Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0164

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х       

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгч Э.Б, Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1925002060142 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Э.Б, Б.Н

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 26-09 тоотод Б.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 26-09 тоотод Э.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 200 000 төгрөг төлсөн. Надад учирсан хохирлын хувьд одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.  

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б-д хохирол 570 000 төгрөг төлсөн. Учирсан хохирлын хувьд миний хохирлыг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч  Э.Б-ийн ...“Н намайг 2 гараараа үсдээд толгойг доош дараад миний өвдгөөр газар сөхрүүлэн суулгаад намайг өндийх боломж олгохгүйгээр хөл болон гараараа миний нуруу болон ташаа хэсэг рүү 4-5 удаа хөлөөрөө өшиглөж, 2-3 удаа гараараа цохисон. Тэр үедээ миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-р хуудас/

 

2. Хохирогч Б.Н ...“Тэгээд байж байтал Б орж ирээд “миний нүүр ийм болсон байна чи яаж байгаа юм бэ” гээд намайг үсдээд хөлөөрөө хөл рүү, хэвлий рүү өшиглөх шиг болохоор нь би үсдэлцээд байж байтал Б-ийн нөхөр Б, Т нар намайг “чи боль, чи яагаад байгаа юм гээд цохиод байсан” тэр үед надтай хамт байсан найзууд Л, О хоёр намайг Б-аас салгасан. Б намайг үсдээд хөлөөрөө хөл рүү, хэвлий рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаартай ... “Э.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун нүдний алимны салст, баруун ташаанд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтлүүд байна. 2019.03.14-ний өдөр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хх-ийн 28-р хуудас/

 

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаартай ...“1.Б.Н-ийн биед баруун гарын бугалга, баруун гуя, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун бугалга, баруун гуя, зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-р хуудас/

 

5. Гэрч Б.Баттулгын ...“Э.Б, Б.Н хоёр маргалдаад нэг харсан чинь Э.Б, Б.Н үсдээд доошоо дараад өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

6. Гэрч Э.О нь  Б, Н хоёр маргалдаад улмаар бие биенийхээ үснээс зулгаагаад эхэлсэн. Удалгүй би очоод тэр хоёрыг салгаад байж байтал дахиад Б, Н хоёр зодолдож эхэлсэн. Хоёулаа үсдэлцээд бие биенийхээ дээр доор гараад байсан. Б, Н-ийн нүүр рүү гараараа цохисон, хөлөөрөө гэдэс хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Н Б-ийн нүүр рүү гараараа цохиж байсан. Газар унагаагаад Б-ийн гуя, гэдэс рүү нь өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

5.Гэрч М.Л ...“Удалгүй Э.Б, Б.Н хоёр маргалдаад бие биенийгээ үсдээд, Н, Б-г үснээс нь зулгаагаад доош дараад хөлөөрөө Б-гийн бие рүү өшиглөсөн. Б, Н-гоо үсдэхээсээ өмнө гараараа Норовоогийн бие рүү нь цохиод байх шиг байсан. Б, Н-г үсдээд буйдан дээр суугаад хөлөөрөө Н-г өшиглөөд байсан. Харин Н, Б-г эхлээд үсдээд доош дараад бие рүү нь өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 19-20-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралаанд оролцсон улсын яллагч Ц.И дүгнэлтдээ “.....тэмдэглэлээс татаж аваад алдааг хянаад оруулчих.....” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Б, Б.Н нарын мэдүүлэг, гэрч Б.Б, Э.О, М.Л нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь 2019 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 26-09 тоотод харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.Б, Б.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Б.Н нарыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжовогт Б.Н, Хар сүрэг овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар, Б.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Н нарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5  сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Б.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС