Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0183

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О       

Улсын яллагч Б.Ж

Шүүгдэгч М.Амарсайхан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох эрүүгийн 1925003330226 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ончууд овогт М.А

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 14-19 тоотод эхнэр Ц.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Ц.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ц.Г-ийн ...”2019 оны 05 дугаар сарын 03-ны орой би гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байхад миний утсан дээр танихгүй дугаараас би чамайг зөндөө харлаа чи яачихваа гэсэн мессеж ирсэн байсан. Тэрийг манай нөхөр М.А уншчихаад энэ хэн юм бэ гэхэд нь би мэдэхгүй гэсэн. Тэгээд жоохон маргалдаж байгаад амарсан. Маргааш нь М.А миний утсыг үзэж байгаад энэ дугаараа файсбүүкээс хайсан байна таньдаг юм бишүү гэсэн. Би танихгүй гэдгээ хэлсэн. Гэтэл М.А эгч дээр чинь очиж энэ суудлыг шийдвэрлэе гээд машиндаа суулгаад эгчийн гэр лүү явсан. Явж байхад чи асуудалтай юм бишүү гэж хэлээд миний гуяны дотор талаас базсан. Эгчийн гэрт очиход эгч буруу зөрүүг нь мэдэхгүй манай гэр бүлд янз бүрийн асуудал үүсгэдэг хүн байхгүй. Би дүүгээ аваад орлоо үнэхээр янз бүрийн хүнтэй учирдаг бол би дүүгээ өөрөө мэдээд асуудлыг нь шийдчихэе гээд дагуулаад гэртээ орсон. Тэгээд тэр орой 22 цагийн үед М.А эгч Г-ийн гэрт ирээд намайг уучлаарай би ахиж хардахгүй янз бүрийн асуудал үүсгэхгүй гэр лүүгээ аваад явчихая гээд эгчээс гуйсаар байгаад гэр лүү аваад явсан. Гэрт очоод бид хоёр унтаж амархаар орондоо орсон. Тэгээд хэвтэж байтал М.А наашаа хар хоёулаа ярилцая гэхээр нь би бүх үнэнээ хэлсэн. 99351064 гэсэн дугаар надруу залгаад танилцая гээд байдаг юм. Тэгээд хариу өгөхгүй болохоор мессеж бичээд байдаг юм. Би уулзаж учирч байгаагүй би энэ дугаарыг файсбүүкдээ хайдаг учир нь файсбүүкээр орохгүй болгох гэж хайсан юм гэдгээ хэлсэн гэтэл итгээгүй. Гэтэл миний толгойруу хэвтэж байхад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хуруугаараа миний гэдэс рүү хэд хэдэн удаа хатгаад байсан. Тэгээд миний хажуунаас босоод хөлөөрөө хоёр удаа намайг өшиглөсөн тэгээд унтсан. Өглөө босоод намайг уучлаарай гээд байсан. Тэгээд мансартлуу гарсан удалгүй сонин дуугараад байхаар нь хартал хэцээр хоолойгоо боосон байсан. Тэгээд би тайлах гэтэл уяа нь тайлагдахгүй байхаар нь хайчаар уяаг нь тайлсан. Тэгээд газарт хэвтээд хурхирч байгаа юм шиг дуугараад байхаар нь хэдэн минут харж зогсож байгаад айгаад түргэн дуудах гэтэл миний утасны цэнэггүй, цэнэглэгчээ ажил дээрээ орхисон байхаар нь гэрээс гарч замруу гүйж хүний утас гуйж эгч Г-рүү залгаад Цагдаа, түргэн дуудаад өгөөч гэж хэлчихээд буцаад гэртээ ортол М.А байхгүй машинаа бариад гараад явчихсан байсан. Надаар тоглосон юм шиг байхаар нь миний уур хүрээд би өмнө нь бас цохиулж зодуулж байгаагүй болохоор би гомдсон. Тэгээд Цагдаад өргөдөл өгч чамаас сална гэтэл би чамд гар хүрсэн юм чинь чи өөрөө л мэддээ, би чамд гар хүрсэн хариуцлагаа хүлээнээ гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Намайг манай нөхөр М.А гараараа толгойн тус газарт олон удаа цохиж, хуруугаараа олон удаа хатгаж, хөлөөрөө 2 удаа миний дал руу өшиглөсөн. Өмнө нь ердөө цохиж зодож байгаагүй. Миний гар утсанд ирсэн мессежнээс болсон. Би Булган аймгийн Хангал сумын Хаан банканд эрхлэгч ажилтай, олон хүнтэй харьцдаг, тэгээд янз бүрийн хүмүүс над руу танилцья гээд мессеж бичдэг би дандаа устгаж эсвэл шууд блоколдог байсан. Тухайн үед ирсэн мессежийг би ирснийг нь мэдээгүй. Манай нөхөр ер нь их хартай. Цохиж зодоод байдаггүй мөртлөө хардаад өөрөө тэрийгээ ургуулж бодоод байдаг юм. Өмнө нь намайг зодож гар хүрч байгаагүй болохоор би тухайн үед их гомдсон.”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-12-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 332 дугаартай дүгнэлтийн "Ц.Г-ийн биед тархи доргилт, дух, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 27-28-р хуудас/

 

3. Гэрч Н.М-ийн ...“Ц.Г эгч 2019 оны 05 дугаар сарын 06-нд ажилдаа ирээд танихгүй нэг хүн утсанд “зөндөө хүлээлээ” гэл үү дээ би сайн санахгүй байна” гэсэн мессеж ирсэнийг М.А уншаад хардаад муудалцлаа гэж хэлсэн. Өөр юм яриагүй”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Ж дүгнэлтдээ “М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын Баянталын 14-19 тоотод эхнэр Ц.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хууль заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Хохирогчийн мэдүүлэг, гэрч Ц.М-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалт болон прокурорын хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж хэргийг шүүх рүү шилжүүлсэн байгаа. Иймд шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Н.М-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.А нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 14-19 тоотод эхнэр Ц.Г-ийг зодож тархи доргилт, дух, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.А-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС