Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/0100

 

Т.Э-ий нэхэмжлэлтэй,

Хүүхэд, гэр бүлийн хөгжил,

хамгааллын ерөнхий газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Д.Батбаатар

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                         М.Батсуурь

Илтгэгч шүүгч:          П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0408 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2026/0396 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С. нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0326 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн хоёр үндэслэлээр, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “... Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх”-ийг үүрэг болгож, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаар “56 байх”-аар тогтоосон бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар “... Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл”-ийг шинэчлэн баталж, “албан тушаалын давхардал үүссэн” гэх үндэслэлээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

3.Нэхэмжлэгчээс “... 2025 оны 08 дугаар сарын 25-ны хуралд оролцоод албан тушаалын нэршил батлагдахаар ямар албан тушаалд шилжих боломжтойг харж байгаад шийдвэрээ гаргана гэдгээ хэлсэн байхад “тэтгэмж авна” гэж хурлын тэмдэглэлд бичсэн байсан, санал аваагүй, Засгийн газрын 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 тушаалаар албан тушаалын нэршил ангилал зэрэглэлийг шинэчлэн баталсан байхад бидэнд танилцуулаагүй, цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих боломж олгоогүй, Ерөнхий газартай нэгтгэж орон тоо 34 байсныг 56 болгож баталсан, тэтгэмжийн мөнгө орсон ирсэн өдөр нь буцаагаад шилжүүлсэн” гэж,

4.Хариуцагчаас “... 08 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийхэд нэхэмжлэгч “тэтгэмж авах” хүсэлтээ илэрхийлсэн, Засгийн газраас орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталж өгснөөр албан тушаалын чиг үүргийн давхардал үүссэн, “Тэтгэмж авах”-аар хүсэл сонирхлоо илэрхийлснээр тэтгэмж олгогдсон тул төрийн албан хаагчийн баталгаа хангагдсан, байгууллага нь татан буугдаж байхад өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалаад хүсэл сонирхлоо илэрхийлэх ёстой байтал нэхэмжлэгчээс өөрийн эрх ашгийг хамгаалж мэдэгдсэн зүйл байхгүй, ирж уулзаагүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор тухайн байгууллагын орон тооны дээд хязгаарыг “56 байх”-аар тогтоосны дагуу 08 дугаар сарын 25-ны өдөр дээрх тогтоол танилцуулах хурлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хийсэн, уг хуралдаанд Т.Э-ийг тэтгэмжээ авах саналтайг танилцуулсан, “... үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй юу гэж асуухад ажиллахгүй тэтгэмжээ авна” гэж тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин эсрэгээрээ тэтгэмж авах сонирхлыг илэрхийлсэн, энэ үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.

5.2.Нэхэмжлэгч нь “... Ерөнхий газрын Тогтоол шийдвэрийн биелэлт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн эсхүл Салбарын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх 3 албан тушаалын аль нэгд нь томилохыг даалгах” гэж тодруулан шаардаж байх боловч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхийн энэ шийдвэрээр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

5.3.Нэхэмжлэгчээс “мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй” гэж тайлбарлан маргаж байх боловч хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар тодруулж утсаар санал авсанд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллахгүй, тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, энэ тохиолдолд хариуцагчийг дээрхи хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэх үзэхгүй.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулсан. Үүнд:

6.1.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдаж, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор тухайн байгууллагын орон тооны дээд хязгаарыг “56 байх”-аар тогтоосноор 15 албан хаагчдын чиг үүргийн давхардал үүссэн тул албан хаагчдаас санал авч нэхэмжлэгч Т.Э-д тэтгэмж олгохоор шийдвэрлэн төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн.

6.2.Нэхэмжлэгчээс үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан тэтгэмж авах санал гаргаагүй гэж маргах боловч хурлын тэмдэглэл болон 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна.

6.3.Харин маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Э-ээс гадна 9 албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс уг тушаалыг бүхэлд нь эсхүл зөвхөн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа эсэхийг тодруулахад зөвхөн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан талаараа тодруулсан тул уг тушаалын хавсралт дахь бусад албан хаагчдын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байлгах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт “уг тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Маргаан бүхий илт хууль бус тушаал гарч, … олон хуулийг зөрчиж гаргасан төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлсөнд туйлын гомдолтой байсан тул анхнаасаа ажилгүй болохыг огт хүсээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч байгууллагаас өгсөн 3 сарын тэтгэмжийг буцааж шилжүүлсэн энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар огт хэлдэггүй.

7.2.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэг, орон тоо болон төсвийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлж нэгтгэхээр шийдвэрлэсэн. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 52 дугаар тогтоолоор шинэ бүтэц батлагдаж, Ерөнхий газрын орон тоо 34 байсныг 56 орон тоотой байхаар нэмсэн.

7.3.Гэтэл ажил мэргэжлийн чиглэлд ажиллах ажлын байр байсаар байтал санал болгоогүй. Мөн түүнчлэн орон тооны жагсаалтыг танилцуулаагүй. Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт дээрх тушаалыг танилцуулж ижил төстэй ажилд томилогдох боломжоор хангасан гэж ор үндэсгүй худал хариу тайлбар өгсөн. Энэ тухай хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй.

7.4.2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэдэгдэл нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буюу 1 хоногийн дотор гэж хариу тайлбар гомдол гаргах эрхээр хангаагүй, хариу өгөх боломжгүй хугацаа бичигдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мэдэгдлийг огт гардаж аваагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Ерөнхий газраас өгсөнөөр л анх харсан.

7.5.Сонсох ажиллагаа албан ёсоор хийгээгүй. Сонсох ажиллагаа хийсэн гэх хурал нь тус газрын албан тушаалтан нь албан ёсны хурал биш гэж тухайн өдөр хэлж тэмдэглэл хөтлөөгүй, бичлэг хийгээгүй нь тухайн хуралд суусан хүмүүс гарын үсэг зураагүй болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Эдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.5, мөн ажилчид 10 сарын дунд хүртэл ажиллаж байсан нь мэдэгдэл, тушаалыг гардаж аваагүй нь давхар нотлогдож байна. Сонсох ажиллагаа гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамчаар үйлдсэн нотлох баримт гэж үзэж байна. Тус хуралд суугаагүй чөлөөтэй байгаа Б.Э-ыг байсан мэтээр хуурамчаар дээрх баримтыг үйлдсэн.

7.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Халагдаж байгаа ажилтан тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэл өгсөнөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгана” гэж заасан. Гэтэл мэдэгдлээс харахад 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан, хариу өгөх хугацаа нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэж заасан нь дээрх хуулийг зөрчсөн.

7.7.Мөн Т.Э үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байхад хурлын тэмдэглэл утсаар ярьсан тэмдэглэлээс үгүйсгэгдэж байна гэжээ. Тухайн хурал нь албан бус тэмдэглэл хөтлөөгүй, бичлэг хийгдээгүй хуурамчаар үйлдэж ирсэн нотлох баримт гэж гомдолдоо дурдсан байгаа. Утсаар ярьсан гэх тэмдэглэлийг мөн “тэтгэмж авна” гэж хэлээгүй байхад шүүхийн хэлэлцүүлэгт “тэтгэмж авна” гэж хариуцагчийн нэхэмжлэгчийг гүтгэж хэлсэн худал үгээр болон хуурамчаар үйлдсэн утсаар ярьсан тэмдэглэл гэх зүйлийг нотлох баримтаар үнэлсэн нь, шийдвэр гаргасан зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

7.8.Анхнаасаа манай байгууллагыг бүрмөсөн татан буугдсан мэтээр буруу ойлголт өгсөөр ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар тухайн төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Уг нэмэгдэл баталгааг эдлүүлэхэд зайлшгүй хүсэлт гаргасан байхыг шаардахгүй гэж үзэж байна.

7.9.Намайг үргэлжлүүлэн ажиллуулах орон тоо байсаар байтал шилжүүлж ажиллуулаагүй, шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, гомдолтой байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь заалтыг баримтлаагүй. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчиж тушаал гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөнд үлдээх ёстой. Гэтэл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Т.Э-ийг төрийн албаны нөөцөд үлдээгээгүй нь И-Монголиа аппликейшнээс харагдана. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.1, 43.2-т заасныг ноцтой зөрчсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

9.Тогтоогдсон үйл баримтын тухайд, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх болж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаар 56 байхаар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл”-ийг шинэчлэн баталсан, улмаар “чиг үүргийн давхардал үүссэн, тэтгэмжээ авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж нэхэмжлэгчийг Хууль, эрх зүй тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэнгийн ажлаас чөлөөлсөн байна.

10.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс шийдвэрлэвэл зохих хууль зүйн асуудал нь хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө сонгох боломжийг зөв хэрэглэсэн эсэх, нэхэмжлэгчээс санал авах ажиллагаа хуульд нийцсэн эсэх байна.

11.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасанд агуулгын болон системчилсэн тайлбар хийхэд, захиргааны байгууллагын бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан тохиолдолд шат дараалсан байдлаар эхний ээлжинд өөр албан тушаалд шилжих боломж олгох, эсхүл төрийн хөрөнгөөр мэргэших боломж олгож, энэ хугацаанд цалин хөлс олгох, ажлын байраар хангах, энэ хоёр аргаас сонгох боломжгүй бол хамгийн хүнд буюу тэтгэлэг олгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаар байна.

12.Энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө эдгээр боломжит хувилбар тус бүрийг шинжлэн судлаагүй, бодит нөхцөл байдал, тэгш эрхийн зарчим, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг харгалзан үзэж, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд шилжих боломж байгаа эсэхийг тодруулалгүйгээр төрийн албан хаагчийн эрхийг хамгийн хүндээр хөндөх ажилгүй болгох аргыг хэрэглэсэн нь төрийн албан хаагчийн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах нийтлэг баталгааг зөрчжээ.

13.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ төрийн албан хаагчийн эрхийг хамгийн багаар хөндөх шийдвэрийг эхний ээлжинд судлах ёстой бөгөөд хариуцагч нь хэрэв тухайн байгууллагад мэргэжлийн дагуу ажиллуулах боломжтой бол нэхэмжлэгчийг ажлын байраар хангах, ийнхүү шийдвэрлэж боломжгүй бол үндэслэл, шалтгаанаа тодорхой тайлбарлах үүрэгтэй, энэ хэргийн тухайд хариуцагч уг үүргийг биелүүлээгүй буруутай байна.

14.Хариуцагчаас “08 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийхэд нэхэмжлэгч “тэтгэмж авах” хүсэлтээ илэрхийлсэн” гэж маргаж байгаа ч байгууллагын бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан үед байгууллага дотор ажиллаж байгаа төрийн албан хаагч нартай биечлэн уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлах атал “утсаар мэдэгдэх” арга хэлбэрийг сонгож, улмаар “нэхэмжлэгчийг ирж уулзаагүй” гэж буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй.

15.Тодруулбал, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд[1] “Т.Э тэтгэмж авна” гэж өөр хүн хэлсэн, мөн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Утсаар мэдээлэл хүргэсэн тэмдэглэлд[2] “2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17:56-д тушаал гарах гэж байна эцсийн байдлаар дахиж лавлаж асууж байна, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй юу гэж асуухад ажиллахгүй тэтгэмжээ авна гэж хэлэв” гэж тэмдэглэснийг нэхэмжлэгчийн “тэтгэмж авах” хүсэл зориг гэж үзэхгүй.

16.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж зааснаар захиргааны байгууллага ажлын байрны шинэ бүтэц ямар болсон, мэргэжлийн дагуу ажиллах ямар ажлын байр байгаа, эсхүл сул орон тоо байхгүй байгаа талаар мэдэгдээгүй, 08 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн гэх боловч уг цаг хугацаанд Ерөнхий газрын бүтэц шинэчлэн батлагдаагүй, хожим 09 дүгээр сарын 04-ний өдөр албан тушаалын нэрс батлагдсан, энэ талаарх нэхэмжлэгчийн “албан тушаалын нэршил батлагдахаар ямар албан тушаалд шилжих боломжтойг харж байгаад шийдвэрээ гаргана гэдгээ хэлсэн, санал аваагүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

            17.Гэтэл анхан шатны шүүхээс “… төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох хэлбэрийг сонгож хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд тухайн тохиолдолд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлсэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хуучин орон тоог нэмж, дээд хязгаар 56 болж нэмэгдсэн тул нэхэмжлэгч мэргэжил, мэргэшлийн дагуу ажилд томилогдох боломжтой эсэхийг судлах шаардлагатай байна.  

18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилох боломжтой эсэх, хэрэв тухайн албан тушаалд хэд хэдэн албан хаагч ажиллах хүсэлтэй байгаа бол үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан зохих хуульд нийцүүлэн шалгаруулж авах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг тул эдгээр ажиллагааг хийлгэж, дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

19.Энэхүү хэргийн тухайд, захиргааны байгууллага нь “орон тоо хасагдсан, ажлын байрны давхардал үүссэн” гэж байгаа боловч бодит байдалд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 орон тоонд ажилтан шилжүүлэх, сэлгэн ажиллуулахаар зар гаргасан[3], мөн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Т-ийг[4] Салбарын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилсон буюу өмнө ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нарыг ажлын байраар хангах чиг үүргээ эхний ээлжид хэрэгжүүлэх атал шинээр томилгоо хийж байгаа нь ойлгомжгүй, албан тушаалын давхардал арилгах захиргааны байгууллагын зорилгод нийцэхгүй байна.

20.Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий актыг дахин шинээр акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0408 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2026/0396 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, шийдвэр, магадлалын “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

                                                  М.БАТСУУРЬ

                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 47 дугаар талд

[2] 1 дэх хавтаст хэргийн 105 дугаар талд

[3] 1 дэх хавтаст хэргийн 11 дүгээр талд

[4] 1 дэх хавтаст хэргийн 219 дүгээр талд