Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 28

 

                                   

 

 

 

 

 

 

 

Г.Гантогост холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Хяналтын прокурор                                                 Г.Энхмаа

Хохирогч                                                       Л.Жаргалсайхан

Нарийн бичгийн дарга                                 О.Нямдорж нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Г.Гантогост холбогдох эрүүгийн 2016 1900 0775 дугаартай 1 хавтас 158 хуудас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн А1-30 тоотод оршин суух, гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганзоригийн Гантогос /РД:НС75083174/,

Шүүгдэгч Г.Гантогос нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Хөгжил хотхоны 3-а тоот байшингийн гадна хашаанд догшин авирлан 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Л.Жаргалсайхантай машины мост өгнө гээд өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганзоригийн Гантогост холбогдох эрүүгийн 2016 1900 0775 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч Г.Гантогост холбогдох хэргийг прокурорын газарт очтол өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн томографын 2 ширхэг зураг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт 2 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолыг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Г.Гантогос нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 3а тоот байшингийн гадна хашаанд 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн 00 цагийн үед найз Л.Жаргалсайхантай машины мост өгнө гээд өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь тус аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Гантогост холбогдох эрүүгийн 201619000775 дугаартай хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дах хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн.

Шүүхийн 26 дугаар тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үздэг байна. Тодруулбал,

  1. Шүүхийн тогтоолд хохирогч Л.Жаргалсайханы нүүрэн дээр кроп унасан эсэх, машины кроп унаснаас гэмтэл авсан эсэх, хэрэв кроп нүүрэн тус газар унасанаас гэмтэл авч байсан бол жилийн дараа гэмтэл авсан газрын шарх сэдэрсэн байх боломжтой эсэх, сэдэрсэн бол шинэ гэмтэл адил уншигдах эсэхийг шалган тодруулах,
  2. Мөн “...Ц.Эрдэмбилэг, ... С.Чулуунсүх нарыг гэрчээр асууж Бриллианс компьютер томографийн оношилгоо уншилтын зөрүүг гаргах, мөн 3 бүрэлдэхүүнтэй шинжээч нараас асуух /хэдэн удаагийн ямар хүчний үйлчлэлээс үүсэхийг тогтоох/ буюу дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох” гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Жаргалсайханы дээр дурдсан мэдүүлгийн дагуу шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Жаргалсайхан тухайн үед эмнэлгээр явж эмчилгээ хийлгүүлээгүй, эм уугаад зүгээр болсон, хохирогч Л.Жаргалсайханы эхнэр М.Должинсүрэн тухайн үед эмнэлэгт хандаж байсан байж магадгүй ээ, сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт үзүүлсэн баримт сэлт бол байхгүй гэж тус тус мэдүүлдэг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэл, лавлагаа болон Л.Жаргалсайханаас хураан авсан Л.Жаргалсайханы амбулаториор эмчлүүлэгчдийн эмнэлгээр үйлчлүүлж байсан талаарх бүртгэлийн тэмдэглэл байдаггүй. Мөн хохирогч Л.Жаргалсайханы хүсэлтийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр шинжээч эмч И.Ганболорын 525 дугаар дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь гэмтлийн шинэ, хуучин аль нь болох, хэдэн удаагийн, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтойг тодруулах зорилгоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн байцаагч нэмэлт шинжилгээ хийлгүүлэхээр шинжээч томилдог.

Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээч  эмч Дэлгэрхүүгийн 539 дугаартай дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дах хэсгийг зөрчиж дүгнэлт гаргасан байсан тул яллах дүгнэлтэндээ тусгаагүй, мөн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нотлох баримтаар уг дүгнэлтийг шинжлэн судлуулаагүй болно.

Хохирогч Л.Жаргалсайханаас хагалгааны өмнө 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Бриллианс клиник”-т хийлгүүлсэн компьютер томографийн шинжилгээний зургийг хураан авч Эрүүл Мэндийн Яамны дүрслэл оношилгооны радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн ахлах зэргийн эмч Ц.Эрдэмбилэгээр уншуулан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтийг гаргуулсан.

2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Бриллианс клиник”-т хийлгүүлсэн компьютер томографийн шинжилгээний зургийг тухайн эмнэлгийн дүрс оношлогооны эмч Мөнх-Од тухайн үед уншин дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан. Үүн дээр үндэслэж 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 525 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд Ц.Эрдэмбилэг эмчийн дүгнэлт Мөнх-Од эмчийн дүгнэлтийн хооронд зөрүү байхгүй. Харин С.Чулуунсүх эмчийн хохирогч Л.Жаргалсайханыг гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж эдгэрсний дараа хийлгүүлсэн шинжилгээг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийнх уншиж зөвлөгөө авах бичгийн ард бичсэн байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч нарын оролцсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн 130 дугаартай дүгнэлтэнд дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тодорхой дүгнэсэн.

Иймд улсын яллагчийн зүгээс мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Гантогосын гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэх бүрэн боломжтой гэж үзэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна  гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Аймгийн прокурорын газраас яллагдагч Г.Гантогосыг согтуугаар, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Хөгжил хотхоны 3-а байшингийн гадна хашаанд 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Л.Жаргалсайхантай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн тогтоолд дурдсанаар хохирогчийн нүүрэн дээр машины кроп унасан эсэх, гэмтэл авсан эсэх, жилийн дараа шарх сэдэрсэн байх боломжтой эсэхийг шалгах шаардлагагүй байна. Учир нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Жаргалсайханы “...Гантогостой маргалдсан, миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохьсон, хамраас цус гарсан, толгой өвдөж нүүр хавдсан, шөнө эмч ирж өвчин намдаах тариа хийсэн. 2015.11.15-ны өдөр машины кропыг нүүрэн дээрээ унагасан, тарваганы элэг, деклоденк, чилийсэн палийсан эм уугаад эдгэсэн /хх-8, 15, 76/ гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Должинсүрэнгийн “...нөхөр Л.Жаргалсайхан тухайн үед эмнэлэгт хандаж байсан байж магадгүй ээ, сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт үзүүлсэн баримт сэлт бол байхгүй /хх-25/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Жаргалсайханы “...би эмчилгээ хийлгээгүй, хар цайгаар шавшиж эм уусан /хх-143/ гэсэн мэдүүлэг,

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Л.Жаргалсайханы “...тэр үед эмнэлэгт үзүүлж эмчлүүлж байгаагүй, хэд хоног эм уугаад эдгэсэн, эмнэлгээр үзүүлсэн баримт юм байхгүй, тэрнээс хойшхи хугацаанд өвдөж зовиурлаж байгаагүй талаар мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 539 дугаар дүгнэлт /хх-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 130 дугаар /хх-92-93/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогч Л.Жаргалсайханы биед үүссэн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болох нь тогтоогдсоноос гадна 2015.11.15-ны өдөр машины кропыг нүүрэн дээрээ унагаснаас гэмтэл авч байсан талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн үедээ эмнэлэгт үзүүлээгүй, ямар нэг баримт байхгүй талаар хохирогч мэдүүлсэн байна.

Иймд хохирогч 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмтэл авч байсан эсэхийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй байна.

Түүнчлэн шүүх шаардлагатай гэж үзвэл шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулан дүгнэлтийн талаар асууж тодруулан хэргийг шийдвэрлэх  боломжтойгоос гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.2, 273 дугаар зүйлийн 273.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд  дахин шинжилгээ хийлгэж болно. Гэтэл анхан шатны шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь учир дутагдалтай болжээ.

Иймд энэ талаар гаргасан улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан 26 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дугаар зүйлийн 319.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар шүүхийн тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Гантогост авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            2. Магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

                        ШҮҮГЧИД                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                                  Г.БОЛОРМАА