| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2018/02470/И |
| Дугаар | 210/МА2025/02037 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/02037
2025 11 24 210/МА2025/02037
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07002 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******нарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, алданги 186,029,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалт, мөн өдрийн Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл,
Хохирол 330,618,242 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК нь 2016 оны 05 дугаар сард *******, *******нартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Алтайн ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах 641.73 м.кв газар болон уг гудамжны 372 тоот хаягт байрлах 421 м.кв газар дээр 3061 м.кв талбай бүхий зоорийн давхартай 7 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг барихаар тохиролцсон.
2016 оны намар каркасаа барьж дуусгаад гадна фасадны шил, дүүргэлтийн блок болон бусад материалыг судалж, өвөл үнэ хямд байх үед нь захиалж авч бэлтгээд 2017 оны хавар ажлаа үргэлжлүүлэхээр талууд тохиролцож барилгын ажлыг түр зогсоосон. “*******” ХХК-ийн хувьд барилгын гадна шилэн фасад хийдэг компаниудыг судалсны үндсэн дээр “*******” ХХК-ийг сонгон *******, ******* нарт танилцуулж зөвшилцөж уг компанитай барилгын шилэн фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
1.2.Гэтэл гэнэт ******* тохиролцсоноосоо буцсан ба 2017 оны 02 дугаар сараас манай компанийг гэрээнээс гаргах тухай мэдэгдсэн.
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр анх байгуулсан Хамтран ажиллах гэрээнээс гарч, тухайн үед барилгад оруулсан мөнгөн хөрөнгийн дүнг тулгаж, сууриас нь эхлэн барьсан барилгын каркасаа *******, *******нарт хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээнд тусгасан байсан 1, 5 дугаар давхрыг өмчлөх байсан эрхийнхээ зарим хэсгээс татгалзаж буюу 1 дүгээр давхрыг *******, *******нарт өгч, тухайн үед бэлнээр оруулсан мөнгөн хөрөнгө дээр барилгын шилэн фасадны шил, рам төмрийг барилгын талбай дээр буулган хүлээлгэн өгөх хүртэлх зардлын төлбөрийг оруулж 372,059,509 төгрөгт 5 дугаар давхрыг бүхэлд нь (дотор засалгүй хар хана нөхцлөөр) өмчлөх, худалдан авах гэрээ байгуулсан.
1.3.Энэхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш “*******” ХХК нь захиалагчийн статустай болсон. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гадна шилэн фасадны шил, хөнгөн цагаан рам төмөр болон бусад дагалдах материалыг барилгын гадна талбайд буулгаж *******, *******нарт хүлээлгэн өгсөн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилэн фасадны ажлыг актаар хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулсан. “*******” ХХК-нь Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 5-д заасан үүргээ бүрэн биелүүлж, тус барилгын 351.45 м.кв талбай бүхий 5 дугаар давхрыг бүхлээр нь өмчлөх эрхээ баталгаажуулсан.
Харин ******* нь барилгыг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгч, "*******" ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор талбай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, бид удаа дараа албан бичиг илгээж, утсаар холбогдох гэж оролдсон боловч хариу ирүүлээгүй.
Иймд Хамтран ажиллах гэрээний үүрэгт Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, *******дугаар хороолол, /14181/, Ногоон нуурын гудамж, ******* дүгээр байрны үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын 351.45 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.
1.4.Гэрээний 4.3-т заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул 9 сар 14 хоног буюу 273 хоногийн алданги 507,861,081 төгрөг (1 өдрийн алданги 1,860,297) болж байна. Хуульд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тухай заасан байх тул 186,029,754.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Алтайн ******* дугаар гудамжны 358, 372 тоот хаягуудад (хуучнаар) байрлах нийт 1063 м.кв талбайтай газар дээр 420 м.кв талбайг хамарсан зоорийн давхар бүхий 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, орчны тохижилтыг хийх ажилд тухайн үед *******ийн газрыг 800,000,000 төгрөгөөр үнэлж оруулахыг талууд зөвшөөрч, “*******” ХХК-ийн захирал *******, *******нар тус бүр 1,200,000,000 төгрөгийг бэлнээр гаргахаар тохиролцсон. *******гийн хувьд талуудын санал нэгдсэн бараа материал, ажил үйлчилгээ бүрт өөрийн оруулах мөнгөн хөрөнгийг саадгүй шилжүүлж байсан. Харин ******* нь 800,000,000 төгрөг бэлэн байгаа гэж итгүүлэн, бүх тооцоо төлөвлөгөөг гаргуулан, ажлыг эхлүүлсэн ч барилга баригдах эцсийн хугацаа дуусахад зохиомлоор өсгөсөн дүнгээрээ 241,685,479 төгрөг оруулсан байсан ба барилгын ажил каркасаас өөр зүйлгүй байсан.
Хамтран ажиллах гэрээгээр барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 7 сарын хугацаанд барихаар тооцоолсон. Гэвч “*******” ХХК нь гэрээний 2.1-д заасны дагуу хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд зориулж 1,200,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргах үүргээ цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй, уг мөнгийг гаргах санхүүгийн ямар ч нөөц бололцоогүй атлаа бага мөнгө оруулан бусдыг мөлжих замаар хөрөнгөө өсгөх зорилготой гэрээнд орсон нь туйлын тодорхой болсон. Удирдлагыг хэрэгжүүлэх нэрийн дор бараа материал, ажил үйлчилгээний үнийн зөрүү болон хөрөнгө машиныг өндөр үнээр шахах, хийгээгүй ажлууд дээр цалин хөлс төлсөн, бага үнэ, зардлаар хийгдэх боломжуудыг хүлээн авахгүй атал өндөр зардалтай ажлыг хийнэ гэж улайрах гэх мэтээр өөрийн оруулсан хөрөнгийг зохиомлоор өсгөх явуургүй арга хэрэглэж, барилгын ажлыг саатуулах, хойшлуулах оролдлого удаа дараа гаргаж эхэлсэн. Хамгийн их итгэл эвдсэн зүйл бол газруудын эзэмших эрхийн гэрчилгээг удирдлагыг хэрэгжүүлж буй “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ёстой юм байна гэж хууран мэхлэхийг оролдсон. Энэ байдлаар цаашид үргэлжилбэл хамтын үйл ажиллагаа зорилгодоо хүрэх боломжгүй болох, талууд ихээхэн хэмжээний алдагдал, өр төлбөрт орох, барилгын ажилтай холбоотой байгуулагдсан зээл, бартер, ажил гүйцэтгэх гэрээнүүдэд хүү, алданги, хариуцлагын асуудал улам нэмэгдэх нь тодорхой байсан тул арга буюу *******, *******нар хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн.
2.2.Гэрээнээс “*******” ХХК-ийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарахад түүний оруулсан хөрөнгийг 372,059,509 төгрөг гэсэн боловч энэ хэмжээ маргаантай буюу бодит байдал дээр үүнээс бага байсан. 372,059,509 төгрөг нь түүний биелүүлээгүй байсан хэлцэл буюу “*******” ХХК хариуцах барилгын гадна шилэн фасадны ажлын үнэ 130,374,030 төгрөгийг оруулсан дүн юм.
2.3.“*******” ХХК-ийн захирал *******ийн хүссэний дагуу гэрээний 4.1-д “Хамтын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах эрхийг “А” тал болох “*******” ХХК-ийн захирал ******* хэрэгжүүлнэ" гэж заасан. Тэрээр гэрээнээс гарах хүртэл удирдлагын эрх, үүргийг хэрэгжүүлсэн ба гэрээний 4.2-т заасан "... барилгын бараа материалыг бэлтгэх, татан авах, барилгыг барьж дуусгах ... барилгын ажилд бүхэлд нь захиалагч талыг төлөөлж хяналт тавих" зэрэг эрх, үүргээ биелүүлээгүйгээс барилга угсралтын ажил гэрээнд заасан хугацаанд дуусаагүйгээс дараа жил үргэлжилж барилгын материалын болон ажиллах хүчний үнийн өсөлтөд бид маш их алдагдал хүлээсэн, үүнийг “*******” ХХК хариуцах ёстой. Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон нь шилэн фасадны ажил хийгдээгүйгээс улбаатай бүх ажлууд хойшилсонтой холбоотой.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.*******, *******нар нь “*******” ХХК-тай эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөө тэнцүү хэмжээгээр гарган, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Алтай ******* дугаар гудамж, 372, 358 тоот хаягт байрлалтай газарт 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, орчны тохижилт хийж, ашиг олох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 4.1-д зааснаар "*******" ХХК-ийн захирал ******* хамтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болсон. Тэрээр хамтран ажиллах гэрээнээс гарахдаа хамтын үйл ажиллагааны явцад оруулсан хөрөнгөө 372,059,509 төгрөг гэж өөрөө тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар уг дүнг бодитоор оруулаагүй, биднийг хууран мэхэлж, оруулсан мөнгөн хөрөнгийг хувьдаа авч зориулалтын бусаар зарцуулан, мөнгөний зүсийг хувиргаж, өөрийн хөрөнгө оруулалтад тооцуулсан хууль бус үйлдэл нь тодорхой болсон.
Иймд шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн дагуу “*******” ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлагыг гаргаж байна.
3.2.Захирал ******* нь хариуцагч нарыг хууран мэхэлж, ирээдүйд баригдах Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Алтайн ******* дугаар гудамж, 372, 358 тоот хаягт байрлалтай (хуучнаар), 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн 5 дугаар давхрын 351.4 м.кв талбайг бодитоор оруулаагүй 372,059,509 төгрөгт тооцож авахаар зөвшөөрүүлсэн байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй" гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2 дахь шаардлагаа тодорхойлж байна. Уг гэрээний үлдэх хэсэг нь "*******" ХХК-ийн хамтран ажиллах гэрээнээс гарах зорилтыг хангаж чадахаар байх тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.
3.3.Мөн өдрөө талууд барилга байгууламжийн 5 дугаар давхрын 351.4 м.кв талбайг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний агуулга, нөхцөлөөс харахад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцааны шинжийг агуулсан. Гэвч энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дахь заалтыг үндэслэн байгуулагдсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 3 дахь шаардлагаа гаргаж байна гэжээ.
4.Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
4.1.Хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3-т заасны үндсэн дээр хөрөнгө оруулагч *******220 гаруй сая төгрөгөө шилжүүлсэн. "*******" ХХК-ийн захирал ******* нь Хамтран ажиллах гэрээнд "... хөрөнгө оруулалтыг барилгын ажилд захиран зарцуулах ... үүргийг А тал болох "*******" ХХК хэрэгжүүлнэ...” гэж заасныг санаатайгаар гуйвуулан, хөрөнгө оруулагч *******гийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зориулалтын бус зүйлд буюу хувьдаа зарцуулж ашигласан нь иргэний хэрэг хянан шалгах явцад тодорхой боллоо. Тухайлбал, төвлөрсөн данс болох ******* тоот дансны хуулгаар *******гийн шилжүүлсэн хөрөнгө оруулалтаас нийт 156,952,254 төгрөгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан нь нотлогдож байгаа тул түүнээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
4.2.Хамтран ажиллах гэрээний 4.1-д зааснаар "*******" ХХК нь хамтын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх, 2.1-д заасны дагуу хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд зориулж 1,200,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргах, 2.2-т заасан "талууд өөрийн оруулах хөрөнгийн эх үүсвэрийг гэрээний зорилго зорилтыг биелүүлэхэд гаргах бөгөөд хамтран ажиллах ажиллагаанд саад учруулахгүйгээр нэн даруй гаргаж, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ", 4.2-т заасан "... барилгын бараа материалыг бэлтгэх, татан авах, барилгыг барьж дуусгах... барилгын ажилд бүхэлд нь захиалагч талыг төлөөлж хяналт тавих" үүргийг тус тус хүлээсэн боловч эдгээр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
"*******" ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ашиглалтанд оруулах байсан барилга нэг жил өнжиж 2017 онд баригдсан. Үүний улмаас барилгын материал, ажиллах хүчний үнийн өсөлт болон талбайн борлуулалтын үнийн бууралт зэргээс шалтгаалан *******нь 347,665,988 төгрөгийн хохирол хүлээсэн. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан ба Хамтран ажиллах гэрээний 5.5-д "... В тал болох *******т ашиг, алдагдлын асуудлыг хариуцуулахгүй болохыг талууд бүрэн хүлээн зөвшөөрсөн болно", 5.8-д "хамтран ажиллах явцад үүсэх бүхий л ашиг, алдагдлын асуудлыг А, Б талууд тэнцүү хэмжээгээр хариуцна" гэсэн заалтуудыг үндэслэн дээрх 347,665,988 төгрөгийн хохирлыг А тал болох “*******” ХХК, Б тал болох *******бид хамтын үйл ажиллагаанд оруулсан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн хариуцах ёстой. Гэтэл энэ бүх алдагдал, хохирлыг Б тал болох *******хүлээсэн.
Иймд “*******” ХХК-ийн хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамжид хувь тэнцүүлэн тооцоход 173,665,988 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй. Энэ хохирлын тооцоог мэргэшсэн төсөвчин гаргасан бөгөөд 420 м.кв талбайг хамарсан зоорийн давхар бүхий 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын угсралтын ажил орохгүйгээр 2016 онд болон 2017 онд гүйцэтгэх ажлын төсөв гаргуулсан болно гэжээ.
5.Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
5.1.“*******” ХХК нь *******, *******нарын шахалт, дарамтаас шалтгаалан тэдгээртэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээнээс гарсан. “*******” ХХК нь Хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийснийг мөн өдөр талууд тооцоо нийлж, акт үйлдэж баталгаажуулсан. Мөн барилгын ажилтай холбоотой бичиг баримтууд, зураг төслийг акт үйлдэн, *******, *******нарт хүлээлгэн өгсөн.
Ийнхүү гэрээнээс гарахдаа “*******” ХХК-аас нийт 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, тухайн санхүүжилтийн мөнгийг буцаан өгөхгүйгээр барилгын 5 дугаар давхрыг бүхэлд нь уг санхүүжилтэд тооцон “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбараас харахад "*******" ХХК-аас нийт 241,685,479 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухайд маргадаггүй, харин “*******” ХХК болон “*******” ХХК-иудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Шилэн фасад угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 130,374,030 төгрөгийг төлөөгүй дээр маргадаг.
“*******” ХХК нь “*******” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний 3.2-ын нэгдүгээр хэсэгт "бартерт автомашины үнэ 70,000,000 төгрөгийг тооцож төлнө" гэсний дагуу автомашин хүлээлгэн өгснийг талууд хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Үлдэгдэл төлбөр болох тооцоо нийлсэн актаар баталгаажсан 60,347,030 төгрөгийг “*******” ХХК нь “*******” ХХК-д шилжүүлэн өгч гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн бөгөөд үүний дагуу “*******” ХХК-аас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******тай ажил гүйцэтгэсэн акт үйлдэж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний дагуу ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн, гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн талаар тодорхойлолт хийж өгсөн болно.
5.2.“*******” ХХК нь Хамтран ажиллах гэрээнээс гарснаар тухайн гэрээний 4 дүгээр зүйлд заасан "Удирдлагын бүтэц, эрх үүрэг" нь бүхэлдээ *******, *******нарт шилжсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "Гэрээ" байгуулсан нь хууль зөрчөөгүй. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2010/100 тоот дүгнэлт гарч тус барилгыг ашиглалтад оруулсан байна.
5.3.Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлдээ 220 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тус дансанд нэхэмжлэгч "*******" ХХК-ийн захирал ******* нь өөрийн оруулж буй хөрөнгө оруулалтын зарим хэсгийг эхнэр *******гийн нэрээр, зарим хэсгийг мөн эхнэр *******гаар дамжуулан хариуцагч *******гийн нэрээр хийлгэж байсан бөгөөд тус дансанд орсон 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 26,000,000 төгрөг, 12-ны өдрийн 50,000,000 төгрөг, 16-ны өдрийн 16,000,000 төгрөг, 17-ны өдрийн 20,000,000 төгрөг зэрэг нь бүгд “*******” ХХК-ийн хөрөнгө оруулалт юм. Дээрх мөнгүүдийг *******ийн нэр дээрх Хаан банкны ******* тоот дансанд тушаасан орлогын мэдүүлэг дээрх *******гэсэн гарын үсэг *******гийн бичгийн хэв болно. Дээрх хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь *******ийн эзэмшдэг Хаан банкны ******* тоот дансны хуулгад харагддаг. Түүнчлэн энэ талаар буюу бие биенийхээ оруулсан хөрөнгийн хэмжээг талууд хэн аль нь тодорхой мэддэг байсан бөгөөд үүний улмаас талууд оруулсан хөрөнгийн талаар хэд хэдэн удаа тооцоо нийлж, акт үйлдэж, гэрээ байгуулан баталгаажуулсан.
5.4.Хариуцагч *******нь өөрийн оруулсан хөрөнгөөс 156,952,254 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж тус мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Гэтэл дээр дурдсан *******гийн бодитоор оруулсан хөрөнгө нь 220 сая бус, одоо нэхээд буй 156 сая төгрөгтөө ч хүрэхгүй тул үндэслэлгүй юм.
*******ийн нэр дээрх ******* тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 350,544,664 төгрөгийн орлого буюу хөрөнгө оруулалт төвлөрсөн. Зориулалтын бусаар зарцуулсан гэх 156,952,254 төгрөгөөс тодорхой хэсгийг буюу сөрөг нэхэмжлэлийн жагсаалтын 3 дугаарт авагдсан 20,000,000 төгрөг нь "*******" ХХК-д бетон зуурмагийн үнэд, 18 дугаарт авагдсан 13,946,250 төгрөгийг "*******" ХХК-д барилга угсралтын ажлын урьдчилгаанд гэх мэтчилэн зориулалтын дагуу зарцуулсан нь баримтаар нотлогддог.
Харин баримтаар нотлогдохгүй буюу тодорхой хэмжээний мөнгийг ******* тухайн үед өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан хэдий ч тухай бүрд нь барилгын хөрөнгө оруулалтдаа өөрөөсөө нөхөж гаргаад явж байсан. Энэ нь хэзээ, хаана, ямар зориулалтаар зарцуулсан талаарх анхан шатны санхүүгийн баримтаар хангалттай нотлогдоно. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр *******ийн эхнэрийн данснаас орж ирсэн мөнгийг “*******” ХХК-аас оруулсан хөрөнгө оруулалт мөн гэж тогтоосон байдаг. Гэтэл дансыг хараад 100,000,000 төгрөгийг манай хөрөнгө оруулалтаас хасуулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Иймд хууль бусаар захиран зарцуулсан гэдэг нь үндэслэлгүй юм.
5.5.Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 173,665,988 төгрөгийн хувьд хамтран ажиллах гэрээнээс гарахад гэрээг дүгнэхдээ тухайн мөнгөний асуудлыг яриагүй. Гэрээнээс гарахад талуудын хоорондох төлбөр тооцоо, хохирлын асуудлыг бүгдийг нь ярих ёстой. Хуулиараа хариуцах дээрээ тулбал гурвуулаа л хариуцах ёстой. Гэрээгээр А, Б хоёр тал хариуцна гэсэн боловч хуулиас давсан байх боломжгүй. Тухайн үед тооцоо нийлээд хэн аль нь хохирол байхгүй гээд гэрээнээс “*******” ХХК-ийг гаргасан. Гэрээнээс гарсны дараа үнийн өсөлтөөс хамаарсан хохирлыг “*******” ХХК хариуцах ёсгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн үндсэн шаардлага Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /14181/ Ногоон нуур гудамж, ******* дүгээр байрны 5 давхарт байрлах 351,45 м.кв хэмжээ бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө-ийн өмчлөгчөөр “*******” ХХК-ийг тогтоож, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 186,029,754.5 төгрөг гаргуулах болон 5 давхрын 351,45 м.кв талбайн гадаргууг тэгшилгээ хийж, баруун харсан 5 ширхэг цонх болон цонхны тавцанг стандартад нийлүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нарын хамтран ажиллах гэрээний дагуу “*******” ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дугаар заалт мөн өдрийн Гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 173,665,988 төгрөг гаргуулах тухай, зориулалтын бус зүйлд зарцуулсан 156,952,254 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 3,552,700 төгрөг, хариуцагч нарын хамтран гаргасан сөрөг нэхэмжлэлд төлсөн 6,125,944 төгрөг, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,968,999.94 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,212,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос илүү төлсөн 2,018,248 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр тус тус олгож шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхээс талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар болон эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй гэж, түүнчлэн хариуцагч нарыг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Гэрээ" гэх нэртэй худалдах, худалдан авах гэрээний 3.1.1-3.1.6-д заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Талуудын хооронд байгуулагдсан "Гэрээ" гэх нэртэй худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч тал барилгыг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгч, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор талбай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримтыг "*******" ХХК-д хүлээлгэн өгөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 4.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож захиалагчид төлөхөөр тохиролцсон
Гэтэл анхан шатны шүүх "...хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй ... талууд гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна." хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй, ямар ч хууль зүйн дүгнэлт, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "... Гэрээний 2.1-д нэг м.кв талбайн үнийг 1,058,641 төгрөг байх ... 5 давхрын 351.45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэх бөгөөд гэрээний зүйлийн нийт үнэ 372,059,509 төгрөг байхаар, энэхүү гэрээний үнэ бүрэн төлөгдсөн, гэрээний зүйлийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг ажил гүйцэтгэгч тал хүлээхээр тус тус тохиролцсон байна” гэж зөв дүгнэсэн атлаа 372,059,509 төгрөгийн үнэ бүхий талбайг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч талд бүхэлд нь хүлээлгэж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байхад хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч талаас алданги гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үзэж байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч тал 372,059,509 төгрөгийн үнэ бүхий талбайг нэхэмжлэгч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үнэ буюу талбайн үнээсээ тооцож алданги төлөх нь хууль болон гэрээнд заасантай нийцнэ.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйл, гэрээний 4.3-т тус тус заасны дагуу алдангид 186,029,754 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь 5 дугаар давхрын 351.45 м.кв талбайн шалны гадаргуугийн тэгшилгээ, хаалга хийх, баруун тийш харсан 5 вакум цонх болон цонхны тавцанг стандарт шаардлага хангасан байдлаар дахин хийхийг хариуцагч нарт даалгах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
8.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий гэрээний үүргийг нэхэмжлэгч тал биелүүлээгүй учраас алданги нэхэх эрхгүй гэж үзэж байна. Учир нь анх гэрээ байгуулахдаа гэрээний талууд хэдэн төгрөг оруулах талаар тодорхой заасан. Нэхэмжлэгч нь 1,200,000,000 төгрөг оруулснаар үр дүн хүлээж авахаар талууд тохиролцсон. Гэтэл гэрээг хувилаад үзэхэд 100 хувь гүйцэтгэх үүргээс 17 хувийг гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 17 хувийг биелүүлж хариуцагч нарыг хохиролд оруулсан атлаа алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.
9.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
9.1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Нэхэмжлэгч "*******" ХХК нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөөгүй болох нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд "*******" ХХК нь барилгад нийт 137,161,974.35 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд 70,000,000 төгрөгийн бартераар хөрөнгө оруулсан байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл дээрх 2 гэрээг байгуулах хүртэлх хугацаанд "*******" ХХК нь 207,161,974.35 төгрөгөөр барилгад санжүүжилт хийсэн байж 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийсэн гэж итгүүлэн, гэрээ байгуулж хариуцагч нарыг хууран мэхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш 10,600,000 төгрөг оруулсан байна гэж дүгнэлтэд дурдсан. Ингээд "*******" ХХК барилгад нийт 217,761,974.35 төгрөг оруулсныг тогтоосон.
9.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудад үүрэг хүлээлгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөөгүй. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт “Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана” гэжээ. Хамтран ажиллах гэрээнд нэхэмжлэгч нь 1,200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн. Гэрээнээс гарах үед 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх тооцоогоор 207,161,974.35 төгрөгийн санхүүжилт хийсэн. Энэ нь өөрийн хүлээсэн үүргийн 17 хувийг л биелүүлсэн, үүнийг шүүх анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заажээ. Гэрээний үнэ 372,059,509 төгрөг байхаас 207,161,974.35 төгрөгийг "*******" ХХК гэрээ байгуулах үед төлсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй юм.
9.3.Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, тухайн харилцааны оролцогч биш этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулсан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. 2017 онд байгуулсан "Гэрээ" нь хуулийн шаардлагад нийцээгүйг шүүх анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Хамтран ажиллах гэрээний 5.2-т Талуудын хамтын ажиллагааны үр дүнд барьж байгуулан ашиглалтад оруулах барилгын 1 болон 5 дугаар давхрыг А тал болох "*******" ХХК нь өмчлөх эрхтэй гэж талууд тохиролцсон. Гэтэл А талын оруулах байсан хөрөнгө оруулалт 1,200,000,000 төгрөгөөс дөнгөж 17 хувь буюу 207,161,974.35 төгрөгийг барилгад оруулсан байж 50 хувийн гүйцэтгэл шаардаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.
9.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн. Хариуцагчийн татгалзлыг нотлож байгаа буюу гэрээний үнийг хэрхэн төлснийг нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт юм. Уг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон мөнгөн дүнг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй. Шүүх ч уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа гэрээний үнийг төлөөгүй нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоож, бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь логикийн хувьд ч алдаатай байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10.Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
10.1.Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүхээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцлийн хувьд гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, хариуцагч үнийг төлж эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэл зоригийг илэрхийлсэн гэж дүгнэсэн. Гэтэл, худалдах, худалдан авах гэрээний төрлүүдээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг тайлбарлахад хийсвэрлэх зарчмыг баримтлах бөгөөд энэ төрлийн гэрээнд үүргийн болон өмчийн хэлцэл байгуулагдсанаар өмчлөх эрх шилжих зохицуулалттай. Үүнийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус заасан. Өмчийн хэлцэл байгуулагдаж, өмч нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих үндэслэл нь худалдан авагч талаас хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр үүснэ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн буюу шүүхийн шийдвэрийн 10.8.1-д “Харин шүүх "*******" ХХК-ийн барилгад оруулсан нийт хөрөнгийг шинжээчийн дүгнэлтэд заасан 217,761,974 төгрөг гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийг худалдан авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 154,297,535 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэсэн атлаа талуудын хооронд өмчийн хэлцэл байгуулагдсан эсэхийг анхаараагүй, нэхэмжлэгч үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй 154,297,535 төгрөг дутуу гэдгийг тогтоосон атлаа өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээнээс гарах гэрээ байгуулах үед үйлдсэн тооцоо нийлсэн актаар 60,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг фасад суурилуулж дуусахад төлнө гэж тохиролцож, нэхэмжлэгч талын тухайн үед оруулсан хөрөнгө оруулалтыг 311,712,479 төгрөг гэж үзээд ажлын явцад дутуу төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар түүний нийт хөрөнгө оруулалтыг ирээдүйд 372,059,509 төгрөг болно гэж үзээд, энэ үнийн дүнг төлөөгүй байхад 351 м.кв талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үйл баримтыг тогтоолгүй, гэрээ байгуулагдсан бол тухайн хөрөнгийг үүргийн хэлцлийн хүрээнд шилжүүл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
10.2.Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй маргааныг шийдвэрлэсний улмаас мэтгэлцэх зарчмыг зөрчиж, шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн.
Хуульд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил зохицуулсан бөгөөд шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй бол энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэг үндэслэл болно. Иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зохицуулаагүй тул шүүх нь нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг өөрөө хийх үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр зөвлөмжид “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тохиолдолд шүүх өөрөө ойлгомжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгох биш, талуудад тодруулах боломж олгох ёстой" гэж тодорхой заасан.
Гэвч анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж хүлээж авсан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу эрх зүйн дүгнэлт хийхдээ “... хариуцагч нар ямар эрх зүйн үр дагавар хүсч байгаа нь тодорхойгүй, шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснээр бодит байдалд хэрэгжих боломжтой, хууль зүйн үр дагавар үүсгэсэн, зохигчийн эрх ашиг сонирхлыг сэргээсэн шинжтэй байх шаардлагад нийцэхгүй ..." гэж дүгнэсэн нь шүүх өөрөө ойлгоогүй нэхэмжлэлийн шаардлагад талуудыг мэтгэлцүүлэх, хариуцагчийн хүссэн шаардлага үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, талуудыг ямар шаардлагад тулгуурлаж мэтгэлцүүлсэн болох нь тодорхойгүй болсон нь шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал юм. Шүүх нэгэнт нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж үзэж хүлээн авсан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд нэхэмжлэл гаргагч талд энэ шаардлага түүний үндэслэлийг тодруулж өгөх талаар чиглүүлж өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү тодруулснаар уг шаардлага, үндэслэлд талууд мэтгэлцэж, шүүх уг шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах учиртай.
10.3.Шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй, логикийн хувьд алдаатай: Шийдвэрийн 10.8.1-д дүгнэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч талын хувьд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэл дутуу байсан гэж шүүх маш тодорхой дүгнэсэн. Гэвч шийдвэрийн 13-т “... Талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээ, Гэрээ хэлцлүүдээр тус тус Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /14181/ Ногоон нуур гудамж, ******* дүгээр байрны 5 давхарт байрлах 351.45 м.кв хэмжээ бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож үүргийн хэлцэл байгуулсан байх тул гэрээний тал өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх нь үүргийг заасан хугацаанд биелүүлэх зарчим болон хуульд нийцнэ. Иймд Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /14181/ Ногоон нуур гудамж, ******* дүгээр байрны 5 давхарт байрлах 351.45 м.кв хэмжээ бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХХК-ийг тогтоож, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн хоорондоо зөрчилтэй, логикийн хувьд алдаатай дүгнэлт бүхий шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх маргаан бүхий гэрээний төлбөр дутуу болохыг дээр дурдсанчлан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа талаарх эрх зүйн дүгнэлтийг хийсэн атлаа Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал болох худалдан авагч тал "үнэ төлөх" үүргээ бүрэн гүйцэтгэсэн үед өмч бусдын хүсэл зоригоос шалтгаалан буюу гэрээний үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээд шилжихэд хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох шүүхийн тодорхойгүй гэх шаардлага болох “... "*******" ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө нь 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох” гэсэн шаардлага нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэсэн татгалзлын үндэслэлээ сөрөг шаардлагаар илэрхийлсэн байдал бөгөөд шүүх энэ шаардлагыг тодруулаагүй улмаас хэргийн үйл баримтыг бүхэлд нь буруу тогтоож шийдвэрлэсэн гэж үзэж байна.
10.4.Талуудын хооронд байгуулсан иргэний эрх зүйн харилцаа буюу хүсэл зоригийн илэрхийлэл болох гэрээг буруу тодорхойлсон. Шийдвэрийн эрх зүйн дүгнэлт 10.1-д “Нэхэмжлэгч "*******" ХХК, хариуцагч *******, ******* нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний харилцаа нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ" 476.2 дахь хэсэгт "Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно" гэж тус тус заасан. Хожим талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг хангалтгүй гэж үзэж гэрээнээс "*******” ХХК гарсан байдаг. Энэ үйл баримтыг талууд гэрээнээс гарах тухай, гарснаас үүсэх үр дагаврыг харилцан тохиролцож бичгэн хэлбэрээр шинэ хэлцэл байгуулах замаар зохицуулсан байна. Шинээр байгуулсан хэлцэлдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар урьд тохиролцсон гэрээний зорилгын дагуу бий болох хөрөнгөөс гэрээнээс гарч буй талын оруулсан хөрөнгөд тооцон, өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй" гэж дүгнэжээ. Харин Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт "Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана” заасны дагуу гэрээнээс гарсан талд ногдох хувийг хэрхэн тооцсон болохыг мөн "*******" ХХК-ийг гэрээнээс гарах үед биелүүлээгүй байсан хэлцэл буюу шилэн фасадны ажилтай холбогдох төлбөр төлөх үүрэг зэргийг хуульд заасны дагуу нягтлан үзээгүй орхигдуулсан.
10.5.Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн зорилгоо талууд "*******" ХХК-ийг гэрээнээс гарахтай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулах гэж тодорхойлоод гэрээнээс гарч байгаатай холбоотой үүсэх талуудын хүлээх үүрэг, хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлсон. Энэ хэлцлийн 2-т “..."*******" ХХК-ийн зүгээс нийт 372,059,509 төгрөг гэж тооцохоор” гээд 5-д "...шилэн фасадны ажлыг ажлын хөлс, материалын болон бусад зардал багтсан 130,374,030 төгрөгт багтаан хийж гүйцэтгүүлэх бөгөөд энэхүү зардлыг "*******" ХХК хариуцна" гэж тодорхойлсон ... "*******" ХХК нийт хөрөнгө оруулалтыг ирээдүйд 372 сая төгрөгт хүрнэ гэсэн агуулгаар эд хөрөнгө шилжүүлэн өгөхтэй холбоотой харилцааг тусад нь гэрээгээр зохицуулахаар тохирсоны дагуу мөн өдөр “Гэрээ” нэртэй хэлцэл байгуулсан юм. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ 10.2-т талуудын хоорондын эрх зүйн харилцаа нь хамтран ажиллах гэрээнээс худалдах, худалдан авах гэрээний харилцаанд шилжсэн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах, эсхүл ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын хооронд байгуулж буй хэлцэл нь үүргийн хэлцэл бөгөөд зөвхөн үүргийн эрхийг үүсгэх буюу байгуулмагц шууд эд юмсын (өмчийн) эрхийг үүсгэхгүй. Энэхүү шаардах эрх нь харьцангуй шинжтэй учир зөвхөн гэрээний нөгөө талын эсрэг аливаа үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан шинжтэй эрх юм. Өмчлөх эрх шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ буюу мөн л үүргийн хэлцэл байгуулна. Энэ гэрээгээр нэг талд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах бөгөөд нөгөө талд төлбөр төлөхийг шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, үүргийн эрх үүсэх боловч эд юмсын (өмчийн) эрх хараахан үүсээгүй гэсэн үг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд өмчлөл шилжинэ. Төлбөр бүрэн төлөгдсөн эсэх асуудал дээр талууд маргаантай байсан.
Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “*******” ХХК-ийн гэрээт ажлын хөлс 65,538,812 төгрөгийг төлөх үүргээ "*******" ХХК биелүүлэхгүй байсан тул хариуцагч тал төлсөн. Энэ төлбөр хариуцагч талаас гарсан болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хуудсын 5, 6 дахь догол мөрөнд тусгасан. “*******” ХХК-ийн дүгнэлтэд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн оффис төлбөр гэх гүйлгээний утгатай 3 удаагийн орлого нийт 60,000,000 төгрөгийг *******гийн орлого, хөрөнгө оруулалт гэж дүгнэсэн. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтийн хариулт 14, Хүснэгт 6-д дээрх 60,000,000 төгрөг бэлэн мөнгөөр барилгын борлуулалтаас орж ирснийг тодорхойлсон. Энэ борлуулалтын орлогоос орж ирсэн хөрөнгө оруулалтыг шилэн фасад угсралтын ажилд 100 хувь оруулсан гэдгийг, талбай худалдаалсан бүртгэлийн 2 дээр иргэн *******д 4 дүгээр давхрын зүүн тийш харсан 10 дахь хэсгийг 60 сая төгрөгөөр борлуулж шилэн фасад угсралтын ажилд оруулсан гэдгээ бүрэн илэрхийлж батлан 3 тал гарын үсэг зурсан. Барилгын 4 дүгээр давхрын худалдаалсан талбайг дахин хэмжсэн тооцоо 2017/07/04 гэсэн бүртгэлийн 2-т иргэн *******д 60 сая төгрөгөөр борлуулж шилэн фасад угсралтын ажилд 100% оруулав гэдгээ дахин баталгаажуулж хариуцагч *******, "*******" ХХК-ийн ерөнхий менежер ******* нар гарын үсэг зурж тамга дарснаар бүрэн баталгааждаг. Гэтэл энэ борлуулалтын орлогыг "*******" ХХК нь өөрийн хөрөнгө оруулалт дээр тооцуулсан байгаа нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн үйлдэл болох талаар бидний хүсэл сонирхлыг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзсэн нь нэхэмжлэгч талыг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл болсон.
Шүүхээс гэрээг хамтран ажиллах гэрээ, худалдах худалдан авах гэрээ гэж үзэж байгаа бол үүргийн эрх зүйн үүднээс гэрээний талууд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн болон гэрээ хийх үед төлбөр дутуу байсан нөхцөл байдлыг тал бүрээс гүйцэд шинжлэн судлаж хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх ёстой байсан.
10.6.Үүнээс гадна 2018 онд нэхэмжлэгч тал шүүхэд хандаж иргэний хэрэг үүссэн цагаас эхлэн анхан шатны шүүх хариуцагч талын эрх ашигт байнга хохиролтой шийдвэр гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон алдаа, нугалаа хийж ирсэн. Тухайлбал: нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2018/12596, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2019/01265 дугаартай захирамжуудаар удаа дараа хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг давхардуулан авсан. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж дутуу шалтгаанаар хүлээж авахгүй буцаах, улмаар нэхэмжлэлээ хэлэлцүүлэн мэтгэлцэх эрхээ эдлэхийн тулд хариуцагч тал давхардуулан тэмдэгтийн хураамжийг 372 сая төгрөгийн дүн бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага дээр 2,018,248+70,200 төлөх байтал 6,125,944 төгрөг төлүүлсний эцэст хүлээн авах зэрэг хүндрэлтэй байнга тулгарч байсан бөгөөд анхан шатны шүүх энэ алдаагаа засаагүй байгааг дахин дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй улмаар хэргийн үйл баримтыг буруу тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
11.Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
11.1.Хамтран ажиллах гэрээнд бичсэн үнийн дүн болох 372,059,500 төгрөгийн хөрөнгийг “*******” ХХК оруулаагүй, нягталж үзээгүй байхад гэрээнд зохиомлоор бичсэн, энэ үнийн дүнг оруулаагүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Гэтэл энэ үнийн дүнг дан ганц гэрээгээр тохиролцоогүй. Талууд тооцоо нийлж уг үнийн дүнг гаргасан болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогддог. Хэрэв энэ үнийн дүнгийн талаар маргаантай байсан бол Хамтран ажиллах гэрээний 3.1-д заасныг үндэслэн талууд гэрээний явцад танилцах, түүнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар шалгуулах эрхтэй. Хариуцагч тал үнийн дүнг оруулсан, оруулаагүй талаар маргаж байсан бол тухайн үед хөндлөнгийн аудитын байгууллагыг шинжээчээр томилоод хэн алиных нь оруулсан хөрөнгийг тогтоолгох эрх нь нээлттэй байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ эрхээ эдлээгүй атлаа энэ талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тодорхой заасан.
11.2.Гэрээний үүргийг 17 хувьтай биелүүлсэн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч 2016, 2017 онд байгуулсан гэрээнээс хойш хариуцагч нар гэрээний үнийн дүнг дутуу төлсөн, гэрээнээс татгалзах, дутуу төлбөрөө шаардах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаар мэдэгдэл огт өгөөгүй буюу энэ талаар ямар нэгэн маргаан үүсээгүй. Нэхэмжлэгч талыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаас эхлэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Энэ талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. “*******” ХХК-ийн хөрөнгө оруулалттай холбоотой маргаантай гэж үзвэл тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн.
11.3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байхад шийдвэрлэсэн, тодруулаагүй гэх агуулгаар шүүхийг буруутгасан байдлаар давж заалдах гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүргийг хүлээсэн. Анх 2018 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргасан, уг хугацаанаас хойш хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах, шаардлагаа ихэсгэх, багасгах, нэмэгдүүлэх, өөрчлөх байдлаар 7-8 удаа өөрчилсөн. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагч нарыг сөрөг нэхэмжлэл гаргах, өөрчлөх, нэмэгдүүлэх хуульд заасан эрхээр нь хангалттай хангасан. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, багасгах бүрд өмгөөлөгчтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, үл хөдлөх эд хөрөнгийн талбайн гадаргууд тэгшилгээ хийх, цонх болон цонхны тавцанг стандартад нийцүүлэн дахин хийхийг даалгах, алданги 186,029,754.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, барилгад нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалт, мөн өдрийн Гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч нар хамтран, түүнчлэн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол нийт 330,618,242 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч *******тус тус гарган маргажээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийн талбайн гадаргууд тэгшилгээ хийх, цонх болон цонхны тавцанг стандартад нийцүүлэн дахин хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3.“*******” ХХК болон *******, ******* нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээ дор дурдсан нөхцөлөөр байгуулагджээ. Үүнд:
- “*******” ХХК 1,200,000,000 төгрөг, *******1,200,000,000 төгрөгийг тус тус мөнгөн хэлбэрээр гаргах, ******* Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Алтайн ******* дугаар гудамж 358, 372 тоот хаягт байрлах, 641.73 м.кв, 421 м.кв талбайтай 2 газрыг 800,000,000 төгрөгт тооцон биет байдлаар гаргах,
- дээрх газарт зоорийн давхар бүхий 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай 3061 м.кв талбайтай барилга барих, орчны тохижилтыг хийх, барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд гүйцэтгэх,
- хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг “Хаан банк” ХК дахь “*******” ХХК-ийн захирал *******ийн эзэмшлийн ******* тоот дансанд төвлөрүүлэх,
- хамтын үйл ажиллагааны үр дүнд баригдах барилгын 1, 5 дугаар давхрыг “*******” ХХК, 3, 4 дүгээр давхрыг *******, 2, 6 дугаар давхрыг ******* тус тус өмчлөхөөр харилцан тохиролцжээ. (1хх 13-15)
Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4.Дээрх гэрээнд зааснаар *******ийн шилжүүлсэн газар дээр барилга баригдсан ба гэрээний 5.6-д заасны дагуу 3 сарын дотор хийх эхний ээлжийн санхүүжилтэд “*******” ХХК 220,918,730 төгрөг, *******197,204,080 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн ******* 525,000 төгрөг төлсөн болохыг талууд баталгаажуулж, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгө оруулалтын тооцоо” баримт үйлджээ. (2хх 41)
5.Үүний дараа талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай” гэрээ байгуулж, хамтран ажиллах гэрээнээс “*******” ХХК-ийг гарсанд тооцож, барилгад оруулсан түүний санхүүжилт 372,059,509 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, барилгыг барьж дууссаны дараа 5 дугаар давхрыг уг үнийн дүнд тооцон “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, *******, ******* нар барилгыг барьж дуусгах, “*******” ХХК барилгын шилэн фасадны ажлын зардал 130,374,030 төгрөгийг хариуцахаар тус тус харилцан тохиролцжээ. (1хх 16)
Мөн өдөр байгуулсан “Гэрээ”-ээр *******, ******* нар барилгын 5 дугаар давхрын 351.45 м.кв талбайг нэг м.кв 1,058,641 төгрөг, нийт 372,059,509 төгрөгт тооцон “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “*******” ХХК-аас 372,059,509 төгрөгийн санхүүжилт хийснийг хүлээн зөвшөөрч, талбайн үнэ төлөгдсөнд тооцохоор тохиролцсон байна. (1хх 17-19)
Хамтран ажиллах гэрээнээс гарч болох нөхцөлүүдийг Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.2 дахь хэсэгт заасан ба хамтын ажиллагаанаас “*******” ХХК гарсан үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь шүүхэд шаардлага гаргаж маргаагүй.
6.Харин “*******” ХХК-аас хамтран ажиллах гэрээний дагуу 372,059,509 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх, уг нөхцөл байдал Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээ, Гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх ба хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.
6.1.Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 6-д “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлуудын жагсаалтыг хавсаргахаар тусгаж, улмаар талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн.
Уг актад “*******” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд 311,712,479 төгрөгийн бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийсэн, мөн шилэн фасад угсралтын ажил дуусахад төлөх 60,347,030 төгрөгийн үлдэгдэл байгаа болохыг харилцан баталж, хөрөнгө оруулалтын дүнд барилгын 5 дугаар давхрын 351.45 м.кв талбайг нэг м.кв-ыг 1,058,641 төгрөгөөр тооцож нийт 372,059,509 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон талаар тооцоо нийлжээ. Мөн тооцооны задаргааг “Тооцооны баримтын жагсаалт 2”-д тусгажээ. (2хх 40)
6.2.Хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шинжээчийн дүгнэлтээр "*******" ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд “Хаан банк” ХК дахь ******* тоот дансанд 93,207,000 төгрөгийг шилжүүлж, барилгын үйл ажиллагаанд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 165,373,487 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд 10,600,000 төгрөг, нийт 175,973,487 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 70,000,000 төгрөгт бартераар тээврийн хэрэгсэл шилжүүлж, бүгд 339,180,487 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тогтоогдсон байна. (5хх 125-145)
6.3.Шинжээчийн дүгнэлтэд “*******” ХХК-ийг дээрх ******* тоот данснаас 121,398,354 төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэж дүгнэсэн байх ба уг дүнг түүний хөрөнгө оруулалтаас хасч тооцохгүй. Учир нь, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заасан ба Хамтран ажиллах гэрээний 2.3-т талууд хөрөнгө оруулалтаа “Хаан банк” ХК дахь “*******” ХХК-ийн захирал *******ийн эзэмшлийн ******* тоот дансанд төвлөрүүлэхээр тохиролцсон тул уг дансанд мөнгөн хөрөнгө шилжсэн үеэс тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгөд тооцогдоно.
"*******" ХХК нь Хамтран ажиллах гэрээний 4.1, 4.2-т зааснаар хамтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах (хөрөнгө оруулалтыг барилгын ажилд захиран зарцуулах, барилгын материал бэлтгэх, татан авах, барилгыг барьж дуусгах, хүлээлгэн өгөх, ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, захиалагчийн хяналт тавих) үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4 дэх хэсэгт “Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно” гэж заасанд хамаарах бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэх явцад дундаа өмчлөх хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь хураамжаас тусдаа асуудал юм.
6.4.“*******” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “*******” ХХК-тай Шилэн фасад угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын гадна шилэн фасад угсарч суурилуулах ажлыг 190,347,030 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. (2хх 42-44)
“*******” ХХК болон *******, ******* нар нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлэхдээ дээрх шилэн фасад угсралтын ажлыг *******, ******* нар үргэлжлүүлж хариуцан хийлгэх, харин үлдэгдэл төлбөр 60,347,030 төгрөгийг “*******” ХХК төлөхөөр тохиролцсон.
Хэрэгт авагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэсэн актаас үзэхэд, “*******” ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж *******т хүлээлгэн өгсөн байна. (1хх 81)
Түүнчлэн “*******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт хэрэгт авагдсан ба уг баримтад “Компаниудын хооронд байгуулсан 2016 оны 12 сарын 30-ны өдрийн 09/15 тоот Шилэн фасад угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдэж хамтын ажиллагаа амжилттай дуусгавар болсон тул ажил хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулж хүлээлцсэндээ баяртай байна. Мөн гэрээний үндсэн үүрэг бүрэн биелэгдсэн тул "*******" ХХК болон “*******” ХХК-ийн хооронд төлбөрийн үлдэгдэлгүй тооцоо 100% төлөгдсөн...” гэж дурджээ. (1хх 83)
Иймээс эдгээр баримтаар “*******” ХХК-ийг тооцоо нийлсэн актад тусгагдсан шилэн фасадын ажилтай холбоотой 60,347,030 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* нь 65,538,460 төгрөгт тооцон “*******” ХХК-д эд хөрөнгүүд хүлээлгэн өгч төлбөр тооцоог дуусгасан гэж маргаж, төлбөр барагдуулсан тухай акт, хавсралтуудыг шинжээчид хүргүүлсэн (Хавсралт СБ-04) байх боловч “*******” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.
6.5.Дээр дурдсаныг харьцуулбал, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний хураамжид 372,059,509 төгрөгийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй. Тус магадлалын 6.2, 6.4-т дүгнэснээр уг компанийн төлсөн нийт дүн 399,527,517 (339,180,487+60,347,030) төгрөг боловч нэхэмжлэлд тусгаснаар тооцох нь талуудын зарчимд нийцнэ.
Хариуцагч *******, ******* нар нь сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлагыг “барилгад нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох тухай” гэж тодорхойлсон нь тэдгээрийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх бие даасан шаардлага гэж дүгнэж шийдвэрлэснийг залруулах нь зүйтэй.
7.Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт “Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана” гэж заасан.
“*******” ХХК Хамтран ажиллах гэрээнээс гарах болсонтой холбоотойгоор хураамжид төлсөн 372,059,509 төгрөгийг буцаан өгөхгүйгээр барилгын 5 дугаар давхрын 351.45 м.кв талбайг өгөх, *******, ******* нар хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн барилгыг барьж дуусгахаар Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээ болон Гэрээгээр тохиролцсоноос үзвэл, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд хамтран ажиллах гэрээнээс нэг гишүүн гарсны үр дагаврыг шийдвэрлэсэн байна.
Хариуцагч *******, ******* нар нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалт, мөн өдрийн Гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид холбогдуулан гаргаж, үндэслэлээ “Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалтад нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хууран мэхэлж, бодитоор оруулаагүй 372,059,509 төгрөгт тооцож, барилгын 5 дугаар давхрын 351.45 м.кв талбайг авахаар зөвшөөрүүлсэн, уг хүчин төгөлдөр бус заалтын үндсэн дээр “Гэрээ” нэртэй хэлцэл хийгдсэн учир мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна” гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх дээрх 2 гэрээ болон тэдгээртэй хамт үйлдсэн тооцоо нийлсэн акт, тооцооны баримтын жагсаалтын агуулгыг зөв тогтоож, “*******” ХХК нь хэлцэл хийх зорилгоор *******, ******* нарыг хууран мэхэлсэн болох нь тогтоогдоогүй, хууль зөрчөөгүй, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалт, мөн өдрийн Гэрээг тус тус хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймээс “*******” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээ, мөн өдрийн Гэрээг үндэслэн маргаан бүхий барилгын 5 дугаар давхрын 351.45 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор *******, ******* нарт холбогдуулан шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулахаар тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх арга, журамд хамаарах учир үндэслэлтэй.
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээнд худалдах, худалдан авах гэрээний агуулга тусгагдсан байх хэдий ч талуудын илэрхийлсэн хүсэл зориг нь хамтран ажиллах гэрээнээс гарсан гишүүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх агуулгатай буюу Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсгийн зохицуулалтад илүү хамаарахаар байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулах нь зүйтэй.
Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/3677 дугаар албан бичгийг үндэслэн маргаан бүхий талбайд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. (1хх 134-135)
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
8. Харин нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар өөрчилж дүгнэсэн учир хариуцагч талын гаргасан “анхан шатны шүүх нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө 217,761,974 төгрөг болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад талуудыг мэтгэлцүүлэх, хариуцагчийн хүссэн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй” гэх хариуцагч талын гомдолтой холбоотойгоор сөрөг нэхэмжлэлд дор дурдсан дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.1. “*******” ХХК нь Хамтран ажиллах гэрээний 4.1, 4.2-т зааснаар хамтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хэрэгжүүлэхдээ 121,398,354 төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба нэхэмжлэгчээс 156,952,254 төгрөг гаргуулахаар хариуцагч *******сөрөг нэхэмжлэл гаргасан.
8.3.Дээрх сөрөг нэхэмжлэлд нийт 27 гүйлгээг дурдсанаас шинжээч 121,398,354 төгрөгийн үнийн дүн бүхий 22 гүйлгээг дүгнэсэн байх ба хариуцагч үүнийг үгүйсгэсэн баримт шүүхэд гаргаагүй тул уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзнэ.
8.4.Мөн зориулалтын бусаар зарцуулсан мөнгө нь *******гийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгө гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, “Хаан банк” ХК дахь ******* тоот дансанд талуудын төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгөд хамаарахыг тус магадлалын 6.3-т дүгнэсэн. Харин Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид учир *******г дээрх асуудлаар “*******" ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжилгээгээр “*******" ХХК нь Хамтран ажиллах гэрээний 4.1, 4.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үүний улмаас 121,398,354 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна. Анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болсон тул хариуцагч *******гээс сөрөг шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж буруу дүгнэснийг залруулна.
8.5.Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд “*******” ХХК-ийг гэрээнд заасан хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг оруулаагүй, удирдлагын эрх, үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үүний улмаас барилга угсралтын ажил хугацаа алдаж, барилгын материал, ажиллах хүчний үнэ өсөж, борлуулалтын үнэ буурч, алдагдал хүлээсэн үндэслэлээр хохирол 347,665,988 төгрөгийн нэхэмжлэгчид ногдох хувь 173,665,988 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хамтран ажиллах гэрээнд барилгыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд барихаар заасан ба барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2018/100 дугаар дүгнэлтээр уг барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна. (1хх 230-232)
Шинжээчийн дүгнэлтэд барилгад оруулсан нийт хөрөнгө оруулалт 908,211,128.75 төгрөг, үүнээс “*******” ХХК-аас 217,761,974 төгрөг, *******гээс 284,659,780 төгрөг, *******аас 66,788,460 төгрөг, борлуулалтаас 338,306,500 төгрөг, бусад 694,414 төгрөг гэж дүгнэснээс үзвэл, “*******” ХХК, *******нарын хэн алины хөрөнгө оруулалт гэрээнд заасан 1,200,000,000 төгрөгт хүрээгүй байна.
Мөн тухайн барилгын ажлын төсөв 2016 онд 1,770,397,322 төгрөг, 2017 онд 2,118,063,310 төгрөг гэсэн баримтуудыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулбал, сөрөг нэхэмжлэлд дурдсан 347,665,988 төгрөгийн барилгын материал, ажиллах хүчний үнийн өсөлт, борлуулалтын үнийн бууралт бий болсон байдал нотлогдоогүй. (2хх 120-171) Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь 173,665,988 төгрөгийн хохирол учруулсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "*******" ХХК-аас 121,398,354 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
9.“*******” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр *******, ******* нараас алдангид 186,029,754 төгрөг гаргуулахаар шаардсан.
Гэрээний 4.3-т тусгагдсан алдангийн нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн боловч “*******” ХХК нь хамтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, барилгын хөрөнгө оруулалтаас 121,398,354 төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан буруутай буюу барилга хугацаандаа баригдах нөхцөлийг хангаж ажиллаагүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар анз авах эрхээ алдсан байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
10.Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдагдсан шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийг давхардуулан төлүүлсэн гэх асуудлыг дор дурдсанаар дүгнэв.
10.1.Хариуцагч нар хамтран анх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан ба үүний дараа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлээ ихэсгэж, өмнө гаргаснаас өөр үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тохиолдолд уг хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр заасан тул сөрөг нэхэмжлэлийг ихэсгэхэд улсын тэмдэгтийн хураамж 2,018,248 төгрөг төлүүлсэн нь зөв. Хариуцагч тал 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай хэлцлийн 2 дугаар зүйл гэж шаардлагаа багасгасан нь өмнө улсын тэмдэгтийн хураамж төлсөнд нөлөөлөхгүй.
Иймээс гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах шаардлагад 2,088,448 төгрөг (2,018,248+70,200) төлөх байсан гэх гомдол үндэслэлгүй.
10.2.Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоолгох шаардлагын хүрээнд үнийн дүнг 241,685,479 төгрөг, 55,955,000 төгрөг, 217,761,974 төгрөг гэж өөрчилж холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тооцож, илүү төлсөн төлбөрийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин илүү төлсөн дүн 2,019,248 төгрөг (6,125,944-4,106,696) байтал 2,018,248 төгрөг гэж алдаатай тусгасан, үүнээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хангасан шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 2,088,448 төгрөг тооцогдох байтал 3,212,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй тул эдгээр алдааг залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг 121,398,354 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, мөн хууль хэрэглээ болон найруулгын алдааг залруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийг Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /14181/ Ногоон нуур гудамж, ******* дүгээр байрны 5 дугаар давхарт байрлах, 351.45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 186,029,754.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах тухай гэрээний 2 дахь заалт, мөн өдрийн Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас 121,398,354 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 209,219,888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж,
4 дэх заалт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан барилгын 5 дугаар давхрын 341.45 м.кв талбайн гадаргууд тэгшилгээ хийж, баруун харсан 5 ширхэг цонх болон цонхны тавцанг стандартад нийцүүлэн дахин хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “*******” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэлт оруулж,
4 дэх заалтын дугаарлалтыг “5” гэж өөрчилж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлсөн 3,552,700 төгрөг, хариуцагч *******, ******* нарын төлсөн 4,106,696 төгрөг, хариуцагч *******гийн төлсөн 1,968,999.94 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 2,088,448 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д, нэхэмжлэгч “*******” ХХК-аас 764,942 төгрөг гаргуулж хариуцагч *******д, улсын орлогоос 2,019,248 төгрөг гаргуулж хариуцагч *******, ******* нарт тус тус олгосугай” гэж өөрчилж,
5, 6 дахь заалтын дугаарлалтыг “6”, “7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 1,212,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 2,088,448 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА