Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 0242

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 1925005220303 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 07 сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 5-17 тоотод эхнэр Б.Бтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дүүд мөнгө явуулсангүй гэснээс маргаан үүссэн. Гэм буруугаа ойлгож байна. Дахин архи, уухгүй. Ер нь нэг их уудаггүй. Хэргийн талаар ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 сарын 23-ны орой нөхөр Энхбатын хамт найз Мөнхбаярын гэрт очиж пиво ууцгаасан. Гэртээ хариад би Энхбатаас миний дүү Мэндбаярт мөнгө явуулсан уу гэж асуусан чинь үгүй гэж хэлэхээр нь би уурлаад хэрүүл хийсэн. Энхбатыг би нуруунд нь маажсан чинь Энхбат гараа саваад миний хамар луу цохисон. Энхбат бид 2 адилхан уусан байсан гэсэн мэдүүлэг/хх 10 ху/,

 

-Шинжээч эмч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

 

-Яллагдагч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...орой 00 цагийн үед гэртээ хариад байж байтал Батзаяа бид 2 мөнгөнөөс болоод маргалдсан, тэгээд Батзаяа миний араас намайг цохиж нуруу маажахаар нь би эргэж хараад цохичихсон юм. Гэтэл хамараас нь цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 501 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-гийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 16-17 ху/,

 

-Ж.Э-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 23-25 ху/,

-Бичиг баримтанд үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх 34-38 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 5-17 тоотод эхнэр Б.Бтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Эхнэрийнхээ бид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дүүд мөнгө явуулсангүй гэснээс маргаан үүссэн. Гэм буруугаа ойлгож байна” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Бгийн “...би Энхбатаас миний дүү Мэндбаярт мөнгө явуулсан уу гэж асуусан чинь үгүй гэж хэлэхээр нь би уурлаад хэрүүл хийсэн. Энхбатыг би нуруунд нь маажсан чинь Энхбат гараа саваад миний хамарлуу цохисон” /хх 10 ху/ гэсэн мэдүүлгүүд, шинжээч эмч Ц.Нандинцэцэг /хх 20-21 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 501 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Ж.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг 4 сарын хугацаанд сард 137.500 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА