Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01412

 

 

 

2025  08  25  210/МА2025/01412

  

*******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04614 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,041,156 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь тус компанитай 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2100130110006922 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Барьцааны гэрээ байгуулан, *******УАУ улсын дугаартай Ниссан скайлайн /Nissan skyline/ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн.

1.2.Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн. Бид зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа шаардсан боловч зээлээ төлөөгүй.

Зээлийн гэрээнд зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлэхгүй, эсвэл зээлийн барьцаа хөрөнгө алга болсон бол зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах зохицуулалттай тул зээлийн үүргийг мөнгөн хэлбэрээр буцаан шаардах эрх үүссэн байна. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7,836,106.17 төгрөг, хүү 1,837,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367,508.4 төгрөг, нийт 10,041,156 төгрөгийг зээлдэгч ******* төлөх үүрэгтэй байна.

Иймд зээлдэгч *******аас 10,041,156 төгрөгийг гаргуулж, *******ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******ББСБ ХХК-тай 2100130110006922 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 10,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авч, ******* гэх хүний нэр дээр байсан *******УАУ улсын дугаартай, Ниссан скайлайн /Nissan skyline/ маркийн автомашиныг худалдан авч, өмчлөгчөөр *******ББСБ ХХК-ийг бүртгүүлэн, унаж явах нөхцөлтэйгөөр миний эзэмшилд байсан.

2.2.Дээрх гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 510,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарыг дуустал төлсөөр ирсэн. Гэтэл эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болж, 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******ББСБ ХХК дээр очиж анх зээл олгосон эдийн засагч *******тай уулзаж, зээлээ төлөх боломжгүй болсон учир барьцаанд байгаа тээврийн хэрэгслээ банк бус санхүүгийн байгууллагын үлдэгдэл зээлдээ хураалгахаар тохиролцоод өөрийн гараар өргөдлөө бичиж өгсөн. Харин эдийн засагч ******* нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, бичлэг хийж зураг дарж баталгаажуулан хүлээн авсан.

Түүнээс хойш би зээл хаагдсан гэж ойлгоод төлөлтөө 2023 оны 07 дугаар сараас зогсоосон. Гэтэл 2024 оны 03 дугаар сард *******ББСБ ХХК-аас над руу залгаж, 2023 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлөлтөө хийхгүй хугацаа хэтрүүлж байгааг мэдэгдсэн ба 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эдийн засагч *******д тээврийн хэрэгслээ хүлээлгэж өгсөн учраас төлөлтийг зогсоосон гэдгээ хэлсэн.

Тухайн үед ажиллаж байсан ******* гэх эдийн засагчтай утсаар холбогдож энэ талаар асуухад тантай хамт зээл авахад анх ирсэн *******/тээврийн хэрэгслийн анхны эзэн *******гийн нөхөр/ гэх хүн таныг автомашинаа хүлээлгэж өгсний дараа ирээд ******* зээлээ үргэлжлүүлэн төлөхөөр болсон, автомашиныг нь авъя гэхээр нь өгөөд явуулсан, тэр хүн бусдад дамжуулсан эсэхийг би мэдэхгүй, 2023 оны 12 дугаар сарыг хүртэл төлсөн байсан гэх хариу өгсөн. Тус компанийн эдийн засагч ******* нь тэр *******гэх хүнтэй анхнаасаа танилын холбоотой гэсэн, би одоо тээврийн хэрэгсэл хэний эзэмшилд байгааг мэдэхгүй. Тээврийн хэрэгслийг зээлийн гэрээ байгуулсан хүнд нь буцаан өгөөгүй, гэрээтэй огт хамааралгүй хүнд өгч явуулсан, зээлийн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарыг дуустал хэн төлж байгааг ч хянаагүй нь нэхэмжлэгч компанийн буруу, тэдний байгууллагад ажиллаж байсан эдийн засагчийн хууль бус үйлдлээс болж намайг хохироож болохгүй.

*******ББСБ ХХК нь өөрийн өмчлөлд байгаа, зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг өдий хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд хураан авч, өөрийн эзэмшилд авах ёстой байтал энэ талаар хайхрамжгүй хандаж ирсэн байна.

2.3.Би 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслээ буцааж хураалгаж хүлээлгэн өгөхөд надаар гарын үсэг зуруулаагүй, зөвхөн гараар өргөдөл бичүүлж авсан, мөн бичлэг хийж авсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******аас 10,041,156 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 175,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. "*******" ХХК нэхэмжлэлдээ 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулан 10,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлөлтийг 2024 оны 01 дүгээр сараас хийгээгүй, барьцаа хөрөнгө алга болсон тул мөнгөн дүнгээр шаардаж байна гэдэг боловч хариуцагч ******* нь зээлээ төлөх боломжгүй болж, нэхэмжлэгчид бичгээр хүсэлт /хх-57/ гарган, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалж өмчлөх эрхийг "*******ББСБ" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн *******УАУ улсын дугаартай Ниссан скайлайн маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сард тус компанийн эдийн засагч *******тай ярьж, хүлээлгэн өгсөн, тэр талаар видео бичлэг хэрэгт авагдаж, шүүхийн журмаар үзлэг хийж баталгаажуулсан. Хариуцагч төлбөрийн чадваргүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, барьцаа хөрөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн.

4.2.Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас хүлээн авсан тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхдээ ямар ч акт баримт үйлдээгүй, хэний зөвшөөрлөөр *******гэх хүнд өгснөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлож чадаагүй, барьцааны гэрээний 1.4-д "Барьцаалагчийн зөвшөөрөлгүй, зээл хаагдаагүй байхад Барьцаалуулагч нь барьцаа болох хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг, өмчлөх эрхийг хууль бусаар гуравдагч этгээдэд шилжүүлэх, бусдад дамжуулах, худалдах, барьцаалахыг хориглоно. Хэрэв гэрээг зөрчин хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан, шилжүүлсэн бол барьцааны эрх хэвээр хадгалагдана" гэж заасан байхад "*******ББСБ" ХХК нь огтоос баримт үйлдээгүй, өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлж, бусдын ашиглалтад өгсөн, уг тээврийн хэрэгслийг авч явсан хүн нь өмнөх худалдан борлуулагч нь байсан, хариуцагчийг өг гэсэн болохоор өгсөн гэдэг тайлбар шүүх хуралдаан дээр гаргадаг ч тус тээврийн хэрэгслийг ашиглалт эзэмшилдээ авсан гэх гэрч *******ын мэдүүлэгт *******аас мөнгөний авлагатай, бид хоёрт тооцоо байгаа, та банк бус дээр байгаа миний машиныг аваад зээлийг төлөөд яваач гэж гуйсан учраас би хоёр сая гаруй төгрөгийг төлөөд машиныг нь авсан, машин надад байгаа" гэснийг шүүх хариуцагчийн зөвшөөрлөөр хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно.

Банк бус санхүүгийн байгууллагад гаргасан хариуцагчийн өргөдөлд "Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй болсон тул машиныг зарж, зээлийг хааж өгнө үү, зөрүү үлдэгдэл гарвал төлж барагдуулна" гэснийг анхан шатны шүүх огтоос үнэлээгүй нь хариуцагчийг санхүүгийн хувьд хохироож байна.

Зээлдэгч гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн бол зээлдүүлэгч нь гэрээгээ цуцлах, төлбөр шаардах эрхтэй байтал барьцааны зүйлээ хүлээлгээд өгчихөөд байхад барьцаалагч нь ямар ч зөвшөөрөл гаргалгүй, баримт үйлдэлгүй, өөр бусад гуравдагч этгээдэд тээврийн хэрэгслийг ямар учир шалтгаанаар шилжүүлж өгсөн, хэнээс зээлийн эргэн төлөлт төлөгдөж байгаа талаар огтоос мэдэхгүй, гэрээг цуцлаагүй 2024 оны 07 дугаар сарыг хүртэл явсан нь тодорхойгүй байна.

4.3.Хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээл болон хүүнд нийт 3,080,500 төгрөгийг төлсөн, барьцаа хөрөнгө 5,250,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 10,041,156 төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж шийддвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, барьцаа хөрөнгийг хэрхэхийг шийдвэрт тусгаагүй нь учир дутагдалтай байна.

4.4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Барьцааны гэрээний 1.10-д хөдлөх хөрөнгийн үнэлгээг 5,250,000 төгрөг болохыг барьцаалуулагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан шаардлага хангасан гэрээ гэж шүүх дүгнэсэн атлаа хариуцагч зээлийг төлөх боломжгүй болж 2024 оны 07 дугаар сард барьцааны гэрээний үнэлгээгээр тооцож, бичлэг хийж хүлээлгэн өгсөн үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Талуудын байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хэрэгжсэн тул үндсэн гэрээний үүрэг болох зээлийн төлбөрт 10,041,156 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үүрэг гүйцэтгэгчийн эрх дуусгавар болсон.

Гэрч ******* нь хариуцагч төлбөрийн чадваргүй болсон тул автомашиныг буцааж өгсөн, түүнийг хэрхэн хэзээ хүлээж авсан талаар мэдүүлэгтээ дурдсаар байхад шүүх дүгнэлт өгөөгүй атлаа гэрч *******ын мэдүүлгийг үндэслэх хэсэгтээ дурдаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүх дээрх байдлаар нотлох баримтыг тал бүрээс нь хуульд зааснаар үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр хэрэг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь зээлдүүлэгч байгууллага болон зээлдэгчийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд энэ талаар талуудын хооронд маргаан гараагүй. Мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн тухайд маргаагүй, зээлдэгч гэрээний үүргээ тодорхой хугацаанд биелүүлж байсан.

5.2.Харин дараа нь зээлдэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлөх боломжгүй болсон гэж тайлбарлаж, барьцааны хөрөнгө болох автомашинаа зээлдүүлэгчид өгсөн. Гэхдээ зээлдэгч эрүүл мэндийн шалтгаанаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Зээлдүүлэгч байгууллага автомашиныг түр хугацаанд эзэмшилдээ авсан боловч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангах нөхцөлд зээлдэгчид албан мэдэгдэх хуудсаар тодорхой хугацаа өгч, үүргээ биелүүлэх боломж олгох үүрэгтэй. Харин уг хугацаанд зээлдэгч ******* автомашинаа гуравдагч этгээд болох *******, *******нарт өгсөн буюу "энэ хүмүүс миний өмнөөс зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлнө" гэж зээлдүүлэгч байгууллагын эдийн засагчаар дамжуулан мэдэгдсэн. Үүний дагуу зээлдүүлэгч тал зээлдэгчийн зөвшөөрлөөр автомашиныг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *******ыг зээлийн гэрээний үүргээ гуравдагч этгээдүүдээр төлүүлэх гэж байна гэж ойлгон тухайн автомашиныг хүлээлгэн өгсөн. Уг асуудлаар *******, *******нарыг гэрчээр шүүх хуралдаанд дуудан мэдүүлэг авсан бөгөөд хариуцагч "би төлөх боломжгүй тул та нар төлөөд явчих" гэж хэлснийг баталсан. Мөн зээлдүүлэгчийн эдийн засагч уг асуудлаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гуравдагч этгээдүүд тодорхой хугацаанд зээлийн үүргийг зээлдэгчийн өмнөөс биелүүлсэн боловч эцэст нь биелүүлэхээ больж, автомашин нь зээлдүүлэгчийн эзэмшилд бус, дээрх этгээдүүдийн эзэмшилд үлдсэн.

5.3.Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч байгууллагын өмчлөлд автомашин байдаг боловч эзэмшилдээ авч чадаагүй буюу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулж чадаагүй. Зээлдэгч ******* зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлнэ гэдгээ мэдэж байсан буюу төлж байсан боловч төлөх боломжгүй болсон учраас гуравдагч этгээд нарт өгөөд явуулчих гэж хэлсний дагуу хүлээлгэж өгсөн. Зээлдүүлэгч байгууллага автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан боловч автомашин зээлдэгчийн мэдэлд бус, гуравдагч этгээдэд шилжсэн учир гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр шаардах нөхцөл бүрдсэн.

Хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,041,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.*******ББСБ ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч *******ББСБ ХХК нь 10,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.Мөн талууд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барьцааны гэрээ (фидуци) байгуулж, ******* нь *******УАУ улсын дугаартай, Ниссан скайлайн /Nissan skyline/ маркийн тээврийн хэрэгслийг *******ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба уг гэрээ барьцааны гэрээ нэртэй боловч гэрээний агуулга, талуудын эрх, үүрэг, тээврийн хэрэгслээр үүрэг хангуулах журмыг тодорхойлсноос үзвэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний харилцааг шүүх зөв тодорхойлжээ.

 

5.Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллага нь зээл 10,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, мөн түүний нэр дээр тээврийн хэрэгсэл шилжиж бүртгэгдсэн талаар зохигч маргаагүй.

 

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч 2023 оны 01 дүгээр сараас эхлэн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, мөн тээврийн хэрэгсэл алга болсон тул зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах зохицуулалттай, зээлийн үүргийг мөнгөн хэлбэрээр буцаан шаардах эрх үүссэн гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******ББСБ ХХК-ийн зээл олгосон эдийн засагч *******тай зээлээ төлөх боломжгүй болсон учир барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг үлдэгдэл зээлдээ хураалгахаар тохиролцоод, өргөдлөө бичиж өгсөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, бичлэг хийж зураг дарж баталгаажуулан хүлээн авсан, зээл хаагдсан гэж ойлгоод төлөлтөө 2023 оны 07 дугаар сараас зогсоосон гэж тайлбарлаж маргасан.

6.1.Зээлдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын хугацаанд нийт 3,080,737 төгрөг төлсөн байна.

6.2.Мөн ******* нь 2023 оны 07 дугаар сард *******ББСБ ХХК-д өргөдөл гаргаж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байх ба уг өргөдөлд Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилгүй болсон тул миний машиныг зарж зээлийг төлүүлж үнэлгээ хийлгээд гарч ирсэн дүн дээр маргалдах зүйлгүй. Хэрвээ миний зээлийг хааж хүрэхгүй бол зөрүү мөнгөн дүнг төлж барагдуулна гэжээ.

Мөн нэхэмжлэгч тал дүрс бичлэг хийж, фото зургаар бэхжүүлж тээврийн хэрэгслийг хүлээн авсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургуудаар тогтоогдсон байна.

6.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс зээлийн төлбөрийг *******үргэлжлүүлэн төлөх талаар хариуцагч мэдэгдсэн, үүний дагуу хариуцагчийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг *******д шилжүүлсэн гэж тайлбарлаж, *******, *******нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан.

Шүүх гэрчүүдийн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэсгийг орхигдуулсан байх ба гэрч ******* нь ...би автомашины худалдагч тал болох *******, *******нартай утсаар холбогдож, нөхцөл байдлыг хэлж, зээлийн эргэн төлөлтийг шаардахад *******, *******нар нь зөвшөөрч зээлийн эргэн төлөлтийн үүссэн өрийг төлж, автомашиныг зогсоолоос авсан ... цаашид зээлийн эргэн төлөлтөө төлнө гэсэн учраас машиныг гаргаж өгсөн ... барьцаа хөрөнгийг зогсоолд байршуулсны дараагаас манай зүгээс барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийх гэсэн боловч уг тээврийн хэрэгсэл зарагдахгүй, зарагдсан ч зээл хаах үнийн дүнд хүрэхгүй байсан. Энэ талаар *******т хэлж тээврийн хэрэгслээ өөрөө зарж зээлийн өрөө төлөөрэй гэдгийг хэлсэн гэж, гэрч *******нь ...******* та наад машинаа зараад ч юм уу нааш цааш нь болгоод өгөөч ... энэ асуудлыг зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Түүнээс биш тийм тодорхой зүйлсийг ярилцаагүй ... Зүгээр намайг зараад өгөөч гэж гуйсан болохоос биш би үргэлжлүүлээд төлнө гэдэг зүйл огт яриагүй гэж тус тус мэдүүлснийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан үзвэл, зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн өмнөөс *******үргэлжлүүлэн төлөх талаар талууд тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй байна.

Мөн гэрчүүдийн мэдүүлэгт тээврийн хэрэгслийг худалдан борлуулах талаар дурдагдаж байх боловч фидуцийн гэрээ нь өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болдог тул тээврийн хэрэгслийг худалдан борлуулах асуудал нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн хүлээх үүрэгт хамаарахгүй болно. Банк бус санхүүгийн байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага учир фидуциэс үүсэх эрсдэл, үр дагаврыг өөрөө хүлээх, хариуцах учиртай.

Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгээр *******ын хүлээлгэн өгсөн гэх автомашиныг түүний өөрийнх нь зөвшөөрлөөр гэрч *******авч явсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүйг дээрх байдлаар залруулна.

6.4.Хариуцагч нь эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй болж зээл төлөх боломжгүй болсон тухай өргөдлийг нэхэмжлэгчид 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэх ба уг үйлдэл нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

7.Мөн хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өргөдөлдөө тээврийн хэрэгслээр зээлийг хааж хүрэхгүй бол зөрүү мөнгөн дүнг төлж барагдуулахаа нэхэмжлэгчид илэрхийлсэн байна.

Зээлдэгчээс сүүлийн төлөлт хийсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9,316,788 төгрөг, мөн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3 сар 10 хоногийн хугацаанд 1,086,958 төгрөгийн хүү (9,316,788*3.5%=326,087.58*3, 326,087.58/30*10) хуримтлагдсан байх ба фидуцийн гэрээний 1.10-д заасан тээврийн хэрэгслийн түргэн борлогдох үнэ 5,250,000 төгрөгийг хасч тооцвол хариуцагчийн төлбөл зохих төлбөр 5,153,746 төгрөг байна.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5,153,746 төгрөг төлөхийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04614 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 235 дугаар зүйлийн 235.4 гэж, 10,041,156 гэснийг 5,153,746 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,887,664 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 175,608 төгрөгийг гаргуулан гэснийг 97,410 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 176,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА