Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01444

 

 

2025  08  29  210/МА2025/01444

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04898 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Гэм хорын хохиролд 39,470,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонор төвийн урд байрлах автомашины замын түгжрэлтэй холбоотойгоор *******тай маргалдан толгойгоороо нүүр хэсэгт мөргөж, хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаар шийтгэх тогтоолоор *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******г гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн.

1.2.*******ийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хамрын хэлбэр алдагдаж, муруйсан, хамрын яс хугарсан, таславч муруйсан хохирлыг нөхөн сэргээх зайлшгүй шаардлагын улмаас 2023 оны 10 дугаар сарын 02-16-ны өдрийн хооронд БНСУ-ын Сөүл хотын Вонжин /Wonjin/ эмнэлэгт хамар ясны хагалгаанд орж хэвтэн эмчлүүлсэн. Дээрх гэмтлийг эмчлүүлэхэд бодитой гарсан зардлаа нэхэмжилж байна.

Үүнд: эмнэлгийн нийт төлбөр 27,000,000 төгрөг, ЭмЖи /MG/ зочид буудлын төлбөр 2,250,000 вон, визний материал бүрдүүлэх зардал 200 ам.доллар, онгоцны тийз хоёр тал /Аеро Монголиа/ 1,492,344 төгрөг, хоол, унаа, эм тарианы төлбөр 749,658 төгрөг, 902,110 вон, шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор нотлох баримтыг хуульд зааснаар солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулсан зардал 1,143,050 төгрөг тус тус зарцуулсан. Монголбанкы ханшаар дээрх нийт 3,152,110 вон монгол төгрөгөөр 8,384,613 төгрөг, 200 ам.доллар монгол төгрөгөөр 701,300 төгрөг болох ба нийт 39,470,965 төгрөгийн зардлыг бодитоор гаргасан.

Иймд нэхэмжлэгч *******д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 39,470,965 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******гийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд учирсан гэмтлийн хэр хэмжээнээс хамаарч эмчилгээний зардал яригдах учиртай бөгөөд уг хөнгөн зэргийн гэмтэл нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой байхад хөгжлийн түвшин өндөр, зардлын хэмжээ их гадаад улсад эмчлүүлсэн гэх зардлаа нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч дутуу авсан цалин хөлс нэхэмжлээгүй, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэгт зайлшгүй зардал гаргаагүй, хэрэв ийм зардал гарсан бол хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Сувиллын газар сувилуулах гэдэгт нэхэмжлэлийн шаардлагын хэдэн хувь нь хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна эмчилгээ хийгдсэний дараа хориглох хүнсний зүйлд хамаарах резинэн чихэр, кока кола, шарсан хоол хүнсний үнэ нь нэмэгдэл хоолонд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй. Хэрэв хагалгааны дараа зайлшгүй нэмэгдэл хоол хэрэглэсэн бол зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй юм.

2.2.Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/273 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг, 2 дугаар хавсралтаар Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч *******д учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад хамаарахгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалтыг баталсан.

Эдгээр журмаар Монгол Улсын иргэн ямар зэргийн гэмтэл авснаас шалтгаалан эмчлүүлэхэд иргэний болон эрүүл мэндийн даатгалаас гарах зардлын хэмжээг тогтоосон. 1 дүгээр хавсралтын 57-д гавлын ба нүүрний ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхэд иргэн 482,850 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 2,736,150 төгрөг, нийт 3,219,000 төгрөгийн зардал гарахаар байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд Монгол Улсад гарах зардлын хэмжээг энэ хэмжээ гэж үзэж байна.

2.3.Нэхэмжлэгчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардалтай холбоотой эмнэлгүүдээс үнийн саналын талаарх мэдээлэл авсан. Эдгээр эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан үнийг баримталдаг, эмчилгээний болон гоо сайхны хагалгааны үнэ 3-4 сая төгрөг, эмчилгээний явцад нэмэлт зардал гарсан тохиолдолд 7-8 сая төгрөг, унтуулгатай хийгдсэн тохиолдолд 10 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хариу өгсөн.

2.4.Мөн нэхэмжлэгч нь 7,700 ам.долларыг Голомт банкнаас БНСУ руу шилжүүлсэн байх боловч гүйлгээний утга болон юуны зардалд төлсөн, хааш нь шилжүүлээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэх сонголтод халдаагүй бөгөөд гагцхүү Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад ороогүй, өндөр өртөг буюу 7,700 ам.доллар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй бөгөөд Монгол Улсад эмчлүүлсэн тохиолдолд онгоцны болон зочид буудлын төлбөр гэж гарахгүй байх байсан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрт учирсан гэмтлийг Монгол Улсад эмчлүүлэх боломжтой байхад гадаадад эмчлүүлсэн гэж зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, гарсан зардал нь өндөр, түүний гаргасан зайлшгүй төлөх ёстой зардалд хамаарахгүй байх тул эмнэлгийн төлбөр, такси, хоолны зардлыг зөвшөөрөхгүй, харин эмийн зардлыг төлнө.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан жагсаалтын дагуу гарах зардал болох 3,219,000 төгрөгийг, эмийн зардлын хамт зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 27,397,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,073,269 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 294,938 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон хэргийн нөхцеп байдлыг нэг мөр ойлголгүй, бодит байдалд дүн шинжилгээ зөв хийгээгүй, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон Иргэний хууль тогтоомжийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн БНСУ-д эмчлүүлсэн гэх зардал болох 27,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараахь байдлаар бодит байдалд нийцээгүй, баримт нотолгооны үндэслэлгүй болсон.

Шүүхийн шийдвэрийн 7а-д "Гэвч тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий "хөнгөн" зэргийн гэмтлийг Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй гэдгийг ямар мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллага тодорхойлсон талаарх баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолсонгүй" гэж дүгнэсэн атлаа түүний БНСУ-д эмчлүүлсэн гэх хэт өндөр баримтаар нотлогдооrүй төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид захирагдах зарчимд нийцэхгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн БНСУ-д эмчлүүлснийг буруутгаагүй боловч түүний БНСУ- д "Вонжин" гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхэд 27,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэхдээ нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Голомт банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 27,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн төлбөрийн баримт, мөн өдрийн 7,700 ам.долларын гадаад төлбөрийн даалгавар дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон буюу холбогдох нотлох баримтыг тухайн маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Тодруулбал, дээр дурдсан үйл баримтыг хөдөлбөргүйгээр тогтоосон баримт хэрэгт нэг ч байдаггүй, хэргийн 87 дахь талд авагдсан Голомт банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 27,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн төлбөрийн баримтад хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий "хөнгөн" зэргийн гэмтлийг эмчлүүлэх эмчилгээний төлбөрт шилжүүлсэн гэх нэг ч тэмдэглэл тэмдэглэлгээ байдаггүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч ******* "БНСУ-д байх хугацаандаа үйлчлүүлсэн, худалдаж авсан бүх баримтууд нь дэлгэрэнгүй задаргаатай буюу (монголчилвол ибаримттай) байхад яагаад зөвхөн "Вонжин" гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсен хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхэд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаар БНСУ-ын хууль тогтоомжид нийцсэн баримтыг авч шүүхэд өгөөгүй вэ. Ийм баримт эмнэлгээс танд өгсөн үү" гэхэд нэхэмжлэгчээс "эмнэлгээс өгсөн, одоо хаана байгаа санахгүй байна" гэж хариулсан.

Өөрөөр хэлбэл Голомт банк ХК-ийн төлбөрийн баримтаар шилжүүлсэн нийт дүн нь зөвхөн *******гийн гэмтлийг эмчлүүлэх эмчилгээний төлбөр мөн эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй, шууд нотлоогүй буюу уг эмчилгээний төлбөрт төлсөн мөнгөн дүнгийн хэмжээг эмнэлэгт хагалгаа хийлгэсэн, боолт хийлгэсэн, хэвтэн эмчлүүлсэн ор хоног гэх мэт эмнэлгээс үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр гарган өгсөн жинхэнэ үнийн дүн бүхий баримтгүй, нэхэмжлэгчээс шүүхэд зориуд гаргаж өгөөгүй байж болзошгүй юм.

Миний хувьд нэхэмжлэгчид Монгол Улсад, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд эмчлүүлэх бүрэн боломжтой, гадаадад зайлшгүй эмчлүүлэх өвчинд хамаарахгүй гэмтлийг баримтгүйгээр БНСУ-д эмчлүүлсэн гэх хэт өндөр төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

4.2.Харин хариуцагч талын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдээс албан ёсоор болон цахим хуудсаар дамжуулан *******гийн гэмтлийг эмчлүүлэхэд төлөх боломжтой төлбөрийн хэмжээг шүүхэд гарган өгсөн. Энэ хүрээнд судлаад үзвэл Монгол Улс дахь эмнэлгүүдийн дээд үнэ 10 сая төгрөг, мөн нэхэмжлэгчийн эмчлүүлсэн гэх БНСУ-ын "Вонжин" гоо сайхны мэс заслын эмнэлгээс үнийн санал авахад хүртэл зөвхөн эрүүл мэндийн хагалгаа хийхэд 3-4 сая вон буюу төгрөгөөр 7.5-10 сая төгрөг болдог, гадна хэлбэр засах гоо сайхны хагалгаа хийхэд 4 сая вон буюу 10 сая төгрөг болдог, хоёуланг нь хамт хийхэд 7-8 сая вон болдог талаар хариуг өгсөн. Мөн түүнчлэн тус эмнэлгээс "эмчилгээ хийлгэсний дараа бүх эмчилгээний талаар задаргаатай үнэ төлбөрийн баримт өгдөг" эсэхийг асуухад "өгнө" гэсэн хариуг өгсөн нь хэрэгт үзлэг хийлгэн тогтоогдсон.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан эмнэлгийн байгууллагуудаас өгсөн бодит үнэд тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн бодит бус, баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй эмчилгээний зардлыг багасган тогтоон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж, биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон. Мөн тухайн нутаг дэвсгэрийн прокурор, мөрдөн байцаах газраас ажиллагаа явуулж, шүүх хариуцагчийг гэм буруутай байна гэх шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч *******гийн зүгээс өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхийн тулд БНСУ-ын Вонжин эмнэлэгт очиж 2023 оны 10 дугаар сарын 02-16-ны өдөр 14 хоногийн хугацаанд гэмтлээ эмчлүүлсэн нөхцөл байдал байдаг. Үүнтэй холбоотой гарсан зардал болох 39,470,965 төгрөгийг хариуцагчаас гэм хорын хохирол гэж нэхэмжилсэн.

Хариуцагчийн зүгээс энэ нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой өвчин, Эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар үүнийг дотооддоо эмчлэх боломжтой байхад өндөр үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэх зүйлийг ярьдаг. Гэтэл энэ нь ирээдүйд гарах гэж байгаа зардал биш бөгөөд нэгэнт нэхэмжлэгч *******гийн тухайн улсад очиж эмчлүүлсэн өөрөөс нь бодитой гарсан зардлыг л бид нэхэмжлээд байгаа юм. Тэрнээс биш хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар дотоодод хийсэн үнийн судалгаа авсан баримтаа авч ирээд үнийн дүнг тогтоож тухайн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлээ гаргана гэж яриад байдаг боловч энэ нь аль хэзээний эмчилгээ хийгдэж хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн эмнэлэгт яг ямар эмчилгээ хийгдсэн, хэдий хугацаанд хийгдсэн болон эмчийн өгсөн зөвлөгөө зөвлөмж гэх мэт бүх нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр орчуулгаар гаргаж өгсөн байгаа. Үүнд эргэлзээтэй зүйл огт байхгүй. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маргахгүй гэдэг боловч бодитой гарсан зардлыг өндөр байна гэх зүйлийг ярьж байгаа нь ойлгомжгүй, учир дутагдалтай байна гэж үзэж байна.

5.2.Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497, 505, 510 дугаар зүйлд заасны дагуу эмчилгээний зардал болох 27,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч 39,470,965 төгрөгийг нэхэмжилсэн. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргахгүй гэх байр суурьтай байсан. Хариуцагч давж заалдах гомдол гаргаж байгаа учир давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах хууль зүйн зохицуулалтаар бидний нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 39,470,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан орчуулгын баримтуудын тодорхой хэсгүүдийг үнэлсэн. Өөрөөр хэлбэл, 27,000,000 төгрөгтэй холбоотой эмнэлгийн зардал буюу эмчилгээтэй холбоотой зардалтай холбоотой нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн атлаа орчуулгын зардал болох 1,300,000 төгрөгийг зайлшгүй зардал биш юм дүгнэсэн нь шүүхийн дүгнэлт харилцан зөрүүтэй буюу бие биенийгээ үгүйсгэсэн нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзэж байна. Нэгэнт Солонгос Улсад эмчилгээ хийлгэхээр явж байгаа эмчилгээний зардал нь зайлшгүй зардал юм бол тухайн улс руу очих тийзний зардал, байрлах буудлын зардал, бусад орчуулгын зардал нь яагаад зайлшгүй зардал биш болсон гэх ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийж байгаа учир давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 39,470,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ БНСУ-ын "Вонжин эмнэлэгт гэмтэл эмчлүүлсэн зардал 27,000,000 төгрөг, онгоцны хоёр талын тийзний үнэ 1,492,344 төгрөг, хоол, унаа, эм тарианы төлбөр 749,658 төгрөг болон 902,110 вон, ЭмЖи /MG/ зочид буудлын төлбөр 2,250,000 вон, нийт 3,152,110 вон буюу 8,384,613 төгрөг, орчуулгын зардал 1,143,050 төгрөг, визний материалын зардал 200 ам.доллар буюу 701,300 төгрөг, нийт 39,470,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад ороогүй учир түүний гаргасан гэх зардал нь зайлшгүй төлөх ёстой зардалд хамаарахгүй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан жагсаалтад хамаарах 3,219,000 төгрөгийг эмийн зардлын хамт зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

4.1.Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаар шийтгэх тогтоолоор *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн үйл баримтыг зөв тогтоосон.

Дээрх шийтгэх тогтоолоор ******* нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******тай маргалдаж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. (1 хх 4-7 дахь тал)

4.2.Нэхэмжлэгч нь уг гэмтлийн улмаас 2023 оны 10 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд БНСУ-ын Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн болохыг нэхэмжлэгчийн тайлбар, тус эмнэлгийн үйлдсэн Мэс засал хийснийг баталсан маягт, Эмнэлгийн баталгаажуулах албан бичиг баримтуудад үндэслэн шүүх зөв тогтоосон. (1 хх 74-80 дахь тал)

4.3.Хариуцагч нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад тухайн гэмтэл хамаарахгүй учир БНСУ-д эмчлүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй гэж маргаж байх боловч уг татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг баталсны дагуу Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас баталсан байх ба санхүүжилт олгох зорилгоор батлагдсан уг жагсаалт нь талуудын маргаанд хамааралгүй байна.

4.4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөрт учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй гэдгийг тодорхойлсон мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын баримт ирүүлээгүй гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлээр учруулсан гэмтлийг БНСУ-ын Вонжин эмнэлэгт эмчлүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмийн зардал 397,696 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн, мөн анхан шатны шүүхээс 12,073,269 төгрөгийн зардал буюу хоол, унаа, зочид буудлын төлбөр, эм тарианы төлбөрийн зарим хэсэг болох нийт 8,736,575 төгрөг, онгоцны тийзний зардал 1,492,344 төгрөг, орчуулгын зардал 1,143,050 төгрөг, визний материалын зардал 701,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Зохигчийн маргаагүй эдгээр зардлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

6.Харин хариуцагч нь эмчилгээний төлбөр 7,700 ам.доллар буюу 27,000,000 төгрөгтэй холбоотой Вонжин эмнэлгийн баримт хэрэгт авагдаагүй, уг эмнэлгээс эмчилгээний төлбөрийн үнийн санал авахад эрүүл мэндийн хагалгаа хийхэд 3-4 сая вон, гадна хэлбэр засах гоо сайхны хагалгаа хийхэд 4 сая вон, хоёр хагалгааг хамт хийхэд 7-8 сая вон болдог талаар хариу өгсөн гэж маргажээ.

6.1.Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 7,700 ам.долларын гүйлгээ хийсэн Голомт банк ХК-ийн гадаад төлбөрийн даалгавар баримтыг шүүхэд ирүүлсэн. (1 хх 87 дахь тал)

6.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн баримтуудыг эргэлзээтэй гэх үндэслэлээр БНСУ-ын Сөүл хотод Вонжин гэх хамрын мэс засал хийх эрхтэй эмнэлэг байдаг эсэх, нэхэмжлэгч уг эмнэлэгт нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамрын мэс засал хийлгэсэн эсэх, мэс засал хийлгэсэн бол ямар хэмжээний төлбөр төлсөн талаарх нотлох баримт гадаад улсад бүрдүүлэх тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч тал өөрөө уг эмнэлгийг цахимаас хайхад гарч ирэх бөгөөд үнийн мэдээллийг ч гэсэн харах боломжтой гэж тайлбарлан татгалзсан байх ба шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШТ2025/00371 дугаар тогтоолоор хүсэлт тодорхойгүй гэж үзэж хангахаас татгалзжээ. (2 хх 1-3 дахь тал)

6.3.Үүний дараа нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч тус бүрийн гаргасан хүсэлтээр шүүх Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг гэсэн фэйсбүүк хаягтай тэдгээрийн харилцсан дараах зурвасуудад үзлэг хийж бэхжүүлжээ. Үүнд:

- 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээрх эмнэлгээс мөнгө нь ороод ирвэл хагалгааны цаг авна, визагаа өөрөө хөөцөлдөх юм уу, манайхаас виза авахуулах болбол 7700$ байршуулдаг байгаа гэж, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс эхнэртэйгээ хамт очихын шүү, 7700$ байршуулчий, гол нь манай эхнэр бид 2 ийн визаг гаргаж өгнө шүү гэж, эмнэлгээс за тэгвэл нөгөө дансандаа 7700$ байршуулчаад баримтынхаа зургийг явуулаарай, визаг чинь манайх биш имэгрэйшн л гаргана манайх эмнэлгээрээ батлан даалт хийгээд мэдүүлж өгөх л үүрэгтэй гэж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс за шилжүүлсэн хө 7700$, танайхаас яаралтай гэсэн бичиг гаргаад өгвөл визандаа орчихмоор байна, та сайхан хурдан шуурхай шийдээд өгөөрэй 10 сарын дундуур ану явахын тэрнээс өмнө гэж тус тус зурвас бичсэн, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчээс Голомт банк ХК-ийн гадаад төлбөрийн даалгаврыг зургаар илгээсэн байна. (2 хх 36-39 дэх тал)

- 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс хамрын мэс заслын үнийн мэдээлэл авъя гэж, эмнэлгээс Зөвхөн та хамрын гаднах хэлбэрээ засах бол ерөнхий үнэ 4 сая вон болдог. Харин хамрын дотоод үйл ажиллагаа буюу эрүүл мэндийн хувьд асуудалтай хамар битүүрээд толгой өвддөг, нус их гоождог зэрэг хүндрэлтэй байдаг бол давхар эрүүл мэндийн хагалгаа хийдэг. Зөвхөн эрүүл мэндийн хагалгаа нь 3 саяас 4 сая воны хооронд ерөнхий үнэ байдаг. 2ууланг хамт хийлгэх бол 7-8 сая вон болдог. Ирж уулзаад эмчдээ үзүүлээд ст зураг болон дурангийн үзлэг хийлгээд үнээ бууруулах боломжтой... гэж, хариуцагчийн өмгөөлөгчөөс эмчилгээ хийлгэсний дараа бүх эмчилгээний талаар задаргаатай үнэ төлбөрийн баримт өгдөг үү гэж, эмнэлгээс өгнө гэж тус тус зурвас бичиж харилцжээ. (2 хх 22-29 дэх тал)

6.4.Нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь эмчилгээ болон төлбөрийн асуудлаар Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг гэсэн фэйсбүүкийн нэг хаягаар харилцсан нь маргаангүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар дээрх зурвасуудыг нотолгооны хэрэгслээр тогтоогдсон, мөн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл гэж дүгнэх үндэслэлтэй байна.

а.Нэхэмжлэгчийн харилцсан зурвасын агуулгаас үзэхэд, 7,700 ам.долларыг Вонжин эмнэлгээс батлан даалт гаргаж, нэхэмжлэгч болон түүний эхнэрийн визаг мэдүүлэхтэй холбоотой байршуулсан агуулга илэрхийлэгдсэн байх тул уг төлбөрийг зөвхөн эмчилгээний төлбөр гэж үзэх боломжгүй.

б.Хариуцагчийн өмгөөлөгчийн харилцсан зурваст тусгагдсан эмчилгээний үнийн мэдээллийг нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Эмнэлгийн баталгаажуулах албан бичиг баримтад онош өөрийнх нь мөгөөрсөөр S-нээлттэй хамрын, LO доод самалдаг, агуулга хамар доторх болон хавирганы мэс заслын утсыг 10 сарын 19-ний өдөр авна уу гэж дурдсантай харьцуулан үзвэл, нэхэмжлэгчид эрүүл мэндийн мэс засал хийгдсэн, үнийн ерөнхий мэдээллээр хамгийн ихдээ 4,000,000 воны төлбөртэй гэж дүгнэх үндэслэлтэй байна. (1 хх 78-79 дэх тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зурвасуудын агуулгыг анхаараагүй, хариуцагчийн зурвасыг огт үнэлээгүй, тэдгээрийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулж үзээгүй, үүний улмаас хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй байх тул дээр дурдсанаар залруулах нь зүйтэй.

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хийлгэсэн мэс заслын төлбөрийг 4,000,000 вон буюу төгрөгт хөрвүүлэхэд 10,400,000 төгрөг (4,000,000*2.6) төгрөг, мөн эмийн зардал 397,696 төгрөг, нийт 10,797,696 төгрөг, үүнээс шийтгэх тогтоолд тусгагдсанаар хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн БНСУ-д эмчилгээ хийлгэх захиалгын төлбөр 1,384,000 төгрөгийг хасч тооцож, 9,413,696 төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тус магадлалын 4.2-4.4 дэх хэсэгт дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан гэмтлийг гадаад улсад эмчлүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг шаардах эрхтэй тул хариуцагчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалтад нүүрний ясны хугарал гэмтлийг эмчлүүлэх зардлыг 3,219,000 төгрөгөөр тогтоосон, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс авсан үнийн саналын мэдээллээр эмчилгээний болон гоо сайхны хагалгааны үнэ 3-4 сая төгрөг, эмчилгээний явцад нэмэлт зардал гарсан тохиолдолд 7-8 сая төгрөг, унтуулгатай хийгдсэн тохиолдолд 10 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хариу өгсөн гэх тайлбар, холбогдох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэхгүй.

8.Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан дүнг 9,413,696 төгрөг болгон өөрчилж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

9.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзах боловч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ирээгүйн улмаас зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04898 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 27,397,696 гэснийг 9,413,696 гэж, 12,073,269 гэснийг 30,057,269 гэж, 2 дахь заалтын 294,938 гэснийг 165,569 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 294,938 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Д.ЗОЛЗАЯА