Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01410

 

 

2025  08  25  210/МА2025/01410

 

*******

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04900 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 361,584,766.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 15,031,142.81 төгрөг төлүүлэх тухай гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2021 оны 01 дүгээр сараас хойш 241,056,511 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж, хуульд заасан арга хэмжээг авч байсан боловч төлөгдөөгүй.

Иймд нийгмийн даатгалын шимтгэл 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөгийг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 10 дугаар сараас *******ХК-д Монгол Улсын Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон шинэ удирдлагын багаар бүх үйл ажиллагаа, төслийг хянаж шалгах хүрээнд Авлигатай тэмцэх газарт шалгалт явагдаж байгаа, уг шалгалт дуусаж дүгнэлт гарснаар уг компани нь *******ХХК-ийн төслийн ажлыг хүлээн авна гэсэн хариу аваад хүлээж байна. Биднээс хамаарахгүй давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадалгүй хуримтлагдсан бөгөөд *******ХК-аас авлага 420 сая төгрөгийг авмагц төлөх боломжтой болох учир төслийн ажлыг хүлээж авах хүртэл хүлээнэ үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Би 2018 оноос хойш *******ХХК-д ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иймд 2 жил 1 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 15,031,142.81 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын бичилтийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

4.Бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нийгмийн даатгалын сан бол тухайн ажил олгогчоос ирүүлсэн тухайн сарын шимтгэлийн тайланг үндэслээд төлөгдсөн бол төлөгдсөн төлөвт хүлээж авна. Яагаад ганц хүнийхийг оруулж болдоггүй вэ гэхээр энэ нь хамтын ажиллагааны зарчмаар явагддаг сан учраас зөвхөн нийт ажилчдыг бүрэн төлсөн тохиолдолд бүгд төлсөн төлөвт ордог сан юм. Тийм учраас гуравдагч этгээдийн шаардлага дахь зөвхөн миний шимтгэлийг төл гэсэн асуудал бол хүндрэлтэй байгаад байгаа. Тайланд байгаа 10 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл бүгд төлөгдсөн тохиолдолд төлөгдсөн төлөвт орно гэсэн ийм нөхцөл байдал үүссэн байгаа, энэ 10 ажилтан дунд гуравдагч этгээд байгаа юм гэжээ.

 

5.Бие даасан шаардлагад хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд гуравдагч этгээдийн шаардлага багтаж байгаа, тусгаарлан төлөх боломжгүй гэж үзэж байна. Төлөхгүй гэж хэлээгүй, төлнө гэж байгаа гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэлээс 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл өр төлбөрт 241,056,511 төгрөг, алдангид 72,316,953.30 төгрөг, нийт 313,373,464.30 төгрөгийг хангаж, нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч *******ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,211,301.70 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч *******ХХК нарт холбогдох 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох 15,031,142.81 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын санд төлүүлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай гуравдагч этгээд *******ын шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ХХК-иас 1,724,817 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан гуравдагч этгээд *******д олгож шийдвэрлэсэн.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1.Нэхэмжлэгч ******* зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан ба "*******" ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа тухайн цаг хугацаанд үүссэн ковид-19 цар тахлын үетэй холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн байдал муудсанаас шалтгаалан төлөгдөөгүй тул цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, тодорхой хугацааны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн шимтгэлийн өр болох 241,056,511 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд алдангид нэхэмжилсэн 120,528,255.5 төгрөгийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон.

Гомдол гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрээс алданги 72,316,953.30 төгрөгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдлоо дараах үндэслэлээр гаргаж байна. Тодруулбал, хариуцагч "*******" ХХК нь 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба үүнийгээ ч хүлээн зөвшөөрч нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөгийг төлөхөө илэрхийлсээр байгаа гэдгийг дахин дурдах нь зүйтэй.

1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулж, хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан ба Зөрчлийн тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулсан. Уг зүйлийн тайлбар хэсэгт шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож төлүүлэхээр заасан ба 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж хуульчилсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байцаагч тус зөрчлийг шалгаж шийдвэрлэх ба ******* зүгээс хариуцагч "*******" ХХК-д шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг хянан шийдвэрлээгүй, зөрчлийн арга хэмжээ аваагүй атал шүүхэд шууд шимтгэлийн өр төлбөрт тооцох алдангийг 50 хувиар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх үүнээс 72,316,953.30 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна

7.2.Мөн хэргийн 6 дахь талд ******* болон хариуцагч "*******" ХХК нар нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авлага барагдуулах талаар уулзалдаж тэмдэглэл хөтлөсөн байдаг ба хэргийн 5 дахь талд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0322 дугаар албан шаардлагад нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр төлбөр болох 241,056,511 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хуульд заасан хугацаа хэтрүүлсэний алданги тооцно гэж анхааруулсан байдаг. Өөрөөр хэлбэл ******* улсын байцаагчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл алданги тооцоогүй талаар баримт байхад 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд алдангийг тодорхойлж шууд 30 хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 313,373,464.30 төгрөгийг хангаж гэснийг 241,056,511 төгрөг болгон өөрчилж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт алдангид 72,316,953.30 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

******* нь *******ХХК-д холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийг баримтлан хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Гомдолд дурдсанаар уг асуудлыг шүүхэд өгөлгүйгээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах байсан гэж маргасан боловч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах тухай уулзалт хийж тэмдэглэл хөтөлсөн байдаг. Уг уулзалтад *******ХХК-ийн захирал *******, Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн тасгийн дарга *******, орлого шимтгэлийн байцаагч *******нар оролцсон. Уулзалтын тэмдэглэлд нийгмийн даатгалын үүссэн шимтгэлийн өр төлбөрийг тогтоосон хугацаанд барагдуулах шаардлагатайг тайлбарлаж, албан шаардлага хүргүүлсэн.

Мөн төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд данс хаах, анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах талаар танилцуулж, талууд тодорхой шийдвэрт хүрсэн. Уг үндэслэлээр ******* нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн дагуу ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал тайлбартаа нийгмийн даатгалын өр төлбөрийг тухайн үед төлөөгүй шалтгааныг цар тахалтай холбон дурдсан. Гэвч бодит байдалд компанийн үйл ажиллагаа зогсоогүй, цахимаар хэвийн үргэлжилж байсан. Үүнийг нотлох баримтын нэг нь компанийн дансанд тухайн хугацаанд орсон их хэмжээний орлого бөгөөд нийтдээ 1.8 тэрбум гаруй төгрөгийн орлого төвлөрсөн атал ажил олгогч тухайн орлогыг санаатайгаар нууж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөөгүй, мөн ажилчдынхаа цалин хөлсийг өгөөгүй. Үүний улмаас холбогдох байгууллагууд болон ажилтан болох би өөрөө хохирсон. Одоог хүртэл тус компани нийгмийн даатгал, татварын ямар ч төлбөр төлөөгүй, ажилчдынхаа хөдөлмөрийн хөлсийг барагдуулаагүй хэвээр байна. Би өөрийн цалин хөлсийг гаргуулах зорилгоор холбогдох шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Тухайн үед *******т хохирлоо барагдуулахаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар удаа дараа хандаж байсан. Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлд зааснаар орлогоо санаатайгаар нууж, удаа дараа ижил төрлийн үйлдэл гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд ******* нь 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 15,031,142.81 төгрөг төлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасныг зохигч талууд эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэлд дурдсан 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг нь 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн үйлчлэлд хамаарах ба хариуцагч нь тус хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөгийг төлөх үүрэгтэйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Энэ талаар хариуцагч маргаагүй.

 

4.Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдэлд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон зохигч талууд гомдол гаргаагүй байна.

 

5.Харин хариуцагч алданги төлөх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5.1.1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл буюу хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа тус хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Улмаар Зөрчлийн тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Уг зүйлийн тайлбар хэсэгт шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож төлүүлэхээр тусгагджээ.

Хэргийн баримтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байцаагч хариуцагч *******ХХК-ийн зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн, шимтгэл төлөх үүргийн зөрчилд алданги тооцсон байдал тогтоогдоогүй байна.

5.2.Мөн 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан ба хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийг тайлангаар мэдүүлсэн, ингэхдээ тооцооны алдаа гаргаснаас шимтгэл дутуу төлсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул уг зохицуулалтыг талуудын маргаанд хэрэглэх үндэслэлгүй.

5.3.Дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ гэж заасан боловч зохих журмын дагуу хариуцагчид алданги ногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй нөхцөлд энэ зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй.

Анхан шатны шүүх 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд алдангийн талаар зохицуулсны дагуу нэхэмжлэгчийг алданги төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь дээр дурдсанаар үндэслэлгүй тул залруулах нь зүйтэй.

 

6.Иймд 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алдангийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 120,528,255.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 241,056,511 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,528,255.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын 1,724,817 гэснийг 1,363,233 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,535 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА