| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0089/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Мын Бт холбогдох эрүүгийн 1919001500084 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн ... сум, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Мын Б, регистрийн дугаар 00;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө овогт Мын Б нь 2019 оны 04 дүгээр зарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... сум, 00 тоот хашаанд байрлуулсан, 00 улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан хохирогч Д.Бийн 4 тооны эр хонь, 3 тооны эр төлөг, 3 тооны эм төлөг буюу 10 тооны малыг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй …” гэв.
Шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ганцаараа нилээн согтуу явж байтал нарийн гудмын хажууханд байдаг айлын хашаан дотор хонь майлах шиг болохоор нь яваад очтол тэр хашаа нь онгорхой байж байсан. Тэгээд явж ороод хартал ачааны портер машины тэвшин дээр хэдэн тооны хонинууд харагдсан. Тэгэхээр нь арын хаалганых нь уяаг тайлаад нөгөө хэдэн хонинуудыг буулгаад гэр лүүгээ туугаад явсан ба гэртээ очоод хашаа руугаа оруулаад гражид хийгээд гаднаас нь хаалгыг хаагаад гогцоо төмрөөр чагтлаад орхисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ачиж ирсэн хонинуудаа машиныхаа тэвшин дээр үлдээсэн. Тэгээд ажлаа хийж байгаад маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө эрт 05 цагийн үед гэртээ ирээд хартал машин дээр байсан 10 тооны хонь байхгүй болчихсон, тэвшний хаалга дэлгээтэй байсан. Тэгэхээр нь би шууд өөрийнхөө гар утаснаас цагдаа руу дуудлага өгсөн. Тэгсэн удалгүй цагдаа нар хүрч ирсэн. Тэгээд хараад байсан машинаас буулгаад өртөнцийн зүгээр баруун урагшаа туугаад явсан мөр байхаар нь тэр мөрийг дагаад цагдаа нартай хамт явахад 6 баатрын хөшөөний зүүн талаар яваад зам дагуу баруун зүг рүү явж байгаад буцаж эргээд хойд тал руу Гандангийн баруун талаар гудамжаар явж байгаад нэг айлын хашаа руу орсон байхаар нь тэр айл руу явж ороод гражийг нь нээтэл 10 хонь маань байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/
Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Өлзийхүү найз Бтойгоо 2 шил 0.75 хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд манай гэрт тэр 2 ууж эхэлсэн ба тэр 2 архиа ууж дуусгаад Б манай гэрээс харилаа гээд ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгсэн шөнө хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна, манай хүү орж ирж байгаа нь мэдэгдсэн. Тэр үед би унтаж байсан болохоор ямар ч байсан орж ирж байгааг нь сонссон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч С.Чийн “...шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №4, 5, 6 дугаартай гутлын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гэрэл зургийн үзүүлэлтийг зураг №5 дугаартай гутлын мөр нь яллагдагч М.Бийн баруун хөлийн гутлын мөртэй тохирч байна. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №6 дугаартай гутлын мөр нь яллагдагч М.Бийн зүүн хөлийн гутлын мөртэй тус тус тохирч байна...” гэсэн 11/050 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...тээврийн хэрэгслийн зүүн урд талаас арзгар ултай гутлын мөр илрүүлж кримналистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” / хх-ийн 3 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ6/18-101 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 04 дүгээр зарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... сум, 00 тоот хашаанд байрлуулсан, 00 улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан хохирогч Д.Бийн 4 тооны эр хонь, 3 тооны эр төлөг, 3 тооны эм төлөг буюу 10 тооны малыг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь гэм буруугийн талаар маргаагүй тул бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хүрээнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Бт буцаан олгох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Мын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Бт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ширхэг хос пүүзийг М.Бт буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА