Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Год холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч О.Г нь 2018 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг “Дэрстэй” гэх газраас хохирогч С.Бийн алдуул 1 унагатай гүүг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1 000 000 төгрөгийн хохирол учруулан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

Шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын эхээр билүү дундуур хамар цагаан сартай хээр гүү цавьдар халзан унаганы хамт манай нутгийн айлуудын адуунд эзэнгүй ороод л яваад байдаг байсан...манай адуунд нийлчихсэн 10 гаруй хоног болж байгаад гэнэт алга болчихсон байсан... 2 хоногийн дараа явж байтал манай нутгийн Түмэнбаяр гэх хүний адуунд нийлчихсэн явж байхаар нь би очоод хашаанд оруулж шахаж бариад гүүг нь чөдөрлөөд хашааны гадна үлдээчихээд сумын төв рүү явсан. Тэгээд маргааш нь сумын төв дээр Д гэх малчин найзтайгаа уулзсан... 300 000 төгрөгийн өртэй байсан... уулзаад сууж байхад Д надаас “нөгөө мөнгөө хэзээ өгөх юм бэ” гэхээр нь би хариуд нь “чи 300 000 төгрөгөө суутгаад 500 000 төгрөгөнд унагатай гүү бодож авах уу” гэсэн чинь тэгье тэгье гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд Дын хүүтэй хамт унагатай гүү байгаа газар луу мотоцикльтой сундалдаж очоод байгаа газрыг нь зааж өгсөн ...тэр өдрөө 100 000 төгрөг бэлнээр Даас авсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/

Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын дундуур байх манай хүрэн халзан азаргатай 10 гаруй тооны адуу алга болоод би Баянмөнх сумаас хойгуур их эрж хайсан мөн, Дорноговь аймгийн Иххэт сумын хойгуур нутаглах айлаас утсаар болон уулзаж сураг тавьж эрж хайсан, би тухайн үед Цагдаагийн байгууллагад алдсан адуугаа бүртгүүлээгүй, өөрөө эрж хайж байсан тэгээд 2018 оны 09 сард Хэнтий аймгийн Галшар сумын Батмөнх гэж хүн утсаар яриад эрээд байгаа халзан азаргатай адуу чинь уурхайн усан дээр байна гэж хэлээд би очиж авахад манай адуунаас хамар цагаан сартай хээр зүсмийн гүү унаганы хамт дутсан байсан ба тухайн үед эрээд олоогүй, сүүлд нь Иххэт сумын Д гэх айлаас очиж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас

 Гэрч Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Г гэх хүнээс 4 бярууны мөнгө авах ёстой байсан, тэгээд Г 2 бярууны өртгөнд нь унагатай гүү өгье гээд надад хамар цагаан сартай хээр, унагатай гүү өгсөн юм, надад хэлэхдээ уг гүүг Хэнтий аймгийн Мөрөн сумаас худалдаж авсан гүү гэж хэлээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас /

Ашид билгүүн ХХК-ниас нас бие гүйцсэн хамар цагаан сартай хээр зүсмийн унагатай гүүг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 26 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-51 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үзсэн тул шүүгдэгч О.Г нь 2018 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг “Дэрстэй” гэх газраас хохирогч С.Бийн алдуул унагатай гүүг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1 000 000 төгрөгийн хохирол учруулан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Хохирогч С.Бийн эзэмшлийн болох хамар цагаан, сартай, хээр зүсмийн унагатай гүү нь эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гэмт этгээдийн оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарч, өөрийн идээшсэн бэлчээр нутгаасаа холдож өөр бэлчээр нутагт шилжин ирж, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байсан нь шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын эхээр билүү дундуур хамар цагаан сартай хээр гүү цавьдар халзан унаганы хамт манай нутгийн айлуудын адуунд эзэнгүй ороод л яваад байдаг байсан...манай адуунд нийлчихсэн 10 гаруй хоног болж байгаад гэнэт алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын дундуур байх манай хүрэн халзан азаргатай 10 гаруй тооны адуу алга болоод би Баянмөнх сумаас хойгуур их эрж хайсан мөн, Дорноговь аймгийн Иххэт сумын хойгуур нутаглах айлаас утсаар болон уулзаж сураг тавьж эрж хайсан... Хэнтий аймгийн Галшар сумын Батмөнх гэж хүн утсаар яриад эрээд байгаа халзан азаргатай адуу чинь уурхайн усан дээр байна гэж хэлээд би очиж авахад манай адуунаас хамар цагаан сартай хээр зүсмийн гүү унаганы хамт дутсан байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч О.Г нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн Галшар сумын Батмөнх гэж хүн утсаар яриад эрээд байгаа халзан азаргатай адуу чинь уурхайн усан дээр байна гэж хэлээд би очиж авахад манай адуунаас хамар цагаан сартай хээр зүсмийн гүү унаганы хамт дутсан байсан ба тухайн үед эрээд олоогүй, сүүлд нь Иххэт сумын Д гэх айлаас очиж авсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Г гэх хүнээс 4 бярууны мөнгө авах ёстой байсан, тэгээд Г 2 бярууны өртгөнд нь унагатай гүү өгье гээд надад хамар цагаан сартай хээр, унагатай гүү өгсөн юм, надад хэлэхдээ уг гүүг Хэнтий аймгийн Мөрөн сумаас худалдаж авсан гүү гэж хэлээд өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай адуунд нийлчихсэн 10 гаруй хоног болж байгаад гэнэт алга болчихсон байсан... 2 хоногийн дараа явж байтал манай нутгийн Түмэнбаяр гэх хүний адуунд нийлчихсэн явж байхаар нь би очоод хашаанд оруулж шахаж бариад гүүг нь чөдөрлөөд хашааны гадна үлдээчихээд сумын төв рүү явсан. Тэгээд маргааш нь сумын төв дээр Д гэх малчин найзтайгаа уулзсан... 300 000 төгрөгийн өртэй байсан... уулзаад сууж байхад Д надаас “нөгөө мөнгөө хэзээ өгөх юм бэ” гэхээр нь би хариуд нь “чи 300 000 төгрөгөө суутгаад 500 000 төгрөгөнд унагатай гүү бодож авах уу” гэсэн чинь тэгье тэгье гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд Дын хүүтэй хамт унагатай гүү байгаа газар луу мотоцикльтой сундалдаж очоод байгаа газрыг нь зааж өгсөн ...тэр өдрөө 100 000 төгрөг бэлнээр Даас авсан... ” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Г нь гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан.
 

Хохирогч С.Б нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт Оын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Год 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Год оногдуулсан 6 00 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                
ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА