Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 0245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-т холбогдох эрүүгийн 1925005240309 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Т

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 02 сарын 08-аас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17 дугаар байрны гадаа Г.Ж-гийн нүүрэн тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Бид 2 тэр хоёр хүний хажуугаар гарсан. Манай найз нэгийг нь мөргөж гарснаас ийм асуудал болсон. Тэгээд маргаан болж би Жавхлан гэдэг хүнийг нь цохисон. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 500.000 төгрөг өгсөн. Тухайн үед согтуу байсан учир уучлалт гуйх завдал болоогүй шууд л барьцалдаж авсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би БНХАУ-ын Нанжин хотод сурч байгаад 2019 оны 02 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос хадам аавын 49 хоногийн ажлаар Орхон аймагт ирсэн юм. Улмаар орой нь найз Ганболдынд очсон. Ингээд 02 цагийн үед Ганболд намайг гаргаж өгөөд бид хоёр байрных нь урд талын буланд тамхи татах гээд зогсож байтал үл таних хоёр залуу бид хоёрын хойноос ирээд зөрөхдөө нэг нь мөрлөж гараад улмаар бид хоёртой маргалдсан. Ингээд намхан нь манай найзтай барьцалдаж авсан. Харин өндөр нуруутай нь миний нүүр рүү 2-3 удаа цохиж нүдний шил хагалж зүүн нүдэнд гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би Ганболдтой маргалдаж байсан залууг болиулах гэтэл уг залуу миний хамар руу цохиж цус гарсан. Тэгэхээр нь би хүн аллаа гэтэл явцгаасан. Миний биед Төгөлдөр гэх залуу гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг/хх 12 ху/,

 

-Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би найз Жавхланг гаргаж өгөнгөө байрныхаа зүүн урд талд нь тамхи татах гээд зогсож байтал араас 2 хүн ирээд нэг нь мөрлөөд гарсан. Гэтэл Жавхлан тэр хоёр залууг та нар цагаан сар болж байхад аятайхан явж болдоггүй юм уу гэж хэлтэл намхан залуу нь надтай маргалдаад барьцалдаад авсан. Энэ үед өндөр залуу нь Жавхлангийн нүүр рүү нь цохиод толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл Жавхлан гүйж ирээд намхан залууг надаас салгах гэтэл намхан залуу нь Жавхлангийн хамар луу нь цохиж цус гаргасан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 02 сарын 08-ны өдөр 15 цагийн үед Хүрэнбулаг багт байрладаг Болор нэртэй зочид буудалд Сандаг, Нацагдорж, Дэрмээ, Отгон гэх нэг ах нарын хамт орсон ба улмаар хөзөр тоглонгоо ганц нэг пиво уусан. Ингээд 01 цаг өнгөрч байхад би Урт цагаан орж архи авах гэж яваад найз Төгөлдөртэй таарсан. Төгөлдөр нэлээд согтуу байсан. Ингээд Төгөлдөр намайг 6-13 дугаар байранд найз дээр маань хүргээд өг гэхээр нь бид хоёр алхаад 6-13 дугаар байрны баруун талд явж байтал 2 залуу зогсож байсан. Би дундуур нь гарсан чинь нэг нь намайг янз бүрээр хэлээд байхаар нь би барьцалдаад авсан. Гэтэл Төгөлдөр нүдний шилтэй залуутай нь маргалдаж зодолдсон. Улмаар тэр хоёр салаад нүдний шилтэй залуу нь над руу дайраад байхаар нь би хамар руу нь цохичихсон. Тэгээд бид 2 зугтаачихсан. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө буудлаасаа гарах гэж байтал гаднаас Төгөлдөр нэг найзтайгаа хамт орж ирсэн. Ингээд 12 цагийн үед буудлаас гараад 4-20 дугаар байрны гаднах дэлгүүрээс нэг шил архи аваад орцонд ороод СандаГ.Т, Анхаа нарын хамт уучихаад гарах гээд лифтэнд суугаад буугаад 4-20 дугаар байрны гадаа зогсож байтал үл таних 2 залуу ирээд цагдаатай хамт ирээд намайг зодсон залуучууд мөн байна гээд намайг Төгөлдөрийн хамт цагдаагийн машинд суулгаад аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/

 

-Яллагдагч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би хажуу талд нь байсан нүдний шилтэй залууг нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Энэ үед тэр залуу газар уначихаар нь найзыгаа салгах гээд Давааням дээр очтол Давааням хамар луу цохисон чинь хохирогч Жавхлангийн хамарнаас нь цус гарсан. Ингээд хүн аллаа гээд орилоод байхаар нь бид хоёр яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 57-58 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 147 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Ж-гийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 25-26 ху/,

 

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх 5-8 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 9 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 10 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 29-34 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 ху/

-Г.Тийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 56-58 ху/,

-Хохирлын баримт /хх 62-68 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 77 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 2 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17 дугаар байрны гадаа Г.Жгийн нүүрэн тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Бид 2 тэр хоёр хүний хажуугаар гарсан. Манай найз нэгийг нь мөргөж гарснаас ийм асуудал болсон. Тэгээд маргаан болж би Жавхлан гэдэг хүнийг нь цохисон. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Жгийн “...Ингээд намхан нь манай найзтай барьцалдаж авсан. Харин өндөр нуруутай нь миний нүүр рүү 2-3 удаа цохиж нүдний шил хагалж зүүн нүдэнд гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би Ганболдтой маргалдаж байсан залууг болиулах гэтэл уг залуу миний хамар руу цохиж цус гарсан” гэсэн мэдүүлгүүд /хх 12 ху/, мөн гэрч Т.Ганболд /хх 15 ху/, гэрч М.Давааням /хх 17 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 147 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч Г.Ж-д 500.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Т нь торгох ялыг 4 сарын хугацаанд сард 125.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА