| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0186/Э |
| Дугаар | 0188 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 0188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Н.Н, М.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н, М.Э нарт холбогдох эрүүгийн 1925003450224 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Н.Н, М.Э
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүд” авто засварын газарт М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 02 сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүд” авто засварын газарт Г.Нацагдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н, М.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Э-ын... “Хүч авто засварын урд талын граж онгорхой байхаар нь ортол миний танил ах нар байсан. Тэд нартай цагаан сараар золгоогүй золгоё гэж бодоод ортол миний танил О.А эхнэртэйгээ, Н.Н, мөн бас нэг хөгшин ах нар байсан. Тухайн үед О.А ах надад архи хийж өгсөн ба би уусан. Гэтэл А.Х-т хийж өгтөл би архи ууж чаддаггүй юм гэтэл Н.Н ах цаанаас нь эзнийг нь голоод байгаа юм уу, эдийг нь голоод байгаа юм уу гээд үг үг хаяад эхэлсэн. Энэ үед А.Х-ыг О.А ахын эхнэр гараад такси олоод ир гэтэл үгүй ээ бид хоёр одоо явлаа гэтэл Н.Н ах та нар яасан том бацаанууд вэ гээд байхаар нь би А.Х-ыг гарч бай гэж хэлчихээд О.А ахтай гар бариад зогсож байтал хажуунаас Н.Н намайг цохиж аваад, улмаар бид хоёр барьцалдаж аваад зодоон эхэлсэн. Гэтэл хажуу талаас тэнд байсан н.Гантулга гэх ах орж ирээд бид 3 давхаралдаад унасан. Би газар Н.Н ахын доор нь унахдаа чихнээс нь нэлээд хүчтэй татаад унасан. Би доор нь орчихоод босохдоо хажууд байсан төмрөөр Н.Н ахын хөл рүү цохисон чинь уг төмрийг Н.Н ах аваад миний хүзүү хэсэг рүү цохисон”... гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/
2. Хохирогч Н.Н-ийн ...“Миний дургүй хүрч сууж байгаад нэг мэдсэн би М.Э-той барьцалдаж аваад ноцолдсон чинь Ганаа ах хажуу талаас орж ирээд бид хоёрыг салгах гээд бид 3 давхаралдаад унасан. Ганаа ах цаашаа паарны хажууд очоод суусан. Би М.Э-той барьцалдаад зодолдсон. М.Э миний чихнээс татаад тавихгүй байсан ба би орилж байгаад арай гэж чихнээсээ тавиулсан. Энэ үед М.Э түрүүлж босоод миний хөл рүү төмөр аваад цохихоор нь би тэр төмрийг нь аваад эргүүлээд М.Э-ын хүзүү хэсэг рүү цохьсон”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
3. Гэрч О.А-ын ...“2019 оны 02 дугаар сарын 16-ны 20 цагийн үед Ганаа ах, Н.Н бид 3 машин засварын ажил хийж дуусаад 22 цагийн үед машинаа засуулсан найз Нааяа гэх залуу 0.75 граммын архи авчирсан. н.Г ах, Н.Н, бид гурав авчирсан архийг нь хувааж уугаад сууж байтал гаднаас М.Энилээд хэмжээний согтолттой орж ирээд хамт архи уусан. Ингээд би эхнэррүүгээ яриад ирээд аваач гэж хэлсэн. Удалгүй манай эхнэр ч ирсэн. Араас нь миний танил дүү М.Э, найз А.Х гэх залуутай орж ирээд юм ярьж сууж байгаад Н.Н ирсэн залуучуудад хандаж дүү нар ах нарыгаа хүндлэхгүй согтуу ирлээ гээд маргаан эхэлсэн. Н.Н, М.Э-той барьцалдаад аваад зодоон эхэлсэн”... гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/
4. Гэрч А.Х-ын ...“Би 2019 оны 02 дугаар сарын 16-нд 09 цагийн үед М.Э-той уулзаад манай хадмын гэрт байж байгаад оройн 22 цагийн үед М.Э машинтай намайг Цагаанчулуут багийн 53-6 тоотод хүргэж өгөхөөр яваад бид хоёр хамт очтол тэнд манай эхнэр Н, хоёр хүүхэд, манай хүргэн дүү Т, эхнэр Сувд-Эрдэнэ хүүхдүүдийн хамт байсан. М.Э пиво ууя гээд дэлгүүрээс 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 2 ширхэг авчирсан ба Т, М.Э, бид 3 хамт хувааж уусан. М.Э бид хоёр дэлгүүр явсан боловч дэлгүүр хаалттай байсан. Дэлгүүр явах замдаа машин засвар онгорхой байхаар нь М.Э хамт орох уу гээд намайг дагуулаад орсон. Тухайн үед н.А ах архи хийж өгсөн. М.Э хийсэн архийг нь уусан. Дараа нь н.А ах надад хийж өгөхөөр нь би ахаа архи ууж чаддаггүй гэж хэлсэн чинь Нацагдорж гэх ах идээг нь голоод байна уу эзнийг нь голоод байна уу гээд Э үг хаяад маргаан эхэлсэн. М.Э чи гарч бай би араас чинь очно гэсэн. Би гаражаас гараад байж байтал гараж дотор юм түжигнээд байгаа дуу гарахаар нь яваад очтол Н.Н, М.Э нар барьцалдаж аваад зодолдож байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
5. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 158 дугаартай ...“Н.Н-ийн биед зүүн чихний дэлбээнд мөгөөрсний хугарал, язарч урагдсан шарх, дээд уруул, нүүр, цээж, баруун бугалга, зүүн ташаанд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, нэг шүдний титэм эмтэрсэн зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Чихний дэлбээний мөгөөрсний хугарал, язарч урагдсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна”... гэх дүгнэлт. /хх-ийн 32-р хуудас/
6. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 155 дугаартай ... “М.Э-ын биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, дух, баруун гарын сарвуу, цээжинд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хүзүүний зөөлөн эдийн гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна”... гэх дүгнэлт /хх-ийн 36, хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Ж дүгнэлтдээ “ Шүүгдэгч Н.Н, М.Э нар 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө маргааны улмаас харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, бусад хуульд заасны дагуу нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Н.Н, М.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Н.Н, М.Э нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч А.Х, О.А нарын мэдүүлэг, шүүгдэгчийн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Н, М.Э нар нь 2019 оны 02 сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүд” авто засварын газарт харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Нацагдорж, М.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Н, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, М.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, М.Энарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС