| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/24953/И |
| Дугаар | 210/МА2026/00031 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00031
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/15268 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
2,221,396 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,525,509 төгрөг, хүү 587,475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,412 төгрөг, нийт 2,221,396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь төлбөрийн чадваргүй үндэслэлээр нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг эс зөвшөөрсөн.
2.1. Анхан шатны шүүх хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3. 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан зээлийн эрх нээх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу мобикомын үүрэн холбооны дугаар дахь хэрэглээний мэдээлэл, төлбөрийн түүхэд үндэслэн зээл олгохоор харилцан тохиролцжээ.
Энэ гэрээнд үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,600,000 төгрөг, 03 дугаар сарын 11-ний өдөр 450,000 төгрөг тус тус зээлж авчээ.
Өөрөөр хэлбэл, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр хариуцагч нь хоёр удаа зээл авсан бөгөөд эдгээр нь тус тусдаа бие даасан зээлийн гэрээний харилцаанд тооцогдохгүй.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнээд үндсэн зээл 1,525,509 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.2. Талуудын байгуулсан гэрээний 2.3.1, 2.5.2, 2.6.1-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл, хувь хэмжээ, тооцох аргачлалыг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.
Энэ тохиролцоонд үндэслэн хариуцагч нь зээл авсан тул холбогдох хугацааны хүү 587,475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,412 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй бөгөөд төлбөрийн чадваргүй болох нь баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ уг нөхцөл нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иймд холбогдох гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
3.3. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа цахим технологид суурилан цаашид цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээл олгохоор тохиролцсон байгааг анхан шатны шүүх анхааралгүй орхиж, улмаар алдаатай эрх зүйн дүгнэлт хийсэн байх тул уг алдааг өмнө дурдсан үндэслэлээр залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/15268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Булганчимэгээс 2,221,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 56.2 гэснийг 56.1, 39,358 гэснийг 50,492 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,251 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.БАДРАХ