Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2026/00079

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 103/ШШ2025/00957 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** холбогдох,

худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 35,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2025 оны 01 дүгээр сарын эхээр фэйсбүүк зараар холбогдсоны дагуу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүрэгт очиж, ******* 40 ширхэг компьютер, дагалдах хэрэгсэл болох компьютерын дэлгэц, гар, хулгана, сандал, гэрэлтүүлэг, сүлжээ салаалагч, хяналтын камер, 1 ширхэг телевизорыг нийт 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр 40 ширхэг компьютерыг гэрээ байгуулахдаа CPU I3-6, RAM 16gb, GPU-1060 гэж хариуцагчийн хэлсний дагуу үзүүлэлтүүдийг нь бичиж гэрээ байгуулсан.

Гэтэл тухайн компьютерууд нь гэрээнд заасан нэр төрлийн үзүүлэлт, шаардлагыг хангахгүй болохыг Архангай аймагт ирж серверт холбосны дараагаар мэдсэн. Тодруулбал, СРО 27 ширхэг компьютер нь I3-6 биш хуучин үеийн Pentium /R/, бүх компьютер нь GPU нь RTX- 1060 биш RTX-1050 үзүүлэлттэй байсан.

Энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд, асуудал байхгүй, гацахгүй гээд утсаа авахгүй алга болсон. Мөн тухайн компьютеруудыг авч ирсний дараагаар серверийн эрх 600,000 төгрөгөөр худалдаж авсан.

Иймд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцалж, гэрээний үнэ 35,000,000 төгрөг, хохирол 600,000 төгрөг, нийт 35,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Надад 1050 болон 1060 үзүүлэлттэй компьютерууд хоёулаа байсан, үүнийг шалгаж авах бүрэн боломжтой байсан. 35,000,000 төгрөг гэж байгаа боловч миний худалдсан зүйл 60,000,000-70,000,000 төгрөгийн үнэтэй. 1050, 1060 gpu-гийн хооронд ямар ч чанарын ялгаагүй.

Нэхэмжлэгч нь бүх тоног төхөөрөмжөө авч очоод миний түрээсэлж байгаа байр жижиг байна, компьютерууд багтахгүй байна, компьютеруудынхаа талыг нь буцаагаад авчих тэгэх үү гэхээр нь надаас шалтгаалах зүйл биш гэж хэлж байсан.

Би худалдахдаа энэ чигээр нь ажиллуулахад тодорхой хэмжээний гацалт байна шүү, чи надаас хямд авсан юм чинь засан сайжруулалт хийгээд явахад ямар ч асуудалгүй гэж хэлээд явуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2025.02.18-ны өдрийн 0468 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцалж хариуцагч Боржигин овогт ****** ******* 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******** ******** олгож, уг гэрээгээр шилжүүлсэн game зориулалттай, 40 ширхэг компьютер түүний дагалдах хэрэгслүүдийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 335,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13:28 цагт буюу 14:16 цагт бичгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас даруй 50 минутын өмнө гэрээний үнэ 35,000,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, талууд бичгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нөхөж үйлдсэн.

******* нь гэрээнд заасан үзүүлэлт бүхий 40 ширхэг компьютероос гадна хариуцагчийн хариу тайлбарт дурдсан хөрөнгүүдийг хариуцагчаас хүлээж авсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон "эд хөрөнгө доголдолтой тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна" гэх тайлбар нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн GTX1050, GTX1060 гэсэн тэмдэглэгээтэй хоёр ширхэг процессор нь өөрийн хүчин чадал, дотоод эд ангид тохирсон тоглоом суулгаж, тоглоомын зориулалтаар ашиглах боломжтой гэх дүгнэлтээр няцаагддаг.

4.2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт "Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй" гэж заасан.

Ингэхдээ хууль тогтоогчийн зүгээс худалдан авагч эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлах шаардлага гаргах тохиолдолд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн доголдол байгаа эсэх, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.2, 256.3 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийн зарим хэсэг нь доголдолтой байвал тухайн гэрээг бүхэлд нь цуцлах шаардлагыг гаргах эрхгүй.

Иймд шийдвэрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан худалдан авсан компьютерууд нь гэрээнд заасан чанарын үзүүлэлтэд хүрээгүй гэж гэрээний үнэ 35,000,000 төгрөг, хохирол 600,000 төгрөг, нийт 35,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө компьютер хүлээж авахдаа шалгах ёстой байсан, засан сайжруулалт хийх ёстой гэдгийг хэлсэн, гэрээнд зааснаас илүү үнэтэй эд зүйл худалдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай шаардлага тавьсан боловч уг шаардлага нь эрх зүйн үр дагаврын хувьд гэрээнээс татгалзах агуулгатай байх бөгөөд бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна.

Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй бие даасан шаардлага болгож шийдвэрлэснийг залруулж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулна.

 

3. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* нь ******* цахим тоглоомын зориулалттай, CPU: I3 /6-р үе/, RAM:8-16ГБ санах ой, GPU:GTX1060 үзүүлэлт бүхий 40 ширхэг компьютерыг дагалдах хэрэгслийн хамт худалдан авч, гэрээний үнэд 35,000,000 төгрөг төлжээ.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Мөн гэрээнд заасан үзүүлэлт бүхий компьютерыг хүлээлгэн өгөх үүргээ худалдагч биелүүлээгүйн улмаас биет байдлын доголдол үүссэн, энэхүү доголдлыг компьютер хүлээн авах үед нэхэмжлэгч мэдэх боломжгүй байсан тул хуульд заасан хугацаанд шаардлага гаргасан талаарх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

3.2. Хариуцагчийн эмнэлэг явах хувийн шалтгаан, мөн худалдаж буй компьютерууд нь сүлжээнд холбогдоогүй зэргээс шалтгаалан талууд гэрээ байгуулах үед компьютеруудыг нэг бүрчлэн техникийн үзүүлэлтийг шалгаж хүлээлцээгүй байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж буй зүйлийг шинж чанар, холбогдох техникийн үзүүлэлтийг худалдан авагчид шалгаж олгох үүрэгтэй байсан.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдаагүй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааны дотор шаардлагаа гаргажээ.

 

3.3. Хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр гэрээний зүйл болох 14 компьютерын GPU үзүүлэлт GTX-1060 биш GTX-1050 гэж бичигдсэн, бусад компьютер хураалттай болох нь тогтоогдсон.

Өмнө дурдсанчлан нотлох үүргийн хуваарилалтын хувьд худалдагч нь худалдан авагчид хүлээлгэн өгсөн 40 ширхэг компьютер нь гэрээнд заасан GPU:GTX-1060 үзүүлэлтийг хангаж байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох ёстой боловч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй.

Иймээс хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул үүнтэй холбогдуулаад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

3.4. Хариуцагчийн гаргасан хүлээлгэн өгсөн компьютеруудыг цахим тоглоомын зориулалтаар ашиглах боломжтой, зөвхөн GPU:GTX-1060 үзүүлэлт хангагдаагүйгээс шалтгаалж гэрээг бүхэлд нь цуцлах, татгалзах ёсгүй гэх гомдлыг хангахгүй.

Учир нь талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа компьютерын техникийн үзүүлэлтийг гэрээний гол нөхцөл болгосон, энэ нь цахим тоглоомын зориулалтаар өндөр хүчин чадал бүхий компьютер ашиглах гэсэн нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаалсан.

Гэвч гэрээний уг гол нөхцөл хангагдаагүй тул гэрээний зүйлийг хэсэгчлэн доголдолтой гэж дүгнэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь өөр үзүүлэлт бүхий компьютероор солиулах, эсхүл засварлуулах шаардлага тавилгүйгээр гэрээнээс бүхэлд нь татгалзсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн дагуу GTX-1050, GTX-1060 үзүүлэлт бүхий компьютеруудын аль алиныг цахим тоглоомын зориулалтаар ашиглаж болох боловч нэгэнт гэрээний гол нөхцөлд GTX-1060 гэж заасан тул энэ үзүүлэлт хангагдаагүй тохиолдолд биет байдлын доголдолгүй гэж тооцох боломжгүй юм.

 

3.5. Иймд анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт хариуцагчаас 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, цахим тоглоомын зориулалттай 40 ширхэг компьютерыг дагалдах хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж, нэхэмжлэлээс 600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийн заалт баримталсан байгааг хасч өөрчлөлт оруулна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 103/ШШ2025/00957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******аас 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

цахим тоглоомын зориулалттай 40 ширхэг компьютерыг дагалдах хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж,

нэхэмжлэлээс 600,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ