| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0214/Э |
| Дугаар | 0224 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 0224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Ч.Б
Хохирогч Г.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 1925003500218 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн 4-73 тоотод Г.Пг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ч.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Би тухайн үед архи уусан болохоор сайн санахгүй байна. Хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Хохирол төлөөгүй байгаа. Шүүх хурлын дараа өгөх юм болов уу гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргамааргүй байна. Архинаас татгалзах нь зөв гэж бодож байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 15-ны орой Ч.Б орж ирээд эмээ дээр очоод ирье гэсэн. Би охин халуураад байна, явах боломжгүй гэсэн. Тэгтэл уурлаад агсам тавьсан. Тэгэхээр нь охиноо аваад гарсан. Тэгтэл араас гарч ирээд нуруу руу өшиглөсөн. Би зугтаасан. Араас хөөж ирээд толгой руу цохиж унагаагаад дээрээс дэвссэн.Ээж цагдаа дуудаад удаагүй ирсэн. Одоо миний толгой өвдөөд байгаа. Цаашдаа энэ хүнтэй амьдрахгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийн дараа надаас уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг,
-Гэрч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Пүрэвсүрэн бол манай бага охин. Баттулгатай танилцаад 2 жил гаран л болж байгаа байх. Энэ хоёр дундаасаа 1 охинтой. ...Би энэ хоёрыг болоод бүтээсэй гэж их бодсон. Тусад нь хүртэл энэ хавар гаргаж үзсэн. Арав гаран хоног хамт байж байгаад л таарахгүй байна гээд больсон. Сая хэд хоногийн өмнө буюу 2019 оны 05 сарын 15-ны өдөр би охин Пүрэвсүрэн, зээ охины хамт гэртээ байж байтал Баттулга гаднаас орж ирээд эмээгийн бие муу байна гэж хэлээд хоёр охиныг Хөвсгөл авч явах гээд байсан. Миний хүү одоо хэрэггүй гэж хэлтэл уурлаад охин Пүрэвсүрэнг гадаа гэр тойрч хөөгөөд газар унагаагаад өшиглөөд байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан. Намайг бас түлхэж унагаасан. Би том охин Г.Бямбабаяр луу залгаж дуудсан гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,
- Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Г.П-гийн төрсөн эгч. 2019 оны 05 сарын 15-ны өдөр би нөхөр хүүхдээ очиж авах гээд ээжийнд очоод гарахад Баттулга зөрөөд орж байсан. Бид нар ахынд байж байтал ээж залгаад Баттулга зодоод байна гэж орилсон. Би нөхөр, ахын хамт яваад очтол гэр орон ундуй сундуй Баттулга гудамжаар цааш явж байхаар нь ах араас гүйж очоод бариад авсан. Тэгээд цагдаа дуудсан. Баттулга дүү Пүрэвсүрэнг зодсон бололтой, Пүрэвсүрэнгийн хувцас нь шороо болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,
-2019 оны 05 сарын 21-ний өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.П-гийн биед тархи доргилт, нүүр, цээж, нуруунд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 29-30 ху/
-Ч.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 78-82 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн 4-73 тоотод Г.Пг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Би тухайн үед архи уусан болохоор сайн санахгүй байна. Хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна” гэсэн, хохирогч Г.Пгийн “...Ч.Б орж ирээд эмээ дээр очоод ирье гэсэн. Би охин халуураад байна, явах боломжгүй гэсэн. Тэгтэл уурлаад агсам тавьсан. Тэгэхээр нь охиноо аваад гарсан. Тэгтэл араас гарч ирээд нуруу руу өшиглөсөн. Би зугтаасан. Араас хөөж ирээд толгой руу цохиж унагаагаад дээрээс дэвссэн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Сарантуяа /хх 17-18-р ху/, гэрч Г.Бямбабаяр /хх 19-20-р ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, нүүр, цээж, нуруунд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 356 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 150.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг сард 140 000 төгрөгөөр тооцож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА