Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00048

 

 

 

 

 

2026 01 05 210/МА2026/00048

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/15691 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,983,359 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 2,999,859 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,999,859 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Зээлдэгч ******* нь манай компанитай 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр L01500012 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 400,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 110,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, мөн өдөр 198,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 512,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр тус тус зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,219,803 төгрөг, үндсэн хүү 1,419,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306,313 төгрөг, шимтгэлийн авлага 37,300 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 2,999,859 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан байна. /хх5-7/

 

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Зээлийн хүү нь үндсэн зээлийн үнийн дүнгээс 50 хувиас хэтрэхгүй байдаг гэж сонссон. Би сайн мэдэхгүй байна. Эрх бүхий байгууллагын удирдлагатай уулзах гэхээр уулзуулдаггүй. Үндсэн зээлээ төлөхийг зөвшөөрч байна. Хүүгийн төлбөрийг багасгаж өгвөл хуваан төлөх боломжтой. гэж тайлбарлажээ. /хх49-50/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон атлаа зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл ирүүлээгүй тул нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй гэж агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн байна. Мөн хэргийн ямар нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэж, хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.1. ******* өмнө нь ******* нэртэй байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх9-10/

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны https:/www.frc.mn сайтаас үзвэл, *******-д 2019 оны 11 сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон, гэрчилгээний дугаар 1/657, одоо эрхэлж буй үйл ажиллагааны хэлбэрт зээлийн үйлчилгээ гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлд бүртгэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт байх тул дахин нотлох шаардлагагүй.

5.2.******* нь *******тай 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр L01500012 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус тус 110,000 болон 198,000 төгрөгийг, мөн оны 02 дугаар сарын 11-ний өдөр 512,000 төгрөгийг, мөн оны 05 дугаар сарын 27-ны өдөр 400,000 төгрөгийг тус бүр сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчид шилжүүлсэн болох нь Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх12-28/

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үзнэ.

5.3. Хариуцагч ******* зээлийн гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй агуулга бүхий тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч ******* нь үндсэн зээл, гэрээнд заасны дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй.

Учир нь, талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний 2.4.1-т зээлийн үндсэн хүүгийн хэмжээг сарын 5.0 хувь хүртэл байна гэж, 2.4.4-т 5.1, 5.1.1.-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувь хүртэл байна гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийн Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., мөн зүйлийн 452.2 дахь хэсгийн Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэсэн зохицуулалтад тус тус нийцжээ. Иймээс зээлийн хүү өндөр гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

5.4. Нэхэмжлэгч тал 2022 оны 05 сарын 27-ны өдрийн зээлийн үүрэгт үндсэн зээл 400,000 төгрөг, үндсэн хүү 448,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,986 төгрөг, нийт 960,293 төгрөг, 2022 оны 03 сарын 05-ны өдрийн зээлийн үүрэгт үндсэн зээл 109,903 төгрөг, шимтгэл 5,000 төгрөг, хүү 130,258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,052 төгрөг, нийт 271,213 төгрөг, 2022 оны 03 сарын 05-ны өдрийн зээлийн үүрэгт үндсэн зээл 197,967 төгрөг, шимтгэл 9,000 төгрөг, хүү 234,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,926 төгрөг, нийт 488,524 төгрөг, 2022 оны 02 сарын 11-ний өдрийн зээлийн үүрэгт үндсэн зээл 511,933 төгрөг, шимтгэлийн авлага 23,300 төгрөг, үндсэн хүү 606,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,349 төгрөг, нийт 1,263,328 төгрөг тус тус хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж, зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ. /хх21-28/ Хариуцагч тал дээрх зээлийн тооцооллын баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан.

Хариуцагч ******* нь 4 удаа, тус бүр 2 сарын хугацаатай мөнгөн хөрөнгө зээлсэн боловч зээл, зээлийн хүүг хугацаанд нь буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул хуулийн дээрх зохицуулалтад зааснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

5.5. Талууд гэрээний 2.4.3-т зээлийн шимтгэл нь сарын 8 хувь хүртэл дүнгээр аппликейшнд тооцоологдсон дүн байх ба зээлдэгчийн кредит оноо, цахим зээлийн эрх, дэд эрх, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа зэргээс хамаарна гэж харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч тал шимтгэлийн авлагад нийт 37,300 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг тус тус нэхэмжилсэн. Хариуцагч тал дээрх зээлийн тооцооллын баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

Иймээс хариуцагч *******гаас 4 зээлийн гэрээний үүрэгт нийт 2,983,359 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 2,999,859 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/15691 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 2,983,359 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 2,999,859 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 57,186 гэснийг 62,948 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,453 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Ч.ЦЭНД