Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 0244

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 1925004640304 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.М нь 2019 оны 06 сарын 27-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн Ургацын 1-29 тоотод эхнэр Л.П маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Эхнэртэйгээ маргалдаж халуун сав авч шидсэн. Гэхдээ оноогүй. Тухайн үед хөдөөнөөс хүмүүс ирж архи ууцгаасан. Би 2 шил архи уусан. Хүүхдээс болж маргалдсан. Гараад зугтахаар нь араас нь татаж, чирч, үснээс зулгааж гэрт оруулаад нүүр рүү нь 2 удаа цохисон. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирогчид эмчилгээнд зориулж 250.000 төгрөг өгсөн. Миний буруу, ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Л.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06  сарын 27-ны өдөр ...би хүүхдээ өмөөрч нөхөр Мандахад чи хүүхдээ мууллаа гэж хэлтэл нөхөр уурлан над руу халуун сав авч шидсэн. Тэгэхлээр нь би гарч зугтаасан. Гэтэл нөхөр араас гарч намайг барьж аваад гэрт оруулан хамар орчимд маань гараараа 2 удаа цохисон. Мөн нөхөр миний үснээс зулгаагаад байсан гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,

 

-Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Пагма-Орлом, Мандах хоёр өөрийнхөө хүүхдийг малд муу, хүний хүүхдийг малд сайн гэж ярилаа гэдэг асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тэгж байгаад Мандах өөрийнхөө эхнэр Пагма- Орломыг чимээгүй бай гээд 2-3 удаа цохисон. Пагма-Орломын хамарнаас цус гарсан. Би тэр үед нь Пагма-Орлом, Мандах хоёрын голоор орж салгасан. Пагма-Орлом намайг зод зод гээд хашгираад байсан гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,

 

-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мандах эхнэр Пагма-Орломынхоо нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан. Пагма-Орломын хамарнаас цус гарсан. Би тэр хоёрыг салгачихаад Пагма-Орломыг бага зэрэг загнасан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/

 

-Яллагдагч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Эхнэр маань өөрийнхөө хүүхдийг мууллаа, магтаад байгаа Хүрэлээ чинь чиний хүүхэд юм уу гээд хашгираад босоод ирэхээр нь би уурандаа эхнэр Пагма-Орломын нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Эхнэр Пагма-Орломын хамарнаас цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 44-45 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 445 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.П-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, духанд 3 тооны зулгаралт, нүүр, 2 гар, 2 хөл, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 12-13 ху/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7 ху/

-Д.Мыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 42-45 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.М нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн Ургацын 1-29 тоотод эхнэр Л.Пагма-Орломтой маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Эхнэртэйгээ маргалдаж халуун сав авч шидсэн. Гэхдээ оноогүй. Тухайн үед хөдөөнөөс хүмүүс ирж архи ууцгаасан. Би 2 шил архи уусан. Хүүхдээс болж маргалдсан. Гараад зугтахаар нь араас нь татаж, чирч, үснээс зулгааж гэрт оруулаад нүүр рүү нь 2 удаа цохисон. Хэргийн хувьд маргах зүйлгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Пагма-Орломын “...нөхөр уурлан над руу халуун сав авч шидсэн. Тэгэхлээр нь би гарч зугтаасан. Гэтэл нөхөр араас гарч намайг барьж аваад гэрт оруулан хамар орчимд маань гараараа 2 удаа цохисон. Мөн нөхөр миний үснээс зулгаагаад байсан” гэсэн мэдүүлгүүд /хх 8-9 ху/, мөн гэрч Д.Энхтуяа /хх 19-20 ху/, гэрч Б.Бадраа /хх 21 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, духанд 3 тооны зулгаралт, нүүр, 2 гар, 2 хөл, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 445 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Д.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.М нь торгох ялыг 4 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА