Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0216

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б     

Улсын яллагч Г.Т    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б 

Шүүгдэгч Г.О, Д.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О, Д.Л нарт холбогдох эрүүгийн 1818006070372 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Г.О, Д.Л

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.О нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Малчины 5-40 тоотод Ч.О Samsung note 3 маркийн гар утсыг Д.А “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 34-06 тоотод оршин суух З.Н Samsung s5, А.Ганцэцэгийн Huawei Р Smart маркийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч 836 500 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Яллагдагч Г.О, Д.Л нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 8-63 тоот хашаанд байх байшингийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, эвдлэн нэвтрэн орж цагаан өнгийн жижиг хөлдөөгч, хар өнгөтэй индукцэн плитка зэрэг эд зүйлс хулгайлан авч 130 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэн бусдад нийт 1 146 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О, Д.Л нарыг залилах болон орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Г.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Хохирогч нараас аминчлан уучлалт гуйж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Л нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа ойлгож байна.” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч нар нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.О-ийн ...“2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчим Д.А гэх манай урд байдаг охин миний самсунг галакси нөт 3 маркын гар утсыг ярьчихаад өгье гэж аваад тэр өдрөө Г.О гэх залууд өгөөд нөгөө залуу нь миний утсыг одоо хүртэл авч ирж өгөхгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 106-р хуудас/

         2. Гэрч Д.А-ын ...“Тухайн өдөр би гэрт байж байхад ахын найз болох Г.О гэрт ирээд ахыг асуусан. Г.О надаас гар утсаа өгч байгаач нэг хүн рүү залгаад өгье гэхээр нь би надад нэгж байхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл Г.О хойд айлынхаа охиноос гар утсыг нь аваад өгчих нэг залгаад хүнтэй ярьчихаад өгье гэхээр нь би хойд талд байдаг Ч.О-ийн гэрт ороод Ч.О-ээс гар утсыг нь аваад Г.О-т өгсөн юм. Тэгээд Г.О нэг хүнтэй залгаад яриад байсан. Тэгээд гар утсыг нь буцааж өгсөн. Хэсэг байж байгаад нэг хүн залгах байх гэж хэлж байсан. Тэгээд дахин гуйхаар нь би Ч.Отгонцэцэгээс гар утсыг нь дахин гуйж байгаад гар утсыг нь аваад өгсөн. Тэгтэл О хүнтэй гадаа ярьж байгаад тэр чигээрэй гар утсыг нь аваад яваад өгсөн байсан. Би Ч.О-ийн хамт Г.О-ыг гадуур хайгаад олоогүй юм. Г.О гадаа гараад нэг хүнтэй ярьчихаад тамхи татаад ороод ирнэ гэж хэлээд гарсан. Тэгээд тэр чигээрээ алга болсон” гэсэн мэдүүлэг. Тухайн үед Г.О өөрөө гар утасгүй байсан. О-ийн дугаар луу залгасан чинь эхлээд дуудаж байгаад шууд гар утсыг нь унтраагаад холбогдохоо больсон. Шууд гарч явсан байхаар нь араас нь залгасан чинь гар утсыг нь унтраасан байсан. Тэгээд ч ломбарданд барьцаанд тавьсан байсан гэж сонссон. Мартаад явсан бол буцаагаад өгөх байсан” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 111, 135-р хуудас/

          4. Иргэний нэхэмжлэгч Д.У-ын ...“2018 оны 07 сарын 27-ны орчим манай хүүхдийн найз гэх зүс таних Г.О гэх хүүхэд 20 цагийн үед манай гэрт хүрч ирээд “Утас авах уу” гэж асуухаар нь тухайн үед хямдхан 50 000 төгрөгөөр өгнө гэсэн болохоор авъя гэж хэлээд худалдаж авсан. Надад одоо санал гомдол гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 110-р хуудас/

          5. “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт. /1 дүгээр хх-ийн 121-122-р хуудас/

          6. Хохирогч А.Г-ийн ...“2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр З.Н-ын найз нь гээд Дархан-Уул аймагт байдаг гээд нэг залуу ирсэн юм. Улаанбаатар хотод ажиллаж байгаад ажилгүй болоод танай гэрт хонъё гэсэн. Тэгээд манай гэрт 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл амьдарсан. Тэгээд манай гэрт байх үед гар утсаа өгч байгаач ээ хүнтэй утсаар яриад өгье гэж хэлж авсан юм. Тэгээд гэрийн гадаа гараад эргэж орж ирээгүй. Тэгтэл тэр үед манай нөхрийн гар утсыг хамт утсаар ярина гэж хэлээд авсан байсан ба хамт аваад явсан байсан. Тэгтэл миний гар утсыг Смарт нэртэй барьцаалан зээлдүүлэх газар миний гар утас гэж хэлээд 200 000 төгрөгт барьцаалсан байсан” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 238-р хуудас/

 

          7. Хохирогч З.Н-ын ...“Г.О манайд 2019 оны 02 сарын 16-ны өдрийг хүртэл байсан. Явахдаа миний Самсунг эс 5 маркийн гар утас, манай эхнэрийн Хуавей маркийн гар утсыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 242-р хуудас/

 

          8. Гэрч Д.М-ын ...“2019 оны 02 сарын 16-ны өдөр 19 цаг 37 минутанд гар утас барьцаалсан. Тухайн залуу нь гар утас барьцаалах талаар асуусан бөгөөд гар утас үзүүлсэн юм. Тэгээд би шалгаж үзээд тухайн гар утсыг 200 000 төгрөгийн барьцаанд авсан. Тэгтэл хэд хоногийн дараа нэг эмэгтэй орж ирээд зарах гар утас байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг үзүүлсэн юм. Зарж магадгүй гэж. Тэгтэл үзээд миний гар утас байна. Манай найз манайд байх үедээ гар утсаар чинь яриад өгнө гэж хэлээд аваад явсан. Тэгтэл барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. Тухайн эмэгтэй нь ирээд гар утсаа авна гэсэн юм. Тэгээд мөнгө олдохгүй байна гэж хэлээд миний гар утсыг худалдаад авчих гэж хэлсэн юм. Тэгээд би Г.О гэх хүний барьцаалсан 200 000 төгрөг дээр нэмээд 60 000 төгрөг өгч худалдан авсан. Надад хохирсон зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 247-р хуудас/

 

          9. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт. /2 дугаар хх-ийн 5-9-р хуудас/

 

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дгээр хх- ийн 7-11 дүгээр хуудас/

         

          11. Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /1 дүгээр хх-ийн 12-18, 19-26-р хуудас/

 

          12. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /1 дүгээр хх-ийн 29-30-р хуудас/

 

          13. Хохирогч Г.Д-ын ...“Би нөхөр н.А-ын хамт ач хүү О-ийн Дархан сумын 3 дугаар багийн 8-63 тоотод оршин суудаг гэрт нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр очиход хаалганы хажууд байсан тавиур дээрх зүйлийг газар унагаачихсан байшингийн гал тогоонд байсан жижиг хөлдөөгч, индукцэн плитка алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн газар хандсан. Цагаан өнгийн 75x63 см хэмжээтэй, нүүрэн дээрээ пингвиний зурагтай, жижиг дээшээ онгойдог хаалгатай хөлдөөгч, мөн хар өнгөтэй 30x16 см хэмжээтэй индукцэн плитка алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 37-р хуудас/

 

          14. “Капитал зууч” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 64-65-р хуудас/ болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.О, Д.Л нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.О-ын бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.О, Д.Л нарын бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт  хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.О-ын үйлдсэн залилах гэмт  хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Г.О-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 50*50 хэмжээтэй усны тэрэг, 34 см урттай төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцэхгүй. Шүүгдэгч Г.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирогч нарт эд зүйлийг хүлээлгэн өгсөн болон хохирол төлсөн байдлын тухай баримтуудыг шинжлэн судлуулж оролцоно. Улсын яллагчаас миний үйлчлүүлэгч Г.О-т 3 жилийн хорих ял оноож байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Г.О-т оноосон ялыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал байна гэж үзэж байна. Үүнд: Шүүгдэгч Г.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан  зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдэж байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Г.О нь гэм буруугаа ойлгож байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаас доогуур оногдуулах боломж байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах саналтай байна. Хохирол төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа мөн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлүүдээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноож, хуульд заасны дагуу нийтэд тустай ажил хийх 8 цагийг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сараас хэтрүүлэхгүйгээр оногдуулж өгнө үү.” гэв. 

 

   Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.О, З.Н, Г.Д, А.Г, гэрч Д.А, Д.М, иргэний нэхэмжлэгч Д.У нарын мэдүүлэг, “Капитал зууч” ХХК болон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн тус тус гаргасан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.О нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Малчины 5-40 тоотод Ч.О-ийн гар утсыг Д.А-аас “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч, мэхлэн авч 180000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 34-06 тоотод оршин суух З.Н, А.Г нарын гар утаснуудыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч, мэхлэн авч 836 500 төгрөгийн хохирол учруулсан,

 

            2. Яллагдагч Г.О, Д.Л нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 8-63 тоот хашаанд байх байшингийн цоожийг эвдлэн орж цагаан өнгийн жижиг хөлдөөгч, хар өнгөтэй индукцэн плитка зэрэг эд зүйлс хулгайлан авч 130 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.О, Д.Л нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилах, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Г.О нь энэ хуулийн нэг бүлэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байх тул тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөндлөн гагнасан бариултай 50х50 см хэмжээтэй даавуун зүйлээр зөөлөвчлөн ороосон усны тэрэг, цагаан өнгөтэй 34 см хэмжээтэй, 2 талын үзүүр хэсэг нь зэвэрсэн төмөрийг тус тус устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Г.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Д.Л нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Г.О-т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 118 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Л-д авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хөндлөн гагнасан бариултай 50х50 см хэмжээтэй даавуун зүйлээр зөөлөвчлөн ороосон усны тэрэг, цагаан өнгөтэй 34 см хэмжээтэй, 2 талын үзүүр хэсэг нь зэвэрсэн төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС