Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 0239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 1925004670299 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18 дугаар байрны 80 тоотод 2019 оны 06 сарын 28-ны шөнө эхнэр Л.Бийн эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Тэр өдөр ажлын газрын хүнтэй 1 шил архи уугаад гэртээ харьсан. Гэрт эхнэр ирээгүй байсан. Би утсаар залгахад аваагүй. Тэгээд удаагүй ирэхээр нь яагаад утсаа авахгүй байсан, хайчаад ирэв гээд маргалдсан. Тэгээд сууж байхад нь тохойгоороо цохичихсон. Одоо бид 2 эвлэрсэн. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Дахин ийм асуудал гаргахгүй. Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...23 цагийн үед гэртээ орсон чинь Алтайсайхан согтуу намайг хаачаад ирж байгаа юм гээд намайг түлхсэн. Би эргүүлээд түлхсэн чинь буйдан руу уначихсан тэгснээ намайг эр нөхөртөө гар хүрлээ гээд уурласан. Тэгээд бид хоёр маргалдсан. Намайг сууж байхад арагшаа гараараа тохойлдож миний дух руу цохичихсон, тэгээд би чи намайг цохилоо гэж хэлээд би уурандаа цагдаад өргөдөл өгсөн юм. Намайг ажлын газрын хүнтэй минь хардаж хэл үгээр доромжилсон гэсэн мэдүүлэг /xx 7-8 ху/,

 

-Яллагдагч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...01 цагийн орчимд Баасандорж гаднаас архи үнэртүүлсэн орж ирсэн. Би орж ирэхээр нь чи яагаад утсаа авдаггүй юм бэ гэхэд Баасандорж чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд бид хоёр маргалдсан...Би юунаас болж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг залгахад гар утсаа авахгүй байсан тэгээд архи уусан болохоор жаахан бухимдаад сууж байтал гаднаас Баасандорж ч согтуу орж ирсэн. Би тухайн үед арагшаа санамсаргүй тохойлдоод дух нь хавдсан байсан, духны хавдар нь доошоо бууж нүүр нь хөхөрсөн байсан. Бид хоёр маргалдаж байгаад би түлхэж гар нуруунд нь цус хуралт үүсгэсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 11, 24-25 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 453 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Б-ийн биед духны арьсан доор цусан хураа, 2 гар, нуруу, зүүн  шилбэнд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Духны цусан хураа нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 18-19 ху/,

 

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/

-Н.А яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-25 ху/

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 43-47 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18 дугаар байрны 80 тоотод 2019 оны 06 сарын 28-ны шөнө эхнэр Л.Бийн эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...удаагүй ирэхээр нь яагаад утсаа авахгүй байсан, хайчаад ирэв гээд маргалдсан. Тэгээд сууж байхад нь тохойгоороо цохичихсон” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Бийн “...Тэгээд бид хоёр маргалдсан. Намайг сууж байхад арагшаа гараараа тохойлдож миний духруу цохичихсон тэгээд би чи намайг цохилоо гэж хэлээд би уурандаа цагдаад өргөдөл өгсөн юм” гэсэн мэдүүлгүүд /хх 7-8 ху/, хохирогчийн биед духны арьсан доор цусан хураа, 2 гар, нуруу, зүүн  шилбэнд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 453 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Н.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.А нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.БАЙГАЛМАА