Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2026/00080

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/08077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

70,300,686 төгрөг гаргуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******-тай эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц захиалан бариулах гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу амины орон сууцыг төлбөр төлснөөс хойш 60 хоногийн дотор хийж гүйцэтгэх, гэрээний төлбөрт нийт 280,000,000 төгрөг төлөхөөр тохирсон.

Гүйцэтгэгч нь гэрээний 1.1, 2.1 болон хавсралтад заасны дагуу захиалагчийн эзэмшлийн газарт зураг төсөл, архитектурын зургийн дагуу 97 м.кв талбай бүхий Твин хаус 2 ширхгийг /дотор засал, гадна тохижилт ороогүй/ барьж өгөхөөр болсон. Захиалагч төлбөр төлөх үүргээ цаг тухайд нь биелүүлж нийт 240,000,000 төгрөг шилжүүлсэн.

Гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэж өгөх хугацаа хэтэрсэн хэдий ч хүлээцтэй хандаж, нэмэлт хугацаа олгож байсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар халаалт угсрах, агааржуулалтын ажил, дотор хана өрөх, гадна фасад хийх, цахилгааны утас таталт, ус зайлуулах хаяавч, дээврийн усны хаялга, газардуулга байршуулах ажлууд хийгдээгүй, хэзээ хийгдэх нь тодорхойгүй байгааг сануулж, ажлаа актаар хүлээлгэн өгөхийг шаардсан албан тоот явуулсан.

Би гэрээнд заасан төлбөрөөс гадна хаалганы 2,800,000 төгрөг, дотор хананы өрлөгийн блок 4,663,200 төгрөгийг өөрөөсөө гаргаж, энэ зардлыг гэрээний төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгөөс суутгаж тооцохоор тохиролцсон. Гэвч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмж огт ажил хийгээгүй бөгөөд тус компанид 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр албан мэдэгдэл хүргүүлсэн ч ажлаа хаяж явсан.

******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөлгүй, хагас дутуу хаяад явснаас болж банкны зээлийн хүү үр ашиггүй төлж хохирсоор байна.

Түүнчлэн, хийсэн ажлууд доголдолтой, тухайлбал дээврийн усны хаялга, ус чийгний тусгаарлагч хийгээгүйгээс 2024 оны 08 дугаар сард дээврээс борооны ус орж, таазны шилэн хөвөн рүү нэвчиж, ОСП хавтан норж доош унжсан, нурж унах аюултай болсон. Үүнийг *******-иар засварлуулсан.

Иймд хаалга болон блокны зардал 7,463,200 төгрөг, алданги 19,839,617 төгрөг, банкны хүү 29,898,302 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665 төгрөг, дээврийн засварын зардалд 8,052,100 төгрөг, нийт 70,300,686 төгрөг гаргуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Барилгын ажил хийгдэж байх явцад буюу 2023 оны зун бороо, үер ихтэй бөгөөд захиалагчийн бариулж буй барилгын байршил нь бороо орсон үед машин техник гарахааргүй өндөрлөг газар байснаас шалтгаалан ажил бага зэрэг удааширсан.

Нэхэмжлэгч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ажил хойшилж байгааг мэдсээр байж байнга хэл ам хийж, барилга дээр ажиллаж буй хүмүүсийг очиж загнах зэргээр ажил хийхэд хүндрэл учруулсаар байсан тул манай компанийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр үлдэгдэл 40,000,000 төгрөгийг дутуу үлдээсэн ажилд тооцон авахгүйгээр барилгыг хүлээлгэж өгөх санал тавьсан.

Энэ саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, харин ажлыг актаар хүлээлгэж өгнө үү гэсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу манай даамал ******** бүх цэвэрлэгээ цэгцэлгээг хийж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг түлхүүртэй нь хүлээлгэн өгсөн. Барилгын дотор шалны болон гадна хаяавч цутгах ажил, техникийн өрөөнд нөөцийн сав, насос, халаалтын тогоо угсрах ажлуудыг хийлгүйгээр 40,000,000 төгрөгт тооцож үлдээсэн.

Банктай байгуулсан зээлийн гэрээний хүү, хуримтлагдсан хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд захиалгын гэрээнд банкны зээлтэй холбоотой ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******-иас 15,515,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 54,785,386 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737,605 /257,149+70,200+410,256/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нь барилгын ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлгэн өгөхийг, мөн дээврийн засварын зардал 8,052,100 төгрөгийг төлөхийг зөвшөөрдөг.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний гол үүргээ хариуцагч зөрчиж хийсэн ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор актаар хүлээлгэн өгөхийг шаардсан ч уг шаардлагыг хариуцагч биелүүлээгүй.

Хариуцагч нь хийсэн ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөөр байхад талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон буюу гэрээ цуцлагдсан гэж шүүх дүгнэж талуудын тайлбар, нотлох баримтыг бүрэн бодитойгоор харьцуулан дүгнээгүй.

Хариуцагч талын гэрээ цуцлах саналд нэхэмжлэгч болзол тавьсан шаардлага хүргүүлсэн байхад үгийн шууд утгаар гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж шүүх тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймээс гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэж үзэж нэхэмжлэгч талаас гэрээний 6.7-д заасны дагуу гүйцэтгэгч тал барилгыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцож нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан. Хариуцагч тал хийсэн ажлаа хэсэг тус бүрээр нь хүлээлгэн өгөөгүй, үр дүнг хүлээлгэн өгөх хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн явдалд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц захиалан бариулахын тулд Хаан банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авсан уг зээлийн төлбөрөөс 150,000,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн гэж шүүх дүгнэсэн атлаа өөрт бий болж буй хөрөнгийн хариу төлбөр төлөх зорилгоор авсан зээлийн хүү нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэх агуулгад хамаарахгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Хэрэв хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь шударгаар биелүүлсэн бол нэхэмжлэгч банкнаас авсан зээлийн хүүгээ хариуцагчаас нэхэмжлэхгүй байх байсан тул баримтаар нотлогдсон банкны хүүгийн хохирол 29,898,302 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн үүрэг зөрчсөн гэм буруугаас нэхэмжлэгч цаг хугацаанд нь амины орон сууцаа актаар хүлээн аваагүй, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй хохирсон үйл баримтад шүүхээс дүгнэлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь хаалга, блокны үнэ 7,463,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлээгүй. 7,463,200 төгрөгийн хувьд үлдэгдэл 40,000,000 төгрөгөөс суутгагдах талаар 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигт тодорхой тусгасан.

Иймд шийдвэрийн 7,463,200 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаан болон түүний өмнө болсон шүүх хуралдааны үед хариуцагч талын зүгээс барилгыг хүлээлгэж өгөөгүй болон барилгын дээврээс ус алдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл одоо нэхэмжлэлийн бүх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж буй нь үндэслэлгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Манай компани 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 40,000,000 төгрөгийг авахгүй дутуу хийсэн ажилд тооцож, ажил гүйцэтгэх гэрээг цуцалъя гэх албан бичгийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгч гэрээ цуцлагдсаны дараа аваагүй 40,000,000 төгрөгт алданги тооцож байгаа нь хууль бус юм.

Ажил гүйцэтгэх гэрээнд банкны зээлийн хүүг гэрээний нөгөө тал төлнө гэх зохицуулалт огт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг хугацаанд нь гүйцэтгээгүй, ажлын үр дүн доголдолтой гэх үндэслэлээр алданги 19,839,617.6 төгрөг, банкны хүүгийн хохиролд 29,898,302.87 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665.79 төгрөг, орон сууцны дээврийн засварын зардалд 8,052,100 төгрөг, нийт 70,300,686 төгрөг гаргуулах, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь орон сууцны дээврийн засварын зардалд 8,052,100 төгрөг гаргуулах, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагыг гэрээ цуцлагдсан, үүнтэй холбогдуулан хийсэн ажлыг хүлээлгэж өгсөн гэж эс зөвшөөрч маргасан.

2.1. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үлдсэн ажлын үлдэгдэл дүн 40,000,000 төгрөг, хаалга, блок авахад гаргасан зардал 7,463,200 төгрөг, нийт 47,463,200 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж тооцож, энэ дүнгээс 0.1 хувиар алданги тооцож 19,839,617 төгрөгийг алдангид гаргуулахаар шаардсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хаалга болон блок авахад гаргасан зардал 7,463,200 төгрөгийг хариуцагчаас шаардаагүй зөвхөн алданги тооцох үндэслэл болгосон.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж дээрх 7,463,200 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж, улмаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн алдааг залруулж, нэхэмжлэлийг хангасан хэмжээнээс уг үнийн дүнг хасч тооцно. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

3. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, ******* хаягт байрлах газарт 97 м.кв талбай бүхий твин хаус 2 ширхгийг зургийн дагуу барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь төлбөрт 280,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчид 240,000,000 төгрөг төлсөн.

 

3.1. Ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, түүнээс хариуцагч руу хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 07, 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгүүдээр нэхэмжлэгч нь гэрээний хугацааг сунгасан болох нь тогтоогдсон тул нэмэлт хугацаа гэж үзэх үндэслэлтэй.

 

3.2. Улмаар хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр барилгын зарим ажил дутуу хийгдсэн тул үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг авахгүйгээр ажлыг хүлээлгэн өгөх санал тавьсан. Үүний хариуд нэхэмжлэгч ******* 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр гэрээний хугацаа 4 сараар хэтэрч, шал, хаяавч болон инженерийн зарим ажил хийгдээгүй хэвээр байгааг дурдан гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөн. Мөн бичигтээ гэрээний дагуу ажлыг актаар хүлээлгэн өгөх, 2 жилийн чанарын баталгаа олгохыг шаардаж, нэмэлтээр өөрөөсөө төлсөн хаалганы 2,800,000 төгрөг, дотор ханын өрлөгийн блокны 4,663,200 төгрөгийг буцаан олгохыг шаардсан.

 

3.3. Нэхэмжлэгч нь *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, маргаан бүхий амины орон сууцыг бариулахаар 200,000,000 төгрөгийн зээл авсан байна.

 

3.4. Маргаан бүхий сууцны дээвэрт ус гоожих зэргээр доголдол гарсныг нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу *******-иар засварлуулж, ажлын төлбөрт 8,052,000 төгрөг төлсөн.

 

3.5. Эдгээр зүйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Зохигчийн харилцан илгээсэн албан бичигт үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалсан гэх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.4 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч нь тодорхой болзол биелсэн тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч уг бичгүүдэд илэрхийлэгдсэн талуудын хүсэл зоригийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлан үзэхэд гэрээг харилцан тохиролцож цуцалсан нөхцөл байдал аливаа салаа утгагүйгээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч хариуцагчид албан бичиг хүргүүлэхдээ ажлыг актаар хүлээлгэн өгөх, 2 жилийн чанарын баталгаа олгох, хаалганы үнэ 2,800,000 төгрөг, дотор ханын өрлөгийн блокны үнэ 4,663,200 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь гэрээ цуцалсны үр дагаварт холбогдох шаардлага байжээ.

 

4.2. Гэрээнд заагдсан ажлыг хариуцагч хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргасан боловч нэхэмжлэгч нь нэмэлт хугацаа олгосон, улмаар гэрээг талууд цуцалсан тул гэрээгээр тохирсон хариуцлага болох алдангийн тохиролцоо цуцлагдсан гэж үзэх учир анхан шатны шүүх алданги 19,839,617.6 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 6.7-д зааснаар алданги тооцох нөхцөл байдал үүсээгүй.

Харин уг шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох зохицуулалтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөөгүйг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.3. Гэрээ цуцлагдсаны дараа амины орон сууцны дээвэрт доголдол гарсан, уг доголдлыг нэхэмжлэгч өөрийн зардлаар засварлуулсан, энэ шаардлагад хариуцагч маргаагүй зэргийг харгалзан 8,052,100 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхээс хангасан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т нийцжээ. Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй.

Харин анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэл болж буй заалтыг баримтлаагүй орхигдуулсныг залруулж өөрчлөлт оруулна.

 

4.4. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Гэхдээ өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон, улмаар гэрээг харилцан тохиролцож цуцалсан тул хариуцагчийн буруугаас шалтгаалж нэхэмжлэгч нь *******-д үндэслэлгүйгээр хүү төлж хохирсон гэж дүгнэхгүй.

Энэ талаар анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь өөрт бий болж буй хөрөнгийн хариу төлбөр төлөх зорилгоор авсан зээлийн хүүг хохиролд хамааруулахгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Үүнд холбогдох нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймээс банкны хүүгийн хохиролд 29,898,302.87 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665.79 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцсэн байх ба шаардах эрхийн үндэслэл болж буй заалтыг баримтлаагүйг залруулна.

 

4.5. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй, мөн энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, харин хүлээн зөвшөөрсөн.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын болон гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмуудын хүрээнд энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмыг шүүхийн шийдвэрт заах зохицуулалтын хүрээнд энэ шаардлагад хамаарах актаар хүлээлгэж өгөх ажлын тоо хэмжээг хариуцагч тодорхойлох болохыг зааж байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад актаар хүлээлгэж өгөх ажлын хэмжээтэй холбоотой дахин эрх зүйн маргаан үүсэх ёсгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан хэмжээ болон хууль хэрэглээ, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/08077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 8,052,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа нэхэмжлэгчид актаар хүлээлгэж өгөхийг хариуцагч *******-д даалгаж,

нэхэмжлэлээс үлдэх 62,248,586 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 235,526 гэснийг 143,784 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 134,362 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ