Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02034

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/07683 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“*******” ХХК нь 2021 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд иргэн *******гийн засварын газрын барилгын суурийн ажлыг гүйцэтгэх үедээ манай компаниас М250 маркийн 105.5 м.куб хэмжээтэй зуурмагийг нэг м.кубыг 215,000 төгрөгөөр тооцож, нийт 22,682,500 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр тохирч зээлээр худалдаж авсан.

Үүнээс 5,482,500 төгрөгийг төлж, 17,200,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг компанийн захирал ******* нь ажлаа дутуу орхиод, зуурмагийн үлдэгдэл мөнгийг өгөлгүй, удахгүй буцаж ирээд өгнө гээд Улаанбаатар хот руу яваад эргэж очоогүй. Түүнийг эрж олж уулзах гэж Сүхбаатар аймгаас олон удаа ирж шатахууны зардлаар хохирсон, мөн Улаанбаатар хотод өмгөөлөгч хөлслөн нэмэлт зардал гаргаж хохирч байна.

“*******” ХХК-аас бетон зуурмагийн үнийн үлдэгдэл 17,200,000 төгрөг, замын зардал 1,100,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,700,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани 2021 оны 05 дугаар сард Сүхбаатар аймагт иргэн *******гийн барилгын ажлыг эхэлж, “*******” ХХК-аас 25.5 м.куб бетон зуурмаг худалдан авч, суурийг цутгасан бөгөөд үүний мөнгө 5,482,500 төгрөгийг бүрэн төлсөн.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үлдэх 80 м.куб бетон зуурмагийг манай компани аваагүй, захиалагч ******* авч гадна талбайгаа цутгасан. Манай компани болон *******гийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд дээрх гадна талбайн ажил нь хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 80 м.куб бетон зуурмагийн үнийг манай компани төлөх үүрэггүй бөгөөд жинхэнэ хариуцагч биш, жинхэнэ хариуцагч *******гээр солих хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч талаас 17,200,000 төгрөгийн бетон зуурмаг аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас гарах зөвшөөрөл аваад Улаанбаатар хот руу явсан. Тухайн 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод байсан. Миний гарын үсгийг хуурамчаар зурсан, удаа дараа хүсэлт гаргаад, гарын үсгийн хэвээ өгсөн боловч шүүх шинжилгээнээс дүгнэлт ирээгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас нийт 17,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгон, үлдсэн 2,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Манай компани 2021 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд иргэн *******тэй засварын газрын барилгын ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, тус гэрээт ажил нь Ковид 19 халдварт өвчний улмаас удааширсан. “*******” ХХК-ийн нэхэмжилж буй зуурмагийн үнэ 17,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба “*******” ХХК-аас 5,482,500 төгрөгийн бетон зуурмагийг авч, төлбөр тооцоо төлөгдөж дууссан.

“*******” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрийн зарлагын баримтуудыг гардуулж өгөөгүй, манай зүгээс тус 80 м.куб бетон зуурмагийг аваагүй. “*******” ХХК-аас гаргаж өгсөн зарлагын баримтыг нэг талын баримт гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* миний зүгээс Иргэний хуулийн 243 дугааp зүйлийн 243.2 дахь хэсэгт заасны дагуу “*******” ХХК-аас тус 80 м.куб бетон зуурмагийн дагалдах баримтууд болох НӨАТ-ын цахим бичилт, бетон зуурмагийн чанар стандарт, сорьцын шинжилгээ, өглөг, авлагын тооцоо нийлсэн акт зэрэг хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байсан эсэх талаарх нотлох баримтыг гаргуулж, хэрэгт цуглуулахаар хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас нэг талын зарлагын баримтуудыг гаргаж өгсөн, 9 хуудас зарлагын баримтаас харахад зарлагын баримтыг хүлээн авагч нь ******* миний гарын үсгийг дуурайж зурсан, зарим нь нэр тодорхойгүй /үл уншигдах/ гарын үсэг зурсан байдлаар үйлдэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас ******* намайг бетон зуурмагийг өөрөө ирж авдаг байсан гэх боловч бодит байдал дээрээ энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар буюу нэхэмжлэгчийн тайлбар, гэрч *******, *******нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдоогүй, зуурмагийг авсан гэх нь үгүйсгэгддэг.

******* миний зүгээс “*******” ХХК-ийн зарлагын баримт дээр зурагдсан гарын үсэг минийх мөн эсэх талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилуулах тухай хүсэлт гаргаж, шүүх хүлээн авч шүүгчийн захирамж гарсан. Миний зүгээс шүүгчийн туслахын зөвлөмж, зааврын дагуу хажууд нь олон удаа гарын үсгийн уншигдах болон үл уншигдах, харьцангуй чөлөөт болон чөлөөт гэх зэрэг загварыг бүрдүүлж өгснийг шүүгчийн туслах илгээсэн гэж ойлгож байгаа. Шинжээч нь тодорхойгүй шалтгааны улмаас шинжээчийн дүгнэлт гаргаагүй. /хх-74 тал, 2023.05.11 №3727 шүүхийн албан бичигт 2022.07.06-ны өдрийн 181/32022/092112-тай захирамжийг хүргүүлэв ... Шүүгчийн захирамж 4 хуудас хавсралт 8 хуудас баримтыг илгээв. 2024.02.27 №1065 албан бичгийг ШШЕГ-т 2024.01.30 №181/Ш32024/02489 захирамжийг хүргүүлэв, хх-79 тал ШШЕГ-ын 2023.09.29 №13/6295 албан бичигт шинжилгээнд ирүүлсэн материалыг буцаав, хх-108 тал ШШЕГ-ын 2024.03.29 №13/2172 албан бичигт буцаав/. Дээрх үйл баримтаас харахад шүүхээс шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр ирүүлсэн материалыг захирамж болон баримтын хамтаар илгээсэн байхад Шүүх шинжилгээний ерөнхий газрын хариу мэдэгдэх хуудсыг шинжээч томилохоос татгалзлаа баримтын хамт буцаав гэсэн байх боловч илгээсэн баримт буцаасан албан бичгийн хамт хэрэгт байх ёстой байтал албан бичгээс бусад гарын үсгийн шинжилгээнд илгээсэн баримт хэрэгт огт байхгүй.

4.2.******* миний зүгээс 2021 оны 05 дугаар сарын эхээр Сүхбаатар аймагт *******тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт барилгын бараа материал хүргэж өгөхөөр очсон ба эргээд Улаанбаатар хот руу буцахаар /хх-120 тал/ 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Аймгийн онцгой комисст буцах зөвшөөрөл хүсээд, зөвшөөрлийн хариу гарч, тус өдрөө Улаанбаатар хот руу буцсан. Энэ талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт Сүхбаатар аймаг руу зорчсон болон буцсан талаарх лавлагааг гаргуулж авахаар хүсэж, шүүгчийн захирамжийг хүргүүлсэн ба Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 2024.12.23-ны №32/537 албан бичгийн хариуд /хх-139/ “2021.04.25-ныг хүртэл цаасаар олгож байсан бөгөөд үүнээс хойш зөвшөөрлийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж ажилласан тул иргэн *******ын зөвшөөрлийн бичиг архивт байхгүй болно. Цахим мэдээллийн сан нь хадгалагдаж үлдээгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна" гэсэн хариу ирснээр миний хувьд тухайн орон нутагт байсан эсэх, байгаагүй талаарх нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх гэсэн боловч нотлох баримт цуглараагүй.

4.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ доорх үйл баримтыг дурдахдаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь хэргийг үнэн зөвөөр дүгнэж, үндэслэх хэсгээ болгож чадсан эсэхэд нь санал нийлэхгүй байгаа ба хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг анхаарч үзэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосонд гомдолтой байдаг. Үүнд: 1. “*******” ХХК-аас “*******” ХХК-д огноо 2021.05.25 нэхэмжлэл үйлдсэн байх ба тус нэхэмжлэлд "*******" ХХК-аар гарын үсэг зуруулж хүлээлгэж өгөх байсан ба нэхэмжлэлийг хүлээж авсан гарын үсэг зуруулаагүй. 2. хх-22 тал *******ын шүүхэд тайлбар гаргах нь “... авсан зуурмагаасаа зарим үнийг цемент оролцуулж төлж, ******* ... өөрөө ирж ачуулж авч байсан” гэсэн тайлбар мэдүүлгийг үнэлээгүй. 3. хх-46, 47 тал СБДИХАШШ-ээр огноо 2022.03.22 тодорхойлох нь “1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар тодорхойлсон. ******* ... Барилгын хундам буюу суурийг 2021 оны 5 сарын 01-ний өдөр цутгасан үүнд маргахгүй. 2. Хариуцагч 2021.5.1 барилгын шал, суурийн цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбар гаргасан байдаг ба энэ үйл баримтаас харахад иргэн *******гийн барилгын суурийн ажлыг 2021.05.01-ний өдөр дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээнд гадна талбайн ажлыг хийж гүйцэтгэхээр заагдаагүй нь “*******” ХХК-д өөр бетон зуурмагийн хэрэгцээ шаардлага байгаагүйг нотлож байна гэж үзэж байна. 4. хх-120 тал ******* Сүхбаатар Аймгийн онцгой байдлын газарт Улаанбаатар хот буцах тухай албан бичиг 2021.05.07-ны өдөр 09:27 минут илгээсэн байдаг. Тус цахим шуудангаар 2021.05.08-ны өдөр “холбогдох утасны дугаараа явуулна уу” гэх хариу ирсэн байдаг. 5. хх-164 тал гэрч ******* хариулт: *******гийн засварын газар гэж ******* авто засварын газрыг хэлж байгаа байх, 2021.05-24, 25-ны өдрүүдэд 80 м.куб зуурмаг буулгасан, 2 зуурмагийн машинаар тус бүр 5 удаа зөөвөрлөлт хийсэн. Нэг машин 8 м.куб байдаг. Асуулт: Тус зуурмагийг ачиж тээвэрлэн очиход хэн хүлээж авсан бэ, хариулт: Тэрийг бол хэлж мэдэхгүй байна. 6. хх-165 тал гэрч *******: нийт үнэ 17,600,000 төгрөг болсон гэсэн тайлбараас харахад 1 м.куб бетон зуурмаг 215,000 төгрөг гэж нэхэмжилдэг ба *******гийн мэдүүлгээр 17,600,000 төгрөгийн бетон зуурмаг нь 81.86 м.куб болох үнэ байх ба нэхэмжлэгийн нэхэмжилж байгаа бетоноос даруй 400,000 төгрөгийн зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байдаг.

4.4.Хэрэгт авагдсан дээр нотлох баримтаас нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр тодруулах гэсэн боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүргийг хэрэгжүүлээгүй ба хэрэгт цугларсан баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахад хангалттай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц баримт бүрдээгүй гэж үзэж байна. "*******" ХХК-ийн зарлагын баримтыг үндэслэж шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангаж байгаад гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1, 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал нь нэг талын нотлох баримт гэх асуудлыг дурдаж байна. Гэтэл манай тал хариуцагч талын хүсэлтээр тухайн баримтыг гаргаж өгсөн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй гэж маргадаг. Шүүх 2 удаа шинжээч томилоход хариуцагч тал ирээгүй атлаа одоо энэ талаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах эрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бетон зуурмагийн үнийн үлдэгдэл 17,200,000 төгрөг, хохирол 2,800,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь 2021 оны 05 дугаар сард М250 маркийн 105.5 м.куб бетон зуурмагийг нэг м.кубыг 215,000 төгрөгөөр тооцож нийт 22,682,500 төгрөгөөр худалдаж авсан, үүнээс 5,482,500 төгрөгийг төлж, 17,200,000 төгрөгийг төлөөгүй, бетон зуурмагийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд баригдаж байсан иргэн *******гийн авто засварын газрын барилгын талбайд буулгасан” гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа “нэхэмжлэгчээс 25.5 м.куб бетон зуурмагийг худалдан авч үнийг бүрэн төлж тооцоо дууссан, 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдөр 80 м.куб бетон зуурмаг худалдаж аваагүй” гэж тайлбарласан.

 

3.Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрийн зарлагын баримтуудад үндэслэн нэхэмжлэлээ гаргасан ба уг баримтуудад М250 маркийн, 80 м.куб хэмжээтэй, нийт 17,200,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийн худалдан авагчийг “*******” ХХК гэж тусгажээ. (хх-5, 144-152)

Мөн жолооч *******, компанийн нярав *******нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 80 м.куб бетон зуурмагийг тээвэрлэсэн талаар мэдүүлсэн ч хүлээн авсан этгээдийг мэдэхгүй гэж тайлбарлажээ. Гэрч *******нь 80 м.куб бетон зуурмагийг “*******” ХХК авсан, төлбөр 17,200,000 төгрөгийг төлөөгүй, түүнээс утсаар холбогдож, мессеж бичиж төлбөрөө шаардсан боловч төлөөгүй гэж мэдүүлсэн байна. (хх-164, 165)

 

4.Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр 18*15 хэмжээтэй 5 м өндөртэй сэндвичэн барилгыг барьж гүйцэтгэхээр *******тэй тохиролцжээ. (хх-40-41) Тэрээр уг барилгын суурийн ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчээс 25.5 м.куб бетон зуурмаг худалдан авч ашигласан, 5,482,500 төгрөгийн төлбөр тооцоог гүйцэтгэсэн гэж тайлбарласан ба уг үйл баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна.

*******гийн нэхэмжлэлтэй дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00588 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх ба ******* нь “2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “*******” ХХК-ийн захирал *******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 30% болох 31,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Барилгын суурийг 2021 орны 05 дугаар сарын 01-ний өдөр цутгасан үүнд маргахгүй. Суурь цутгасны дараа ажлын хөлсний 50% буюу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй. Одоо барилгыг өөр хүмүүсээр бариулаад дууссан, эхний шилжүүлсэн 31,350,000 төгрөгийг суурь буюу хундааманд тооцсон” гэсэн тайлбар гаргажээ. (хх-46-51)

 

5.Дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитой харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий 80 м.куб бетон зуурмагийг хариуцагчид худалдахаар тохиролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.1.Учир нь, нэхэмжлэгчээс 80 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэх цаг хугацаа нь хариуцагчийн ажил гүйцэтгэсэн хугацаанаас зөрүүтэй, тодруулбал нэхэмжлэгч нь бетон зуурмагийг 2021 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд нийлүүлсэн гэж тайлбарлах боловч хариуцагч нь 2021 орны 05 дугаар сарын 01-ний өдөр барилгын суурийг цутгаснаас хойш тухайн барилгад өөр ажил хийгээгүй болох нь дээр дурдсан шүүхийн шийдвэрээр нотлогдсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд “80 м.куб бетоныг ******* авч гадна талбайгаа цутгасан учир жинхэнэ хариуцагчаар солиулах хүсэлттэй” гэх агуулгатай татгалзал гаргасныг нэхэмжлэгч нь “*******д бетон зуурмаг нийлүүлээгүй, төлбөр төлөх талаар тохиролцоогүй учир түүнийг хариуцагчаар татах, хариуцагчийг солих үндэслэлгүй” гэж тайлбарлан мэтгэлцсэн байх ба шүүхийн шийдвэрт тусгагдсан дээрх үйл баримтыг үгүйсгэж няцаасан баримт хэрэгт авагдаагүй. (хх-20, 22)

5.2.Үүний зэрэгцээ бетон зуурмаг буулгасан газрыг гэрч ******* “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын баруун талд байрлах “*******” авто засварын газар, гэрч *******Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн урд байрлах авто засварын газар гэх зэргээр мэдүүлсэн ба эдгээр мэдүүлгээр бетон зуурмагийг хариуцагч “*******” ХХК-д хүлээлгэн өгсөн, түүний захиалгаар нийлүүлсэн гэж эргэлзээгүй байдлаар дүгнэх боломжгүй байна.

5.3.Мөн нэхэмжлэгчээс зарлагын баримтуудад хариуцагч компанийн захирал ******* гарын үсэг зурсан гэж тайлбарласныг гэрч ******* “бетон зуурмагийг хүлээн авсан этгээдийг мэдэхгүй” гэх мэдүүлэг, дээрх шүүхийн шийдвэр, хариуцагчийн татгалзалтай харьцуулбал, бетон зуурмагийг хариуцагч хүлээн авсан гэж үзэхээргүй байна.

 

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор зохицуулсан.

Гэвч хэргийн баримтаар нэг талаас нэхэмжлэгч нь 80 м.куб бетон зуурмагийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч нь үнэ 17,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хүсэл зориг харилцан илэрхийлсэн, түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид 80 м.куб бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн байдал тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх зохигч талуудын гаргасан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, нэхэмжлэгчийг бетон зуурмагийн үнэ төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

Мөн хариуцагч нь 80 м.куб бетон зуурмагийн үнэ 17,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас замын зардал 1,100,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,700,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийн хохирол шаардсан нь үндэслэлгүй. 

 

7.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/07683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 243,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ЦЭНД

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

                                                       ШҮҮГЧ                                        Д.ЗОЛЗАЯА