Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 0232

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Хохирогч Д.Б

Хохирогчийн өмгөөлөгч Т.Э

Иргэний хариуцагч М.А, Ж.Б

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, Г.А

Шүүгдэгч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1825007650512 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 11 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутагт Хьюндэй маркийн 04-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх: 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Батдуламыг мөргөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр найзтайгаа хамт Бэхбат ахтай уулзахаар Дэнжид засварын газар очсон. Гэвч Бэхээ ах байгаагүй. Тэгээд тэнд хүлээгээд сууж байтал автобусыг засаад дуусчихлаа гэсэн. Тэгэхээр нь Бэхээ ах руу ярихад автобусыг Мэнд-Амар дээр аваад ир гэсэн. Бэхээ ах руу залгаж байх үед төв зам руу ороогүй, засварын газраас гараад явж байсан. Би Доржзодовыг төв зам руу ороогүй байхдаа Доржзодовыг яриулсан. Тэгэхэд Бэхбат ах тормоз асуудалтай гэсэн бол би барьж явах шаардлагагүй байсан, заавал Мэнд-Амар дээр аваад ир гэсэн. Тэрнээс өөр газраар явж автобусыг аваачиж өгөх боломж байсан. Тэгээд барьж яваад осол болсон. Хохиролд 1.800.000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө. Бэхбат ах нь манай найзын ах, миний хуурай ах юм. Хохирлыг бүтнээр нь төлөх боломжгүй. Баримтын хэмжээнд хохирлыг төлнө. Хохирогчийг зам дээр гарч ирэхийг гэрлэн дохио өнгөрөөд 300 орчим метрийн зайнаас харсан. Тормоз ажиллахгүй байсан, бас дуут дохио ажиллахгүй байсан. Сүүлд хот явахад замын зардлыг шилжүүлж байсан. 2 сая гаран төгрөг болсон. Би Бат-бэх ахаас асууж зөвшөөрөл аваад автобусыг барьж явсан. Урьдны шүүх хурал дээр хүн чирээд яахав гэж бодоод зөвшөөрөл өгөөгүй гэж хэлсэн байхаа. Би бас тухайн үед автобусыг нь аваачин өгч тус больё гэж бодож байсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 сарын 05-ны өдөр пирамидын 5.1-р байрны гарцаар гарч байсан. Холоос саарал автобус гарч яваа харагдсан. Тэгтэл гэнэт л ирээд мөргөсөн. Дүгнэлтээр гарсан гэмтлүүд учирсан. Намайг эмнэлэгт байхад эм тарианы төлбөрийг төлж байсан. Хохиролд дансаар 900.000 төгрөг өгсөн. Мөн MRI-н төлбөрүүдийг төлсөн. Миний тооцсоноор 2.300.000 төгрөгний хохирол төлсөн гэж бодож байна. Баримтыг нь Даваадалайд өгсөн. Тархи толгой маань байнга өвддөг. Мөн үнэрлэх амтлах чадвар байхгүй болсон. Эмч нар 5 жил орчим эмчлүүлж байж үр дүн гарна гэсэн. Одоо тархи нугасны гэмтлээс болж 70% группэд орсон. Баримтаар 1.506.815 төгрөг, цаашид эмчлүүлэх зардалд 1.977.000 төгрөг, мөн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2018 оны 11-12 сар, 2019 оны 1-2 сарын нөхөн төлбөр 1.280.000 төгрөг, 2019 оны 03 сараас групп тогтоолгож 2019 оны 03 сарын группын зөрүү 168.450 төгрөг, 2019 оны 4-7 сарын зөрүү 584.000 төгрөг, Нийт 5.532.765 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ нэхэмжлэл маань урьдны төлсөн хохирлоос хойшхи гарсан зардлууд юм. Цаашид хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ үү гэсэн мэдүүлэг,

 

-Иргэний хариуцагч Ж.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 сарын 05-ны өглөө 09 цагийн үед автобусаа Дэнжийн засварт өгсөн. Тэгтэл Даваадалай найзтайгаа Их хаадын цувааны урд таарсан. Уулзах хэрэг байна гэж байсан. Тэгээд би Дэнжид автобусаа өгчихөөд гэртээ очсон. Тэгтэл Доржзодов кондуктор автобусыг Даваадалай бариад дэнжийн 3 байрны тэнд явж байна гэсэн. Тэгэхээр нь би Мэнд-Амар дээр аваад ир гэсэн. Тэгээд Мэнд-Амар дээр иртэл автобус хүн мөргөсөн байсан. Би ажил төрөлгүй, хохирол төлөхөд хүндрэлтэй байна. 11 сарын 04-ний өдөр зогсоох шийдвэр гарсан талаар санахгүй байна. Урьд өдөр нь шугаманд явж байхад тормоз зүгээр байсан. Доржзодов засвараас гарлаа цахилгаандаа биш турбондоо байсан байна гэсэн. Тэгээд би байж бай одоо очлоо гэсэн. Тэгтэл Доржзодов над руу залгаж Дэнжийн 3 байрны тэнд явж байна гэж яриахаар нь Мэнд-Амар дээр аваад ир гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Иргэний хариуцагч М.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 сарын 04-нд тухайн автобусыг шугаманд гаргахгүй, засварт оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Засварлахад өөр засварын газарт очиж болдог. Энэ ослын хувьд манай компанийн зөвшөөрөлгүйгээр автобусыг хөдөлгөөнд оролцуулсан байгаа тул манай компанийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллагын хувьд нийтийн тээвэрт гаргахгүй байх шийдвэр гаргасан байсан. Засварын хувьд цахилгаантай холбоотой гэмтлийг манай засварын газар засдаггүй. Цахилгааныг нь оношлуулахаар засварын газар руу явуулах шийдвэрийг инженер Цэцэгмаа гаргасан байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Даваадалай бид хоёр Дэнжийн машин засвар дээр очтол Бэхээ ах байгаагүй. Бэхээ ахын кондуктор байсан. Бэхээ ах руу залгасан чинь гэртээ байна гэсэн. Тэгээд машиндаа сууж байсан чинь засварчин нь машин чинь болчихлоо аваад гар гэсэн. Кондуктор нь эрхийн үнэмлэх байхгүй гэж байх шиг байсан. Даваадалай Бэхээ ахын автобусыг унаад явсан. Би араас нь явсан. ... Бэхээ ах хэлэхдээ Даваадалай гарцан дээр хүн мөргөөд хүнээ аваад эмнэлэг явсан гэж байснн гэсэн мэдүүлэг /хх 49 ху/,

 

-Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг машинаа засуулаад засварын газар байхад Бэхээ ах наанаа байж байгаарай өөрөө очиж явна гэсэн. Тэгээд түлхүүр багажаа далд хийгээд байж байсан чинь Даваадалай жолооны үнэмлэхээ гаргаж ирээд ямар ямар ангилал байна чи үзээд байж бай, би унаад явъя гэсэн. Би эрхийн үнэмлэхтэй юм байна гэж бодоод тоогоогүй, хажууд нь суугаад явсан. Тэгээд дэнжийн 3 байр өнгөрч байхад Бэхбат ах руу би залгаад автобусыг чинь аваад очиж байна шүү гэсэн чинь хэн барьж яваа юм бэ, хаана яваа юм вэ гэхээр нь Даваа бариад явж байна гэсэн. За за Мэнд амар дээр хүрээд ир гэсэн. Баян худалдааны төвөөс эргээд явж байгаад Мэнд-Амарын төвийн урд талын гарцан дээр эмэгтэй хүнийг мөргөсөн. Тэгээд тэр үедээ Даваадалай мөргүүлсэн хүнийг аваад эмнэлэг явсан. Машинаа осол гарсан газар үлдээсэн гэсэн мэдүүлэг /хх 51-52 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 790 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Б-н биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух зулай хэсэгт хуйхан дор цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 27 ху/,

 

            -Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд:

            1. 04-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бүрнээбаатар овогтой Даваадалай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

            2. Гарцаар гарж явсан явган зорчигч Доржхорлоогийн Батдулам нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

            3. 0460 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бүрнээбаатар овогтой Даваадалай нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэхь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 31 ху/,

 

            -Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлтэнд:

            1. Автомашины ерөнхий байдал тоормосны систем, гэрэлтүүлэг цахилгаан хэрэгсэл шаардлага хангахгүй байна.

            2. Дээрх эвдрэлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 37-40 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 142 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Б-н биед шинжээчийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 790 дугаартай дүгнэлтэнд дурьдагдаагүй шинээр гэмтэл тогтоогдсонгүй.

2. Хохирогч амт, үнэр мэдрэхгүй болсон нь тархины хүнд зэргийн няцралын улмаас үүссэн бөгөөд энэ нь гэмтлийн шалтгаант холбоотой. Хохирогч нь тархины хүнд зэргийн няцрал дараах сэргэлтийн эрт үед /гэмтлээс хойшхи 1 жилийн доторхи хугацаа/ байгаа бөгөөд эдгэрэлт нь эмчилгээний үр дүнгээс шалтгаална гэсэн дүгнэлт / хх 107 ху/,

 

            -Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх 4-8 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9, 41, 188-190 ху/,

            -Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол /хх 10-19 ху/,

            -Б.Дгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг багажаар шалгасан хуудас /хх 3 ху/,

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/

-Б.Д-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 66-69 ху/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 99 ху/,

-Хохирлын баримт /хх 166-171 ху/,

-Хохирогч Д.Батдуламын амбулаториороор эмчлүүлэгсдийн карт /хх 172-183 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 11 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутагт Хьюндэй маркийн 04-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс явган хүний гарцан дээр явган зорчигч Б.Батдуламыг мөргөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Дгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бэхбат ахтай уулзахаар Дэнжид засварын газар очсон. Гэвч Бэхээ ах байгаагүй. Тэгээд тэнд хүлээгээд сууж байтал автобусыг засаад дуусчихлаа гэсэн. Тэгэхээр нь Бэхээ ах руу ярихад автобусыг Мэнд-Амар дээр аваад ир гэсэн. Бэхээ ах руу залгаж байх үед төв зам руу ороогүй, засварын газраас гараад явж байсан. Би Доржзодовыг төв зам руу ороогүй байхдаа Доржзодовыг яриулсан. Тэгэхэд Бэхбат ах тормоз асуудалтай гэсэн бол би би барьж явах шаардлагагүй байсан, заавал Мэнд-Амар дээр аваад ир гэсэн. Тэрнээс өөр газраар явж автобусыг аваачиж өгөх боломж байсан. Тэгээд барьж яваад осол болсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Батдуламын “2018 оны 11 сарын 05-ны өдөр пирамидын 5.1-р байрны гарцаар гарч байсан. Холоос саарал автобус гарч яваа харагдсан. Тэгтэл гэнэт л ирээд мөргөсөн” гэсэн мэдүүлэг, иргэний хариуцагч М.Ариунзул, Ж.Бэхбат нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Эрдэнэболор /хх 49 ху/, гэрч М.Доржзодов /хх 51-52 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух зулай хэсэгт хуйхан дор цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 790 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 72 дугаартай дүгнэлт, шинжээчийн 142, 14 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж бйсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Д-гийн үйлдэл нь хохирогчид хүнд хохирол учирсантай шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж байгаа үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэж үндэслэлтэй байна.

 

Иргэний хариуцагчаар тогтоогдсон ББ-Од ХХК болон Ж.Бэхбат нарын хувьд хохирол хариуцах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Дд тухайн тээврийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй болох нь гэрч М.Доржзодовын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Намайг машинаа засуулаад засварын газар байхад Бэхээ ах наанаа байж байгаарай өөрөө очиж явна гэсэн. Тэгээд түлхүүр багажаа далд хийгээд байж байсан чинь Даваадалай жолооны үнэмлэхээ гаргаж ирээд ямар ямар ангилал байна чи үзээд байж бай, би унаад явъя гэсэн. Би эрхийн үнэмлэхтэй юм байна гэж бодоод тоогоогүй, хажууд нь суугаад явсан. Тэгээд дэнжийн 3 байр өнгөрч байхад Бэхбат ах руу би залгаад автобусыг чинь аваад очиж байна шүү гэсэн чинь хэн барьж яваа юм бэ, хаана яваа юм вэ гэхээр нь Даваа бариад явж байна” гэсэн /хх 51-52 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагч Ж.Бэхбатын “...би Дэнжид автобусаа өгчихөөд гэртээ очсон. Тэгтэл Доржзодов кондуктор автобусыг Даваадалай бариад дэнжийн 3 байрны тэнд явж байна гэсэн. Тэгэхээр нь би Мэнд-Амар дээр аваад ир гэж хэлсэн” гэсэн, мөн шүүгдэгчийн өөрийнх нь “...Дэнжид засварын газар очсон. Гэвч Бэхээ ах байгаагүй. Тэгээд тэнд хүлээгээд сууж байтал автобусыг засаад дуусчихлаа гэсэн. Бэхээ ах руу залгаж байх үед төв зам руу ороогүй, засварын газраас гараад явж байсан. Би Доржзодовыг төв зам руу ороогүй байхдаа Доржзодовыг яриулсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд  хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч дангаар хариуцан төлөх үндэслэлтэй.           

 

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бн биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос “...гарцаар гарч байсан. Холоос саарал автобус гарч яваа харагдсан. Тэгтэл гэнэт л ирээд мөргөсөн. Дүгнэлтээр гарсан гэмтлүүд учирсан. ...2.300.000 орчим төгрөгний хохирол төлсөн. Баримтыг нь Даваадалайд өгсөн. Одоо тархи нугасны гэмтлээс болж 70% группэд орсон” гэж тайлбарлан баримтаар 1.506.815 төгрөг, цаашид эмчлүүлэх зардалд 1.977.000 төгрөг, мөн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2018 оны 11-12 сар, 2019 оны 1-2 сарын нөхөн төлбөр 1.280.000 төгрөг, 2019 оны 03 сараас группын зөрүү 168.450 төгрөг, 2019 оны 4-7 сарын зөрүү 584.000 төгрөг, нийт 5.532.765 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан гэм хорын хохирлын баримтуудыг шинжлэн судлаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасны дагуу нотлох баримтын хэмжээнд дүгнэн эм тарианы зардал 1.028.815 төгрөг, нөхөн олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2018 оны 11, 12 сарын /240.000х2/ 480.000 төгрөг, 2019 оны 01, 02 сарын /320.000х2/ 640.000 төгрөг, мөн хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрээр 2019 оны 03 сараас хөдөлмөрийн чадвар алталтыг 70%-иар тогтоосон байх тул 2019 оны 03-06 сарын тэтгэмжийн зөрүү /320.000-174.000=146.000х4/ 584.000 төгрөг, нийт 2.732.815 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувьд дээрхи төлбөрийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан тул одоогоор хохирол төлбөргүй байна.

 

Харин хоолны зардал 500.000 төгрөг, зайлшгүй үзүүлэх шаардлагатай толгойн MRI 240.000 төгрөг, үе мөчний MRI 240.000 төгрөг, өдөр тутмын тариа 1.000.000 төгрөг, нийт 1.980.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид эмчлүүлэх зардал болон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна. Өмгөөллийн хөлсний хувьд хуульд төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасан холбогдон гарсан зардал, хөлсийг төр хариуцахаар заасан бөгөөд үүнд талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс хамаардаггүй тул өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Д-гийн В,С,Д,Е ангиллын 1162440 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил сарын хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-н нэхэмжлэлээс 1.980.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Д-гийн В,С,Д,Е ангиллын 1162440 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Батдулам нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА