| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/00659/И |
| Дугаар | 210/МА2025/01411 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01411
2025 08 25 210/МА2025/01411
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03893 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Хариуцагч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж хаягт байрлах Оргил стар хотхоны ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Гэтэл хариуцагч нь уг гэрээний дагуу төлөх ёстой 131,250,000 төгрөгийг төлөөгүй болох нь компанид хийсэн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Уг төлбөрийг хариуцагчаас шаардахад нөхөр *******д *******ХХК-аас бэлэглэсэн гэж тайлбарлаж байна.
Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан үйл баримтын хувьд маргаангүй ба уг гэрээг байгуулахдаа гэрээнд заасан төлбөр төлөгдсөн гэх агуулгаар байгуулсан. ******* нь нэхэмжлэгч компанид 2005-2022 онд ажилласан ба ажлын үр дүнгээс шалтгаалж компанийн зүгээс *******ыг шагнах тухай ярьж, үүний дагуу маргаан бүхий орон сууцыг *******д шагнал болгон шилжүүлсэн. Тухайн үед ******* нь уг орон сууцыг эхнэр *******гийн нэр дээр шилжүүлж авсан. Нэхэмжлэгч компани нь тухайн үед удирдах ажилтнуудаа орон сууцаар шагнаж, бусад ажилтнууддаа орон сууцны 30 хүртэл хувийг өгч урамшуулдаг байсан. Нэхэмжлэгч компанийн захирал *******г нас барсны дараа шинээр томилогдсон захирал нь асуудалд ийнхүү хандаж байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж байсан бол шүүх хуралдаанд 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж өөрөөр тайлбарлаж байна. Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ямар хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Хэдийгээр орон сууц захиалгаар бариулах гэх агуулгатай гэрээ байгаа боловч бэлэглэлийн гэрээний шинжтэй байгаа гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******нарын тайлбарын агуулга:
Орон сууц эзэмших анхны захиалагчийн гэрээг үндэслэж гуравдагч этгээд дараагийн гэрээг байгуулсан. Тийм учраас дараагийн байгуулагдсан гэрээ эхний хүчин төгөлдөр гэрээг үндэслэж хуулийн дагуу хийгдсэн. Хамгийн гол нь бэлэглэлийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******ХХК болон ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 884,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 814,525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1.*******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Компанийн удирдлага өөрчлөгдөж, зарим эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшсан үйлдлийн дагуу цагдаагийн байгууллагад хандаж, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхэд ******* нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрөө төлөөгүй байсан тул энэ талаар түүнтэй холбогдох үед орон сууцны үнийг төлөөгүй, төлөхгүй, нөхөр *******д компанийн зүгээс бэлэглэсэн байр гэсэн нь үндэслэлгүй учраас тухайн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулна" гэж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан татгалзал, гэрчээр оролцуулах иргэдийн хувийн байдал, цугларсан нотлох баримттай холбоотойгоор 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ""*******" ХХК болон ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******, *******, *******нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 0760 бүртгэлийн дугаартай бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/ Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж хаягт байрлах, Оргил стар хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 57.05 м кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг "*******" ХХК-ийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, тус орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай гэж нэмэгдүүлж, өөрчилсөн.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... "*******" ХХК нь *******д нэхэмжлэлд дурдсан орон сууцыг худалдаагүй, ******* нь тус орон сууцыг худалдан аваагүй гэдэгт маргадаггүй бөгөөд тэрээр түүний нөхөр *******д компаниас бэлэглэсэн байр гэж тайлбарладаг. Компаниас *******д 2012 онд 58 дугаар байрны 90 тоот орон сууцыг бэлэглэсэн бөгөөд үүнээс өөр байр огт бэлэглээгүй. ******* нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг үнэ төлбөргүй авах эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна" гэж тодорхойлсон боловч шүүх хүлээн аваагүй.
Улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хангаж, уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон. Гэвч тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Талуудын мэтгэлцээгүй асуудлаар буюу Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах гэрээний талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзэж байна.
5.2.Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хэргийн үйл баримтыг буруу тогтоож, маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Талуудын тайлбараас үзвэл, "*******" ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж хаягт байрлах, Оргил стар хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 57.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч ******* өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа хийсэн захиалгын гэрээний дагуу талууд орон сууцыг үнэ төлбөртэйгээр шилжүүлэх хүсэл зориг нь хүчин төгөлдөр эсэх, хэрэв өөр хүсэл зоригийг нуух, халхавчлах байдлаар хийсэн бол тухайн хэлцэл нь хуульд нийцэх эсэх нь маргааны зүйл байсан.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* өөрийн нэр дээр шилжүүлэн авах үндэслэл болсон 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу ******* нь 131,250,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч төлөөгүй, компанийн санхүүгийн бүртгэлд "авлага" байдлаар бүртгэлтэй байгаа болох нь хэргийн 75-77 дахь талд авагдсан "*******" ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24/Д-08 дугаартай "Эрүүгийн 220903234 дугаартай хэрэгт аудитын шинжилгээ хийсэн ажлын тайлан"-д тусгагдсан байдаг.
Анхан шатны шүүх "нэг талаас нэхэмжлэгч компанийн удирдах албан тушаалд ажилладаг ажилтанд ажлын үр дүнг үнэлж орон сууц өмчлөлд нь шилжүүлэх, нөгөө талаас ажлын үр дүнг бий болгох, түүний шагналыг хүлээж авах хүсэл зоригийн илэрхийлэл байжээ гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэхдээ талуудын тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр хэргийн үйл баримтыг буруу тогтоосон гэж үзэж байна.
Хэрэгт хариуцагчийн нөхөр *******ы ажлын үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой ямар ч баримт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал амлах, олгох урьдчилсан нөхцөл нь тодорхой нэг үр дүн, үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Гэтэл *******аас компани ямар тодорхой үр дүн, үйлдэл хийснээр шагнал буюу орон сууц өгөхөөр амалсан гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрчүүд маргаан бүхий байрыг хэзээ, хэн, хэрхэн *******д бэлэглэсэн эсхүл ямар үйлдэл, үр дүн бий болсноор орон сууцаар шагнахаар нийтэд амалсан тухай үйл баримтыг эргэлзээгүйгээр мэдүүлээгүй. Хариуцагч ******* нь орон сууцны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ, өөрийн нөхөр *******д тухайн орон сууцыг бэлэглэсэн гэж тайлбарлах боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Шүүх *******, *******нарын мэдүүлгээс талуудын диспозитив зарчим зөрчиж хийсэн дүгнэлтээ зөвтгөх зорилгоор өөрийн дүгнэлтэд ашигтай хэсгийг түүх байдлаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан байгаа нь тухайн гэрчүүдийн дараах мэдүүлгүүдээр нотлогдоно. Гэрч ******* маргаан бүхий орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлэх үед компанид ямар албан тушаал эрхэлж байсан нь тодорхой бус. Тэрээр компанийн эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд түүнд компанийн хөрөнгөөр бусдыг шагнах, амлалт өгөх эрх хуулиар олгогдоогүй. Мөн гэрч ******* нь дараах байдлаар мэдүүлсэн байхад түүний мэдүүлгээс тодорхой бус хэсгийг шүүх шийдвэртээ үнэлсэн. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "******* гэх хүнд байр бэлэглэсэн гэж тайлбарлаж байна. Хэдэн онд бэлэглэсэн юм бэ гэхэд гэрч миний санаж байгаагаар 2014 онд байр бэлэглэсэн гэж санаж байна гэдэг, мөн *******д байр бэлэглэж байна гэж хэн нэгэн хэлж байсан өдрийг нь та санаж байна уу гэхэд гэрч өдрийг нь санахгүй байна гэсэн, ******* захирал өгдөг юм уу гэхэд би та нарт санал болгож байсан шүү гэж хэлж байсан гэдэг байр бэлэглэж байгаа талаар бичгийн баримт харсан уу гэхэд гэрч үзээгүй, тийм зүйл байхгүй гэдэг. Гэрч *******ын хувьд, нэхэмжлэгч компанитай таарамжгүй харилцаатай 2021 оноос хойш явж байгаа талаараа буюу мөн компанитай орон сууцны маргаантай байгаа талаараа мэдүүлэгтээ дурддаг. Тухайн маргаанд нь гэрчээр ******* мөн оролцдог. Иймд түүний мэдүүлгийг шүүх үнэлэхдээ тухайн гэрчид ашиг сонирхол байгаа үйл баримтыг харгалзаж үзэх ёстой байсан. Гэрч *******маргаан бүхий байртай холбоотой асуудлаар тодорхой бусаар мэдүүлдэг. Тухайлбал, Хариуцагчид компанийн зүгээс байр бэлэглэсэн үү гэхэд *******д байр бэлэглэсэн, ******* хариуцагчийн нэр дээр бүртгэлээ хийлгэсэн байх... *******д бэлэглэсэн гэж тайлбарлаж байна. *******д хэн, хэзээ, ямар байдлаар бэлэглэсэн бэ гэхэд Яг харсан зүйл байхгүй. Гэрчилгээнд тодорхойлолт гаргаж өгч байхад ерөнхий захирал надад үүрэг даалгавар өгөөд банкны албан бичиг Ерөнхий захирлын даалгавраар явдаг байсан гэдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг" гэсэн зөвлөмжийн нэгд ... Гэрчийн тухай ойлголтыг хэл зүйн талаас нь авч үзвэл, маргаантай үйл баримтын талаар үзсэн, харсан зүйлээ нотлон ярьж байгаа этгээд гэж ойлгох, мөн хууль зүйн талаас авч үзвэл гэрч нь хэрэг, маргааны талаар ач холбогдолтой байдлыг зөвөөр тусган, мэдүүлэх чадвартай, нотолбол зохих үйл баримтын талаар ямар нэг мэдээлэл түүнд илэрхий байгаа этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Зөвлөмжийн хоёрт Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдана гэж тодорхойлсон. Шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхдээ зөвлөмжийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тодорхой бус, эх сурвалжаа зааж чадахгүй байгаа гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, улмаар хөндлөнгийн байх зарчмаа зөрчсөн гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх гэрчүүдээс мэдүүлэг авахдаа бусад гэрчүүдийг байлцуулахгүй байх, түүнчлэн мэдүүлэг өгсөн, өгөөгүй гэрчүүд хоорондоо харьцахгүй байх нөхцлөөр хангах арга хэмжээг аваагүй. Гэрч *******болон ******* нар нь нэхэмжлэгч компанитай хэн аль нь орон сууц хууль бусаар шилжүүлэн авсан маргаантай байгаа бөгөөд харилцан нэгнийхээ хэрэгт гэрчээр оролцуулдаг. Мөн ******* нь "*******" ХХК-аас мөнгө нэхэмжилсэн маргаанд *******ыг гэрчээр оролцуулах зэргээр эдгээр хүмүүс харилцан ашиг сонирхолтой байдлаар нэгнийхээ хэрэгт мэдүүлэг өгч, мэдүүлгээ нэгтгэж өгсөн гэж үзэх нөхцөл бүрдээд байгаа юм.
Шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримт буюу нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан зэрэг баримтуудыг огт үнэлээгүй. Тухайн баримтуудыг хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхой бус байдлаар орхигдуулсан.
5.3."*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан ******* нь *******д маргаан бүхий байрыг бэлэглэх эсхүл тухайн байраар шагнахаар нийтэд амалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Нэгдүгээрт, *******д маргаан бүхий байрыг бусдад шагнал болгож өгөхөөр амлах эрх өмчлөх эрхийг шилжүүлэх үед болон 2013-2015 оны хооронд ч Компанийн тухай хуулиар олгогдоогүй. Хоёрдугаарт, ******* нь тухайн байрыг *******д бэлэглэсэн бол бэлэглэлийн гэрээний дагуу тодорхой үндэслэлээр шилжүүлэх байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч талыг ******* гэж хүн нас барсан, үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр шинэ захирал нь байрыг буцааж нэхэж байна гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр хариуцагч тал болон түүний хүсэлтээр оролцож байгаа гэрчүүд ******* гэж хүнийг нас барсныг далимдуулж, ямар ч бэлэглэх үйл явдал болоогүй зүйлийг болсон мэтээр тайлбарлаж байна гэж үзэхээр байдаг. Хэрэв компанийн зүгээс бэлэглэсэн эсхүл шагнахаар амалсан бол хувьцаа эзэмшигч нар энэ талаар шийдвэр гаргаж, санхүүгийн тайлан, бүртгэлд бэлэглэсэн гэдэг утгаараа хууль зүйн үр дагавар үүсгэх байдлаар бүртгэгддэг. Компанийн тухай хуулиар компанийн хөрөнгө нь компанид хувь нийлүүлэн хөрөнгө оруулж байгаа хувьцаа эзэмшигч нар бөгөөд тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр аливаа хөрөнгийг бусдад бэлэглэсэн тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. ******* гэж хүн *******ыг орон сууцаар шагнана гэж амалсан нь тухайн компанийн хүсэл зориг биш юм. Өөрөөр хэлбэл, орон сууц бэлэглэсэн гэх 2013-2016 оны хооронд компанийн хувьцаа эзэмшигчээр *******, *******, *******нар байсан. Хууль зөрчсөн, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш амлалт хүчингүй байна.
5.4.Дээрхээс гадна нэхэмжлэгч нь *******ыг бус ******* гэж иргэнийг хариуцагчаар тодорхойлсон бөгөөд түүнтэй байгуулсан 131,250,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг дүр үзүүлэн хийсэн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн хэлцэлд халхавчлагдаж байгаа гэх шагнал олгохоор амлах гэсэн хэлцэл "*******" ХХК болон *******, ******* нарын хооронд байгуулагдаагүй.
Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь "*******" ХХК-ийн болон *******гийн хүсэл зоригийг илтэд буруу тогтоосон гэж үзэж байна. Мөн шагнал олгохоор нийтэд амлах харилцаа үүссэнийгээ халхавчлах зорилгоор орон сууц захиалгаар бариулах гэрээг үйлдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасныг зөрчсөн. Банкаар гэрээгээ хянуулдаг, банкны барьцаанаас чөлөөлөхийн тулд орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ хийсэн гэх гэрчүүдийн мэдүүлэг илт хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд барьцааны эрх хөндөгдөхгүй бөгөөд хэргийн 56 дахь талд авагдсан улсын бүртгэлд явуулсан албан бичгээр барьцаанаас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр банк чөлөөлсөн байрыг *******гийн нэр дээр дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн байдаг. Түүнээс барьцаанаас чөлөөлөхийн тулд банкинд *******тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулаагүй юм. Иймд энэ талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хэрэгт авагдсан баримттай харьцуулан үнэлээгүй.
Шүүх маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт тус тус заасан шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна, энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзэж байна.
5.5.Шүүх нэхэмжлэгч талаас нэмэгдүүлж, өөрчилсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нартай холбоотой асуудлыг шүүх тухайн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй гэж тайлбарласан. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэгэнт зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах харилцаа үүссэн гэж дүгнэсэн учир бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмчлөлийг хууль ёсны гэж үзнэ" гэж дүгнэсэн нь илтэд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд нар бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд тэдгээрийн өмчлөл хууль ёсны мөн эсэх талаар шийдвэрлүүлэхээр хариуцагчаар тодорхойлсныг шүүх хүлээн аваагүй атлаа дээрх байдлаар дүгнэлт хийсэнд гомдолтой.
5.6.Улсын бүртгэлийн байгууллага болон хувьцаа эзэмшигч нарт дээрх орон сууцыг *******131,250,000 төгрөгөөр худалдан аваад, төлбөрөө төлөөгүй байгаа талаарх мэдээллийг тухайн үеийн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар өгч, санхүүгийн тайлан, бүртгэлээ үйлдсэн. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх болсон хэлцэл өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ тохиолдолд талууд хүчин төгөлдөр бус үндэслэлгүй шударга бусаар баяжих зарчмаар хийж хэрэгжүүлсэн хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу өгсөн, авсан зүйлийг буцаах учиртай.
Маргаан бүхий хэлцлийн нэг тал болох ******* нь хэлцлийн дагуу төлбөр төлөөгүй гэсэн учраас түүнд өгөх зүйл нэхэмжлэгчид байхгүй. Мөн тухайн хэлцлийг халхавчилсан гэх *******ХХК, ******* нарын хооронд хийгдсэн гэх шагнал олгохоор амлах хэлцэл байгуулагдсан гэж үзэх, ******* нь тодорхой үйлдэл, тодорхой үр дүн бий болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, *******д компанийн зүгээс 2012 онд орон сууц бэлэглэсэн бөгөөд тухайн үед захирал байсан ******* нь бэлэглэлийн гэрээг зохих журмаар байгуулж, тухайн бүртгэлийг компанийн санхүү, тайлан болон улсын бүртгэлд бэлэглэл гэдэг утгаар нь үнэн зөв бүртгүүлсэн байдаг. Бид олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтандаа бэлэглэсэн орон сууцаа буцаан нэхэмжилж байгаа бус харин хууль зөрчсөн хэлцлээр, хувьцаа эзэмшигч нараас нууцаар хүлээн авсан орон сууцыг буцаан авахаар нэхэмжилж байгаа болно.
5.7.Дээрхээс гадна анхан шатны шүүх дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, мэтгэлцэх эрхийг зөрчсөн.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор шүүхэд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсэн. Гэтэл шүүх тухайн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа дээр дурдсанаар гуравдагч этгээд нартай холбоотой байдлаар татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эдлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн.
Нэхэмжлэгч нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ хууль зүйн талаас нь өөрчилсөн ба энэхүү шаардлагаа нотлох баримтуудаа гаргахаар бэлдэж байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ихэсгэсэн болон өөрчилсөн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсанаас болж мэтгэлцэх, шаардлагаа нотлох, шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох гэсэн эрхүүд зөрчигдсөн.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг үндэслэн хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй этгээдүүдээс тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******нар нь хариуцагч талын байр суурийг дэмжсэн тайлбар гаргасан байна.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Нэмэгдүүлсэн шаардлага нь "*******" ХХК болон ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнээс гадна *******, *******, *******нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 0760 бүртгэлийн дугаартай бэлэглэх гэрээг мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тэдгээрийн үр дагаврыг арилгуулах агуулгатай байна. Нэхэмжлэгчийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй *******, *******нарыг хариуцагчаар татсан нөхцөлд тэдгээрийн эрх зүйн байдал өөрчлөгдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох боломжтой, энэ асуудлыг хуулиар хориглоогүй тул шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй, энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн зохицуулалтыг шүүх баримталсан нь буруу болжээ.
4.Үүнээс гадна хариуцагч нь Нөхөр *******д маргаан бүхий орон сууцыг "*******" ХХК-аас шагнал болгон шилжүүлсэн. Тухайн үед ******* нь уг орон сууцыг эхнэр *******гийн нэр дээр шилжүүлж авсан гэх татгалзал гаргасантай холбоотойгоор талууд уг үйл баримтын талаар мэтгэлцсэн, нэхэмжлэгч нь *******ы ажлын үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой баримт байхгүй, хуульд заасан шагнал амлах, олгох урьдчилсан нөхцөл бий болсон нь баримтаар тогтоогдоогүй гэж маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэгч компани болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байх боловч тухайн гэрээний тал болох ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй нөхцөлд түүнд холбогдох уг асуудлаар дүгнэлт өгөх эсэхийг анхаараагүй.
Нэхэмжлэгч "*******" ХХК нь өөрийн нэхэмжлэлийн хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхийн хүрээнд *******ыг хариуцагчаар татаагүй хэдий ч шүүхээс гарах шийдвэр *******ы эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх талаар шүүх талуудаас тодруулаагүй нь алдаатай болжээ.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчийг мэтгэлцсэн гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул шүүхийн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 884,725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА