| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/02375/И |
| Дугаар | 210/МА2025/01396 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01396
2025 08 22 210/МА2025/01396
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05245 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, уг хөрөнгүүдийн 50 хувийг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний нөхөр *******бид 1972 оноос хамт амьдарч, 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 56 жил ханилсан. Бид хамтран амьдрах хугацаандаа үр хүүхэдтэй болж чадаагүй бөгөөд нөхөр *******ы төрсөн эгч *******ы охин болох *******ийг 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14 настай байхад нь өргөж авсан. Энэ үед *******нь бүрэн ухаан суусан байсан учир бидэнд уусаж өгөхгүй байсаар 18 насанд хүрч тусдаа гарсан. *******нь бодит амьдрал дээр хэзээ ч намайг болон нөхрийг аав, ээж гэж хүндэтгэж байгаагүй бөгөөд зөвхөн мөнгө өгөх ёстой гэж л хандаж байсан.
1.2.Миний нөхөр *******2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгдо эмнэлэгт хагалгаанд орж нас барсан. ******* нь талийгаач *******ы нэр дээрх бүх хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх ёстой хэмээн нас барснаас хойш 1 жилийн хугацаа нь өнгөрөөгүй байхад гэрчилгээ бичиг баримт шаардаж, хэрүүл маргаан үүсгэж, зүй бус харьцаж, гэр доторх эд хогшил, үнэт зүйлсийг өгөхийг шаардаж хүнлэг бус хандаж байна.
1.3.1972-2024 оны хооронд буюу 52 жилийн хугацаанд хөдөлмөрлөж бий болгосон бүх хөрөнгө нөхөр *******ы нэр дээр байдаг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.1, 126.2.2, 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө байхаар хуульчилсан.
Дараах хөрөнгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, дээрх хөрөнгүүдийн 50 хувийг дангаар өмчлөх /оногдох/ эрхтэйг тогтоож өгнө үү.
- Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ Сөүлийн гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах, 12.72 м.кв талбайтай автозогсоол,
- Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ Сөүлийн гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах, 75.02 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц,
- Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны ******* дугаар байр D блокийн 87 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, нэгдүгээр 40 мянгатын ******* байрны ******* тоот хаягт байрлах, 56.48 м.кв гурван орон сууц,
- Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, нэгдүгээр 40 мянгатын ******* байрны в1 давхар ******* тоот хаягт байрлах автозогсоол,
- Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 1640 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар,
- *******УАУ улсын дугаартай, ******* арлын дугаартай, changen SC6493DD6 маркийн тээврийн хэрэгсэл,
- ******* УАС улсын дугаартай, KMFGA17P1C701726 арлын дугаартай, KIA Рамах маркийн тээврийн хэрэгсэл гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Тухайн нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгүүд талийгаач аав *******ы өмчлөлд байсан. Миний өмчлөлд шилжиж ирсэн, хуваагдсан эд хөрөнгө байхгүй. Би өвлөх эрхээ хэрэгжүүлэхээр өв хүлээн авах хүсэлтээ өгсөн, одоогоор өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Тухайн нэхэмжлэлийг аавыг амьд байхад түүнд холбогдуулан гаргах боломжтой байсан. Одоо өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсгийг тогтоолгох эрх зүйн харилцаа үүсэх ёстой. Энэхүү шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт хариуцагч нас барсан тул гэр бүлийн дундын эд хөрөнгийг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд хэнээс ямар үндэслэлээр гэр бүлийн дундын эд хөрөнгөө тогтоолгохоор шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.
2.2.Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт бичсэн тайлбарууд бүгд худлаа байна. Аавыг минь нас барсан үеэс хойш намайг орон гэрээс маань хөөж тууж, аавын маань удирдаж байсан компани руу оруулдаггүй, компанийн дотоод үйл ажиллагааг ч танилцуулахгүй байгаа. Миний зүгээс өөрийн өргөж авсан аав *******тай дотно хэвийн харилцаатай байсан бөгөөд аав маань миний хүү *******ыг өсгөж өдий зэрэгтэй болгосон. Миний аав өөрийн төрсөн эгчээс намайг өргөж авсан нь үнэн бөгөөд өнгөрсөн бүх л хугацаанд мах цусны тасархай гэж үзэн өөрийн төрүүлсэн охин шигээ надад хандаж ирсэн. Энэ бүхний эцэст өөрийн өсгөсөн үрчилж авсан охиноо яагаад ингэж их үзэн ядаж миний хувийн байдлыг бичиж намайг доромжилж байгааг мэдэхгүй байна.
2.3.Иймд миний бие хуульд заасан *******ы хууль ёсны ганц өв залгамжлагчийн хувьд өөрийн өвлөгдөх ёстой бүх өв хөрөнгөө өвлөн авч хуульд заасны дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хүсэж байна. Тус хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч *******2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул хууль ёсны өвлөгч нарт өв нээгдсэн гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох,
- Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны ******* дугаар байр, 1 дүгээр давхрын D блокийн ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, нэгдүгээр 40 мянгатын ******* байрны ******* тоот хаягт байрлах 56.48 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууц, /*******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, нэгдүгээр 40 мянгатын ******* байрны в1 давхарт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 18 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. /*******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
- Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах, 700м.кв талбайтай, газар эзэмших эрхийн №******* гэрчилгээтэй газар,
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, хаягт байрлалтай, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, Газар эзэмших эрхийн №*******гэрчилгээтэй, 1640 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар,
- *******УАУ улсын дугаартай ******* тоот арлын дугаартай Сhangаn SC6493DD6 маркийн тээврийн хэрэгсэл.
- ******* УАС улсын дугаартай KMFGA17P1C701726 дугаартай KIA Рамах маркийн тээврийн хэрэгсэл нь *******, /талийгаач/ *******нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг, нэр бүхий хөрөнгүүдийн 50 хувийг ******* нь өмчлөх эрхтэй болохыг тогтоож,
- Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ Сөүлийн гудамж, ******* байр, 5 дугаар давхар, ******* тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 12.72 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ Сөүлийн гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлалтай, 75.02 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ******* байрны ******* тоот хаягт байрлах автозогсоол болон орон сууцанд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бий болгон худалдан авахад хариуцагч болон түүний хүүхдийн оролцоо хувь нэмэр байхгүй бөгөөд талийгаач болон ******* нар худалдан авсан.
Мөн уг орон сууцыг талийгаач болон ******* нар *******д өгөөгүй бөгөөд түүний хүүхдэд мөн хамаарахгүй. Анх гэрчилгээг *******ийн хүүгийн нэр дээр өгсөн боловч бэлэглэлийн гэрээний үндсэн дээр талийгаач өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэрээ хийгдэх хугацаанд гэрээ хийсэн этгээд нь эрх зүйн бүрэн чадамжтай өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ юм.
Маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээдийн гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн байсан болохыг шүүх тогтоосон нь уг маргаанд хамаарахгүй бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүй болох үндэслэл биш юм.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Миний бие өөрийн үрчилж авсан ээж болох *******т хандан эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага, гомдол гаргаагүй, эд хөрөнгө хуваах талаар дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт авагдаагүй. Гэвч ээж ******* нь надад холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгө тогтоолгох тухай шаардлага гаргаж, миний хувийн байдал, нэр төрд халдан гүтгэн доромжилж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад үрчлэлтийг хүчингүйд тооцуулья гэсэн шаардлага гаргаж намайг сэтгэлзүйн хувьд гүн хямралд оруулсан.
5.2.Нэхэмжлэгч ******* нь *******ийг гэр бүлийн гишүүн гэж үзэн дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг тогтоолгох гээд байгаа юм уу эсхүл ******* миний өвлөгдөх эд хөрөнгөөс шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь аав *******нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар таалал төгсөж *******ы өв залгамжлагчийн хувьд хуулийн дагуу өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байгаа билээ. ******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нотариатчид өв хүлээн авах хүсэлт гаргасан бөгөөд ******* нь *******ы цорын ганц хууль ёсны хүүхэд тул *******ы нас барсан өдөр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өв нээгдэж түүнд өвлөгдвөл зохих эд хөрөнгө хуулийн дагуу шилжсэн гэж үзэхээр байна.
5.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь маргаан бүхий эд хөрөнгүүдийн 50 хувийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл болон *******ын өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх талаарх баримтыг гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргах хүсэлт гаргасан боловч шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж хүлээн авч шийдвэрлээгүй. Гэвч нэхэмжлэгч ******* нь *******ы хөрөнгүүдийн 50 хувийг дангаар өмчлөх эрхтэй гэж маргасан бөгөөд үлдэх 50 хувь нь өвлөгдөх хөрөнгөд хамаарна гэж тайлбарласан. Энэ тохиолдолд шүүхээс маргаж буй эд хөрөнгүүдийн талаар хэдэн өвлөгчтэй, хэрхэн маргаж байгаа талаар тодруулж, өвлөх эд хөрөнгийн маргааныг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлж чадаагүй, өөрийн татгалзал тайлбараа нотлох, мэтгэлцэх тэгш боломжоор хангагдаагүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар *******ы өвлөгдвөл зохих эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд болох эх *******, ******* нар нь адил тэнцүү хуваан авах зохицуулалттай байна. Учир нь маргаан бүхий эд хөрөнгийн өв нээгдсэн бөгөөд тус эд хөрөнгүүд нь өвлөгдвөл зохих эд хөрөнгө юм.
Иймд шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн оролцогчийн эрх ашгийг зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгчийн тухай баримт хэрэгт авагдсан ба тус орон сууцыг ******* анх худалдаж авсан байдаг. Өөрийн гэр бүлийн асуудлын улмаас бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцыг *******д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан тул уг маргаан бүхий орон сууцны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн бэлэглэлийн гэрээгээр дамжиж ирсэн эд хөрөнгийг өмчлөгчийн хуваарьт эд хөрөнгө гэж үздэг тул өвлөгдөх эд хөрөнгийг дундын эд хөрөнгөөр тогтоох боломжгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлсэн гэж үзэж байна.
Мөн гэр бүлийн гишүүн гэх ойлголтод *******, ******* нар хамаарах тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууцыг өвөө нь ач хүүдээ авч өгсөн гэж нэхэмжлэгч тал маргадаг боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ.
7.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1.Бид гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг бус гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид өвтэй холбоотой асуудлаар маргадаггүй ба хууль ёсны өв залгамжлагчийн хувьд бид эд хөрөнгийг өвлөх ёстой. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т заасан нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, *******, *******нар 53 жилийн хугацаанд хамтдаа амьдарсан. Энэ хугацаанд маргаан бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамтын хөдөлмөрөөр бий болгосон. *******нь өрхийн тэргүүн гэх агуулгаар бүх эд хөрөнгүүд түүний нэр дээр байсан. Иргэний хуульд эд хөрөнгө нь гэрлэгч нарын хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран, тухайн эд хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө байна гэж заасан. Бид гэр бүлийн дундын өмчлөлийн нийт эд хөрөнгийн 50 хувийг дангаар өмчлөх эрхтэй этгээдээр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасан.
7.2.*******нь нас барснаар өв нээгдсэн учир хуульд заасны дагуу хууль ёсны өв залгамжлагч охин ******* болон эхнэр ******* нь нийт эд хөрөнгийг 50, 50 хувиар өвлөж авах ёстой гэж хариуцагч тал маргадаг. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлоход нас барсан байх, өв нээгдсэн байх гэсэн 2 шаардлага тавигдаж байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээг авахаас өмнө ногдох хэсгийг тодорхойлуулна гэж заасны дагуу бид холбогдох хууль, журамд заасны дагуу эрхээ хэрэгжүүлсэн. Гэтэл хариуцагч тал Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэг уг маргаанд хамааралгүй, эд хөрөнгө өв залгамжлагчид шилжсэнд тооцно, ногдох хэсэг тодорхойлуулах шаардлагагүй гэж маргадаг. Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд нь гэр бүлийн дундын эд хөрөнгө бус *******ы хуваарьт эд хөрөнгө, миний өөрийн эд хөрөнгө гэх агуулга бүхий тайлбарыг хариуцагч шүүхэд гаргаж байгаагүй. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэдэн онд хэрхэн бий болгосон тухай баримтууд бүгд хэрэгт авагдсан ба хариуцагч нь дээрх эд хөрөнгүүдийг бий болгоход хувь нэмэр оруулаагүй. Гэтэл хариуцагч эд хөрөнгийг 50, 50 хувиар өвлөнө гэх асуудал үүсгэсэн учир бид шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, уг хөрөнгүүдийн 50 хувийг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулахаар нэхэмжлэл гаргасан, хуульд өвлөх эрхийн гэрчилгээг авахаас өмнө ногдох хэсгийг тодорхойлуулна гэж заасны дагуу шүүхэд хандсан гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгүүд талийгаач аав *******ы өмчлөлд байсан. Миний өмчлөлд шилжиж ирсэн, хуваагдсан эд хөрөнгө байхгүй. Би өвлөх эрхээ хэрэгжүүлэхээр өв хүлээн авах хүсэлтээ өгсөн. Нэхэмжлэлийг аавыг амьд байхад түүнд холбогдуулан гаргах боломжтой байсан. Одоо нэгэнт нас барсан тул гэр бүлийн дундын эд хөрөнгийг тогтоолгох шаардлагагүй, өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсгийг тогтоолгох эрх зүйн харилцаа үүсэх ёстой гэж тайлбарласан.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан ба *******ийг ямар үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсныг нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд хоорондоо гаргадаг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлагыг ******* ямар үндэслэлээр хариуцах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан хариуцагчийн ямар үйлдэл, эс үйлдэхүй байгаа нь тодорхой бус байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг нэхэмжлэгчээс тодруулаагүй, улмаар талуудын маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэснээр түүний зөрчигдсөн эрх хэрхэн хамгаалагдах нь тодорхойгүй байна.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээж авч шийдвэрлээгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байх боловч үндсэн нэхэмжлэл тодорхой бус байгаа нөхцөлд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл түүнд тооцогдох эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
5.Үүний зэрэгцээ талийгаач *******д бэлэглэлийн гэрээгээр зээ *******аас шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэлийн зүйл болсон байх ба түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх, уг этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шүүх талуудаас тодруулаагүй.
6.Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүхийн хууль хэрэглээний асуудлаар гаргасан зохигчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА