Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/31

 

              Д.Л-т холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Э.Ганбат, Д.Жаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар магадлалтай, Д.Л-т холбогдох 2334000000554 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын хамтран, өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Л, 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт ****** аймгийн ****** сумын 2-р баг ****** гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД: ******.

Шүүгдэгч Д.Л нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ****** аймгийн ****** сумын ****** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “******” гэх газар гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Г-тай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн хохирол учруулсан, 3-4 орчим долоо хоногтой ураг зулбуулж Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т заасан амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Л-т 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л-т оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Л-ын охин 2014 оны 08 дугаар сарын 24-нд төрсөн 9 настай Л.Б-д асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг **** аймгийн ***** сумын засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/405 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Д.Жаргал, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу субьектив талын шинжийн онцлогоос нь хамаарч гэмт хэргийг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэртэй байхаар хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан. Д.Л-ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ. Энэ нь өөрийн үйлдлийн улмаас учирч болох үр дагаврыг урьдчилан харж, түүнийг хүсэж, санаатайгаар үйлдсэн байхыг ойлгох ёстой. Тэгвэл хүний биед учирсан хүнд гэмтлийг дан ганц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлээр зүйлчилдэггүй бөгөөд гэмт этгээдийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тул мөн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөн харьцуулан дүгнэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон хүнд гэмтлийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь дангаараа хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хүний биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эрүүгийн хуулийн 11.1, 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд нь гэм буруугийн субьектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүний биед санаатайгаар хүнд хохирол учруулах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийг хүнд гэмтээхийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийг хүнд гэмтээхийг хүсээгүй боловч үйлдлийн үр дүнд хүнд гэмтэл учрахыг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийг хүнд гэмтээхийг хүсээгүйгээс гадна хохирогчийг хүнд гэмтээх үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй хайхрамжгүй хандсан, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдсан бол уг гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэж бусдын биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцдог.

Тэгэхээр Д.Л нь өөрийн үйлдлийн улмаас учирсан үр дагавар буюу хохирол, хор уршгийг хүссэн, уг үр дагаварт зориуд хүргэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд харин өөрийн үйлдлийн үр дагаварт хайхрамжгүй хандсан, бусдыг хүнд гэмтээх буюу ураг зулбах үр дагаварт хүргэж болзошгүйг мэдэх ёстой боловч хохирогчийг 3-4 долоо хоногтой жирэмсэн гэдгийг мэдээгүй, дээрх үр дагаврыг хүсээгүй болох нь хэргийн нөхцөл байдлаас харагдаж байна. Тухайлбал, хохирогч Г.Г-ийн биеийн юм 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн гэх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрийн байдлаар жирэмсэн болохоо хохирогч ч мэдээгүй, Д.Л ч мэдээгүй төдийгүй хохирогчийн гэдэс, хэвлий хэсэгт Д.Л цохисон, өшиглөсөн зэрэг санаатай үйлдэл хийгээгүй байдаг. Энэ нь түүний үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааны хувьд шууд болон шууд бус санаатай үйлдлээр ураг зулбуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг нь харуулж байна.

Гэтэл Д.Л ын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой төдийгүй гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн талаар Улсын дээд шүүхээс гаргасан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 105 тоот, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 242 тоот тогтоолуудаас өөрөөр хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчлан тогтоосон байна. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, 1.7-р зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилснаар хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хэм хэмжээнүүдийг зааж өгсөн байна.

Түүнчлэн мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч. шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Д.Л-ын хамтран амьдрагч Г.Г-г зодож толгойд нь хөнгөн гэмтэл учруулсны улмаас 3-4 долоо хоногтой ураг зулбаж хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна. Харин хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь өнөөдрийг хүртэл хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй.

Хэргийн материалтай танилцахад дараах нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Гэрч Э.Б нь “...Олон улсын стандартаар жирэмсний хугацааг тооцоолохдоо сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн тоолдог. Яг жирэмсэн болох өдөр нь ойролцоогоор сарын тэмдэг ирснээс хойш 2 долоо хоногийн дараа өндгөн эс ялгарч жирэмсэн болох боломжтой. Тийм учраас жирэмсэн хүний хугацааг жирэмсний хяналтад орох, ЭХО-оор үзэх үед сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс бодож бодит хугацаан дээр ойролцоогоор 2 долоо хоног нэмж хэлдэг. ...Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний эхэн үеийн шинж тэмдэг сүүлийн сарын тэмдгээр тооцоход 5-6 долоо хоногтойд илэрнэ” гэж мэдүүлснээс үзэхэд Г.Г-д жирэмсний шинж тэмдэг илрэх хугацаа болоогүй, хэрэв жирэмсэн байсан тохиолдолд 2 долоо хоног буюу 14 хоногтой жирэмсэн байсан гэж үзэхээр байх тул жирэмсэн гэдгээ өөрөө мэдэх болон Д.Л ч мэдэх боломжгүй байсан нь харагдаж байна.

Хохирогч Г.Г нь “...миний баруун талаар цасан дээр хөлөөрөө хавсарч унаган миний ...дээр дарж суусан”, “...миний толгой руу нөгөө шилбүүрийн модоороо цохисон”, “Мөн доошоо цус гарч байгаа” гэж мэдүүлсэн бөгөөд жирэмсэн байсан болон жирэмсэн гэдгийгээ өөрөө болон хамтран амьдрагч Д.Л мэдэж байсан талаар ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй бөгөөд жирэмсэн байсан, зулбасан гэдгээ хэрэг учрал болсноос хойш мэдсэн болох нь тогтоогдсон байдаг. Гэрч Г.У нь “...Г.Г гэх хүний толгойд 4 оёдол тавьсан”, “Тэгтэл 30 орчим минутын дараа буцаад гүйгээд ирсэн. Би яасан талаар асуухад цагдаад мэдүүлэг өгөөд сууж байсан сандал дээр доошоо цус гарч сандал цус болсон байна гэсэн” мэдүүлэг өгснөөс үзэхэд хохирогч Г.Г нь жирэмсэн байсан болон зулбасан талаар ямар нэгэн ойлголтгүй, жирэмсэн байснаа ч мэдээгүй явж байсан болох нь нотлогдоно.

Шүүгдэгч Д.Л нь “...Г.Г хүүхдээ зодоод байхаар нь болиоч гэхэд чамайг шар махтай чинь хатаана гэхээр нь ...гараад шилбүүрээр толгой руу нь 1 удаа цохисон” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогчийн гэдэс, хэвлий хэсэгт цохиж зодоогүй төдийгүй Г.Г-г жирэмсэн болохыг мэдээгүй болох нь нотлогдож байна. Гэрч Ч.Б нь “...Д.Л нь хүнтэй муудалцаад байдаггүй, гайгүй харилцаатай, хүний ярьж байгаа үгийг хүлээж авахдаа удаан, дуу муутай” гэж түүний хувийн байдал, зан характерыг тодорхойлсон байдаг. Гэрч Б.У нь “...Эхнэр Г.Г нь Д.Л-той харьцахдаа захирангуй, тушаасан байдалтай харилцдаг” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч Г.Г-ийн хувийн байдал, зан характер нь Д.Л-ын мэдүүлснээр хүүхдээ зодож, өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байх боломжтойг харуулж байна. Дээрх нотлох баримтуудаас харахад хохирогч Г.Г нь бодит байдал дээр 14 хоногийн буюу 2 долоо хоногтой жирэмсэн байсан байх магадлалтай бөгөөд жирэмсний шинж тэмдэг илрэх хугацаа болоогүй, өөрөө болон Д.Л  мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болох нь харагдаж байна.

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийн 9-д “Г.Г-ийн ураг зулбалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, ураг зулбалт нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-р зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2.3-т заасан гэмтлээс үүссэн үлдэц уршигт гэмтлийн үр дагавар буюу үлдэц уршигт хамаардаг болох нь тус журмын 3-р зүйлийн 3.5, 3.5.3-т зааснаар тус тус нотлогдож байна. Гэтэл шинжээч Л.Бямбатуяа нь дээрх журмын 3.1-д заасан гэмтлүүдтэй хольж хутган “амь насанд аюултай гэмтэл” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Д.Л-ын учруулсан бодит гэмтэл нь хөнгөн гэмтэл, үүний улмаас үүссэн үлдэц хор уршгаараа хүнд гэмтэл учирсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон, жирэмсний хугацаа богино буюу бодитоор 2 долоо хоног, хохирогч болон Д.Л-ын аль аль нь жирэмсэн гэдгийг мэдэх боломжгүй байсан, ураг зулбуулах шууд болон шууд бус санаа зорилго байгаагүй зэрэг хэргийн бодит байдлыг харгалзан үзэж түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж, тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Д.Л-ьг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жил 6 сар хорих ял оногдуулсан нь “Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх”, “Хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг эргэлзээгүй, бодитой тогтоосон байх”, “гэм буруутай үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоог эргэлзээгүй нотолсон байх” зэрэг зарчмуудад нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгосон цусны шинжилгээ болон дүрс оношилгооны эмнэлгийн баримтууд дангаараа онош болохгүй нарийн мэргэжлийн эмчид халдахыг эдгээр баримтуудад санамж болгож бичсэн байдаг. Мөн ****** сумын эмч Г.У-ын гэрчээр өгсөн мэдүүлэг болон тухайн үед хөтөлсөн өвчтөний түүх гэсэн баримтууд нь эрс зөрүүтэй байхад 610 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ял оногдуулсан нь зөрүүтэй баримтуудыг нягталж үзээгүйд гомдолтой байна. Д.Л-ын хувьд хохирогч Г.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг ба хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарсан шууд шалтгаант холбоотой эсэхэд эргэлздэг.

Бусдын биед хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр үйлдлийн арга хэрэгсэл, гэмт үйлдэл нь уг хор уршигт шууд хүргэсэн нь нотлогдсон тохиолдолд гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж дүгнэх үндэстэй. Гэтэл хохирогч Г.Г-ийн биед жирэмсэн байх үед нь зулбалт үүсгэж /жирэмслэлт тасалдаж/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгийг үгүйсгэх, дахин мөрдөн шалгах ажиллагааг хийх, гэмт хэргийг үгүйсгэх дараах үндэслэл, нотолгоо хэрэгт байхад шүүх хэт нэг талыг барьж зөрүүтэй нотлох баримтуудыг нягтлан шалгаж, зөв үнэлэх, дүгнэхдээ алдаа гаргаж шийтгэх тогтоолын үндэслэлдээ бодитой тусгаагүй болно.

Хохирогч Г.Г-ийн мэдүүлгээр 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болон 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Л-ын буруутай үйлдлээс толгойн хуйханд язарсан шарх, тохойд зулгарсан гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд харин жирэмсэн байх үед нь ураг зулбаж, жирэмсэн тасалдсан нь нотлогдон тогтоогдоогүй болно. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт жирэмсэн үед илэрдэг таамагдсан болон нотолгоот шинжийн талаар огт байхгүй бөгөөд зөвхөн “доош цус гарсан” гэсэн л нотолгоо тогтоогдсон. Эмэгтэй хүнд “үтрээнээс цус гарах” маш олон шалтгаан байдаг бөгөөд жирэмсэн үед л ганцхан цус гардаг ойлголт байдаггүй. Сарын тэмдэг ихэвчлэн тодорхой цаг мөчлөгт ирдэг боловч тухайн хүний бие физиологи, сэтгэл санааны байдлаас хамаарч “түр саатах”, “мөчлөг алдагдах”, “эрт ирэх”гэх мэт өөрчлөгдөх үзэгдэл элбэг байдаг. Сарын тэмдгийн үед умайн хананы хучуур эд эсээс цус гарсан болон жирэмсэн үед зулбалт болж ургийн хэсэг гадагшилсан эсэхийг ялган тогтох эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, оношилгоог бүрэн төгс цогц байдлаар хийгээгүй байхад зөрүүтэй бичиг баримтад үндэслэн Шүүх шинжилгээний албаны шинжээч Л.Бямбатуяагийн гаргасан 610 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарчээ.

Анагаах ухаанд “жирэмсэн байна” гэдгийг тогтоосны дараа “жирэмслэлт тасалдсан” гэх ойлголтыг авч үзнэ. “Жирэмслэх гэдэг нь эр, эм бэлгийн эс нийлж үр хөврөл нь умайн ханын доторх салст бүрхүүл бүхий хананд бэхлэгдэх процесс” юм. Гэтэл энэ хэрэгт Г.Г жирэмсэн байсан эсэхийг шалгах, нотлох ажиллагаа бодитой хийгээгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийн 6 дахь хэсэгт заасан “Г.Г 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан” гэсэн нь үндэслэлгүй болохыг шүүх анзаарч бусад нотлох баримттай харьцуулж зөв үнэлж чадаагүй байна. Шинжээчийн 610 дугаартай дүгнэлтийн үндэслэл болгосон гэх эмнэлгийн бичиг баримт болох *****  сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас “Умайн хүзүү 0.5 см орчим нээлттэй, чанд авианы /ЭХО/ шинжилгээгээр жирэмслэлт нет /сөрөг/ жирэмсэн биш гэж ойлгох дүгнэлт хийж ОНОШ: Өндгөвчний үйл ажиллагааны хямрал гэж их эмч Г.У оношилсон. Гэтэл өвчтөн илгээх хуудсандаа: гэмтлийн дараах толгойн өвдөлт, бүрэн зулбалт гэж өөрийн үзлэгээр жирэмсэн гэж оношлоогүй, жирэмслэлт зулбасан мэт оношийг хэтрүүлэн зөрүүтэй бичиж өгсөн байхад шинжээч эмч Г.У эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлийг биш өвчтөн илгээх хуудсыг үндэслэн “3-4 долоо хоногтой жирэмсэн байсан” гэж үндэслэлгүй хийсвэр дүгнэлт гаргажээ. Үүнийг шүүх олж анзаарч хараагүй.

Хохирогч Г.Г нь гэмтлийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой атал зөвхөн ГССҮТ-д 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзүүлж дараах үзлэг шинжилгээг хийлгэжээ. Тархи доргилт, хуйхны няцарсан шарх, гар хөл дэх зөөлөн эдийн няцрал, мөн ГССҮТ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хэвлийн ЭХО-д шинжилгээгээр давсагт шээс багатай, хэвлийд сул шингэнгүй байсан бөгөөд умайд жирэмсэн, зулбасныг нотлох өөрчлөлт тогтоогдоогүй байна. ***** сумын ЭМТ-ийн илгээх бичгээр Улаанбаатар хотын Яармаг дахь “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв-2”-т Г.Г-г үзүүлж жирэмсэн байсан эсэх, жирэмслэлт нь зулбасан эсэх оношийг нарийн мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношилгоо хийлгэх ёстой атал ийм тусламж үйлчилгээг аваагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогджээ. Гэвч Г.У /***** сумын ЭМТ-ийн их эмч/-ын мэдүүлэг нь түүний бичиж өгсөн “өвчтөн илгээх маягт бичиг №13А” дэх оноштой эрс зөрүүтэй байсныг шүүх зөв үнэлж дүгнээгүй болно. Гэрч Г.У мэдүүлэгтээ ...би жирэмсэн байж болзошгүй гэж Эх Хүүхдийн Эрүүл мэндийн төв рүү 1ЗА маягт хийж өгсөн... гэсэн атлаа уг 1ЗА маягтад бичсэн оношиндоо “ОНОШ: Гэмтлийн дараах толгойд өвдөлт, бүрэн зулбасан” гэж жирэмсэн юм бол ямар хугацаатай эсэх гэдэг оношийг огт тогтоогоогүй байж “бүрэн зулбасан” гэж бичсэн нь хэргийг буруу, үндэслэлгүй шийдвэрлэх үндэс, шинжээчийн 610 дугаартай дүгнэлт буруу гарах үндэслэл болжээ. Жирэмсэн эсэхийг хаана ч, ямар ч эмч бодитой тогтоож оношлоогүй байхад шүүх шинжээч эмч “3-4 долоо хоногтой жирэмсэн байжээ” гэж оношлох үндэслэлгүйг шүүх анхаарч зөв үнэлээгүй болно.

Хохирогчийн мэдүүлэгт шинжээч эмч Бямбатуяагийн мэдүүлсэн ...хэрэв зулбасан бол хэвлийн доод хэсгээр маш хүчтэй өвдөх базлах, хатуурах шинж гарна... гэсэн зовиурууд нэг ч илрээгүй, дурдаагүй байна. Эцэст нь “жирэмсэн байсан эсэх, жирэмсэн бол ямар хугацаатай вэ” гэдгийг баттай тогтоож байж зулбалт болсон, жирэмслэлт тасалдсан хор уршиг, түүний шалтгаант холбоог шинжээч тогтоох ёстой. Энэ шаардлагад нийцээгүй, шинжлэх ухааны үндэслэл муу, туршлагагүй дүгнэлт гаргасныг шүүх анзаарч зөв үнэлээгүйг дахин дурдъя. Хувийн хэвшлийн “Ирээдүй” эмнэлгийн ЭХО-ны эмч /эмэгтэйчүүдийн эмч биш/ гэх гэрч Э.Б-ийн мэдүүлэгт ...Умайн хөндийн ургийн цэврүү харагдаагүй, ургийн цэврүүний эргэн тойронд ховхрол ажиглагдах боломжтой...” гэсэн нь жирэмсэн байж байгаад зулбалт болсон шинж харагдаагүй гэсэн мэдүүлэг болохыг шүүх зөв үнэлээгүй, энэ талаар шинжээч эмчээс асууж тодруулаагүй. Жирэмснийг нотлох баттай шинж бол

-Умайн хөндийд ураг үр хөврөл тогтоогдох /умайн салстын шинжилгээгээр жирэмсний процесстой холбоотой эд, эсийн өөрчлөлт эд эсийн шинжилгээ, ЭХО шинжилгээгээр тогтоогдох

-Зулбасан тохиолдолд доош гарсан цус болон умайн хөндийгөөс хусаж цэвэрлэж авсан хусамд жирэмслэлтийн процесстой холбоотой өвөрмөц эс /децидуаль/ илрэх тогтоогдох явдал хамаардаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож Д.Л-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, түүнээс учирсан гэм хор уршгийн хоорондын шалтгаант холбоо, хор уршгийн хэмжээг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн хооронд нь уялдуулан үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогчийн толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан байдаг. Улмаар дээрх үйлдлийн дараа хохирогчийн бэлгийн замаас тодорхой хэмжээний цус гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн сумын Эрүүл мэндийн төвийн болон бусад эмнэлгүүдэд үзүүлсэн шинжилгээнүүдээр хохирогчийн ураг зулбасан гэх нотолгоо хангалтгүй байхад сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн урьдчилан таамагласан оношинд үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Хохирогчийн толгойн хуйханд учирсан зөөлөн эдийн гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс үүссэнийг хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү гэр бүлийн амьдралын тухайд эхнэрээ жирэмсэн болоогүй гэдгийг анхнаасаа мэдүүлж байсан. Шинжээчийн дүгнэлт буруу гарах болсон үндэслэл нь ***** аймгийн ***** сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн болон өвчтөнийг илгээх хуудсанд бичсэн онош юм. ***** аймгийн ***** сумын Эрүүл мэндийн төвийн эмч эхо шинжилгээг өөрөө хийж эмнэлгийн хуудсанд “жирэмслэлт байхгүй” гэж бичсэн байдаг. Гэтэл дараа нь илгээх хуудсандаа зулбалт гэсэн онош тавьсан.

Улмаар гэмтлийн эмнэлгийн шинжилгээ нь зулбасныг нотлох өөрчлөлт байхгүй, хэвийн гэсэн хариутай. Мөн хувийн эмнэлэгт эхо шинжилгээ хийлгэхэд жирэмсэн гэдэг нь нотлогдоогүй. Шинжээч эдгээр нотлох баримтуудад үндэслэж дүгнэлт гаргахдаа ураг зулбасан учир хүнд гэмтэл гэж гаргасан. Тэгэхээр тогтоох зайлшгүй зүйл бол жирэмсний хугацаа юм. Гэтэл хэрэгт жирэмснийг баттай нотолсон, хугацааг тогтоосон шинжилгээнүүд хийгдээгүй. Хэрэв сумын эрүүл мэндийн төвийн эмч жирэмслэлтэй холбоотой онош тавьсан тохиолдолд умайн хөндийг цэвэрлэж, хусам авч шинжилгээнд өгснөөр умайн хөндийн салстад эд эсийн өөрчлөлт байсан эсэхийг нягтлах ёстой. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулсан. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ураг зулбасан гэх нотолгоо хангалтгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Д.Л-ын эрх зүйн байдлыг дордуулсан, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Г-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон цусны шинжилгээний хариу хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан ба “...лабораторийн шинжилгээний хариу нь дангаараа аливаа өвчний онош болохгүй тул танд ямар нэгэн зовуурь, өвчний шинж тэмдэг байгаа тохиолдолд оношийг бүрэн тогтоохын тулд заавал холбогдох мэргэжлийн эмчид хандан үзүүлж, шаардлагатай дүрс оношилгоо болон бусад багажийн аргаар шинжлүүлэх шаардлагатай” гэсэн байна. Энэ хэргийн хохирогч Г.Г гэх эмэгтэй жирэмслэлт таслагдсан гэж байгаа бол цэвэрлэгээ хийлгэх ёстой байсан. Гэтэл эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлээгүй, цэвэрлэгээ хийгдээгүй. Хэрэг болсон 2022 оны 10 дугаар сарын 31-ний орой сумын Эрүүл мэндийн төвийн эмч Г.У Г.Г-д 13А маягт бичиж өгсөн хэдий ч Г.Г сумын төвд эгчийндээ хоноод маргааш нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад Г.Г эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээгүй гэдгээ хэлж байсан.

Түүнчлэн эмч Г.У-ын оношоо бататгахаар явуулсан баримт, цусны шинжилгээг үндэслэж Г.Г-г 3-4 долоо хоногтой жирэмсэн гэх оношийг шинжээч эмч тогтоосон болохоос эмэгтэйчүүдийн эмч тогтоогоогүй. Мөн Г.Г-ийн “...нөхөртөө гомдолгүй, хэргийг хааж өгнө үү” гэсэн хүсэлтүүд хэрэгт авагдсан. Д.Л-ын хувьд бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэг байснаа хэлдэг. Сумын Эрүүл мэндийн төвийн эмч Г.У “тестээр үзэхэд жирэмсэн биш байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн. Тэгэхээр Г.Г жирэмсэн байсан үйл баримт хангалттай нотлогдохгүй байна. Г.Г-ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Л-оос автомашин болон эд зүйл шаарддаг байсан ба өгөөгүй учир жирэмсэн байсан гэх зүйлийг ярьж эхэлсэн гэж үздэг. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

Шүүгдэгчийн хувьд Г.Г-д хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Надаас өмнө энэ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахаар Д.Л-ыг хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэнд маргасаар ирсэн. Хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Д.Л-ын хувьд хамтран амьдрагч Г.Г-г зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсны улмаас ураг зулбаж хүнд хохирол учирсан гэх хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 8 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн. Д.Л-ын холбогдсон хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд түүний үйлдлийг зөв зүйлчлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 11.3, 11.6, 11.7 дугаар зүйлүүдэд хамааралтай гэж үзэж болохоор байна.

Эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт багтаж байгаа тул хамгийн тохирох нэг зүйл, хэсгээр зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Г.Г-ийн биед хөнгөн болон хүнд гэсэн хоёр гэмтлийн зэрэг тогтоогдсон учир хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 11.3 дугаар зүйл нь санаа зорилго буюу гэм буруугийн хэлбэрээрээ ялгагдана. Өмгөөлөгчийн зүгээс Д.Л-ын үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн. Учир нь Д.Л-т хүнд гэмтэл учруулах, ураг зулбуулах санаа зорилго байгаагүй буюу түүний хайхрамжгүй үйлдлийн улмаас ураг зулбасан гэж үзэж байна.

Тиймээс Д.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь зохимжтой. Хяналтын шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилбөл ял шийтгэлийг гэм буруугийн хэлбэрт тохирсон байдлаар оногдуулах шаардлага үүснэ. Д.Л-ын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо төлсөн, хохирогчоос салснаас хойш хөгжлийн бэрхшээлтэй охин, аав, ах нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хэргийн зүйлчлэл, ялын төрөл хэмжээг өөрчлөхөд хэрэгтэй учир ялын тооцоог 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар гаргуулан авч хэрэгт өгсөн байгаа” гэв.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний биед хүнд хохирол учруулах гэмт хэргийг ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, хор уршиг учруулсан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосноор хэргийн зүйлчлэл зөв тогтоогддог. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Д.Л  нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч Г.Г-ийн сэтгэл санаанд дарамт учруулах, өмнө нь бие махбодод халдаж, гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчиж байсан, уг үйлдэл нь давтагдаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолдоо хохирогчийг жирэмсэн байсан эсэх, жирэмсэн гэдгийг мэдээгүй гэдэг боловч хохирогчийн хоолойг уяагаар боох, модоор толгой гар хөл рүү цохих, өшиглөх, хөлөөрөө хавсарч газарт унагах зэргээр энэ гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга нь хохирогчийг жирэмсэн байсныг мэдсэн эсэхээс үл шалтгаалан тухайн хор уршигт зориуд хүргэж, хүсэж үйлдсэн байх тул хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Жаргал, Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч Д.Л нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ****** аймгийн ****** сумын ****** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “******” гэх газар гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Г-ай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол, 3-4 орчим долоо хоногтой ураг зулбуулж амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Л-ыг хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Л-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

4. Хяналтын журмаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн “...Д.Л-ын учруулсан бодит гэмтэл нь хөнгөн гэмтэл, үүний улмаас үүссэн үлдэц хор уршгаараа хүнд гэмтэл учирсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон, жирэмсний хугацаа богино буюу бодитоор 2 долоо хоног, хохирогч болон Д.Л-ын аль аль нь жирэмсэн гэдгийг мэдэх боломжгүй байсан, ураг зулбуулах шууд болон шууд бус санаа зорилго байгаагүй зэрэг хэргийн бодит байдлыг харгалзан үзэж түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж, тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож Д.Л-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...”  гэх агуулга бүхий гомдлуудыг хэргийн баримтад тулгуурлан хянаж үзлээ.

Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог юм.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.

Хэрэгт хохирогч Г.Г, гэрч Г.У, Э.Б, шинжээч Л.Бямбатуяа нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээс гадна “Төгс Ялгуун” лабораторийн иммунологийн “...Г.Г-аас авсан сорьцоос ХГ-180.1...” гэсэн шинжилгээ, гэрч Э.Б-ийн “...“ХГ” шинжилгээний хариу жирэмсэн гэсэн хэмжээ буюу 180.1 гэж заасан. Хэрвээ жирэмсэн биш байсан бол 0-10 гэж заах ёстой байсан. Үзлэгийн явцад умайн салст маш нимгэрсэн буюу 0.3 см байгаа нь бүрэн зулбасны дараа ийм хэмжээтэй гарах боломжтой...” гэсэн мэдүүлэг авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.Л-ын үйлдэл хэрхэн тогтоогдож буй талаар хоёр шатны шүүх тодорхой дүгнэж, тэдгээрийн харилцан хамаарал болон нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг харьцуулах замаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх хуулийн заалттай нийцжээ.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдсан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Л-ыг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн  “...ураг зулбуулах шууд болон шууд бус санаа зорилго байгаагүй зэрэг хэргийн бодит байдлыг харгалзан үзэж түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж, тохирсон ял шийтгэлийг оногдуулах...”, өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын “...Жирэмсэн эсэхийг хаана ч, ямар ч эмч бодитой тогтоож оношлоогүй...” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай юм.

Харин гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирохоор зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт, жишиг билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх ба энэхүү сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдаг онцлогтой бөгөөд огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байж болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Д.Л-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн хүндрүүлэх буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжийг үгүйсгэх, эсхүл ямар нэгэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэхүйц болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц баримт хэрэгт авагдаагүй байна.

6. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

7. Хяналтын шатны шүүхээс Д.Л-т оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохироогүй байна гэж дүгнэн түүнд оногдуулсан 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...8 /найм/ жил 6 /зургаа/ сар...” гэснийг “...5 /тав/ жил 6 /зургаа/ сар..”,  3 дахь заалтын “...8 /найм/ жил 6 /зургаа/ сар...” гэснийг “...5 /тав/ жил 6 /зургаа/ сар..” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Жаргал, Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧИД                                             С.БАТДЭЛГЭР

                                                            Б.БАТЦЭРЭН

                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Б.ЦОГТ