| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0162/Э |
| Дугаар | 0227 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 0227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б
Шүүгдэгч У.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ц-т холбогдох эрүүгийн 1825008090101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, У.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч У.Ц нь 2018 оны 12 сарын 09-ний өдөр 21 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах Хишиг бөөний төвд О.Нын нүүрэн тус газар ундааны сав шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, “Бат-Ач” ХХК-нд 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, бэлэн мөнгийг завшиж 6.573.780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч У.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна. Бат-Ач ХХК-д 2018 оны 03 сараас 07 сарыг хүртэл борлуулагчаар ажилласан. Энэ хугацаанд
учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Нэхэмжилж байгаа 5.920.870 төгрөгийг төлж барагдуулна. Мөн Норжинбадамын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи уусан байсан. Юу болсноо сайн мэдэхгүй байгаа.Намайг цохисон гэж хүн хэлсэн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: У.Ц нь манай компанид 2018 оны 03 сард борлуулагчаар ажилд орсон.7 сар хүртэл ажиллах хугацаандаа мөнгө завшсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр 6.965.300 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоос Дэлгэрэх дэлгүүрийн 391.500 төгрөгийг, мөн сүүлийн сарын цалин 752.930 төгрөгийг тус тус суутгаад, үлдэгдэл 5.920.850 төгрөгийг нэхэмжилнэ.Одоо болтол хохирлоо төлөхгүй байгаад гомдож байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 12 сарын 09-ний өдөр 21 цагийн орчим ажил дээрээ буюу Хишиг бөөний төвийн склад дотор байхад гаднаас танигүй эрэгтэй хүн согтуу орж ирээд. түрийвчээ гээсэн байна камераа шүүгээд өгөөч гэхээр нь би цагдаад мэдэгдсэн нь дээр гэж хэлсэн. Гэтэл араас нь нэг өндөр залуу /Цолмонбаатар/ орж ирээд гэнэт намайг цагдаатай явалддаг юм уу гөлөг минь гээд барьж явсан 0.5 граммын савтай ундаагаа шидчихсэн. Миний уруул сэтэрсэн, тархи доргилттой, шүд хөндүүртэй байгаа. Би дээд урууландаа 5 оёдол, гадна талдаа 8 оёдол тавиулсан. У.Цаас хохирол нэхэмжлэхгүй, хуулийн арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /1хх 226-227 ху/,
-Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бичил худалдааны төвийн “Шүр” дэлгүүрийн худалдагч ажилтай, би энэ хүнийг зүс мэднэ, борлуулагч ажилтай байсан, “Бат-Ач” ХХК-иас зээлэн авсан барааны мөнгийг борлуулагч У.Цт өгдөг байсан. “Бат-Ач” ХХК-ний захирал Батжаргалтай тооцоо тулган үзэхэд 2018 оны 04 сард миний өгсөн 120.000 төгрөгийг У.Ц нь байгууллагадаа тушаагаагүй өөрөө хувьдаа ашигласан байсан. Энэ мөнгийг би өөрөөсөө гарган өгч тооцоо хийсэн. Мөн У.Ц нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр надаас 100.000 төгрөгийг хүүхдээ баярлуулах гэсэн юм гэж хэлээд зээлэн авсан юм. Пүүжээ гэх хүний дансаар шилжүүлэн авсан. 120.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг /1хх 25 ху, 2хх 46 ху/,
-Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Бүрэн” дэлгүүрийн худалдагч ажилтай. Би энэ хүнийг танина, борлуулагч ажилтай байсан манай дэлгүүрт бараа авчирч өгдөг байсан учраас таньдаг болсон. Бүртгэлийн дэвтэрээс харахад 2018 оны 06 сарын 08-ны өдөр “Бат-Ач” ХХК-ний борлуулагч ирэх үед 210.000 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдан авсан байна. Худалдан авсан барааны мөнгийг борлуулагч У.Цт өгсөн байна. Манай байгууллага “Бат-Ач” ХХК-нд өр төлбөр байхгүй. Манай байгууллагад ямар нэг хохирол учраагүй гэсэн мэдүүлэг /1хх 28 ху/,
-Гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Тамир” дэлгүүрт ажилладаг. “Бат-Ач” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байсан залуу мөн байна. Би энэ үеэс эхлэн зүс мэднэ. 2018 оны 04 дүгээр сард барааг зээлэн авч 1 сарын хугацаанд барааны мөнгийг өгч, дараа сарын барааг зээлэн авдаг байсан. Тухайн өдөр явж байгаа борлуулагчид барааны мөнгийг өгдөг байсан. Би хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би 2018 оны 04 сард барааны 500.000 төгрөгийг өгсөн талаар тод санаж байна. Цолмонбаатар борлуулагч над руу нэг удаа залгаад намайг манай захирал асуух юм бол “зээлж авсан барааны мөнгийг өгч чадаагүй байгаа хэд хоногийн дараа өгнө гэж хэлээд өгөөч” гэж надад хэлсэн юм. Би тухайн үед харж байж болье гэж хэлсэн. Тэгтэл “Бат-Ач” ХХК-ний захирал гээд нэг эмэгтэй залгаад танайх давхар өртэй байгаа муу гэж асуусан, тэгэхээр нь би барааны мөнгийг өгсөн талаар хэлсэн. Тэгтэл “Бат-Ач” ХХК-ний захирал манай борлуулагч чамд ажил явдал гараад бараа зээлсэн тооцоог хийгээгүй гэж хэлсэн тэгээд дараа мөнгийг нь өгье гээд байхаар нь нэмээд бараа зээлээр өглөө гэж хэлсэн гэж надтай ярьсан. Надад үзүүлэх баримт алга байна. Би барааны тооцоогүй болсон үед баримтыг нь устгачихдаг юм гэсэн мэдүүлэг /1хх 31 ху/,
-Гэрч Я.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бат-Ач” ХХК-нд борлуулагчаар ажиллаад 5 орчим жил болж байна. Менежер Батжаргал надад, У.Цын ажил нэг л биш байна, тооцооны асуудал гарч ирээд байна, чи жолоочоор хажуудаа аваад яваад үзээдэх гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд явсан, тэгтэл У.Цын явсан чиглэлд зарим нэг аж ахуйн нэгжийн тооцоо гарч ирээд байсан. У.Ц би төлөх ёстой гэх мэтээр тайлбарлаж байсан. Энэ талаар би менежерт танилцуулахад У.Ц нь ажлаас гарсан. Борлуулагч ажилд гарах үед машинд гарах ёстой бараа гэж байдаг, тэр барааны нэр төрөл болон үнийг тооцооны программ дээр бүртгэсэн байдаг. Тэр барааг бүртгэн хүлээн аваад борлуулагч, жолооч нар ажилд гардаг. Тэгээд орой ажлаас буух үед борлуулагчийн гар утсан дээрх тооцооны мэдээллийг нягтлангын компьютерт илгээдэг, тэгээд тухайн өдөр борлуулагч хэдэн төгрөгийн бараа борлуулсан талаар мэдээлэл бүгд гарч ирдэг. Аж ахуйн нэгж дээр очоод Цолмонбаатарын хамт зогсож байгаад нөгөө аж ахуйн нэгжээс танайх өр төлбөртэй байна гэж асуухад өр төлбөр байхгүй гэж хариу өгсөн. У.Ц би авсан байгаа, төлнө гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /1хх 36-37 ху/,
- Гэрч Ш.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Бат-Ач” ХХК-нд 2013 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байна. У.Ц нь Дэнж, гэр хорооллын багууд, зээл зэрэг газраар явж борлуулагч хийдэг байсан. Борлуулагч нарын гар утсан дээр нягтлан бодогчийн компьютертэй холбогдсон борлуулалтын бүх үйл явцыг илгээдэг программ байдаг. Тэр программ дээр борлуулагч хэдэн төгрөгний бараа зээлээр болон бэлэн мөнгөөр борлуулсан, мөн хэдэн төгрөгийн бараа агуулахаас авсан зэрэг мэдээллийг илгээн тэр мэдээлэл нь орой тооцоо хийх үед таарах ёстой байдаг. Тэгэж өдөр тутам хяналт тавин ажилладаг. У.Цыг борлуулагчаар ажиллаж байх үед 1 сарын хугацаанд зээлээр өгсөн барааны мөнгийг төлүүлэх ёстой гэсэн шаардлагыг борлуулагч нарт тавьдаг байсан. У.Цын өр болон байгууллагын мөнгийг дундаас ашигласан асуудлыг 2018 оны 06 сараас мэдсэн. Тэгээд өртэй байгаа аж ахуйн нэгжүүд ямар учраас өрөөс төлөхгүй байгаа талаар асуухад энэ дэлгүүрийн худалдагч нь байхгүй байгаа, тэр дэлгүүр ажиллахаа болисон гэх мэтээр шалтаг хэлсээр зээлээ авч ирэхгүй байсан учраас шалгаж эхэлсэн. Тэгтэл тухайн аж ахуйн нэгжүүд зээлээ төлсөн байсан. Иймд тулгалт хийн У.Ц бараа зарсан мөнгийг байгууллагад тушаалгүй дундаас нь ашигласан талаар мэдсэн гэсэн мэдүүлэг /1хх 38-39 ху/,
-Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Дэлгэрэх” дэлгүүрийг түрээслэн ажиллаж байсан. Би “Бат-Ач” ХХК-ний борлуулагчаас 1.162.000 төгрөгийн бараа зээлэн авсан бөгөөд 800.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн, бас 25.000 төгрөгийн падаан байгаа. Тооцоон дээр байгаа 391.500 төгрөгийн үлдэгдэл байгаа нь үнэн би энэ мөнгийг өөрөө нөхөн төлнө гэсэн мэдүүлэг /1хх 48 ху/,
-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хоёр залуу манай дэлгүүрт орж ирээд түрийвчээ гээчлээ камер шүүгээд өгөөч гэхээр нь манай захирал Норжинбадам боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн нэг өндөр залуу нь барьж байсан жижиг ундаагаа шидээд захирлын уруулыг нь сэтэлж гэмтээсэн гэсэн мэдүүлэг /1хх 230 ху/,
-Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. О.Н-ын биед уруулын дээд хэсэг, уруулын дотор салстад шарх, зүүн шуу, сарвуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1хх 233 ху/,
-Хохирлын үнэлгээ /1хх 50-53 ху/
-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх 204 ху/
-Ч.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 197-201, 249-250, 2хх 1-4 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх 8-9 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч У.Ц нь 2018 оны 12 сарын 09-ний өдөр 21 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах Хишиг бөөний төвд О.Нын нүүрэн тус газар ундааны сав шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, “Бат-Ач” ХХК-нд 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, бэлэн мөнгийг завшиж 6.573.780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна. Бат-Ач ХХК-д 2018 оны 03 сараас 07 сарыг хүртэл борлуулагчаар ажилласан. Энэ хугацаанд учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Төлж барагдуулна. Мөн Норжинбадамын биед биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи уусан байсан. Юу болсноо сайн мэдэхгүй байгаа” гэсэн, мөн хохирогч Ж.Батжаргалын “...У.Ц нь манай компанид 2018 оны 03 сард борлуулагчаар ажилд орсон.7 сар хүртэл ажиллах хугацаандаа мөнгө завшсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр 6.573.780 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо төлөөгүй. Учир сүүлийн сарын цалин 752.930 төгрөгийг суутгаж үлдэгдэл 5.920.850 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Н /1хх 226-227 ху/, гэрч М.Наранцэцэг /1хх 25 ху, 2хх 46 ху/, Г.Мөнхтуяа /1хх 28 ху/, Э.Туяа /1хх 31 ху/, Я.Мөнхцэцэг /1хх 36-37 ху/, Ш.Цолмон /1хх 38-39 ху/, С.Эрдэнэ-Оюун /1хх 48 ху/, Б.Баярмаа /1хх 230 ху/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч У.Цыг 6.965.300 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон 09/19 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч О.Нын биед уруулын дээд хэсэг, уруулын дотор салстад шарх, зүүн шуу, сарвуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, , 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч У.Цт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Ц-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч У.Ц-н 2018 оны 09 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Л.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн 75-53 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хүн хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд бусдад худалдан 1.300.000 төгрөгийн хохирол, мөн Б.Хуланд уг тээврийн хэрэгслийг миний машин гэж худалдан 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь тус шүүхээс 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 12 дугаартай магадлалаар шүүгдэгч У.Цт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож өөрчлөлт оруулжээ.
Гэвч шүүгдэгч У.Ц нь дээрхи хязгаарлалтыг зөрчиж дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, энэ хэрэгтээ 73 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хөнгөн ялыг нь хүндэд нь нэмж нэгтгэх нь зүйтэй.
Хохирлын хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Батжаргалын нэхэмжилсэн 5.920.850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, харин хохирогч О.Н хохирол нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У. Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч У.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 тоот шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч У.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц-ын эдлэх 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц-ын цагдах хоригдсон 73 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц-аас 5.920.850 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, Сөүл кастле хотхоны 3-3-503 тоотод оршин суух Ж.Б-д олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Н хохирол нэхэмжлэхгүй гэснийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА