Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14877 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,011,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 1,011,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь ******* аппликейшн-аар дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрийг хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлэн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн. Хэрэглэгч нь худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа, харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон тул хариуцагчаас худалдан авалтын үндсэн төлбөр 674,250 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 317,125 төгрөг, нийт 1,011,375 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч *******т 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь ******* ХХК-ийн ******* дэлгүүрээс 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 899,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт 224,750 төгрөгийг төлж, үлдэх 674,250 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагчтай байгуулсан үйлчилгээний нөхцөлийн гэрээний дагуу ******* аппликейшн-ийг ашиглан төлсөн байна. /х.х-ийн 10-15/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 899,000 төгрөгийг худалдагчид төлөхдөө өөрөөсөө 224,750 төгрөгийг, үлдэх 674,250 төгрөгийг нэхэмжлэгч нь тус тус төлж, хожим үүнийг хариуцагч тал нэхэмжлэгчид хэсэгчлэн буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар анз шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас торгууль 20,000 төгрөг, алданги 317,125 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаар тогтоолоор нэхэмжлэгч ******* ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг олгосон байх тул үүнээс өмнөх харилцаанд уг тусгай зөвшөөрөл үйлчлэхгүй. /х.х-ийн 7/

 

Энэ талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-т Зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байх тул нэхэмжлэгч ******* ХХК-аас 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч *******ийн худалдан авалтыг санхүүжүүлсэн 674,250 төгрөгийг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны хүрээнд олгосон зээл гэж үзэхгүй.

 

5. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гээд 12.1.1-д зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх гэж тус тус заасан.

 

Дээр дурдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаар тогтоолоор нэхэмжлэгч ******* ХХК-д факторингийн үйлчилгээг эрхлэн явуулахыг зөвшөөрсөн байх тул мөн адил үүнээс өмнөх харилцаанд хамаарахгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК нь худалдагч ******* ХХК-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх байдлаар буцааж зээлийг төлүүлэх зорилгоор тус компанид төлбөр төлөх үүрэгтэй худалдан авагч нарын авлагыг шилжүүлэн аваагүй, харин худалдан авагчийн төлбөрийг төлснөөр худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан байгаа учир авлага шилжих боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т факторингийн үйлчилгээ гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг хэлнэ гэж зааснаар нэгэнт төлбөр төлөгдсөн тул шаардах эрх шилжээгүй.

 

Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд факторингийн үйлчилгээний харилцаа үүссэн... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.

 

6. Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 674,250 төгрөгийг түүний зөвшөөрснөөр худалдагч ******* ХХК-д төлөх замаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /х.х-ийн 16/

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 674,250 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул үүнийг төлнө.

 

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т Хэрэглэгч төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч дараах байдлаар хугацаа хэтрүүлсний төлбөр төлөх бөгөөд тухайн төлөлтөө 7 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд дахин нэмэгдсэн хэмжээгээр хугацаа хэтрүүлсний төлбөр дээр нэмэгдэнэ. Үүнд: ...500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг... гэж, 7.5-д Худалдан авалтын хамгийн сүүлийн төлөлт хийх хугацаа 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги болон хугацаа хэтрүүлсний төлбөр дээр нэмж тооцогдоно... гэх тохиролцоо нь дээрх хуулийн заалтад нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь зээлийг хугацаандаа, зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн эхний 14 хоногт 20,000 төгрөгийн торгууль, үүнээс хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

9. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч нь эргэн төлөлт хийгээгүй тул уг өдрөөс 14 хоногийн торгууль 20,000 төгрөг /10,000 + 10,000/, худалдан авалтын хамгийн сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн дараагийн өдөр болох 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 699 өдрийн алданги 2,356,329 төгрөг /674,250 х 0.5=3,371 х 699/, нийт 2,376,329 төгрөг /2,356,329 + 20,000/ болж байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар торгууль, алдангид нийт 337,125 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч нь үндсэн зээл 674,250 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 317,125 төгрөг, нийт 1,011,375 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14877 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 1,011,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,764 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.МАНДАЛБАЯР