Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 0241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Б., Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж, Г.Э нарт холбогдох эрүүгийн 1925004260286 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, овгийн Б.Ж

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 06 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 10 дугаар гудамжинд П.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б.Ж, Г.Э нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 10 дугаар гудамжинд Х.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч нар нь 40 гаран насны хүмүүс байсан. Энэ асуудал архи ууснаас болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Хохиролд Даваа ахад 350.000 төгрөг өгсөн. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Би уг нь эд нарыг салгах гэж оролдсон. Дугаржав гэдэг ахыг цохисон. Миний буруу. Гэмт буруугаа хүлээж байна. Хохиролд Даваа ахад 350.000 төгрөг өгсөн. Дугаржав ахад 100.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Х.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 06 сарын 11-ний өдөр би Цагаанчулуутын 8 дугаар гудамж 7 тоотод Дугаржав ахын хөрөөг засаж өгөөд орой 18 цаг өнгөрч байхад гэртээ харихаар Цагаанчулуутын 10 дугаар гудамж орчимд явж байтал нэг хашаанаас танихгүй залуу гарч ирээд манай хашааны гадуур явдаг хэн бэ ална гэж хэлээд зүүн талын хацар орчимд маань гараараа цохиод авсан. Тэгээд байж байтал дахин нэг залуу хашаанаас гарч ирээд хоёулаа нийлээд намайг зодсон. Хашаанаас сүүлд гарч ирсэн залуу намайг хоолойноос маань цамцны захаар маань боогоод авахаар нь би зүүн нүд орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Би намайг аллаа одоо болиоч гэтэл миний үгийг сонсохгүй намайг зодоод байсан. Надтай хамт явсан. Дугаржав ах цагдаа дуудаж удалгүй цагдаа ирээд намайг зодсон залууг аваад явсан. Тэр хоёр залуу Дугаржав ахыг бас зодсон байсан. Дугаржав ахын Баруун хөмсөг орчимд нь цус гарсан байсан. Дугаржав ахыг хэн нь яаж цохьсон гэдгийг би хараагүй. Одоо миний хамар битүү, толгой, өвдөлттэй байгаа. Миний хамар хугарч муруй болсон. Хурдан хугацаанд хамараа эмчлүүлэх хэрэгтэй байна. Эмчилгээний зардлаа төлүүлэхийг хүсэж байна. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,

 

-Хохирогч П.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:Би 2019 оны 06 сарын 11-ний өдөр манай гэрт манай найз Даваа, Лхагвасүрэн нар ирсэн. Даваа манай хөрөөг засаж өгсөн.Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад Даваа, Лхагвасүрэн бид гурав манай гэрээс гарч бензин авахаар эцсийн буудал руу явж байсан юм. Гэтэл Цагаанчулуутын 10 дугаар гудамжнаас цээж нүцгэн залуу гарч ирсэн. Тэр залуу та нар манай нохойг хуцуулаад байна. Яах гэж энэ хавиар яваад байгаа юм бэ гэж хэлээд шууд Давааг барьж аваад хамар орчимд нь гараараа цохьсон. Тэгэхлээр нь би тэр хоёрыг салгах гэж Даваа болон нөгөө хашаанаас гарч ирсэн цээж нүцгэн залуу хоёрын голоор орж байгаад нөгөө цээж нүцгэн залууд баруун хөмсөг орчимдоо цохиулсан. Тэр залуу миний баруун хөмсөг орчимд нэг удаа маш хүчтэй гараараа цохьсон. Миний нүднээс цус гарсан. Энэ хооронд нөгөө хашаанаас ахиад нэг залуу гараад ирэхээр нь би айгаад цагдаа дуудахаар гэр хорооллын эцсийн буудал руу явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

 

-Гэрч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дугар, Даваа бид 3 гэр хорооллын эцсийн буудал руу явж байтал нэг хашаанаас цээж нүцгэн залуу гарч ирээд “нохой хуцуулдаг хэн бэ” гээд Давааг цамцнаас нь боогоод бариад авсан. Хашаанаас дахин нэг залуу гарч ирсэн, тэр 2 залуу нийлээд Давааг зодсон. Миний харснаар энэ 2 залуу Даваагийн нүүрэн тус газар гараараа цохиод байсан. Нэг хартал Дугараа бас зодуулчихлаа гээд нүднээс нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 420 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Д-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, зүүн хөмсөг дээр язарсан шарх, нүүр, хүзүү, зүүн гар, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 22-23 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Д-н биед баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, цээжинд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28-29 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 423 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Ж-ын биед баруун тохой, зүүн гарын алганд зулгаралт, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 34-35 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 422 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Э-ын биед баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шагайн үед зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 39-40 ху/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6 ху/

-Г.Э-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45, 47-48 ху/

-Б.Жыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 46, 49-50 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59, 66 ху/

-Хохирлын баримт /хх 75-85 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 86, 87 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 06 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 10 дугаар гудамжинд П.Дугаржавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б.Ж, Г.Э нар нь бүлэглэн 2019 оны 06 сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 10 дугаар гудамжинд Х.Давааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч нар нь 40 гаран насны хүмүүс байсан. Энэ асуудал архи ууснаас болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн, шүүгдэгч Г.Эын “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Би уг нь эд нарыг салгах гэж оролдсон. Гэтэл Дугаржав гэдэг ахыг цохисон. Миний буруу. Гэмт буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Даваагийн “...би Цагаанчулуутын 8 дугаар гудамж 7 тоотод Дугаржав ахын хөрөөг засаж өгөөд орой 18 цаг өнгөрч байхад гэртээ харихаар Цагаанчулуутын 10 дугаар гудамж орчимд явж байтал нэг хашаанаас танихгүй залуу гарч ирээд манай хашааны гадуур явдаг хэн бэ ална гэж хэлээд зүүн талын хацар орчимд маань гараараа цохиод авсан. Тэгээд байж байтал дахин нэг залуу хашаанаас гарч ирээд хоёулаа нийлээд намайг зодсон. Хашаанаас сүүлд гарч ирсэн залуу намайг хоолойноос маань цамцны захаар маань боогоод авахаар нь би зүүн нүд орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Би намайг аллаа одоо болиоч гэтэл миний үгийг сонсохгүй намайг зодоод байсан” гэсэн /хх 8 ху/, хохирогч П.Дугаржавын “...Цагаан чулуутын 10 дугаар гудамжнаас цээж нүцгэн залуу гарч ирсэн. Тэр залуу та нар манай нохойг хуцуулаад байна. Яах гэж энэ хавиар яваад байгаа юм бэ гэж хэлээд шууд Давааг барьж аваад хамар орчимд нь гараараа цохьсон. Тэгэхлээр нь би тэр хоёрыг салгах гэж Даваа болон нөгөө хашаанаас гарч ирсэн цээж нүцгэн залуу хоёрын голоор орж байгаад нөгөө цээж нүцгэн залууд баруун хөмсөг орчимдоо цохиулсан. Тэр залуу миний баруун хөмсөг орчимд нэг удаа маш хүчтэй гараараа цохьсон” гэсэн мэдүүлгүүд /хх 10 ху/, гэрч Ц.Лхагвасүрэнгийн /хх 16 ху/ өгсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Даваагийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, зүүн хөмсөг дээр язарсан шарх, нүүр, хүзүү, зүүн гар, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 420 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч П.Дугаржавын биед баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, цээжинд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 421 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ж, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ж, Г.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Д 700.000 төгрөг, П.Д 100.000 төгрөгний хохирол тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ж, Г.Э нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх нөхцөл байдал болон тэдний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Гоорго овгийн Баярсайханы Жалбаажамц, Сартуул овгийн Готовын Энхболд нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.Ж нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуусан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын хэмжээг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 250.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг сард 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 137.500 төгрөгөөр тооцож тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Г.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА