| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 310/2025/00615/И |
| Дугаар | 218/МА2026/00003 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 218/МА2026/00003
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 310/ШШ2025/00678 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 1,332,401 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 1,332,401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ ******* нь *******-тай 2021 оны 04 сарын 07-ны өдөр зээлийн 140624487 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр мобиком үүрэн телефоны ******* дугаарыг ашиглан ******* апплэйкэшнаас нийт 4 удаагийн хүсэлтээр 780,000 төгрөгийг зээлээр авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс *******аас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож шаардсан боловч төлж барагдуулаагүй. Иймд 2025 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийг тооцож нэхэмжлэл гаргасан. 2024 оны 02 сарын 08-ны өдөр үндсэн зээлд 250,000 төгрөг, зээлийн хүү 149,617 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,242 төгрөг, нийт 427,849 төгрөг, 2024 оны 02 сарын 11-ний өдөр авсан 290,000 төгрөгийн зээлийн хүү 172,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,302 төгрөг, нийт 495,000 төгрөг, 2024 оны 02 сарын 20-ны өдөр авсан 70,000 төгрөгийн зээлийн хүү 42,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,680 төгрөг, нийт 119,878 төгрөг. 2024 оны 03 сарын 02-ны өдөр авсан 170,000 төгрөгийн хүү 100,170 төгрөг нэмэгдүүлсэн хүү 18,962 төгрөг, нийт 289,662 төгрөг буюу 4 удаагийн үндсэн зээл нийт 780,000 төгрөг, 4 удаагийн зээлийн хүү нийт 465,215 төгрөг, 4 удаагийн зээлийн нэмэгдүүлсэн хүү нийт 87,186 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэг 1,332,401 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ийнхүү тайлбарлажээ.
3. Хариуцагч ******* нь Би нэхэмжлэгч байгууллагаас авсан зээлээ мэдэж байгаа. Би төлнө. Хамгийн гол нь 700,000 төгрөгийн зээл дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү нийлээд 1,332,401 төгрөг болж байна. Иргэний хуульд заасан хүү, алданги 50 хувиас хэтрээд байна. Тухайн үед сарын хугацаагаар зээл аваад зээлийн хугацаа дууссан байхад танай байгууллагаас над руу ярьсан. Би учир явдлаа хэлэхэд ойлголоо гэсэн. Тухайн үед яагаад шүүхээр яваагүй вэ, Яагаад 2-3 жилийн дараа шүүхэд хандаж байгаа вэ. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан бол өнөөдөр 2 тал аль аль нь асуудалгүй болсон байгаа. Хүүг нь өндөр болгосон хойно шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх ******* ХХК болон ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар хариуцагч нь зээлийг төлөөгүй талаарх үйл баримтыг зөв тогтоож Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлээ төлөөгүй хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
5. Хариуцагч *******ын ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээг онлайн гар утсаар хийсэн, бичгээр хийгээгүй. Тухайн гэрээнд заасан хугацаа дууссан байхад зээлийг 2 жил дамнан үргэлжлүүлж зээл авсан үнийн дүнгээс 50 хувь хэтэрсэн. Зээлийн хугацаа нь дууссан тохиолдолд шүүхэд хандах байтал хүүг нэмж бүтэн 2 жил авсанд хариуцагч миний бие гомдолтой байна. ...Иймд Дундговь аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
6. Хэргийн 6-р хуудсанд авагдсан Зээл, зээлийн эрх нээх гэрээг талууд 2021 оны 04 сарын 07 өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний 7-р зүйлийн 7.1, 7.4-д зааснаар гэрээний хугацаа 2025 оны 04 сарын 07 өдөр дуусахаар байна. Иймд хариуцагчийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх гомдлын хэсэг үндэслэлгүй.
7. Талуудын байгуулсан гэрээнд нэг тал зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд нөгөө тал зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах хугацааг нарийвчлан тохиролцоогүй хэдий ч зээлдүүлэгч тал 2025 оны 09 сарын 15 өдөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-дэх заалтад нийцсэн байна. Иймд хариуцагчийн зээлийн хугацаа дууссан даруйд шүүхэд хандах ёстой байсан гэх гомдлын хэсэг үндэслэлгүй байна.
8. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан тул нэхэмжлэлд дурдсан 2025 оны 08 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй.
9. Хариуцагч ******* нь зээлийн тооцооллын талаарх нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан 4 удаагийн үндсэн зээл нийт 780,000 төгрөг, 4 удаагийн зээлийн хүү нийт 465,215 төгрөг, 4 удаагийн зээлийн нэмэгдүүлсэн хүү нийт 87,186 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэг 1,332,401 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд мөн хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 310/ШШ2025/00678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 36,268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Г.БАЯРДАВАА