Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 95

 

 

 


                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Д.Золбоо,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ж.Айжуу,
Хохирогч А.Д,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мийн Эд холбогдох эрүүгийн 1919001100086 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн .. суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн .. сумын 0 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1982 оны 10 дугаар сарын 05- ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109 а, 169 дүгээр зүйлийн 169б дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 197 дугаар зүйлийн 197.3, 198 дугаар зүйлийн 198а-д зааснаар 3 жилийн хорих ял, Төмөр замын тусгай шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Төмөр замын тусгай шүүхийн 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 41 тоот таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 155 дугаар зүйлийн 155.1, 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 5 жилийн хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 40/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147,2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Мийн Э /00

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн .. сумын 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.Дг үснээс зулгаан паар мөргүүлж, мөн бөгсөн бие рүү нь өшиглөж, нуруун тус газарт нь хазаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
          Хохирогч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Этай гэр бүл болоод 1 жил 8 сар болж байна. Тэгээд анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Би саяхнаас архи, дарс уух болсон. Тэгээд өргөдөлдөө янз бүрийн зүйл бичсэн байсан. Намайг манай нөхөр паар мөргүүлж, үснээс зулгаагаагүй. Би гадаа найзтайгаа нийлж архи ууж орж ирсэн. Би нөхрийнхөө үснээс зулгаагаад, өөрийг нь заамдсан. Би өөрөө нөхрийнхөө өөдөөс согтуурхаж олон юм ярьсан. Зурагт болон гэрийнхээ ихэнх эд зүйлийг хагалсан. Би өөрөө согтуу орж ирээд агсан тавьсан байсан. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
          Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тухайн өдөр би архи уучихсан согтуу байсан юм. Эхнэр Дтай муудаж маргалдаад гар хүрчихсэн юм. Дгийн үснээс зулгаагаад паар мөргүүлээд 2-3 удаа баруун хөлөөрөө бөгс рүү нь өшиглөсөн юм... Д бас согтуу байсан... Би Дг өмнө нь цохиж зодож байсан удаа бол байхгүй. Сая сүүлд 2019 оны 04 сарын 25-ны өдөр Эрээн явчихаад ирсэн юм. Намайг ирэхэд гэртээ Д согтуу байж байсан. Тэр өдөр Д надад манай хажуу айлын залуу шөнө орж ирээд надтай унтая гэсэн гэж хэлсэн юм. Би нөгөө залуугаас очоод асуухад Д худлаа ярьсан байсан, Д өөрөө ч надад худлаа ярьсан юм гэж хэлсэн. Тэгээд би Дг худлаа ярилаа гээд Дгийн баруун гар, дал, мөр хэсэг рүү ганжингаар 2-3 удаа цохисон юм. Д намайг явснаас 3 хоног гэртээ архидсан байсан, одоо бол би Дгаас тусдаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
          Хохирогч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сарын 26-ны өдөр би гадуур явж байгаад орой хэдэн цагийг нь би сайн санахгүй байна нилээн орой болсон байхад гэртээ ирэхэд манай нөхөр жоохон согтуу байсан, би өөрөө ч бас нилээн согтуу байсан. Тэгээд нөхөртэйгөө хүүхдээ алдсан талаар муудаж маргалдаад манай нөхөр Э миний үснээс зулгаагаад паар луу аваачиж мөргүүлээд бөгс рүү өшиглөөд миний нурууг бас хазсан юм. Тухайн үед би согтуу байсан учраас яг хэдэн удаа аль хөлөөрөө өшиглөсөн талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
          Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/148 дугаартай: “...А.Дгийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, баруун хөх, нуруу, хэвлий, баруун, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/

           Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 02 сарын 27-ны өглөө 10 цагийн үед Эынд очиход Д ганцаараа орон дээрээ хэвтэж байсан. Би Дгаас яасан бэ, юу болсон бэ гэж асуухад Э намайг зодсон гэсэн. Намайг очиход бол Э байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/

           Гэрч Л.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр Эын гэрт ганцаараа очсон... Тэгээд би Этай хамт Оргил худалдааны төв ороод 1 шил 0,75 литрийн архи аваад эргээд Эынд очиж уусан юм. Тэгтэл гаднаас Эын эхнэр Д орж ирээд л Этай муудаж маргалдаж эхэлсэн юм... Тэгээд хоорондоо муудаж маргалдаад байхаар нь яваад өгсөн... Д гаднаас орж ирэхдээ жоохон халамцуу л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/

           Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11-16 дугаар хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн . сумын 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.Дг үснээс зулгаан паар мөргүүлж, мөн бөгсөн бие рүү нь өшиглөж, нуруун тус газарт нь хазаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж заасан байна.

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт     “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” гэнэ.
Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүгдэгч М.Э нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох А.Дгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба харин хүндрүүлэх нөхцөл байдалтай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулахаар заасан.

           Иймд шүүгдэгч Б овогт Мийн Эыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч, хохирогч А.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэл болж байна.

    Шүүх хуралдаанд хохирогч А.Д нь урьд өгсөн мэдүүлгээсээ буцаж тийм ч айхтар зодоогүй, урьд нь зодож байгаагүй, тухайн үед архи уусан байсан өөрийгөө буруутгах, хүүхдээ нас барсанд буруутай мэтээр ярих, хэн хэн нь архи уусан байсан, хүүхдээ алдсанаас сэтгэл санааны хямралтай байсан болоод М.Э ийм үйлдэл гаргасан байх, түүнээс биш хамтран амьдарч байх хугацаанд намайг зодож байгаагүй гэх мэтээр ярьсан нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна гэж шүүх үзсэн болно.

    Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний нас, эрүүл мэнд зэргийг харгалзан, прокурорын ялын саналыг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Мийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.  

          4. Шүүгдэгч М.Эд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 


                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА