| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/07542/И |
| Дугаар | 210/МА2026/00030 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00030
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/08932 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Гэрээний үүрэгт төлсөн 44,840,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******ийн өмчлөлийн Солонгос улсад 2003 онд үйлдвэрлэсэн, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Daewoo маркийн 25ТОN загварын ус тээвэрлэх тусгай зориулалттай тээврийн хэрэгслийг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон.
1.2. Дээрх гэрээний төлбөрт 44,840,000 төгрөг төлж, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эзэмшилдээ шилжүүлэн авсан. Гэтэл ******* нь тээврийн хэрэгслээ зарахаа болилоо гээд буцаан авсан боловч 44,840,000 төгрөгийг буцаан өгөөгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 44,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 44,840,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 382,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад болохоор товлон зарлагдсан талаарх Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч *******д ******* тоот хаягаар хүргүүлсэн байх бөгөөд тус хаягаар шуудан хүргэгдэх үед заасан хаягт ийм хүн байхгүй гэх хариуг авч шуудангийн илгээмж гардуулагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Учир нь хариуцагч ******* нь 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа өөрийн оршин суух хаягаа ******* тоот хаягт оршин суудаг гэж нэхэмжлэл гардуулсан тухай Баримт №4 гэх шүүхийн ажиллагааны баримтад гэрийн хаягийн мэдээллээ тусгасан байх бөгөөд мөн хэрэгт авагдсан Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай гэрээ-нд *******, ******* тоот хаягт оршин суудаг талаарх мэдээлэл авагдсан байдаг.
Хариуцагч ******* нь өөрийн оршин суух хаягийн мэдээллээ үнэн зөвөөр мэдүүлсэн боловч шүүхээс алдаатай хаягаар шүүх хуралдааны тов хүргүүлж, шуудан нь зохих ёсоор хариуцагчид хүргэгдэлгүй буцсан байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.
4.2. ******* нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар оролцуулах байсан боловч тус өмгөөлөгч нь шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид утсаар мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбар, татгалзлыг хэлсэн тул хариуцагчийн эрхийг хангаж түүнд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу гардуулсан эсэх, түүнийг хариуцагч өөрийн биеэр гардаж авсан эсэх, түүнийг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эсэхийг сайтар нягталж шүүх хуралдааны бэлтгэлийг бүрэн хангах үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлэх ёстой байжээ.
Хэрэгт авагдсан шүүхийн ажиллагааны баримт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл зэргээс хариуцагч *******д шүүх хуралдааны товыг утас, зурвас, цахим шуудангийн хаягаар хүргүүлээгүй хариуцагчаас мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тухай үйл баримт байхгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн оршин суугаа хаягийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хаяг болон ******* нь шүүхэд өөрийн мэдүүлсэн хаягаас зөрүүтэй эсэхийг тодруулахгүйгээр буруу хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хүлээн аваагүй болохыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан.
Анхан шатны шүүх нь зохигч талуудын тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүйгээс үүдэж хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, шүүх хуралдааны бүх шатанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон зохигчийн эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болсон гэж үзэж байна.
Иймд шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч *******д нэхэмжлэлийн хувийг шүүх 2025-08-15-ны өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй... шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн нь хууль бус тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 44,840,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Учир нь
3.1. Хэргийн 34 дүгээр талд 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх баримт авагдсан байх ба уг баримтад хариуцагч ******* дугаар холбогдох боломжгүй гэсэн тэмдэглэгээ хийгдсэн, мөн хэргийн 35 дугаар талд авагдсан шүүхийн мэдэгдэх хуудсанд ******* тоот гэж хариуцагчийн хаягийг тодорхойлж, шүүх хуралдааны тов мэдэгдэхээр шуудангийн байгууллагаар хүргүүлсэн боловч шуудангийн байгууллагаас заасан хаягт ийм хүн байхгүй гэх үндэслэлийг зааж, тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор шүүхийн мэдэгдэх хуудсыг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буцаажээ.
Түүнчлэн, хариуцагч нь 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардан авахдаа оршин суух газар, хаягаа ******* тоот гэж нэхэмжлэлд дурдсанаас өөр хаяг мэдүүлсэн байхад энэ талаар шүүх тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн оршин суугаа газар, хаяг тодорхойгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна.
Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр ыг оролцуулах хүсэл зориг илэрхийлсний дагуу шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч өмгөөлөгчөөр явахаа больсон, очихгүй гэж мэдэгджээ. /хх-ийн 34 дүгээр тал/
Дээрх баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5, 77.6 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэж үзэхгүй тул түүнийг шүүх хуралдааны тов болон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг мэдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүхийн мэдэгдэх хуудсыг зохих журмын дагуу хүргүүлсэн гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэнгүй.
4. Иймд шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөний улмаас хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, улмаар мэтгэлцэх эрх зөрчигдсөн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
5. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/08932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Т.ГАНДИЙМАА