орой 18 цагийн үед манай гэрийн хажуу талын төв зам дагуу ганцаараа ирээд надаас Өлзийсайханы надад өгсөн гар утсыг нь аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,
-Яллагдагч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 06 сарын 03-ны өдөр орой нэг таксинд суусан юм. Яг хаанаас сууснаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Өөрийн гар утсаа ломбарданд тавьчихсан. Таксинд суугаад таксины жолоочийн утсаар нь ярьчихсан явж байгаад Уурхайчин багт байрлах Төгөл их дэлгүүрийн зогсоол дээр буугаад Төгөл их дэлгүүрийн хажуу талын шатаар урагшаа уруудаад Бичил худалдааны төвөөс юм авах гэж орчихоод урагшаа Бараан захын ард байдаг худалдааны гудамжин дээр ээж Наранцэцэг дээрээ очоод тухайн танксины жолоочоос авсан гар утсаа ээждээ өгсөн. ...LG маркийн дэлгэц нь хагарчихсан гар утас байсан яг ямөр өнгөтэй байсныг нь сайн санахгүй байна. Манай ээж Наранцэцэг, Мөнх-Эрдэнэ гэх цагдаад тэр утсыг өгсөн гэсэн гэсэн мэдүүлэг /хх 46-47 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 5-8 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 19 ху/
Э.Ө яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45-47 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ө нь 2019 оны 06 сарын 03-ны өдөр Х.Аийн таксигаар үйлчлүүлж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” дэлгүүрийн хойд талын зам дээр буухдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч “лж-класс” маркийн утсыг залилж 160 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...”таксины жолоочоос утсыг нь гуйж авч ярьж байгаад аваад явчихсан байсан. Тэр үед архи уучихсан согтуу байсан учир утсыг нь авч явснаа ч сайн мэдээгүй. Маргааш нь утсыг нь буцаагаад өгсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Аийн “...Би 06 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед таксинд явж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-16 дугаар байрны хажуу талын зогсоол дээрээс 30 гаран насны эрэгтэй хүнийг суулгаад 5 дугаар хорооллын урд байрлах Мэнд-Амар гэх дэлгүүр дээр хүргэж өгтөл, эргээд буцаад Төгөл дэлгүүр дээр бууна гэж хэлсэн тэгээд цааш яваад Төгөл дэлгүүрийн үүдний хэсэг дээр очоод зогстол ахын дүү гар утсаа өгч байгаач гэж хэлсэн тэр үед нь би гар утсаа өгөөд харж байтал машинаас буугаар гар утсаар ярьж байгаа дүр үзүүлээд зугтаагаад гүйгээд алга болчихсон, араас нь гүйгээд олоогүй” гэх мэдүүлэг /хх 12 ху/, мөн гэрч Х.Наранцэцэгийн мэдүүлэг /хх 15 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн улмаас хохирогчид 160.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гар утсыг биет байдлаар буцааж өгсөн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг эд хөрөнгийг залилж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Ө нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь торгох ялыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА