Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2026/0094

 

“М т м***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Монгол Улсын Засгийн газарт холбогдох 

захиргааны хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Д.Батбаатар

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                     М.Батсуурь  

                                        П.Соёл-Эрдэнэ   

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч 

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2026/0017 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х***гийн давж заалдах гомдлоор, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***ийг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 

“М т м***” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг баталсан байна. 

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: 

“ … Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь зохицуулалт нь дуусаагүй барилгыг ашиглахыг хориглосноос бус комисс ажиллуулахыг хориглоогүй. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлийг хуульчилсан. Гэтэл маргаан бүхий дүрмээр хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон. Шинээр барьсан барилга байгууламжийг ашигласан, үйл ажиллагаа явуулсан гэдгийг хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй,  комисс ажиллуулахаас татгалзах үндэслэл болсон “ашигласан, үйл ажиллагаа явуулсан” гэдгийг тодорхойлох шалгуур байхгүй … Барилгын тухай хуульд комисс ажиллахаас татгалзах зохицуулалт байхгүй тул энэ асуудлаар шүүхэд хандах эрхийг хуулиар зохицуулаагүй, харин актаар хязгаарлалт үүсгэж, маргаан гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон нь хууль бус юм. Хууль зөрчсөн дүрмийн хэм хэмжээ нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэйгөөр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах боломжгүй болох үр дагаварт хүргэж байгаагаараа иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, өмчлөх эрх болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах эрхийг хязгаарласан …” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан зохицуулалтын хүрээнд эрх ашиг сонирхол нь хязгаарлагдсан хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрхийг хамгаалах зорилгоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэх зохицуулалтыг тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасныг зөрчөөгүй. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлийг хуульчилсан бөгөөд энэ үндэслэлд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан хориглосон зохицуулалтыг тусгаж өгөөгүй хууль зүйн хийдлийг арилгах зорилгоор маргаан бүхий дүрмийн 10.3 дахь заалтыг тусгасан. Иймд дүрмийн дээрх заалт нь Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан, хуулийн агуулгыг дэлгэрүүлэн тодорхойлсон зохицуулалт бөгөөд хуульд харшилсан эсхүл иргэн, хуулийн этгээдийн эрхийг хуульд заагаагүй байдлаар хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй …” гэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд: 

5.1.“... Нэхэмжлэгчээс хууль бус хэмээн маргаж буй “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалт нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэх хуулийн ерөнхий хориглосон агуулга бүхий заалтыг бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг тодруулсан агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасныг зөрчөөгүй. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалт нь захиалагчаас гаргасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийн үндсэн дээр хуульд заасан журмын дагуу томилогдсон барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хамаарах, түүний гаргах боломжтой шийдвэрийн үндэслэлийг заасан агуулга бүхий зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг томилоогүй.

5.2.Нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн *** дүүргийн 3 дугаар хороонд байрлах газар дээр барьсан үйлдвэрийн цогцолборын зориулалттай барилгыг ашиглалтад ороогүй байхад ашигласан болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг томилохоос татгалзсан нийслэлийн Хяналт шалгалтын газрын татгалзал нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь хэсэгт заасан “… энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэх үндэслэлд хамаарах эрх зүйн тусдаа маргаан байна ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*** давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 

6.1.“... Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт дуусаагүй барилгыг ашиглахыг хориглосноос бус комисс ажиллахыг хориглоогүй. Тодруулбал комисс ажиллуулахыг хориглосон зохицуулалт нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосноос гадна хууль тогтоогчийн далд санаа эсвэл хуулийн зорилгыг тааж, өөрөөр тайлбарлахыг хориглох заалтыг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг хуульд нийцсэн гэж үзэж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.7, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний буруу жишиг тогтоож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. 

6.2.Хууль тогтоогч нь комисс ажиллуулахыг хориглох үндэслэлийг хуулиар тогтоогоогүй байхад дүрмээр нэмэлт хориг тогтоох нь хууль зүйн нэгдмэл байдлыг алдагдуулж, шүүхийн практикт зөрүү үүсгэх үндэслэл болно. Гэтэл шүүх энэ хэсэгт хууль зүйн дүгнэлт огт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. … Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг шүүхээр хянуулах боломжтой байтал үүнийг үгүйсгэсэн шийдвэр гаргалаа. 

6.3.Шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Учир нь маргаан бүхий дүрмийн 10.3 дахь заалт нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаас гадуур нэмэлт хориг тогтоосон бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх бизнес эрхлэх эрхэд шууд нөлөөлж байгаа тул маргаан нь шүүхийн хяналтын хүрээнд хамаарч байхад үүнийг анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа 3 агуулгын хүрээнд нэхэмжлэл гаргасан, шүүхээс тус бүрд тухайлан өгсөн хууль зүйн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгчийн зүгээс дурдсан үндэслэлүүдийг хууль зүйн талаас нь анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

8.Монгол Улсын Засгийн газар нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7 дахь заалтаар тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг (цаашид “Дүрэм” гэх) баталсан байх бөгөөд уг дүрэм нь барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбоотойгоор нэг талаас барилгын ажлын захиалагч, нөгөө талаас эрх бүхий захиргааны байгууллагын (барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг дарга, комисс гэх мэт) хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилготой, энэ шинжээрээ гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах захиргааны шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт байна.

9.Иймд уг Дүрэм нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан эрх зүйн шаардлагыг хангах учиртай. Тухайлбал, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д заасны дагуу “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” ёстой. 

10.Дүрмийн маргаан бүхий заалт болох 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заажээ.

11.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл нь энэхүү маргааны үйл баримтад шууд хамааралгүй, уг зохицуулалт нь комисс ажилласан тохиолдолд барилгыг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлийг заасан байх тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12.Гэвч Барилгын тухай болон бусад холбогдох хуульд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллахаас татгалзах, ажиллахыг хориглох үндэслэлийг заагаагүй, мөн хэн нэгэн этгээдэд (захиргаанд) комисс ажиллуулахгүй байх бүрэн эрхийг олгоогүй байна. Гэтэл маргаан бүхий Дүрмийн заалтаар ашигласан барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглосон нь “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон” гэж үзэхээр байна. 

13.Мөн энэ үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1.“... бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас ... иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй  байх” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Учир нь, Дүрмийн холбогдох заалт нь дээр дурдсанаар Барилгын тухай хуульд нийцээгүй бөгөөд хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиалан бариулсан барилгаа ашиглалтад оруулах боломж буюу эрхийг хязгаарласнаар түүний эрх зүйн байдал дордох юм. 

14.Нэхэмжлэгчийн тухайд өөрийн үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулах хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргахад Дүрмийн 10.3 дахь заалтыг баримтлан комисс ажиллуулахаас татгалзсанаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.  

15.Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий Дүрмийн заалтыг хууль ёсны гэж дүгнэхдээ “...  Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэх хуулийн ерөнхий хориглосон агуулга бүхий заалтыг бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг тодруулсан агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасныг зөрчөөгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

16.Учир нь, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгээр захиалагч ашиглалтад ороогүй барилгыг ашиглахыг хориглосон нь тухайн барилгыг ашиглалтад оруулахгүй байх буюу ашиглалтад оруулах комисс ажиллахыг хориглосон агуулгагүй. Хэрэв захиалагч энэхүү хуулиар хүлээсэн үүргийг зөрчвөл эрх бүхий этгээдээс холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх байдлаар тухайн заалт бодит амьдралд хэрэгжих боломжтой.

17.Иймд шүүх бүрэлдэхүүн Дүрмийн 10.3 дахь заалт хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2026/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М т м***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

                           ШҮҮГЧИД                                                            М.БАТСУУРЬ 

                                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                             Г.БАНЗРАГЧ