Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 0243

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 1925005090305 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.А нь Орхон аймгийн Баян-өндөр сумын Даваат баг Ундрага 18-10 тоотод эхнэр Б.У-ийг 2019 оны 07 сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Намайг урьд нь Солонгосд байхад нэг залуутай фэйсээр харьцдаг байсан. Тэр залуутайгаа дахин харьцаж байсан. Түүнийг олж хараад ийм асуудал болсон. Миний буруу ойлгож байгаа. Би архи хэрэглэдэггүй. Сая л анх удаа эрүүлжүүлэхэд орж үзлээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 07 сарын 16-ны өдөр би 18 цагийн үед нөхөр Аззаяагийн хамт гэртээ орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд намайг хоолоо хийгээд байж байтал манай нөхөр Аззаяа гар утсаараа интернетэд орж юм үзэж байгаад чи энэ залуутай харьцаж байсан байна гээд намайг зодсон. Тухайн үед Аззаяа согтуу байсан. Тэгээд намайг утга учиргүй миний багийн найзтай хардаж зодсон. Манай нөхөр Аззаяа намайг үснээс маань зулгааж байгаад гэрээс хашаа руу гаргаж чирсэн. Тэгэхлээр нь би хашаандаа чанга чанга хашгиртал нөхөр Аззаяа маань намайг гэрлүү буцааж оруулсан. Гэрт орсон хойноо баруун хацар орчимд маань гараараа нэг удаа хүчтэй алгадсан. Тэр үед нь хөл алдан унасан. Тэгээд нөхөр маань чи чаддаг юм бол цагдаа дууд гээд байхаар нь би цагдаа дуудаж өгсөн юм. Нөхөр маань намайг бусадтай хардан зодсон юм. Манай нөхөр намайг урьд нь зодож байгаагүй. Сая юу болсон юм мэдэхгүй миний оюутан ахуй цагтаа найзалж байсан залуугийн зургийг гар утсан дээрээс хараад намайг хардан зодсон гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,

 

-Гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 сарын 16-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэр өдрийн шөнө Даваат багийн Ундрага 18-10 тоот нөхөр зодоод байна гэсэн дуудлаганд очиж ажилласан. Намайг уг дуудлаганд очиход Аззаяа гэх залуу Даваат баг Ундрага 18- 10 тоот хашаандаа машин дотроо согтуу сууж байсан. Эхнэр Уранчимэг гэх хүүхэн нь нөхөр намайг бусадтай хардан зодсон гээд зогсож байсан. Тэгэхлээр нь би нөхөр Аззаяаг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 07 сарын 16-ны өдөр би гэртээ 07 настай дүү Чинхүслэнгийн хамт байж байсан. Ээж аав хоёр орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Ээж аав хоёр маань гэртээ байхдаа аав нэг хүний зураг ээжийн гар утсан дээрээс харчихаад энэ хэн юм бэ гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгж байгаад манай аав Аззаяа ээж Уранчимэгт уурлан гэрээс гараад явчихсан. Тэгээд орой унтах болоод байж байтал аав гаднаас гэрт орж ирсэн. Би оронд байж байсан болохоор юу болж байгааг сайн хараагүй. Ээж маань ёо ёо гээд хашгирсан. Удалгүй аав буцаад гэрээс гарч явсан. Тэгээд байж байтал манай гэрт цагдаа ирээд аавыг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/

 

-Яллагдагч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг гэртээ хамт оръё гээд байхаар нь би уурлан эхнэр Уранчимэгийн хашаан дотор байхдаа газар түлхэн унагаасан. Тэгээд үснээс нь зулгааж гэрт оруулсан. Тэгээд би эхнэр Уранчимэгтэй нөгөө залуугаас нь болж маргалдаж байхдаа баруун гарынхаа ар талаар баруун хацар орчимд нэг удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 484 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.У-ийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тус тусдаа болон нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 14-15 ху/,

-Э.Аг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-27 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.А нь 2019 оны 07 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын Даваат баг Ундрага 18-10 тоотод эхнэр Б.Уийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Намайг урьд нь Солонгосд байхад нэг залуутай фэйсээр харьцдаг байсан. Тэр залуутайгаа дахин харьцаж байсан. Түүнийг олон хардаад ийм асуудал болсон. Миний буруу ойлгож байгаа” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Уийн “...Тэгээд намайг утга учиргүй миний багийн найзтай хардаж зодсон. Манай нөхөр Аззаяа намайг үснээс маань зулгааж байгаад гэрээс хашааруу гаргаж чирсэн. Тэгэхлээр нь би хашаандаа чанга, чанга хашгиртал нөхөр Аззаяа маань намайг гэрлүү буцааж оруулсан. Гэрт орсон хойноо баруун хацар орчимд маань гараараа нэг удаа хүчтэй алгадсан. Тэр үед нь хөл алдан унасан” гэсэн мэдүүлгүүд /хх 8 ху/, мөн гэрч Х.Мөнх-Ялалт /хх 9 ху/, насанд хүрээгүй гэрч А.Нандинхүслэн /хх 10 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл үүссэнийг тогтоосон 484 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Э.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.А нь торгох ялыг 2 сарын хугацаанд сард 275.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА