| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0230/Э |
| Дугаар | 0238 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 0238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч О.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-т холбогдох эрүүгийн 1925002870220 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.М нь 2019 оны 04 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Эхнэр бид хоёр 2002 оноос хойш хамтдаа амьдарч байна. 4 хүүхэдтэй. Энэ хэргийн хувьд маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи уухаараа муухай ааш гаргаад л байдаг юм. Урьд нь архи ууж ирээд аяга шидэж байсан удаа байгаа. Одоо дахиж ийм үйлдэл гаргахгүй. Одоо миний бие өвдөөд байгаа. Одоо эхнэр маань хотод байгаа. Би цаашид эхнэртэйгээ хамт амьдарна. Хохирол төлнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мөнхбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урд талд гүйцэж ирээд машинаасаа бууснаа замаас чирж буулгаж байгаад гараараа 2 удаа хөл рүү өшиглөөд мөн намайг түлхэж унагаачихаад баруун хөл рүү дэвсэж байгаад яваад өгсөн. ...орой 19 цагийн үед гэртээ байж байтал Мөнхбаатар согтуу ирсэн ба манай хүү Мөнх-Оргил та яагаад ээжийг зодож байгаа юм бэ гэтэл ээж чинь ичихгүй бол би ичихгүй гээд дахиад гарах гэхээр нь би хүүтэйгээ явуулахгүй унт гэтэл дахиад миний зүүн талын нүд рүү цохиж нүд хавдсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
-Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бид нарыг ирэхэд Ганчимэгийн зүүн талын нүд нь битүү хавдартай хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,
-Гэрч Р.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 4 сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байтал манай хэсгийн Ганчимэг над руу залгаад намайг нөхөр Мөнхбаатар ...зодчихоод яваад өглөө би яах уу гэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн. Дараа нь сонсоход тэр оройноо нөхөр нь очиж дахиж Ганчимэгийг зодсон гэж сонсогдсон. Ер нь бол Мөнхбаатар байнга архи уудаг ба архи уусан үедээ эхнэрээ айлган сүрдүүлж дарамталдаг юм шиг байна лээ. Ганчимэг над руу утсаар залгаж манай нөхөр архи уучихаад намайг дарамтлаад хөөгөөд байна. Би өөрийн гэсэн гэр орон байхгүй гэж ярьдаг байсан гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,
-Гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн өдөр би эхнэрийг нь харахад Мөнхбаатар нүд рүү нь цохисон бололтой хавдчихсан байсан. Мөнхбаатар манай хажууд бууснаас хойш архи уугаад гэртээ агсан согтуу тавиад 5-6 удаа эрүүлжүүлэхэд орж байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,
-Насанд хүрээгүй гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гаднаас манай ээж сандарч айсан байдалтай хацар нь хөхөрч хавдсан байдалтай 2 цагдаа дагуулж орж ирсэн. Тэгээд аав чинь намайг гудамжинд өнөөдөр зодсон гэж хэлсэн. ...Тэгээд аав халамцуу гэрт ирээд ээжийн нөгөө хавдсан байсан хацар луу цохиод авсан. Манай аав 7 хоногийн 3-4 өдөрт нь архи уудаг. Архи ууж согтохоороо байнга хүний зэвүү хүргэж тэвчээр алдагдуулсан үг хэлж дарамтанд оруулдаг гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 303 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г-н биед тархи доргилт, нүүр, баруун мөр, баруун гуянд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 27 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 36 ху/
-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 37-40 ху/
-Ярилцлагын тэмдэглэл /хх 53-54 ху/
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 55-63 ху/
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 64 ху/
-О.М-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 70-73, 94, 95 ху/
-Хохирлын баримт /хх 78, 79 ху/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 85 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 86 ху/
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбарууд /хх 98-134 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.М нь 2019 оны 04 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Энэ хэргийн хувьд маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи уухаараа муухай ааш гаргаад л байдаг юм” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Гийн “...Мөнхбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урд талд гүйцэж ирээд машинаасаа бууснаа замаас чирж буулгаж байгаад толгой гараараа 2 удаа хөл рүү өшиглөөд мөн намайг түлхэж унагаачихаад баруун хөл рүү дэвсзж байгаад яваад өгсөн. ...Улмаар орой 19 цагийн үед гэртээ байж байтал Мөнхбаатар согтуу ирсэн ба манай хүү Мөнх-Оргил та яагаад ээжийг зодож байгаа юм бэ гэтэл ээж чинь ичихгүй бол би ичихгүй гээд дахиад гарах гэхээр нь би хүүтэйгээ явуулахгүй унт гэтэл дахиад миний зүүн талын нүд рүү цохиж нүд хавдсан” гэсэн мэдүүлгүүд /хх 11 ху/, мөн гэрч Г.Дарьчулууны /хх 13 ху/, Р.Ганцэцэг /хх 16-17 ху/, Б.Пүрэвсүрэн /хх 20-21 ху/, насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Оргилын /хх 23-24 ху/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, нүүр, баруун мөр, баруун гуянд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 303 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирлын хувьд хохирогч нь 286.000 төгрөгийг нэхэмжилж КТГ-ын төлбөр 150.000 төгрөг, түлшний үнэ 96.000 төгрөгний нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд шүүх нотлох баримтын хэмжээнд 246.000 төгрөгийг гаргуулж, үлдэх 40.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч дээрхи хохирлын хувьд маргаагүй, төлж барагдуулахаа илэрхийлж байна.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.М нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-аас 246.000 /хоёр зуун дөчин зургаан мянга / төгрөг гаргуулж хохирогч Г.Г-т олгож, нэхэмжлэлээс 40.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА