Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 0254

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бхолбогдох эрүүгийн 1825006800128 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

            Дуут овгийн Н.Б, 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд Ж.С-ын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 526 800 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 18-25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч О.Ц-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бмэдүүлэхдээ “С гэдэг хүн шүүх хуралд сууна гэж хэлж байсан. Тэр хүн шүүх  хуралд суусан бол уучлалт гуйх байсан. Тухайн үед болсон асуудал архи хэтрүүлсний улмаас ийм үйлдэл гаргасан. Цэнгэл гэдэг хүнтэй амьдарсан ч биш үгүй ч биш 3 жил болж байна. Энэ хүн урьд ял шийтгэл эдэлж байсантай холбогдуулан доромжилдог. Сүүлдээ ах, дүү, аав, ээжийг минь доромжилдог. Хүү маань 2018 онд төрсөн. Хүүгээ төрөхөөс өмнө Ц-ээс сална гэж боддог байсан. Хүүхдээ гарснаас хойш би салахгүй гэж бодож байсан. Тэгээд хэрүүл уруул хийхээрээ гэр лүүгээ яваад өгдөг. Тэгээд ирэхдээ аав, ээжийгээ муулдаг. Бид 2 хэсэг хугацаанд салсан байсан. Тэгээд нэг өдөр “энэ шээсээ ав надад гай болоод байна” гээд хүүг маань аваад ирсэн. Яасан юу болсон гэхэд найз нь гадуур дотуур гаръя гэсэн юм байна лээ.  Би ер нь ажил голохгүй хийдэг. Би зөв зүйтэй сайхан амьдрахыг хүсдэг. Би урьд ял эдлээд гарч ирээд  өвчтэй ээжийгээ хараад дахиж хэрэгт холбогдохгүй, архи, дарснаас хол байна гэж өөртөө амлаж, ээжийг харж хандах ёстой юм гэж бодож, амьдралын төлөө явж байсан. Би өмнө нэг сайн бүсгүйтэй танилцсан. Түүний ар гэр нь намайг шорон оронгоор явж байсан гээд салгасан. Тэгж явж байхдаа Ц гэдэг хүнтэй танилцсан. Энэ Ц\ гэдэг хүн хэрүүл хийхдээ намайг дандаа шоронгийн хадаас, шоронд чинь хатаана гэдэг. Удаа дараа доромжилдог. Манай ээжийн дүү гээд нагац ах байдаг. Тэр хүн эхнэр, хүүхдээсээ салаад өвөө, эмээг асраад байдаг. Тэр хүнийг хүртэл оролцуулж намайг доромжилдог. Танай ах чинь тийм. Чи тийм болно гэдэг. Сүүлд Ц-ийг зодсон гэдэг асуудал бол нэг шөнө хүү минь халуураад хоносон. Би Амгаа гэдэг айлд юм хумыг нь хийдэг байсан. Тэр хүнээс мөнгө төгрөг аваад ирье гэхэд босч ирээд хувцсаа өмсөөд гарах гэж байсан. Чи хүүгээ хараад байж бай гэхэд би гадуур гарах ажилтай байна гэсэн. Тэгэхээр нь би за чи гар би хүүгээ хараад байж байя гэтэл тэр хүн чи намайг яв гэж хөөлөө гэдэг. Хүүгийн минь хоноцын шээсээ ав энэ чинь надад гай болж байна гэсэн. Уг нь өөрөө нь гарсан хүүхэд шүү дээ. Миний ээж гэнэтхэн бурхан болсон. Ээжийг минь доромжилсон. Чи араагүй азгүйдээ ингэж яваа.  Эх чинь дүлий байсан. Би өмнө манай ээж дүлий, ийм ийм гэж хэлж л байсан. Гэхдээ хоёр хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн гэдэг. Гэтэл тэрийг минь буруугаар ойлгож намайг хэл амаар доромжилсон. Би энэ хүнтэй хэрүүл уруул хийхгүй гээд гарчихаад хаалгаа дотроос нь түгжээд байж байхаар тооно дээр гарч суучихаад чулуу шиддэг. Энэ хүн иймэрхүү байдалтай байнга намайг доромжилж, хэрүүл уруул хийдэг. Би энэ хүнтэй амьдрахгүй. Сая хоригдож байхад хүүтэй минь цуг эргэж ирсэн. Тэгээд гарч ирээд энэ хүүхдээ аваарай гэсэн. Би хамаагүй хүүхдээ аваад явчихаж чадна.  Ялтан минь шоронд хатаана, чи зольбон юм чинь хүүхэд чинь ийм болно гэдэг. Тэр болгоныг хурааж аваад баримтжуулж байгаад цагдаад өгнө гэж бодож байгаа. Сүүлдээ би тэсээгүй үсдэж аваад алгадсан” гэв.

 

Хохирогч Ц “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч С “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 10-12-р хуудас/

2. Хохирогч Ж.С-ын ... “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 02 цагийн үед гэр рүүгээ харих гээд Согоот багийн 6-13 дугаар байрны хажуу талд явж байх үед нэг залуу гарч ирээд эхнэртэйгээ хэрэлдээд гээд миний хажууд надтай хамт юм яриад алхаад байсан. Тэгээд намайг хаа хүрэх гэж байгаа юм гэхээр нь би 6-10 дугаар байр гэж хэлсэн. 6-10 дугаар байрны 2 дугаар орцны гадаа ирэхэд гэнэт миний цүнхнээс татаад би сөхөрч унаад, цүнхний оосор тасраад нөгөө залуу миний цүнхийг аваад зугтаасан”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

 

3. “Бан хас” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №2018/3-0278 дугаартай “... хөрөнгийн үнэлгээ нийт 526 800 төгрөг...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 27-30-р хуудас/

 

4. Хохирогч О.Ц-ийн ... “Б-тэй хамтран амьдраад 3 жил орчим болж байна. Энэ хугацаанд өмнө нь намайг жирэмсэн байхад зодож шүүхээр орж торгуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед манай хамтран амьдрагч Б ажилдаа явах гэж байхаар нь би хүү маань халуураад байна хоёулаа эмнэлэг орж хүүхдээ үзүүлчихээд ирье гэтэл Болор- Эрдэнэ чадахгүй гэж байснаа надтай маргалдаж байгаад босч ирээд намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл Болор-Эрдэнэ намайг үснээс зулгаагаад алгадаад байсан ба гадаа хашаанд нь юм хийж байсан О гэх эгч орж ирээд Б-ийг салгасан. 2018 оны 06 дугаар сард шүүхээр шийтгүүлснээсээ хойш 2-3 удаа надтай маргалдаж намайг алгадаж байсан. Гэхдээ гэмтэл бэртэл учруулахаар зодож байгаагүй” ... гэсэн мэдүүлэг. /хх- ийн 76-77-р хуудас/

 

5. Гэрч Н.О-ийн ...“, Б нар хоорондоо маргалдаад байхаар нь гэрт нь орсон чинь Ц галын хайч барьчихсан Б-ийг цохих гээд байхаар нь би хайчыг нь авч шидчихээд Ц-ийн боль гээд урд нь суусан. Би хүүхдийг нь аваад байж байтал Б, Ц-ийг гэрээс гаргаад хаалгаа дотроос нь цоожилсон. Ц гаднаас чулуу шидээд гэр дээр гарчихаад Б-ийг янз бүрээр хэлээд байсан. Энэ үед Болор-Эрдэнэ гэрээс гарч Цэнгэл Б хоёр гадаа маргалдаад байсан. Хэсэг хугацааны дараа Б орж ирээд хаалгаа түгжсэн" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83-р хуудас/

 

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын сарын 11-ний өдрийн 91 дугаартай ... “О.Ц-ийн биед тархи доргилт, хуйх, баруун ташаа, баруун гуянд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 85-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий Ц-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн бусдын эд зүйлийн дээрэмдэн авч 526 800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөн нотлогдож байна. Иймд шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Ц нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, хохирогч С-ад учруулсан 526 800 төгрөгийг төлж барагдуулсан байна. Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусд эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нь 57 хоног цагдан хоригдсон байгаа. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ял оруулан тооцуулах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.С, О.Ц нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд Ж.С-ын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 526 800 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 18-25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч О.Ц-ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дуут овгийн Н.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ийн цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС