| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/08303/И |
| Дугаар | 210/МА2025/01390 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01390
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04772 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь *******ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 0322764 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, ******* УБЗ улсын дугаартай Daewoo Novus маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан.
Зөвшөөрөгдсөн этгээд болох *******нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Хадат вилла 3 хотхоны урд зам дээр 8 тн шингэн бохир ачиж явахдаа өгсүүр, халтиргаа ихтэйн улмаас хүч алдан ухарч осолдож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэж заасныг зөрчсөн хэмээн буруутгасан байдаг. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч, холбогдох байгууллагын дүгнэлтээр 47,060,000 төгрөгөөр үнэлэгдсэн.
Үүний дагуу ******* нь *******ХХК-аас нөхөн төлбөр 47,060,000 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт заасан хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлсэн гэх үндэслэл тусгагдаагүй, хэтрүүлсэн байх боломжгүй юм.
Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар даатгалын төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр олгоогүй.
Иймд даатгалын гэрээний дагуу хариуцагчаас нөхөн төлбөр 47,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчтэй 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* УБЗ улсын дугаартай Daewoo Novus маркийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан.
Иргэн *******нь тус автомашиныг жолоодож яваад онхолдон даатгалын зүйлд хохирол учирсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж гаргасан магадлагаагаар *******нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд энэ нь даатгалын гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсгийн 4.11-т заасан заалтад хамаарч байх тул нөхөн төлбөр олгох боломжгүй. Цагдаагийн байгууллагаас дээрх заалтыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар *******ыг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон ба үүнийг эсэргүүцээгүй.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд хэсэгт заасан бүхий л нөхцлүүдийг аливаа байдлаар зөрчсөн нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэнд тооцогдох юм. Өөрөөр хэлбэл дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан хурдын хязгаар нь зөвхөн замын тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, үзэгдэх орчин хэвийн нөхцөлд баримтлах хурдны хязгаар бөгөөд дурдсан нөхцөлүүд болон замын хөдөлгөөний дүрэмд заасан бусад нөхцөлүүд заасан нөхцөлд хамаарч байгаа учраас бид уг төлбөрийг олгох боломжгүй гэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг бүхэлдэ хэвийн бус байгаа нөхцөлд дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан замын хөдөлгөөнд оролцох ёстой.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй гэж маргасан ба Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын байгууллагын шийдвэрийг түдгэлзүүлэх, эсхүл шийдвэр гаргахыг даалгах эрх бүхий байгууллага бөгөөд хуулиар дээрх эрхийг олгоогүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47,060,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 393,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Хурд хэтрүүлсэн тухайд
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр.Тээврийн хэрэгслийн хурд хэсэгт заасан бүхий л нөхцлүүдийг аливаа байдлаар зөрчсөн нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэнд тооцогдох юм. Шүүхээс "Замын хөдөлгөөний дүрмийн 12 бүлэг нь бүхэлдээ хурд хэтрүүлсэн гэдэгт хамаарна гэх тайлбар нь үндэслэлгүй байна" гэж дурдсан боловч уг дүгнэлтээ үндэслэлтэйгээр тайлбарлаагүй, хуулийн заалтад үндэслээгүй. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч *******хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, магадлагаа гаргасан ба тус магадлагаагаар жолооч *******нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон. Мөн даатгуулагч тус магадлагааг хүлээн зөвшөөрсөн. Энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэж тодорхойлон заасан буюу энэ хэсэгт заасныг зөрчсөн нь дүрэмд тогтоосон хязгаарыг хэтрүүлсэнд тооцогдохоор буюу хурд хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс Замын хөдөлгөөний дүрмийн тус заалтыг үндэслэхдээ ...энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр... гэснийг хасаж шүүхийн шийдвэртээ дурдсан нь хуульд нийцэхгүй байна.
4.2.Техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсон тухайд
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь "тээврийн хэрэгсэлд шингэн бохир ачсан байсан бөгөөд тийм ачаатайгаар осол болсон зам дээр хурд хэтрүүлэх боломжгүй, хий эргэж, осол болсон" гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл даатгуулагч ******* нь тус шингэн бохир ачсан үед осол болсон замаар явж дийлэхгүй, техникийн хүчин чадал хүрэхгүй газар байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэхдээ шингэн бохир нь дүүрэн биш байсан тул цалгиж байсан гэж мэдүүлдэг бөгөөд замын хөдөлгөөнд оролцохдоо мөн ачааны онцлогийг харгалзаж үзэх үүргээ биелүүлээгүй байна.
4.3.Мөн даатгалын гэрээний 4.17-д "Даатгуулагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол"-д даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ", 13.2.1-т "Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх" гэж заасан. Өөрөөр хэлбэл жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байх үүргийг хуулиар хүлээсэн боловч зөрчиж, эрх бүхий этгээдээс магадлагаа гарсныг хүлээн зөвшөөрсөн. Жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь талуудын даатгалын гэрээгээр нөхөн төлбөр олгохгүй байхаар харилцан тохиролцсон нөхцөл мөн. Гэтэл анхан шатны шүүхээс үүнд огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Түүнчлэн шүүхээс талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөлийг өөрөөр тайлбарлаж, үгийн шууд утгыг анхаарахгүй орхигдуулж байгаа нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж, гэрээ байгуулсан талуудын эрхийг хөндөж байна.
Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль болон бодит байдалд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч талаас Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж явна гэж заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон гэж тайлбарлаж, гэрээний 4.11-д заасан хурд хэтрүүлсэн гэх үндэслэлд хамааруулан нөхөн төлбөр олгохоос удаа дараа татгалзсан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд нэхэмжлэгч гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч тал даатгалын нөхөн төлбөр олгоогүй. Ослын газарт ажилласан Замын цагдаагийн байцаагч *******гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ нөхцөл байдалд хурд хэтрүүлэх боломжгүй, мөн ачаа тээвэрлэн явж байсан учир хүч алдсан гэх мэдүүлгийг өгсөн. Тиймээс Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл нь бүхэлдээ хурд хэтрүүлсэн гэдэгт хамаарахгүй.
Бодит байдал дээр хурд хэтрүүлэх ямар ч боломжгүй зам байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь 8 тн даацтай бөгөөд даацыг хэтрүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан. Түүнчлэн халтиргаа, гулгаатай зам байсан учир замын хажуу руу орсон осол гарсан үйл баримт тогтоогдсон. Тухайн үед жолоочийн тухайд хууль зүйн мэдлэггүйн улмаас цагдаагийн алба хаагчийн хэлсэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг. Жолооч нь ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үйл баримт мөн тогтоогддог. Иймд хариуцагч талын гаргаж буй тайлбар, гомдол нь үндэслэлгүй.
5.2.Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл тухайн шийдвэрийг эсэргүүцсэн буюу эс зөвшөөрсөн байдлаар гомдол гаргаагүй үйл баримт тогтоогдсон.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 47,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.******* болон *******ХХК-ийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тэгш4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч *******ийн өмчлөлийн, Daewoo Novus маркийн, ******* УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох болон оролцохгүй байх үеийн эрсдэлүүд, мөн хулгайн, байгалийн, галын, тэсрэлт, дэлбэрэх эрсдэлүүдээс даатгуулах, даатгалын хураамжид 720,000 төгрөг төлөх, даатгагч *******ХХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
4.Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1.Даатгалын гэрээний хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр жолооч *******тус тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Хадат вилла 3 хотхоны урд замд жолоодон явах үед онхолдсон байна.
4.2.*******ад Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0766249 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасныг баримтлан 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4.3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Эрх бүхий албан тушаалтны магадлагаанд жолооч *******Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй гэжээ.
4.4.Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд 47,060,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.
5.Дээрх зам тээврийн осол нь даатгалын гэрээнд заасан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд-ийн нэг болох даатгуулагч жолоо барих үеийн зам тээврийн осол буюу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол байх ба энэ талаар зохигч маргаагүй.
6.Хариуцагч нь нэхэмжлэгчийг замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй, хурд хэтрүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирол учирсан буюу даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд тусгасан даатгалд хамрагдахгүй нөхцлүүдийн 4.11-д заасан Даатгалтай автотээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, хурд хэтрүүлсэн, даац хэтрүүлсэн, техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсон, 4.17-д заасан Даатгуулагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэж маргажээ.
6.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримтууд, гэрч С.Одхүүгийн мэдүүлгийг зохигчийн тайлбартай харьцуулан үзвэл, тухайн зам тээврийн осол нь хурд хэтрүүлснээс шалтгаалсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэж заасан.
Эрх бүхий албан тушаалтны магадлагаанд жолооч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй гэж дүгнэсэн ч уг магадлагааг гаргасан албан тушаалтан *******шүүх хуралдаанд гэрчээр оролцож ...Тухайн газар хурд хэтрүүлэх боломжгүй газар байгаа. Хурд хэтрүүлсэн гэсэн зүйл байхгүй, хуульд байгаа заалтыг авах боломжгүй учраас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар торгосон гэж мэдүүлжээ. Үүнээс гадна Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31, 32 дахь хэсэгт замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас хэтрүүлэх зөрчлийг тодорхойлж ногдуулах шийтгэлийг тусгасан ба уг үндэслэлээр жолоочид арга хэмжээ аваагүй.
Өөрөөр хэлбэл жолооч *******ыг бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар торгосон байна.
6.2.Түүнчлэн тус тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсанаар даац 8500 кг бөгөөд уг хэмжээг хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Мөн осол гарсан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Хадат вилла 3 хотхоны урд зам нь суурингийн доторх асфальтан зам бөгөөд тухайн замд шингэн зүйл ачсан тээврийн хэрэгсэл техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй болно.
6.3.Дээрх үндэслэлээр даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11, 4.17-д заасан даатгалд хамрагдахгүй нөхцлүүд тогтоогдсон гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
7.Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт 47,060,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 393,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ЗОЛЗАЯА